Monday, March 14, 2016

Хүүхэлдэйн жүжиг

2 зулзагатайгаа улиралд нэг удаа хүүхдэд зориулсан жүжиг ший үздэг юм. Нэг танил эмээ билет өгдөг юм. Хайр хүрмээр, хэхэ. Уг хүн нь бол өөрөө жаахан ааштай л даа, хааяа уур хүргээд байдаг болохоос. Гэхдээ зулзагуудад минь сайн сайн.

Сая хагас сайнд үзэж таараад. Энэ тухай заавал бичлэг оруулах юм байна шүү гэж бодогдов. Учир нь энэ жүжиг шийг хүүхдэдээ үзүүлэх, тэдний нүдийг нээх зорилгоор эцэг эхүүд нь өөрсдөө санаачилж байгуулсан байдаг юм билээ.

Тэгээд тусгай нийгэмлэг болгоод, гишүүн элсүүлээд, сарын төлбөр гэж хураагаад. Бүс бүсээрээ хариуцагч томилоод, улирал бүрийнхээ жүжгийн агуулгыг шийдэж ярилцаад, холбогдох хүмүүстэй нь холбоо энэ тэрээ бариад, урьж тоглуулдаг юм билээ.

Дандаа жүжиг ший байна гэж байхгүй, хааяа концерт тоглоно. Хааяадаа хүүхдүүдийг оролцуулсан танин мэдэхүйн сургалт маягийн зүйл ч байна.

Энэ бүхнийг эцэг эхүүд өөрсдөө сонгоно. Мэдээж хүүхдүүд юунд сонирхолтой байна, тэдний хүмүүжилд юу ихээхэн хэрэгцээтэй байна зэргээ ярилцаж шийддэг гэсэн.

Насных нь онцлогт тааруулаад цагийг нь үдээс өмнө, үдээс хойш гээд зарлана. Билетээ хаягдал ил захидал зэргийг ашиглаж хийнэ. Нэг удаагийн тоглолт дууссаны дараагаар үүдэнд эцэг эхүүдийн хийсэн амттан, гар урлал зэрэг зүйлийг худалдаална, санал асуулгын хуудас тарааж түүнийгээ хураана.

Хүүхэлдэйн тоглолт нь их хөөрхөн санагдаад байдаг юм. Бүх л зүйл нь гараар хийсэн. Сэтгэл шингэсэн бүтээлүүд байна. Заримдаа зураг дарж ээждээ явуулна. Цэцэрлэгийн багш нарт гарын авлага болох гэж бодсоны үүднээс жижиг гэлтгүй зүйлийн зургийг дардаг юм.

Энэ удаад зураг дарж амжаагүй. Болохгүй гэж сануулсан учраас.

Би нь багадаа сургуулийн зуны амралтаар хүүхэлдэйн театрт жүжиг үздэг байсан минь санагдаад байдаг юм. Ангиараа бөөнөөрөө хөгжилдөнхөн алхдаг байсан хүүхэд нас минь сайхан шүү...

Тэгээд л боддог юм, энд эцэг эхүүд зөвхөн багш нараас, сургууль цэцэрлэгээс л юм шаардаад байх биш, өөрсдөө сэтгээд, өөрсдөдөө ажил бий болгоод байх юм. Хүүхдүүдийнхээ төлөө.

Хороо нь ч хөөрхөн хөөрхөн арга хэмжээ их зохиох юм. Цаг зав нь байдаг бол ч бүгдийг нь үзээд үзээд явчихмаар. Нэгт нь очиж амжаагүй бол дараагийнхад нь заавал очих юм шүү гээд л аль болох орж гарахыг хичээнээ.

Агуулга нь хааяа мэддэг сэдвээр тоглодог ч сэтгэлээ шингээж урласан хүүхэлдэй , тайзны чимэглэл энэ тэрийг нь харахаар биширмээр, гайхмаар, бахархмаар шүү...

Saturday, March 12, 2016

Онгод минь бууж ирээд

Гялалзуулж байна  даа ёстой нэг.

Юу юу нэхсэн гээч? Юм юм л нэхэж байна. Хэ хэ. Худлаа худлаа.

Өнөөх захиалганыхаа үсний боолтыг нэхээд, хажуугаар нь бас бус жижиг зүйл нэхээд. Аяга угаагч, аяганы суурь гэх мэт. Аяганы сууриа их олныг нэхсээн. Яагаад гэхээр аягаа давхарлаж тавихад хавиралдаад байдаг даа тэрнээс сэргийлж хооронд нь жийрэг хийх гэж нэхсэн юм. Монголд байхдаа, хадамд гарахаасаа өмнө мөн ч олныг нэхсэн дээ бас. Тэгсэн бас хүрдэггүй ээ. Дахиад зөндөө олныг нэхэх гээд гар загатнаад байгаа. Сэтгэл санаа бас тогтож өгөхгүй байгаа. Хэ хэ.

Үсний боолт маань 20 хүрсэн. Анх хэлснээр нь 50 ширхэгийг нэхчих гээд үзээд байгаа. Дунд нь найзууддаа, танилдаа гээд бэлэглээд гүйгээд байгаа болохоор тоо нь нэг л ахиж өгдөггүй. Хэ хэ.

Энэ сард эрчимтэй нэхнэ дээ, тэгэхгүй бол ч хугацаа нь ойртоод байдаг тэ. Юмыг дандаа хугацааг нь дөхүүлдэг энэ монгол занг уу? Ну погоди (Алимаа эгчийг дуурайв. ккк)

Онгодыгоо заларч ирсэн дээр нь оройдоо нэг үсний боолт, аяганы суурь, аяга угаагч нэхэж тавиад байх санаатай гүрийгээд, дууссан хойно нь тэрийгээ харж гэрийнхнээсээ
-Ямар болж?
гэж албатай юм шиг асууна. Өнөөдүүл нь
-Гоё болж, хөөрхөн болж.
гэж нэг л үгээ хэлнэ. Тэгж хэлэхгүй бол би нь уурлана шд. Хүнд урам өгч сур бла бла. Хэ хэ.

Бага зулзагынхаа бүтээлээс оруулав. Хажуудах нь миний бүтээл. Их л дээр үеийнх.

Өөрөө өөртөө амжилт...

Friday, March 11, 2016

3.11

Түрүү жил бас ийм бичлэг оруулж байж.

Нэлээд хэдэн өдрийн өмнөөс 5 жилийн өмнө гамшигт автсан хүмүүс, газар усны тухай нийтлэл гарч эхэлсэн.

Би нь сэтгэл санаа эмзэглэдэг хэрнээ л уншчихсан суух. Энэ жилийнхээ бичлэгт нэгэн жаахан охины тухай.

Ээжийгээ, аавыгаа, эмэгтэй дүүгээ 3.11-нд цүнамид алдчихсан. Тухайн үед өөрөө 4-тэй байсан. Дүү нь дөнгөж 2-той байсан. Ээжийнх нь цогцос далайн эргээс олдсон ч аав дүү хоёрынх нь олдоогүй байгаа.

4-тэй байхдаа, гэрийнхнийгээ алдчихаад, тэр жаахан охин ээжийгээ их санана, ээждээ захиа бичнэ. Дөнгөж үсэг нүдэлж эхэлж байсан түүний ээждээ бичсэн захиа нь "Ээж ээ таны бие сайна уу? Та минь амьд байсан бол?" гэж бичиж эхлээд орхисон захианы зураг. Өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд, яг л миний бага зулзагатай чацуу байхдаа гэж бодохоор өр өвдөөд.

4-тэй хүүхэд чинь ээжийнхээ энгэрээс бас л зүүгдээстэй байдаг юм байна шд, тэр хөөрхөн жижигхэн гар нь цээж рүү минь яваад л, мээмээ хайгаад л, нойрондоо мээмээ олоод барьчихаараа нээх хөөрхөн санаа нь амраад гээд л.

Яг л тэгж ээжийнхээ энгэрээс зүүгдэж байх ёстой 4-хөн насандаа ээжийгээ, бас 2-хон настай дүүгээ, аавыгаа алдчихсан... Одоо тэрээр бага сургуульд орчихсон, нийгмийн идэвхи сайтай, ямартай ч ирээдүй рүү тэмүүлээд, өсөн торниж, алхам алхмаар урагшилж л байна гэж эмээ нь ярина. Их зоригтой охин доо гэж эмээ нь түүнийг магтана. Анх удаа далайн эрэг дээр, ээжийнх нь цогцос олдсон тэр л эрэг дээр очиж цэцэг өргөж буй дүрс.

Олон олон хүнийг уй гашууд автуулсан тэр өдрийг мартаж болохгүй, байнга дурсан ярилцаж, хойшид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй гэж ярьж бичих япон хүмүүс. Биширмээр, бахархмаар, суралцмаар хүмүүс шүү.

Ум мани бадми хум.

Дунд сургуулиар сонин сайхан

Өнөөдөр том зулзагын сургуулийн 3-р ангийнхан нь төгсөөд. Манайхаар 9-р анги юм уу даа. Тэгээд ахлах сургуульд элсэн 3 жил суралцана гэсэн үг. Ингээд нийдтээ 12 жил.

Төгсөхтэй холбоотой мэдээллийг сургуулийн веб хуудаснаас олж мэдсэнээ сийрүүлэв.

Төгсөгчдөдөө зориулаад том зулзагын найрал хөгжмийнхөн нь ая тоглосон гэсэн.

Дотор зааландаа нэг тоглоод гадаа үүдэнд гарч явахад нь нэг тоглодог гэнэ.

Захирал багш үг хэлнэ. Уригдсан зочдын төлөөлөл үг хэлнэ. Нэг ч таслаагүй, ирц бүтэн сурагчдаа жуух бичгээр шагнана.

Төгсөж буй сурагчид сургуульдаа талархсанаа илэрхийлж сургуулийнхаа 00-г цэвэрлэдэг юм байна. Энэ маш их таалагдав. 3 жилийн хугацаанд нэг сурагч хэдэн ч удаа 00 орсон юм билээ тийм үү?

Би 3 жилийн өмнө нэгэн шавийнхаа төгсөлтөнд очиж байсан юм. Ялгаа нь :

Бүгд л дүрэмт хувцастайгаа. Эцэг эхүүд нь хослолтой, бараан өнгийн. Анги даасан багшдаа цэцгийн баглаа өгч байсан байхаа. Дурсамж хичээл орно. Дурсгалыг зураг татуулна.

