За том зулзагын ахлах сургуульд орох бэлтгэл ажлын тухай бичнэ ээ, амласан ёсоороо.
Дунд сургуулийн 3-р анги буюу манайхаар 9-р ангид ороход нь ерөнхийдөө ахлах сургуульд элсэн орох тухай яригдаад эхлэнэ. 8 сарын дундуур зохиогддог элдэв уралдаан тэмцээн дуусангуут 9-р ангийнхны дугуйлан секц дуусна.
7 сард хэд хэдэн ахлах сургуулийн нээлттэй өдөр гэж болсон. Сурагчид найз нөхдөөрөө яваад үзэж танилцдаг юм билээ. Эцэг эх нь ажлынхаа зав зайгаар бас очиж танилцана.
Би монгол явах жил гэх мэт давхцаад нэг л ахлах сургуулийн нээлттэй өдөрт очсон. Тэр нь миний явуулах гээд байгаа ахлах сургууль. Улсынх, гэртэй хамгийн ойрхон нь гэдэг шалтгаанаар. Хэ хэ.
Тэр нь аз таарч улсын сургууль дотроо хамгийн нэр хүндтэй, сургалтын чанар сайтай нь болж таарсан.
Том зулзага харин эсрэгээрээ, хичээл хичээл гээд ямар ч дурсамжгүй 10 жилээ үдэх онцгүй шдээ, дараагийн 2-т жагсдаг нь хөгжилтэй, дурсамжтай байдаг гэсэн. Гээд л байгаа. Тэр 2-т жагсдаг нь жаахан зайтай, дугуйгаар явна.
Тийм болохоор эцэг эх л болсон хойно санаа зовоод байгаа юм. Заримдаа энд чинь айхтар айхтар автын осол их гарна. Мөн зүрх шимширмээр гэмт хэрэг ч гарна. Охин хүүхдийг сайн хянаж байхгүй бол гэж бодоод...
Сая өнгөрдөг пүрэв, баасан гарагт сургууль дээр нь хотын бүх ахлах сургуулийн нэг нэг багш нар ирж сургуулиа танилцуулсан. Би баасан гарагт нь үдээс өмнө ажлаасаа чөлөө авч байгаад л очиж сонссон.
Өөр өөрсдийн сургуулийнхаа давуу тал, онцлог чанар, зорилго, их дээд сургуульд дэвшин суралцагсдын хувь гэх мэт зүйлийг товч танилцуулаад, танилцуулгаа тарааж өгдөг юм байна.
Нэг улсын, нэг хувийн сургуульд шалгалт өгөх эрхтэй. Хувийн сургуульд 2 сургуулийг тоочиглочихсон байгаа. Гэм нь төлбөр өндөр юм.
Ээж болохоор их дээд сургуульд тэртэй тэргүй аятайхан сургууль сонгоод, биднээс хол суралцах тул зардал их гарна, тийм болохоор 10 жилээ улсын сургуульд түмний олон хүүхэдтэй суралц гэсэн зарчимтай л байна.
Ямар ч байсан дунд сургуулиас нь албан ёсоор явуулдаг арга хэмжээ нь одоогоор иймэрхүү. Яваандаа багш сурагч эцэг эх хоорондын ярилцлага энэ тэр гээд л болдог гэсэн. Цаг тухайн үед нь бичээд явна аа.
Том зулзагатаа болон өөртөө амжилт.
No comments:
Post a Comment