Бөөнөөрөө нийлж идсэн уусан арга хэмжээ болохгүй. Төгсөлтийн арга хэмжээний дараа эцэг эхүүдтэйгээ хоолонд орох нь байдаг.

Дараа том зулзагыгаа төгсөхөд нь нэг бүрчлэн бичнэ ээ. Гол нь үлээвэр найрал хөгжмийнхөн завгүй байдаг юм байна. 4 сард хичээлийн шинэ жилийн нээлтэнд бас тоглолт хийнэ. Түрүү жилийн 4 сард бас яг бидний хажууд үлээвэрийнхэн хөгжим тоглоод л, хань ижил том зулзагыгаа тамирын дугуйланд оруулах гэж гүрийсэн боловч дийлээгүй зэрэг дурсамж нүдний өмнүүр жирэлзээд л...

Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна аа гэж. Харвасан сум шиг л.

Том зулзага 4 сард ямар ямар хүүхдүүдтэй нэг анги болох бол? Хэн гэдэг ямар багш анги даах бол? гэж догдолсон, санаа зовсон хүн л байна.

Би бас анги дааж авах багш эрэгтэй байгаасай, царайлгаа байгаасай гэж бодоод л сууж байна. Ха ха. Эрэгтэй багш нар яагаад ч юм таалагдаад байдаг юм. Хэ хэ. Яриа хөөрөө сайтай, эмэгтэй багш нар цаанаа л нэг ааштай байрын.

Яг одоогоор 2 зулзагын багш 2-лаа эрэгтэй. Том зулзагын багш бас их яриа, ганц бие бла бла. Ккк. Бага зулзагын багш бас солигдоно. Одооны багш нь онжав, тормолзсон нүдтэй аятайхан залуу байдаг юм. Би нь гадаадаараа далимдуулаад хааяа цор цор гэчихгээд байдаг болохоос. Хэ хэ.

За за сүүлдээ өөрийн сонин сайхнаасаа биччихсэн сууж байна, түр завсарлая.

Thursday, March 10, 2016

Унш унш бас дахин унш 2

Гэдэг бичлэг 2 сард оруулсан даа. Ер нь сар бүр энэ сэдвээр бичиж байдаг юм билүү? хэхэ.

Яасан гэхээр ингэсэн юм. Том зулзагын нээлттэй хичээл дээр багшийн хэлсэн үг санаанд ороод. Бичихээр шийдэв.

Өглөө бүр хичээл эхлэхээс 10 минутын өмнө ном уншдаг гэнэ.

Ингэхдээ сурагч бүрт адил ном уншуулах явдал ч байдаг. Японыхоо сонгодог зохиолоос уншуулдаг гэнэ. Тэгээд дараа нь хоорондоо ярилцаж хэрхэн ойлгосон, хэрхэн хүлээж авсаныг нь япон хэлнийх багш нь дүгнэдэг юм уу даа.

Мэдээж дуртай, сонирхдог зохиолыг нь уншуулах үе ч байна.

Бага сургуульд бас ингэж хичээл эхлэхийн өмнө ном уншуулдаг байсан юм. Сурагчид өөрсдийн дуртай номоо л уншдаг байсан.

Дунд сургуульд нэг номыг сонгож уншаад хоорондоо ярилцдаг нь дэвшилттэй санагдав.

Ингэж уншихдаа номоо авч харьдаггүй. Шургуулгандаа үлдээгээд, ангидаа л уншдаг юм байна.

Сүрэн андын минь орчуулж хэвлэн гаргасан Акүтагава-н зохиолоос уншиж байгаа гэсэн, хамгийн сүүлд.

Би нь бас Акүтагава-н нэг жижиг ном худалдаж авсан. Нэг ч сөхөж хараагүй. Том зулзага харин уншаад дуусчихсан гэсэн. 

Унших юмсан гэсэн хэд хэдэн ном гэрт яваад байдаг, шаал өөр ном дундуур нь барьж аваад суугаад байх.

Нэг нартай сайхан өдөр бүгдийг нь дуржигануулна даа...

Сүүлийн үед япон хүүхдүүд бас ном уншихгүй байгаа гэж яригддаг, бичигддэг, шүүмжлэгддэг болсон. Тийм болохоор цэцэрлэгийн, сургуулийн, мужийн, хотын номын сангууд их л олон аргаар ном уншдаг болгох гэж үздэг бололтой...

Wednesday, March 09, 2016

Үдэлтийн зугаалга

гэж болдог юм. Цэцэрлэгт. Гэхдээ ээж аавууд явахгүй, 3-6 насныхан л явна. Ингэхдээ бэнто буюу өдрийн хоолоо өөрсдөө авч явна.

Тэрийг нь ээж нь хийх гэж бас л хөөрхөн ажил болно. Хэ хэ. Сүүлийн үед их сүртэй ажил болгож элдэв амьтан, хүүхэлдэйн киноны баатрыг дүрсэлж хийгээд, энэ япон ээжүүд. Уур хүргээд. Хэ хэ. Юун сайхан завтай байдаг юм гээд би нь жаахан шүүмжлэлтэй хандана.

Тэгээд бас бага зулзагаа өрөвдөөд, өөрийн хэмжээнд аятайхан юм хийгээд өгөөд явуулчих санаатай. Урд оройноос нь л гэрийнхээ бусад гишүүдийг базаж эхлэнэ. Хэ хэ.

Эртхэн босоод туслаад өгчөөрэй, аниаг нь өндөг шарж өгөөрэй, аавыг нь сосиск шарж өгөөрэй бла бла гэж захина.

Ээж өөрөө юу хийх үү гэхээр, будаагаа агшаана, гарын алчуурыг нь норгож бэлдэнэ, дэвсгэрийг нь бэлдэнэ, хогоо хийх уутыг нь эвхэж хийж өгнө гэх мэт жижиг сажиг зүйлийг л хийнэ. Ккк

Урд орой нь бэлдэх зүйлээ бэлдчихнэ. Өглөө нь ам бол хөдлөөд л их л олон зүйл амжуулна шүү дээ.

Энэ удаад нэг иймэрхүү л хоол хийлээ. Өдөр бүр хийж байж л сурах юм шиг байгаа юм. Хааяадаа ингэж хийхээр мартчихаад, гар хөл эвлэж өгөхгүй юм.

Бага зулзага бөөн л хөөр болсон хүн л ангидаа яваад орсон. Дуудуулахгүй өөрөө сэрж энэ тэр. Хоцров гэж багш нь айлдсан гэсэн. Тэгээд л багшийн үг зарлиг л юм хойно.

Эрт өгчихсөн ээж нь энд блогдоод сууж байх. Одоо ажилдаа гарлаа. Бүгдэд нь ажлын амжилт шүү.

Monday, March 07, 2016

Бүсгүйчүүд минь

Баярын мэнд хүргэе.

Яг баяр таардаг гэнэ ээ. Энэ номыг уншиж байхад. Их ч зүйл бодогдож байна. Хараахан дуусаагүй л байна. Дуусаад бичнэ гэж бодож байсан чинь баяр таараад ядаж зургийг нь ч болтугай оруулмаар санагдаад. Хэ хэ. Япон хэл дээр бас хэвлэгдсэн байдаг юм билээ. Чадвал авч уншина аа. Охид минь ч уншиг.

Номыг бэлэглэсэн анддаа баярлалаа.

Дэлхийн өнцөг булан бүрт бидний эрхийн төлөө тэтцэж байлаг, дуугарч байдаг, Цэрэн эгчийн хэлснээр шүгэлдэж байдаг мундаг эмэгтэйчүүд их байх юм. Тэдний буянаар бас ч гэж эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьдаг болж байна, хүндэлдэг болж байна.

Гэхдээ л бас болоогүй байна. Зохиогчийн санаа нь эмэгтэйчүүд бид өөрсдөө бас айдас-т автаад байдаг, хэт даруухан загнаад байдаг, түүнээсээ болоод удирдах албан тушаалд очих нь ховор, дарга болох нь ховор байгаад байдаг гэнэ.

Үнэн ч байж мэдэх. Надад ч тохиолдож л байсан. Би даруухан л даа. Хэ хэ. Дуу намтай болохоор бүр ч...

Бас японд байна шүү дээ, гэртээ бол эхнэрүүд нь босс л доо. Ганц нэг нөхрүүд нь босс айл байдаг л юм. Гэхдээ ихэнх танил айлуудад минь эхнэрүүд бол босс шүү дээ. Гэрийнхээ хамаг юмыг мэднэ. Нөхрүүдээ аашлаад аашлаад явчихна.

Харин гэрээс гараад олны дунд бол нөхөрүүдээ урдаа бариад гүйчихнэ. Хүндэлдэг юм уу, олны нүднээс санаа зовдог юм уу?

Ажил дээр ч гэсэн эрчүүд нь нэг л их зантай улс шүү дээ. Гэхдээ гол ажлыг бол дандаа л хүүхнүүд нь нугалж байгаа харагддаг. Манай ажил дээр л гэхэд 3 эрэгтэй ажиллана. 2 нь дарга, нэг нь америк залуу. 2 даргын гол ажлыг бол дандаа л хүүхнүүд нь нугалж өгдөг. Гэхдээ тэд хэзээ ч дээшээ тушаал дэвшихгүй. Цалин нь бонус хэлбэрээр нэмэгдэж бодогддог байж магад. Асууж үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм.

Уламжлалт ойлголтууд бас их нөлөөлөөд байдаг гэнэ. Бодоод байсан бас тийм юм аа. За тэр тухай уншиж дуусчихаад бичье.

Баяраа сайхан тэмдэглээрэй. Би нь яаж тэмдэглэхээ мэдэхгүй л байна. Энд ажлын өдөр тул, ажлаасаа тарж ирцгээгээд сайхан хоол хийлгэж идэх байх даа. Хэ хэ.

Friday, March 04, 2016

Гурав нэг зургаа

Бага зулзага төрсөн өдрийн сараа их сайн мэдээд байна.

Яаж гэхээр цэцэрлэгийнх нь харилцах дэвтэрт ирцээ тэмдэглэж хүүхдүүд өөрсдөө өглөөд ирэхдээ наадаг цаас наадаг нэг нүүр байдаг юм. Сар бүрийн ирцээ тэмдэглэнэ.

Тэр нь хөөрхөн сар бүрийнх нь онцлогийг харуулсан зурагтай. Наадаг цаас нь ч бас адил улирлынхаа онцлогийг харуулсан зурагтай.

Гэм нь өглөөд жаахан яарч буй үед
-Ээж ээ, та алинд нь дуртай вэ? Би энийг наадаг юм билүү?
Заримдаа ээждээ чухам хайртай хүн чинь
-Та өнөөдөр сонгочих.
гэж ирээд л нялуураад байдаг юм.  Ээж болохоор жаахан яараастай, тэрийгээ гэхдээ ил гаргахгүй ээ. Аль болох зулзагынхаа хүсэлтийг биелүүлж байгаад л гараад жирийчих санаатай.

Тэгээд 3 сар эхэлсэн чинь хажуу хавийн хүн бүрт л төрсөн өдрөө зааж өгөөд гүйгээд байгаа бололтой.

Хөрш айлын эмээ саяхан
-3 сарын 16 багын чинь төрсөн өдөр үү?
гэж байна.
-Тийм, та яаж мэдээв?
хөрш эмээ инээснээ
-Бага чинь гурав, нэг, зургаанд миний төрсөн өдөр гээд байсан юм. Эхэндээ ч юу билээ? гэж бодоод. Тэгснээ аан энэ сарын 16 юм байна гэж ойлголоо шд.
гэсэн. Хань ижил бид хоёр сонсчихоод татаад унав шд.  Хэ хэ.

Гурван сарын арван зургаан гэж чадахгүй мань хүн шууд тоог нь л дуржигнуулчихсан байгаа юм.

Уг нь зааж өгөөд л байдаг, хэлж сурах арай л болоогүй юм байлгүй дээ. Тэгсэн хэрнээ үсэг нүдэлчихээд зурагт номоо уншаад гүйгээд байх.

Орой нь бага зулзагаасаа асуув. Хөрш эмээд төрсөн өдрөө зааж өгсөн юм уу?
-Үгүй.
гээд л цаанаа л нэг зальжин инээгээд гүрийгээд байгаа. Ккк

Монгол дахь өвөөд нь хэлсэн чинь хөрш айлын эмээг төрсөн өдөрт нь урьж дээ гэсэн.

Хөрш айлынхаа эмээ өвөөг урьчихсан манай багын төрсөн өдөр нижгэр болох вий дээ. Хэ хэ.

Monday, February 29, 2016

Марк

1 сарын 1-нд бие биедээ илгээсэн мэндчилгээ нь сугалаатай байдаг гэж бичиж байсан даа.

Энэ жил нэг л мэндчилгээ сугалаатай байсан. Марк таарсан. Чамлахаар чанга атгана аа. Захиа занаа явуулах хэрэг заавал гардгийг ч хэлэх үү.

Ямар азтай нь дугуй энэ тэр хожоод байдаг байна аа гэж бас атаархал төрөөстэй. Хэ хэ.

Түрүү жилийн 4 сард гадаа сойлттой байсан гоё эвхдэг дугуйгаа алдчихсаныг ч хэлэх үү? Японд бас хулгай байдаг л юм байна, гар нь татаасай хулгайчийн гэж бодсон шиг. Хэ хэ.

Том зулзага найзуудыгаа дагаад гүйдэг байх даа, хааяа гадаа гарахдаа. Хэ хэ. Бага сургуульд байхдаа нэг удаа аавдаа
-Би дугуйгүй болохоор хааяа найзуудтайгаа ийш тийшээ явахаараа хажууд нь дагаад гүйдэг шд.
гэсэн аав нь аягүй охиноо өрөвдөөд дугуй авч өгч байсан юм.

Ээж бол "барагтаа гадаа гардаггүй, хааяа л унадаг дугуй байж байснаас харин ч тэгээд найзуудыгаа дагаад гүйж байвал хэрэгтэй юм даа" гээд тоохгүй байвал яах уу? Хэ хэ. Хайнга ээж байна уу?

Багадаа унадаг байсан дугуй нь жаахан муудаад, хүнээс авсан байсныг ч хэлэх үү. Хаяад шинэ дугуй авч өгсөн чинь байхгүй шүү.

Японд ер нь дугуйны хулгай их байдаг гэсэн. Энд тэндхийн гадаад хүмүүс, гадаад оюутнууд унаад явчих нь их байдаг гэж сонсож байсан чинь.

Манайх уг нь оюутны байрнаас хол л байдаг юм. Энэ удаад бол япон хүн аваад явчихсанаас зайлахгүй.

Зарим нэг буурай хөгжилтэй орон луу хуучин дугуй бас их ачдаг гэсэн.

Ямартай ч хэн нэгнийг унаатай болгоод, буян болчихсон. Хэ хэ. Буян нь охидод минь ирэг дээ.

Ирэх жилийн мэндчилгээгээр дугуй таарах болтугай гэж залбираад л явъя дөө.

Та нарын минь ч бас аз гийг...

Sunday, February 28, 2016

Чих нүд амралтаа эдлэж байна

Яасан гэхээр зурагтын антен тавиулаагүй байгаа. Тэгэхээр зурагт асаахгүй гэсэн үгээ дээ.

Ёстой чих нүд амраад сайхан байна шд. Хэ хэ. Оройд болсон болоогүй юм үзээд, унтах цаг оройтоод, хараа мараа чинь муудчихлаа бла бла гэж үглэх зүйлгүй надад сайхан байна аа.

Өглөөд ч гэсэн дээ мэдээ үзэхээр асаахаар л баахан л гэмт хэрэг, осол, улс төрчид нь ар гэрийнхнээ гомдоож араар нь тавьсан бла бла гэсэн мэдээ гараад байдаг байсан юм. Албатай юм шиг өөрөө асаачихаад уу? Муу зурагтаа ад үзээд л хэхэ.

Ашгүй хэд хоног сайхан ажлын садаа байхгүй амар л байна.

Гэхдээ баахан цаасан хайрцаг, ууттай юм аа харахаар бас л халшраад л сууж байна. Хаана нь гаргаж тавихаа мэддэггүй ээ. Ккк

Ингээд нэг газраа овоолоотой байвал бусад өрөө нь сайхан сэлүүхнээрээ л байх юм шиг байна. Ер нь элдвийн тавилга тавьж байна гээд умгар муу гэрээ бүр л умгар болгочихоод байдаг юм байна шд.

Том зулзага л зурагтаа үзэхийн хүслэн байна.
-Хэзээ антен тавиулах вэ?
-Болоогүй ээ, тэрийг чинь бас зүгээр тавиулчихгүй, бас л баахан гэрээ мэрээ, мөнгө цаас болно. Түр хүлээж бай, жаахан уужрахаараа тавиулахаас үр минь.
Ээж охин хоёрын хооронд иймэрхүү харилцан яриа хэд хонож байгаад болдог юм. Ккк

Сайхан ном унш, гэрээ цэвэрлэ бла бла гэж би нь бас хааяа тэсэхгүй үглэнэ ээ. Бага ангидаа овоо хөөрхөн ном уншаад байдаг байсан чинь, одоо тоо нь цөөрөөд, өөр зүйлд сатаараад байдаг болсон байна. Өсөж яваагийн нэг л шинж байх даа.

Антен тавиулчихвал бас NHK төлбөрөө төл гэж нэхэж ирээд амар заяа үзүүлдэггүй гэсэн. Гадаад хүмүүс байтугай япон хүмүүс өөрсдөө ч төлөхгүй байх тохиолдол их байдаг гэнэ. Доороо цоож моожтой байрнуудын айлууд ихэнх нь төлдөггүй гэсэн. Үүд хаалга нь шууд гадаахтай холбогдсон байрных, хувийн орон сууцныхан бол хөөрхийс тэгээд л төлдөг байх даа.

Би нь төлж үзсэн, бас л хөөрхөн хэдэн төгрөг төлнө. Сүүлдээ хаалгаа тайлж өгөхөө больсон. Хэ хэ. Хааяа гэнэдээд төлнөө төлнө, яаж зүгээр байхав.

Сүүлийн үед бүр албан ёсоор төлдөг болгох гэж хууль яригдаад байгаа сураг байсан. Монголд байрны мөнгө тушаахад автоматаар радиа, үндэсний тв гэж тушаадаг даа, тэрэн шиг.

Тэгэхээр энэ зурагт гээч зүйл нэг талдаа сайхан ч нөгөө талдаа бас л хэрэггүй эд шүү тээ. Зурагт үзэлгүй 15 хоночихлоо, болж л байна. Ямар ч байсан нэг сар гүрийх юм шүү. Антен тавиулах болоогүй ээ гэж.

Бас NHK төлбөр төл гэж ирвэл хаалга тайлж өгөхгүй юм шүү. Чадах нуу? Хүн чанар зулгаагаад хэцүү бас. Ккк

Saturday, February 27, 2016

Үргэлж талархаж байх

Сая нүүхдээ бид ганц нэг хуучин, тэгээд солих гээд нэг л зүрх зориг хүрэхгүй зүйлээ солихыг нь сольж халж, хаяхыг хаяж байгаа юм.

Ер нь 90-д оны зах зээлийн хүнд хэцүүг мэдэрч өссөн болоод ч тэр үү аливаа зүйлийг хаяхдаа тун дургүй гэж байгаа. Эцсийг нь хүртэл л хэрэглэх гэж үзнэ. Хэхэ. Тэгээд л новш нь ихэсчихдэг байх.

Тэгээд угаалгын машин минь их л дээр үеийнх юм. Анх ирэхэд албанаас тавьж өгсөн байсныг 4 жил хэрэглээд. Албаа дуусгаад бүх зүйлээ хүлээлгэж өгчихөөд бүгдийг шинээр эхэлж байлаа.

Шинээр эхэлж байна гээд цоо шинэ үнэтэй зүйл худалдаж аваад байгаагүй юм даг. Удахгүй харих улс элдвийн үнэтэй зүйлсээр яахав дээ, харихдаа авч харьж чадахгүй үлдээгээд л харих болно, хайран юм гээд л их л хэмнэдэг байлаа. Одоо ч хэвээрээ л дээ.

Оршил нь их урт болчих гээд байх юм, нэг юм бичих гэж тэ. Хэ хэ.

Товчхондоо угаалгын машинаа солих гээд, дэлгүүр хоршоо орсон чинь юу вэ. Юм гэдэг чинь хөгжөөд талийж өгсөн байна. Үнэ нь ч овоо байна. Товчлуур энээ тэрээ гэж бараг алга, сүүлийн үеийн угаалгын машин чинь ухаантай утас шиг л болсон байна шд. Мэдээж хуучны загварууд байсан л даа. Хүмүүний шунал гэж дийлдэхгүй юм болохоор бас гайгүйг нь сонирхож үзээд байнаа. Ккк

Ямрыг нь авахаа мэдэхгүй эргэлзээд л одоогоор худалдаж аваагүй л байна. Шийдсэн ч гэсэн шууд авчихгүй гэсэн. Дор хаяж 2 долоо хоног болдог гэнэ. Захилгаар цаанаас нь үйлдвэрээс нь ирэх юм уу даа.

Хитачи их дажгүй гэнэ. Угаалгын машин дотроо. Панасоник бас гайгүй гэнэ. Хитачиг нь авна л гэж байх шиг байна хань ижил болохоор. Надад бол угааж л байвал аль нь ч хамаагүй.

Тэгээд бид нь хэд хоног угаалгын машингүй, том зулзага
-Ээж ээ, угаалгын машин хэзээ авах вэ?
-Мэдэхгүй ээ.
Хань ижил тэндээс гараараа угаа, угаалгын машины ач тусыг мэдэр гэж айлдсан. Хэ хэ.

Тэгсэн нэг өдөр том зулзага гараараа өөрийнхөө болон дүүгийнхээ ганц нэг зүйлийг угаажээ. Өнөөдөр ээж нь бас бус зүйлээ угаагаад л, орчин үеийн хүмүүн бид чинь үнэхээр л жаргалтай юм даа, дээхний үеийн бидний ээж аавууд яаж амжуулдаг байсан байна аа гэж бодон бодон угааж байна шд.

Угаалгын машин чамд хайртай шүү, манай гэрийнхэн. Ккк. Нэг их удалгүй манайд ирж гэрийн минь нэг гишүүн болоорой.
Эргэн тойрныхоо бүхий л зүйлд талархаж байна өө...

Анхны ном

Анхны номоо гаргаад. Хэ хэ.

Амны билгээс ашдын билэг. Бага зулзага ээждээ нэг ийм хөөрхөн ном хийж өгөөд.
Сүүлийн үед зурахаасаа илүү хайчилдаг, наадаг, нугалдаг болсон.

Нэг орой
-Ээж ээ, би танд зурагт ном хийсэн шд, бэлэг.
-Үр минь ээ, яасан ч хөрхөн юм, хайртай шүү.

Бид хоёр нь нэг иймэрхүү л эрхэлддэг болсон.

Хэд хоног ажлаар явж ирснээс хойш бүр илүүтэй гээч.

Энэ номыг харах бүр хайр хүрээд байгаа юм.

Үдээсний оронд резин хэрэглэсэн. Зураг зурдаг цаасаа ашиглаад хайчлаад хийчихсэн. Зарим нэг үсгээ буруу харуулаад биччихсэн. Өөрийн мэддэг амьтдаа зурчихсан. "Амьтан" гэдэн нэртэй ном шүү болоогүй ээ.
Дэлгээд хуудсыг нь эргүүлэхэд нэг иймэрхүү. Дөнгөж үсэг нүдэлж буй тул зарим нэг үгийг буруу бичсэн байсан. Үсэг нь бас буруу харчихсан. Хэ хэ. Үүнийгээ бас ээждээ уншиж өгөөд байна аа, зохиож ирээд л.

Хуучин оны календарьны цаасыг бол бүрэн ашигласан байна уу? Сүүлийн үед өнгийн харандаа гэхээсээ илүү балаар зураад байх болсон. Том зулзага бас тийм байж билээ, хар улаан хоёр л өнгөөр хорвоог зурчихаад байсан юм даг. Ккк.

Өхөөрдөм, хайр татам үр минь том болоод л байна.

Тэр жилийн айхтар гамшгийн үеэр чинь төрөх өдрөө хүлээгээд л гэдсэндээ тийчигнэж байсан юм шүү дээ.

Цаг хугацаа ч хурдан юм даа. Одоо сонин хэвлэлээр тухайн үеийн үйл явдлыг дурссан, мартаж болохгүй, түүнээс суралцах ёстой зүйл гээд л гараад, хэвлэгдээд байна. Мундаг ард түмэн шүү...

Friday, February 26, 2016

Ижий минь ээ, аав минь ээ

Гэдэг ном. Агуулга нь их хөөрхөн. Ахлах сургуулийн сурагчид, оюутнууд  ээж аавдаа зориулан бичсэн нэг мөртүүд.

Асар их энерги шаардсан ажлаа тараад галт тэргэнд явахдаа сөхөж хардаг гэж байгаа. Агуулга нь хөнгөн, тархи амраад ажил дээрх өөрийн гаргасан алдаа зэргээ түр мартасхийдэг болохоор хөнгөн хөөрхөн ном байнга цүнхэлж явдаг юм.

Нэгэн ахлах сургуулийн багш сурагчдынхаа зохион бичлэгт дургуй байдагт сэтгэлээр унана. Өөрийнх нь заах арга барил нэг л болж өгөхгүй байна даа, би багшийн ажилд тэнцэхгүй юм байна даа гэж хүртэл бодно.

Тэгээд ямар  ч байсан хичээлээ сонирхолтой болгох сурагчдын бичих сонирхлыг сэдээх зорилгоор 1-т хөгжөөнт тоглоом тоглоно. 2-т богино хэмжээний зохион бичлэг бичүүлнэ.

Ингэж бичүүлэхдээ "Чөлөөт нэр мөрт" гэсэн хэлбэрийг оруулна. Бичих сэдэв бол юу ч байж болно.

Жишээ нь:
Баяр баясал бол шалгалтын дараа, хоолны цаг.
Уйтгар гуниг бол сэрүүлэгтүлхэж унагаад ёох, сургууль гэж бодох үе.

гэх мэт. Би нь жаахан муу орчуулж магад шүү. Японоор нь уншаад бол нээрээ л тийм дээ гэж бодох.

Яваандаа уг мөртөө хэн нэгэнд хандаж бичих болсон. Ээж минь ээ, аав минь ээ, найз минь ээ, багш минь ээ, сургууль минь ээ гэх мэт.

Жилдээ нэг удаа иймэрхүй аргаар хичээлээ ороод явюсан. Сурагчид ч бичихдээ дуртай болж ирсэн. Анги дүүрэн инээдэм.

Сурагчид ээж аавдээ хэлмээр байгаа зүйлээ, сэтгэлийн гүнд хадгалж явдаг үгээ илэрхийлэх нь ихэд таатай байсан бололтой.

10 жил ингэж бичиж цуглуулсан чинь одоо хэдэн мөрт болноо доо. 1993 онд NHK-р гарна. Ном болж хэвлэгдэнэ.

Үүнийг сонссон олон олон ээж аавууд бас хүүхдэдээ хэлмээр байгаа зүйл байна, бид бас ингэж бичье гээд "хүү минь ээ, охин минь ээ" гэж хандан бичнэ.

Ийнхүү хоорондоо чулуудсан "үгийн дайн" нь хэвлэгдэж 1994 онд best seller болсон.

Уншаад суусан үе үе писхийтэл инээх зүйл их бичигдсэн байсан.

Ганц нэг хөөрхөн мөртөөс нь танилцуулах уу?

  • Аав минь ээ, таны толгойг харахаар л ирээдүйдээ санаа зовоод байна. (Бодвол аав нь оройноосоо халзарч эхэлсэн байх. Хэ хэ. ) 
  • Ээж минь ээ, хайгаад олохгүй байсан хувцсаа таны шүүгээнээс оллоо шд, шууд л аврав. 
  • Ээж минь ээ, Осакад найзындаа хононо гэж явсан минь үнэндээ найз залуугийндаа хоносон юм аа. (Надад бас ийм нас байлаа байлаа. Хэ хэ. Одоо харин охиддоо маллуулчихгүйхэн шиг байх юмсан. Ха ха.)
  • 4 сард багш нарын дуу хоолой бүүвэйн дуу.
  • 5 сар ангиараа хичээлээс хоцрох юмсан.
гэх мэт. Яг орчуулаад бичих гэхээр хамаг авъяасаа шавхах болчихоод байна аа, жаахан гамная. ккк

Нүүнэ гэдэг чинь...

Нүүдэлчин ард түмнийхээ тасархай юм болохоороо нүүв, саяхан.

Орж гарсан их ажлынхаа хажуугаар, мөн цагаан ногоон сартай минь давхцаад юм юм л амжуулав.

Нүүх газраа билгийн тооллынхоо сайн өдрийг харан байж ёслол үйлдэв. Бүх зүйлээ нүүлгэж амжихгүй тул, ёслоод өнгөрсөн. Хэ хэ.

За тэгээд галт тэргээр давхиж давхиж харьж ирээд л аяга шанагаа хайрцганд хийж, ном дэвтрээ бас хайрцагладаг гэж байгаа. Сэтгэл санаа бол маргаашийнхаа материалыг сөхөөд нэг харчих юмсан гэж бодоостой. Харж амжихгүй болохоороо гэрийнхэндээ жаахан уурлаастай, хөмсөг зангидаастай. Хэ хэ

Ажлаа дуусгаж аваад, маргааш нь нэг хороон дээр очиж хэдэн япон хүмүүстэй бууз, лавшаа хийж идээд. Идээд ч гэж дээ, тухтай идэх зав байхгүй ээ, тэд нарыг идэж байх хооронд би нь яриа хийнэ.

Хувьсгалын ажил нэг юм дуусч, хувийн ажил руугаа ханцуй шамлан оров.

Хуучин байраа хүлээлгэж өгөв. Их цэвэрлэгээ хийсэн, хүлээж авах хүн нь нарийн шалгаж байна гэж юүхэв. Тэнд тэгж ханын цаас хууларсан байна, шал нь тэгж толботсон байна бла бла. Анх орохдоо төлсөн барьцааныхөө мөнгөн дээр хэдэн цаас нэмж төлөх байх. Бас нэг нерв.

Нүүнэ гэдэг ярьшигтай л зүйл юм. Дүрэм журам ихтэй.

Харин нэг авууштай тал байна бас. Элдэв хэрэглэдэггүй эд бараанаасаа салдаг юм байна. Хэрэглэхгүй байж хадгалаад л байдаг зүйл зөндөө байдаг юм байна шд. Хэдэн ч тор дүүрэн юм хаяв даа.

Би нь угтаа эдийн шунал нэг их байхгүй гэж өөрийгөө үнэлдэг байхгүй юу. Номын шунал бол байгаа, хэхэ. Эдийн шуналгүй хүн чинь эд бараа бага цуглуулнаа даа. Тэгсэн хэрнээ л бүхэл бүтэн айл байна даа, новш ихтэй юм аа.

Францчууд аравхан хувцастай гэдэг номыг уншсанаасаа хойш, үгүй ээ бүр тэрнээс ч өмнө өөртөө хувцас худалдаж аваагүй байхгүй юу, худалч хүнд бараг 2 жил гаран. Тэгсэн хэрнээ л манай гэрийн хувцаснууд их байна аа. Яах уу?

Нүүдэлчин ард түмэн минь жилдээ 4 удаа нүүдэг нь бас их учир жанцантайг өдий хүрч байж ухаарав. Хэ хэ.. Элдэв хог новш цуглуулахгүй, яг л амьдралд хэрэгтэй зүйлс нь л байж байдаг.

Энэ удаагийнхаа нүүдлээр их л ухаажив шд. Одооноос эд бараа бага шиг цуглуулах юм шүү, заавал хэрэгтэй юу? гэж өөрөөсөө болон гэр бүлийнхнээсээ асууж байж худалдаа хийх.

Худлаа л даа, шинэ газар орсон хүн чинь бас нэг ийм юм аваад тавьчихмаар байна гээд л үглэж байна шд. Яалтай билээ. Хүмүүний шуналаа гэж...

Thursday, February 25, 2016

Ажлын байрны судалгаа

Дунд сургуульд ирээдүйд хийх сонирхолтой, одоогоор өөрийн сонирхож буй ажил мэргэжлийн талаар сурагчдаар өөрсдөөр нь судлуулдаг юм байна.

Том зулзага юу судлах вэ гээд л хэсэг тээнэглэзсэн. Ажлын байр хэр их байдаг? Цалин хөлс нь хэр юм? Эмэгтэй хүнд хэр нийцтэй ажлын байр вэ? гээд л их л олон зүйл л хараад байх шиг байсан.

Сүүлд нь болох үгүйг мэдэхгүй ч эмч мэргэжлийн тухай судлахаар болсон гэсэн. Ээж нь орж гаран ажилтай байсан тул тулж ажилласан ч үгүй. Өөрөө л нэг юм болгосон.

Тэгсэн хэд хоногийн дараагаар сургууль дээр нь төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүсийг урьж яриа хийлгэсэн байсан. Сувилагч, цагдаа, цэцэрлэгийн багш, тогооч, барилгачин гэх мэт. Өөр ямар мэргэжлийн хүмүүс байсныг нь санахгүй байна.

Том зулзага сувилагчийн багт хамрагдаж яриаг нь сонссон гэсэн. Их сонирхолтой яриа болсон, хүн нь ч өөрөө ёстой сайхан хүн байсан гэсэн.

Их орой сувилагч болохоор шийдсэн гэнэ, хүнтэй сууж, хүүхэд гаргаад хэсэг байсныхаа дараагаар гэнэ. Ямар ч зүйлийг сурахад оройтохгүй гэдэг санааг сурагчдад өгсөн байсан. Зөв санагдсан. Байнга үглэдэг надаас нэг сонсох, тэс хөндлөнгийн хүнээс нэг сонсох чинь газар тэнгэр шиг ялгаатай гэж.

Хүүхэд болгон эрдэмтэн доктор болох албагүй, ажилчин анги гэж байж байж улс хөгждөг гэдгийг мэдрээд, боловсролынхоо агуулгад тусгачихсан байна.

За тэгээд ирээдүйд ямар мэргэжил эзэмшээд, ямар ажил хийгээд явах нь уу? Тэр үеийн тэнгэр л мэддэг байх даа...

Saturday, February 20, 2016

Еэвэнгийн нөгөө тал?

Сая хэд хоног монголчуудтайгаа хамт ажиллаж, их зүйл мэдэж, нүд чих, хамар ам нээгдэж онгойсон өдрүүд байлаа. Хэ хэ.

Тэр хэд цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Тэгээд идээгээ хувааж жижиглэдэг өдөр нь би очиж таараад, дуртайгаараа еэвэнгээ авлаа шүү гэж эрхэлж байгаад л эрх дарх эдлэв.

Тэгээд орой нь харьж явах замдаа галт тэргэнд тэсэхгүй талыг нь идчихсэн. Ккк.

Хариад еэвэнгийн тал нь хайчсан бэ? гэж хань ижил асуувал
-Тал нь уу? Энэ байна аа гэж байгаад л "Зэрэг нэмэхийн өмнөх" дээр гардаг шиг үзэж тарах юм шүү гээд үгээ бэлдэв шд.

Ул боовыг сүүтэй цайнд дүрж идэхэд аая бас л сайхан шүү. Еэвэн бол ч ярилтгүй, миний хамгийн дуртай нь. Нээрээ дараа еэвэн захиж иднээ, дандаа л ном захиж байхаар. Ккк

Морьтны хишиг явганд гэж монгол амтаа амтлаад, сар шинэ ч сайхан өнгөрлөө. Ажлаа дуусгаад нөхөж шинэлнэ, цагаан сараар ирүүлээгүй айлын хүүхдүүдийг дуудаж буузаа жигнэж идье дөө. Харин наана нь цаг заваа гаргаж байгаад чимхэж хөлдөөхгүй бол ч.

Friday, February 19, 2016

Дунд сургуулийн нээлттэй хичээл

Их ажлын минь хажуугаар том зулзагын сургууль нь нээлттэй хичээл хийв.

Азаар бүтэн сайн өдрийн үдээс хойш болов. Япон хэлний хичээл орж таарсан.

Өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүнээр нь ангилаад, бүтцээр нь хуваагаад доогуур нь зурж мураад байдаг байсан минь санагдав. Аминдаа монгол хэлнийхээ хичээлд гайгүй байсан шиг санаад байгаа юм өөрийгөө. Хэ хэ. Гэхдээ одоо санаж байгаа зүйлээр маруухандаа.

Том зулзага самбарт гарч зурж мураад байсан. Өгүүлбэрээ хувааж байгаад л.

Хичээлийн дараа эцэг эхүүдийг цуглуулж анги даасан багш нар, нийт 1-р ангийг хариуцсан нийгмийн ажилтан, тамирын багш гэх мэт улсууд энэ нэг жилээ дүгнэж яриа хийсэн. Сурагчид ерөнхийдөө их л сайн талдаа юм байх. Эмх цэгц сайтай л гэнэ, одоохондоо даруухнаараа л гэнэ, дугуйлан секцдээ идэвхитэй явдаг л гэнэ, магтаж байсан.

Хамгийн таалагдсан нэг зүйл нь нэг багш нь сурагчдын нэг өдрийн сургууль дээрх амьдралыг бичжээ. Сурагчид зөвхөн ангийнхаа цэвэрлэгээг хийгээд зогсохгүй, коридор, жорлонгоо хүртэл цэвэрлэнэ.

Энэ жорлонгоо өөрсдөө цэвэрлэдэг нь их таалагдаад байгаа юм. Сайн цэвэрлэгээ хийж сурах хэрэгтэй гэж үздэг япон хүмүүсийн зан чанар их чухал. Ингэвэл хүүхдүүд 00 өрөөгөө цэвэрхэн ашиглана даа.

Ажил хийх дургүй цагаан гартангуудыг төрүүлэхдээ биш, багаасаа л нийтийн өмчид хайр гамтай байцгаая, ажил хийж сурцгаая гэсэн хүмүүжлийн нэг хэлбэр.

Намайг 10 жилд байхад 00 гэж үнэндээ хэцүү байсан. Тэвчиж байгаад гэртээ л тухтай бие засдаг байлаа. Өөрсдөө цэвэрлэдэггүй болохоор ариг гамгүй хэрэглдэг юм билээ шд одоо бодоод байх нь.

Энэ сурагчдын нэртэй шалны алчуур. Хичээл эхлэхэд авч явдаг юм. Дунд нь мэдээж хэд хэд солино. Их харласангууд нь бодвол цэвэрлэгээгээ үнэнч сэтгэлээсээ, сайн хийдэг байх гэж би нь таагаад байгаа.

Гэрийнхээ шалыг ингэж алчуураа харлатал зүлгэдэг бол ч гэж бодоостой. Орой нь зулзагатаа хэллээ шд.
-Үр минь ээ, гэрийнхээ шалыг бас ингэж арчиж бай л даа.
-...

Sunday, February 14, 2016

Хайрын баяр

юм байна шд, өнөөдөр чинь. Баярын мэнд.

Энд чёко-ны үйлдвэрүүд ганц баяждаг сар нь даа. Хүмүүс нээрээ ямар идэвхитэй худалдаж авдаг юм бэ?

Сүүлийн үед бүр найз охидууд хоорондоо өгдөг болсон шүү, өөрөө өөртөө шагнал урамшуулал болгоод үнэтэй тансаг чёко авдаг болсон шүү гээд л сурталчлаад байх юм. Тэрэнд нь хүмүүс итгээд л авах юм.

Дуртай зүйлийн минь нэг ч тэгж ч хошуурахгүй шүү л гэсэн. Хань ижилдээ авч өгөө ч үгүй. Завтай болохоороо сайхан дуртай хоолыг нь хийж өгөөд, хайртай шүү гэж нэг үнсэхэд л болчихно шүү дээ.

Тэгтэл харин том зулзага маань мэдээллийнхэнд тархиа угаалгачихсан байх юм аа. Тэгээд л хэлсэн чинь
-Мэдээд байна л даа ээж минь. Найз нөхөд тэгээд гүйлдээд байхаар бас огт хоосон байж болмооргүй байна шдээ.
гэж учирлахаар нь өрөвдөөд
-За за хэдэн хүнд өгөх гээд байгаа юм, эрэгтэй хүүхдэд байгаа юм уу? Дан охид юм уу гэж жаал байцаав. Далимд нь бас харж явдаг хөвгүүн байна уу? гэж тандаастай. Гатнуул ээж шүү лээ би чинь.

Бага зулзага одоохондоо цэцэрлэг болохоор амар сайхан л байна. Гэхдээ нэг өглөө цэцэрлэгтээ оччихоод урвайгаад л явчихав.
-Яасан бэ? Үр минь ээ.
-Коо-д өгөх захиагаа мартчихсан байна шд,
гээд нулимс нь цийлэгнээд бөөн юм болов. Өнөөх нь туяхаан гэж юүхэв мөртлөө хөөрхөн банди байдаг юм.

Ээж тэр өдөр нь яваад хэд хоног эзгүй байх тул унжгар үлдээж чадсангүй. Санд мэнд өнөөх захиаг нь авчирч зулзагынхаа гарт атгуулаад
-За тайвшрав уу? Одоо тэгээд гялс өгчих, ээж нь явлаа, ээжийнхээ эзгүйд хөөрхөн онц байж байгаарай гэж үнсэж үнсэж л гарч ирэв.

Охид оо гэж. Дурлал мурлал нь яасан ч эрт ирдэг юм. Тэгэхэд хөвгүүд гэж тоож байгаа ч юм алга, машин бариад л гүйлдээд цаана нь. Хэ хэ

Нүүр номоор л нэг авсан өгсөн бэлэгний зураг байна лээ тэ. Дуурайж муурайж намба алдчихгүйхэн өнгөрсөн шүү. Ккк.

Нас яваад намба суугаад байна дөө...

Сар шинийн мэнд

Шинийн 8-ны дотор багтаж та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе.

Хувь хувьсгалын ажил ихтэй тул сүр дуулайн болгож тэмдэглэсэнгүй ээ. Ээждээ
-За битгий тэгээд үндэснийхээ ганц баярыг шүүмжлээд бай, боломжоороо тэмдэглэ.
гэж загнуулсны буянд битүүнд нь жаахан брес хийж, бууз чимхэж идэв. Бресийг зулзагууд маань идэж чадахгүй юм. Багыгаа загнаж байж нэг халбагадуулсан чинь нууцаар гаргаж ирээд цаасанд ороож хаяж байсан. Идэж дадаагүй болохоор яалтай ч билээ. Том нь 3 нас хүртлээ монголд байсан юм болохоороо 2 халбагыг бол идсээн. Цаашаа чадахгүй нь ээ, уучлаарай гэсэн. Ккк

Ирж очин ажилтай тул угаасаа сэтгэл санаа бол юун цагаан сар. Ажлаа л бодоод байх юм билээ. Одоо ч гэсэн бодоостой. Гэхдээ дуртай зүйлээ нэг ингэж бичиж аваад гарахгүй бол бас л ундууцал төрөөд байх бололтой. Хэ хэ.

Бууз чимхэж хөлдөөж амжаагүй хүн чинь ирдэг хэдэн хүүхдийг эгчийгээ завтай үед ир гээд хэлчихсэн. Амар ч юм даа, харь оронд байгаа болохоороо л ингэж хэлж чадаж байна даа. Монголдоо байсан бол тэгж хэлүүлсэн улс дахин манайхаар шагайхгүй байх даа. Хэ хэ.

Том зулзагын сургууль нээлттэй хичээл хийсэн нэг бүтэн сайнд. Тэрний тухай бичнэ гэж явсаар мартах шинжтэй. Санаж байгаад бичнэ ээ.

Одоо ч ар араасаа баяр ундрана даа монголд. Хямралтай гэсэн мөртлөө тансаг баярлах юм дөө...

Friday, February 05, 2016

Оюутан ахуй цагийн минь амт

Оюутан ахуй цагтаа 100-гийн печень-р гол зогоодог байлаа. Өглөөд мэдээж гэрээсээ цайгаа уугаад гарна. Ингэхдээ цэвэр ус авч явна.  Тэгээд хичээл тараад номын санд сууж хооллоно. Тэр нь ихэвчлэн 100-гийн печень.

Нэлээд сүүлд пирошки авч иддэг болж билээ. Тухайн үед чинь оюутнуудад зориулсан гуанз бас ховор байсан ч юм уу, миний чадал муу ч байлаа.

Ер нь их гүргэр, өлөн зэлмэндүү, гэхдээ түүндээ гутардаггүй, ээж ааваасаа их юм шалдаггүй, хэрэглээ багатай, хамгийн гол нь сэтгэлээрээ баян, аз жаргалтай цаг үед байж дээ.

Гар утасгүй байлаа, нөөтбүүк ч мэдэхгүй, ээжийнхээ ажил дээр очиж бичгийн машинаар нь дипломын ажлаа шивж байлаа.

Тэгэхэд одооны оюутнуудыг хар? Жаргацан мангар бацаанууд. Хэ хэ. Боломж их байна, ганцхан өөрсдөөс нь шалтгаалах л үлдсэн.

За за хадуурахаасаа өмнө бичлэгээ дуусгая. Ойрын хэдэн жил идээгүй монгол печень идээд сайхан байлаа. Ажлаар ирсэн хүмүүс бэлэглэсэн юм. Би нь харьж явах галт тэргэнд үүнийг идсэн шигээ оюутан ахуй цагаа дурсав.

Thursday, February 04, 2016

Бугын шагай

Бугын шагай чинь хонь ямааныхтай адил байдаг юм байна шүү дээ. Тэр дундаа япон бугын шагай. Ккк

Сүхбаатар өвөөдөө уулзахдаа хэлсэн чинь
-Тийм шдээ. Би тээр жил цаатангуудын тосгонд очихдоо бас цаа бугын шагай хараад, адилхан байсанд нь учиргүй олзуурхаж билээ. Тэгээд энэ шагайгаа өгчих гэсэн чинь зүгээр өгөхгүй гээд юу ч билээ нэг юмаар сольж авч байлаа.

гэсэн. За би нь ямар монголд цаа буга, буга энэ тэр хол ойроос амьдаар нь харж байсан биш. Дараа боломж гарвал эх орноороо сайхан зугаалах юмсан л гэлээ. 

Урд нь харж байгаагүй болохоор их л сонин санагдав. Хэ хэ.

Жаахан ялгаа нь нэг тийм бумбагардуу юм билээ. Бакь гэх юм уу?

Бага зулзага харчихаад
-Шагай шагай, нясладаг шагай гэж сүрхий мэдэмхийрэв. Тэгснээ цэцэрлэгтээ авч явж багшдаа үзүүлж болох уу? гээд байсан.

Гэснээс бугын мах их бараан байдаг юм билээ. Бас их амархан царцдаг юм билээ.

Буга намнаач нь манайд байна, Булга зүйгээч нь ч бас "манайд" байна аа гэгчээр хэд хоног бугын махтай хоол идлээ.  Ккк.

Зүйх булга нь одоохондоо алга тул үсний боолтоо л зүйгээд байгаа завсар зайгаар нь. Хэ хэ.

Monday, February 01, 2016

Япон ардын тоглоом

Хүүхдийн тоглоомын газар байдаг юм. Мужийн харъяа болохоор төлбөр нь дажгүй. Дээрээс нь хүүхдүүд үнэгүй, дагуулж яваа томчууд нь л мөнгө төлнө. Бүр дээрээс нь гадаад хүн тал үнээр нь орно. Хааяа бага зулзагаа дагуулж  ирээд тоглуулчихна, өөрөө тэр хооронд номоо уншина, зарим нэг найз нөхөдтэйгээ ирсэн тохиолдолд буу халаад суучихна, кофегоо уучихна гээд тун дажгүй.

Улирлын чанартай үндэснийхээ тоглоом наадгайг танилцуулсан булан байна. Энэ удаад цагаан сараараа ихэвчлэн тоглодог наадгайнууд байсан. Санан байж ганц нэг зураг дарснаа орууллаа.

Хооронд нь алалцуулж байна лээ, хэхэ. Хакүхо энэ тэр гээд нэр өгчихөөд үзээд байсан.
Дамар? Ингэж гараараа эргүүлнэ. Олон төрөл байсан.
Модоор хийсэн тоглоом их байв.
Тусгай олсоор ороож байгаад тусгай аргаар шиддэг дамар. Тэгэхээр шалан дээр эргэлдэж өгнө. Мундагууд нь тусгай тавцан энэ тэр дээр өнхрүүлээд байдаг юм билээ.

Орчин үед гэртээ эдгээр тоглоомоороо тоглодог хүүхэд ховор гэсэн. Тийм болохоор цэцэрлэг сургуульд нь зааж тоглуулдаг улиралтай болсон. Ихэвчлэн цагаан сараараа буюу нэгээс хоёр сард.

ПС тоглоом энэ тэрээ гээд хараагаа муутгаад сууж байхаар иймэрхүү тоглоомоороо нааддаг бол тийм ээ.

Хүн хэлэх ч яахав, завтай үедээ охидтойгоо шагай няслаж байна гээд л амжихгүй юм...

Sunday, January 31, 2016

Хариу хүлээсэн өдрүүд

Монголд хоёр жил ажилласан шавьтайгаа нэг зүйлийн хариуг хүлээгээд л догдлоод байсан юм. Тэгсэн өнөөдөр хариу нь гараад. Харамсалтай нь тэнцсэнгүй ээ.

ЖАЙКА-гийн ахмад сайн дурын ажилтан гээд энд тэндхийн улсад ажиллаад байдаг даа. Шавь маань тэр шугамаар эх оронд минь ажиллаад ирсэн хүн. Тэгээд сая яг өөрийнх нь мэргэжлээр өөр улс руу явах бүртгэл байхаар нь бүртгүүлээд, эхний шатанд тэнцээд, ярилцлага хүртэл өгөөд. Хариу хүлээгээд, бид хоёр тэнцээсэй гээд л догдолсон хүмүүс байлаа л даа.

Энэ шалгалт чинь бас хөөрхөн шалгууртай. Англи хэлний toefle тэдэн онооноос дээш байх ёстой, тухайн мэргэжлээрээ тэдэн жил ажилласан байх ёстой гээд л.

Өнөөдөр интернэтээр тэнцээгүй гэсэн хариугаа сонсоод сэтгэлээр унасан хүн л байна. Сүхбаатар өвөө харин бөөн баяр. Нэг ч гэсэн монголтой харилцаатай япон хүн нь зөвхөн монголтойгоо хоцорсонд. Хэ хэ.

Гээд шавь бид хоёрыг өдрийн хоолонд даасан. "Ашгүй, өвгөн миний монголын тухай яриаг тоож сонсох хүмүүс минь ийш тийшээ явахгүй болсонд" гэсэн.

Би бас баяртай байгөө. Намайг тоож долоо хоногт хоёр цаг буу халдаг хүн маань зөвхөн эндээ үлдсэнд. Хэ хэ. Монгол хэлний хичээл гэсэн мундаг тодотголтой бидэн хоёр нь элдэв шалдав зүйл хамж буу халдаг юм. Тэр нь миний япон хэлний ярианд ихээхэн хувь нэмэр болдог гэж би нь хувьдаа баяртай байдаг.

Гэр бүлийнх нь хүн хуртэл энэ удаад цугтаа явна гээд баяртай байсан, битүүхэндээ бэлдээд л байсан юм байх. Харихдаа замаараа зээгийнхээ царайг харчихаад буцъя дөө, сэтгэл санаа тайвшрах байгаа гэсээр л салсан. Өдийд гэрийнхэнтэйгээ сэтгэлээ хуваалцаад л сууж байгаа даа.

Дараагийн уулзалт хүртэл сэтгэлийг нь засах сайхан үг олоод очно доо.

Бас мундаг байгааз? Тэтгэвэрт гараад нэлээд удчихсан хэрнээ шинэ зүйлд хүчээ сориод л, гадаад хэл ус гэж гүйгээд л, өглөөдөө цаг гаран гүйгээд л...

Хааяа боддог юм, би өдий насандаа яг ийм хүний дайтай байж чадах болов уу? гэж...

Буцалсан цай шиг өдөр тутмынхаа хажуугаар амжуулж байна аа би чинь. Үдээс хойш нь бага зулзагынхаа цэцэрлэг дээр болдог багштай нь ганцаарчилсан уулзалтанд явчихаад ирсэн. 4 сараас нэг анги дэвшинэ, тэрний бэлтгэл, дүгнэлт болгож өдийд ийм уулзалтыг цэцэрлэгээс нь зохиодог юм. Эрэгтэй багштай, бага зулзагын чаддаг болсон зүйлийн тухай, хойшид хичээх хэрэгтэй зүйлийн тухай ярьж байна лээ.

Аяга кофе уунгаа үүнийг бичиж сууна. Бүгдэд нь амжилт...

Ойрдоо

Хань ижлийн минь хэлдгээр "буцалсан цай шиг амьдарч" байгаа. хэ хэ. Энэ нь нэг хошин шог дээр хэн нь юм бэ дээ, их л завгүй амьдарч байгаагаа зүйрлэн хэлсэн юм гэсэн.

Өглөө нь ажилдаа, үдээс хойш нь галт тэргэнд, орой нь Кобэд. Маргааш өглөө нь ажлаар Осакад. Ажлаа дуусгаад галт тэргэнд, хэд хэд дамжаад дахин галт тэргээр гэрийн зүг гэдэн годон. 2 сар бүтэн яг ийм өдрүүд үргэлжлэнэ.

Нэг бодлын их сайхан. Юм хум үзэж нүд тайлаад, шинэ зүйл сурч тархиа ажиллуулаад. Гэм нь жаахан ядраад, уруул амаар юм гарах нь төвөгтэй. Гэхдээ л би жилдээ нэг ингэж орж гарахдаа дуртай.

Намайг эзгүйд аав нь буцалсан цай шиг байна. Өглөө бага зулзагаа цэцэрлэгт нь өгчихөөд цаашаа ажилдаа. Орой нь цэцэрлэгийн тарах цагт амжиж зулзагаа очиж авна. Түрүү жилийн 4 сард шинэчлэгдсэн дүрмийн уршгаар аав нь өөрийнхөө ажлын тарсны дараагаар охиноо авах үед 1 цаг 30 минут сунгаж, түүнийхээ илүү цагаар хүүхдээ харуулсан төлбөр гэж сарын сүүлд төлнө. Энэ нь ганц оройн цагаар биш, өглөө бас эрт өгсөн гэж нэмэлт төлбөр төлнө. Үнэн тэнэг.

Энэ дүрмээ уг нь хүн ам цөөрөлт, төрөлт багасалт, залуу хүн амаа нэмэх, ажиллаж буй ээжүүдийг дэмжих, цэцэрлэгт орох гээд хүлээгээд дугаарлаад байгаа жаалуудыг цэцэрлэгт хамруулах зэрэг их л олон асуудлыг зохицуулах гэж гаргасан юм гэсэн.

Миний бодлоор бол энэ асуудал сайжрахгүй ээ, энэ дүрэм гарсан ч. Ээжүүд гэдэг чинь хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд их л олон зүйлийг амжуулдаг байхгүй юу? Энэ тухай энд тэнд яриа хийхдээ хэлээд л тавьчихаж байгаа, яадгийн. ккк

Тэгэхгүй ээжүүдийг улам л шахаад л, улам л завгүй болгочихож байгаа юм. Тэгэхээр чинь олон хүүхэдтэй болоё гэж бодохгүй л байх.

За за энэ япон улсын асуудал ч яахав, эх орны минь элдэв асуудал хэзээд нэг цэгцрэх бол? Сонгууль болох гээд их ядаргаатай байгаа сурагтай, нам зам гэдэггүй хүмүүсийг ажлыг нь тухтай хийлгэхгүй дарамтлаад.

Зарим нэг хүмүүс улаан цайм сонгуулийн ПР-аа нүүр номоор хийгээд. Нэг л их л ажлаа сайн хийдэг улс. Жаахан үнэмшил багатай санагдаад...

Гэснээс бас сонгууль болохоор л бас нэг ой тохиож байгаагаа санадаг юм байна. Мэддэг хүмүүс нь баяр хүргэнэ биз. Хэ хэ... Сүр тэмдэглэнэ ээ. Худлаа л дөө. Сүр тэмдэглэж чаддаггүй юм. Ккк

Friday, January 29, 2016

Ангийн анд минь гадаад хүн

Гэдэг ном. Ажлын маань Морокко нөхөртэй хүүхэн уншчихаад, намайг бас уншаарай гэж санал болгосон ном.

Том зулзага бас уншчихаад, хүний эрхийн тухай нэлээд гүнзгий хөндөгдсөн ном гэж саналаа хуваалцав. Тэгээд амралтын өдөр халуун кофегоо хийж аваад л тухлан суув. Яг ч тухлаагүй юм байна аа, бага зулзагатайгаа тоглосон хажуугаар нь. Хэ хэ

Ямартай ч янз бүрийн шалтгаанаар японд хүрч ирэн амьдарч буй гадаад хүүхдүүдэд тулгамддаг асуудлыг хөндсөн. Хөөрхий тэд жаахан байхдаа ээж аавыгаа дагаад л ирчихсэн. Гэнэт л таньж мэлэхгүй орчинд ороод, айх гайхах зэрэгцэх. Хүмүүсийн харц өөрийг нь нэг л ондоо харцаар харах.

Уншиж байхдаа миний охид ч бас иймэрхүү асуудалтай тулгардаг байх даа гээд өр өвдөх.

Ялангуяа том зулзагаа анх хэл мэдэхгүй жааханд нь цэцэрлэгт өгчихөөд нэг хэсэг сэтгэл санаа эвгүй байдаг байж билээ. Ямар сайндаа би өөрөө хүргэж өгвөл 2-лаа салж хагацаж ядаад хэцүү гэж бодоод аав нь л хүргэж өгч авдаг байж билээ. Хань ижил цэцэрлэгийн од болчихсон л явж байсан нэг хэсэг. Анхных нь гадаад хүүхдийн аав, юу ч хамаагүй, алдаатай ярьж буйгаа ч тоохгүй, дуу чангатай гээд л түүнийг од болгох зөндөө л зүйл байсан юм шиг байгаа юм. Харин ээж нь дуу нам, алдаатай буруу зөрүү ярьчих вий гэж санаа зовоод тэр бүр дуугарахгүй, хааяа л хүүхдээ хүргэж өгч авдаг байсан болохоор од болж чадаагүй. Хэ хэ.

За тэр яахав, 20-иод хүүхдийн тухай товч гарна. Тэд хэрхэн ямар замаар, аргаар японд ирсэн. Сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн тэдэнд тулгардаг асуудлууд, сургуулиа орхихоос өөр аргагүй болдог шалтгаан гээд л тэр бүр ил хөндөгдөж яригддаггүй зүйлсийг бичсэн байсан.

Гадаад хүүхдүүд нэрнээсээ авахуулаад л шоолуулах, гадуурхагдах, дэглүүлэх бэрхшээлтэй тулгардаг гэнэ. Үнэн байх аа, охидын минь нэрийг хэлж чадахгүйгээсээ болоод "сонин нэртэй юм бэ?" гэж хэлж байхыг сонсож л явлаа.

Дандаа л ад шоо үзсэн хүмүүс байна гэвэл үгүй л дээ. Та нартай танилцаж найз болсондоо их баярладаг,  бидний ертөнцийг харах мэлмий нээгдсэн шүү гэж хэлэх сайхан сэтгэлтэй япончууд ч бий.

Байгаа улсынхаа ард иргэдийн мэлмийг нээгээд бүгдээрээ гялалзаад л байдаг юм шүү. Хэ хэ

Tuesday, January 26, 2016

Унш унш бас дахин унш

Японы бага, дунд, ахлах сургууль нь "Унш унш бас дахин унш" гэсэн уриатай байх юм. Үгүй ээ бүр цэцэрлэгээс нь юм байна. Уншиж сураагүй байх үед нь багш нар нь, гэрийхэн нь уншиж өгч бай л гээд байна шүү дээ.

Яг ийм үг бичээд энд тэнд хадахгүй ч номны ач тус, уншихын ач тусыг үнэн сайн сурталчлах юм. Гол нь сурагчид өөрсдөөс нь л шалтгаалаад уншдаг нэг нь байхад огт уншдаггүй нэг нь ч байх. 

Том зулзагын сургуулийн номын сангаас сард нэг удаа нэг хуудас тайлан гаргаж сурагчдынхаа ар гэрт хүргүүлдэг юм байна.

Номын санд шинээр орж ирсэн номын танилцуулга, номын сангаас зохион явуулж буй арга хэмжээ, түүний үр дүн гэх мэт зүйлсээ тайлагнана.

Таалагдсан зүйл 1: Нэг сурагч 15-с дээш ном зээлж авч уншсан тохиолдолд номын сан хариуцсан сурагчдын зөвлөлөөс бяцхан хэмжээний бэлэг авдаг гэнэ. Энэ нь гар хийцийн номын хавчуурга гэсэн хөөрхөн жижиг зүйлс байх нь элбэг.

Таалагдсан зүйл 2: Сурагчдын зээлсэн номын тоогоор анги ангиар нь байр эзлүүлдэг юм байна. Жишээ нь дунд сургуулийн 1-р ангийн 5 бүлэг байна. Том зулзагын анги нийт 46 ном зээлж авсан гээд 4-р байрт жагсаж. Эхний байранд 366 ном зээлж уншсан анги орж.
-Хүүе, яасан мундаг юм бэ? Ийм олон ном зээлж уншаад л.
-Гэхдээ байна шүү дээ, ээж минь. Тоо чухал биш шүү дээ чанар чанар. Тэд аягүй бол нээх нимгэн ном олныг зээлж уншсан байгаа даа.

гэсэн яриа болов. Ээж бас бодов, нээрээ ч тийм юм уу? Том зулзага хичээлээ, даалгавраа хийж байна гээд их орой болтол суудаг юм. Тэгээд хэдий завандаа ч ном унших билээ гээд л дотогшоо зулзагаа өмөөрөв. Хэ хэ

Энэ шалгаруулсан хугацаа нь зуны амралт дуусаад 12 сар хүртэлх хугацаанд л сурагчдын зээлсэн номын тоо гэсэн. Хангамж сайтай юм даа гээд л өөрийн эрхгүй өөрийн ахлах сургуульд сурч байсан үетэйгээ, орчинтойгоо харьцуулчихаад байх юм даа гэж.

Нэг таньдаг өвөөгийн хэлж байсан санаанд оров. "Байгалийн баялаг гээч зүйлгүй улс чинь хүнээ л сайн бэлдэж байж оршин тогтноно" гэж. Ингэж их уншдаг хүүхдүүдээс бүгд биш юм аа гэхэд ганц хоёр хүүхэд ирээдүйд манлайлаад, сэтгээд, удирдаад явдаг байх даа...

Sunday, January 24, 2016

Хөөрхөн

Сая хагас сайн өдөр бага зулзагатайгаа номын сан орж зээлсэн номоо өгчихөөд, дахин ном зээлээд харьж явахдаа хотын соёлын төвд нэг хөөрхөн арга хэмжээ зохиогдож байгаатай таараад.

Бага зулзага шууд л би зурж үзмээр байна гээд, ээж нь бас зүгээр суух дургүй юм болохоороо хажууд нь суугаад л зурав. Хэ хэ.

Зурав ч гэж дээ, өнгө өнгийн элсээр будаад явсан. Ингэж будахдаа цавуу түрхэж байгаад дээрээс нь элсээ цацаад л болно. Элсээ бэлдчихсэн тохиолдолд амархан байдаг гэнэ. Харин элсээ будганд оруулж өнгөтэй болгоход цаг их орно. Ажиллагаа ч ихтэй байдаг гэнэ.

Охин хүүхэд тул цэцэг сонгон будаж, би нь энэ жил бич жил гарч буй тул ийм сармагчин будав. Хэ хэ.
Царайлаг сармагчин болж уу? Цэцэг бол яриангүй царайлаг болсон. Хэ хэ.
Ийм өнгө өнгийн элс байсан. Бас л их цаг зарсан байгаа юм шүү. Тэр цаана цэцэг харагдаж байна аа даа. Тэрэн шиг цаанаас нь зураад бэлдээд тавчихсан байсан. Зурдаг хүн бол өөрөө зураад л, будаад л явчихдаг гэсэн.

Элс нь далайн элс гэнэ. Зүгээр элсээр ч хийж болох байх гэсэн. Том зулзага сонсчихоод элс будганд оруулж үзэх үү? гэсэн. Яана аа, хүүхдийн иймэрхүү сонирхлын төлөө за гэдэг уриатай манайх гэдэг айл нэг хэсэгтээ элсээр амьсгалах вий дээ. Хэ хэ. Зуны амралт болтол зай ч байна, мартах байгаа. Хэ хэ.

Шахдаг будагтай холиод бага зэргийн ус хийгээд, сайтар хутгаад, сайтар шүүгээд, сайтар хатаагаад гэж ярьсан багш нь.

Монголд байгаа ээждээ энэ тухай хэлэв. Учир нь ээж минь бас хичээл заахдаа ашигладаг тул би нь энд тэнд явахдаа сонирхол татсан хөөрхөн зүйл байвал зураг хөргийг нь их авна, тэрийгээ ээждээ хэлнэ, ээж минь сурсан мэдсэнээ цааш нь шавь нартаа хэлж зааж сургана. 

Үргэлж бусдад мэдсэн сурсанаа зааж байдаг хайртай ээжийн минь ажил үйлс үргэлж өөдрөг байг.

Friday, January 22, 2016

Нэг ийм ном

За санаандгүй ийм ном уншив. Зээлж авсан номнуудын нэг.

Нэг их сүрхий сэтгэлд хүрчихээр онч үгс лав байгаагүй. Хэ хэ.

90-д онд 2 сая 600 мянган Чингис сэрж байна энээ тэрээ гэж яриад, тэрийг нь тухайн үеийн залуус их л сүрхий хүлээж авсан бололтой. Би ч жоохон байж, каартны талхандаа дугаарлах гэж толгойгоо ажиллуулдаг үе байв.

Одоо тэгж ярьж бичвэл хүлээж авах хүн хэр байх бол? гэж бодов. Бүх л зүйлд нэг л эзэн хааныхаа нэрийг өгөөд, яриад яваад байдаг болчихсон тул дөжирч байж мэдэх.

Цөмийн хаягдлыг булшлуулахгүй, хүнд суртлын тухай, төр дээрээсээ цэвэрших ёстой тухай гээд л их л сүрхий ярьдаг байж. Итгэх итгэл минь даанч асар нимгэн юм даа хөөрхий.

Улс төр нэг их сонирхохгүй ч ганц нэг мэдээ харна л даа. Хүмүүс элдвээр л бичиж ярих юм билээ. Хэнд нь итгэлтэй билээ?

Гэхдээ бүхэл бүтэн улсын минь ерөнхийлөгч байна даа, энэ чинь одоо. Ганц нэг үгсээс нь хуулж оруулав. Хэ хэ. Яг өөрийнх нь хэлсэн үг эсэх нь бүү мэд шүү.

Алдаа бол өнчин, ганц эзэнтэй
Амжилт бол өнөр, олон эзэнтэй.

Бусдын амжилтаар бахархаж чаддаг хүн өөрийн зорилгод хүрдэг.

Уул давах хүн довоонд бүдэрч болохгүй.

Өрсөлдөгч л хүнийг өөд нь татдаг.

Sunday, January 17, 2016

7 хоногт

Нэг бүтээл туурвиж байна даа. Хэ хэ. Сүүлдээ ч 7 хоногт нэг биш өдөрт нэг бүтээл туурвиад байна.

Монголд минь хямралтай болохоор бид бас энд жаахан хямраад байна л даа. Хэ хэ.

Тэгээд зүгээр суухаар сэтгэл санаа нэг л тогтож өгөхгүй, гараа ч юм уу? нүдээ ч юм уу? хөдөлгөж байхгүй бол болохгүй санагдаад.

Хөдөлж байгаа хүнийг бурхан харж үзэх ч юм шиг санагдаад. Ккк

Нэг хүнээс үсний боолтны захиалга аваад. Эхэндээ бүр 50 ширхэг гэж байснаа, намайгаа ядраачихна гэж санаа нь зовсон уу? 20 болгосон.

Би нь бол дотроо таван цаасыг нь бодохоор 50 ширхэгийг дор нь нэхнэ шдээ гэсэн шүү юм бодоод, тэгснээ хэлж чадахгүй, нэрэлхээд. Хэ хэ

Наана нь уулзаж учирсан хүндээ бэлэглээд тоо нь тэр бүр хорь доо хүрэхгүй л байна. Хугацаа нь арай болоогүй, 4 сард гэсэн болохоор. Зай ч байна тийм ээ?

Гоё утас байна уу гэж харж явдаг болсон. Өнгө өнгийн, тод, даруухан гэх мэт. Япон охид, хүүхнүүд урт үстэй байх нь ховор, бүгд л шахуу тайрмал үстэй байдаг болохоор үсний боолт бас нэг их хэрэглээд байдаггүй юм билээ. Дээрээс нь дунд сургууль, ахлах сургууль, албан байгууллагууд тод өнгийн, эрвийсэн дэрвийсэн боолт зүүхийг хориглодог тул үсний боолтны зах зээл жаахан хэцүү санагдсан.

Ёооё, юу ч биччихэв? Үсний боолтны зах зээл ч гэх шиг. Ккк. Гадуур янз бүрийн үсний боолт их зардаг лангуу их л байдаг юм, бодвол зарагддаг болоод л байж байдаг байх, тэгэхээр зах зээл нь байна гэсэн үг. Сэтгэлээр унах ч болоогүй шүү тийм үү?

Даавуугаар хийсэн боолт их байна, нэхмэл нь цөөхөн. Өвөл ноосон утсаар нэхсэн үсний боолт гарч ирдэг юм. Би нь ноосон утсаар нэхэхгүй байгаа л даа. Даавуун утсаар нэхдэг юм. Тэгэхээр жилийн 4 улирал л зарж болно гэсэн үг.

Бага багаар нэхэж тавиад л түрүү жилийнх шигээ ганц нэг арга хэмжээнд монгол хүн нэхсэн гэж байгаад л зарна даа. Бас наана нь таньдаг хүмүүстээ бэлэглээд л.

Харин энэ удаагийн 50 ширхэг бишээ 20 ширхэгийн захиалга ёстой санаандгүй байхад ороод ирсэн. Баяртай байгаа гэж юүхэв.

Өөрөө өөртөө амжилт.

Saturday, January 16, 2016

Нимгэн ном

Түр монгол буцсан залуугаас хэдэн ном зээлж аваад уншиж байгаа юм. Сонирхолтой болов уу гэснээс нь, бас нимгэнээс нь түүж зав зайгаараа уншиж байна.

Энэ удаагийн ном энэ. Ихэвчлэн цахим ертөнцөөс олоод уншчихсан зүйлс байсан.
Сургамжит өгүүллэг, зохиомж зэргийг түүвэрлэн оруулжээ.

Бяцхан шүүмж: Байнга шахуу бичдэг дээ, энэ тухай. Хуудас бүр их гоёмсог юм аа. Хээ хуар болсон. Гэм нь өрөөнийхөө гэрлээ тааруулж, хараагаа тааруулж унших хэрэг гарах юм. Мөн зарим хэсэгт үгнүүд хуудасныхаа өнгөтэй ойролцоо, их бүдэг харагдах, бараг харагдахгүй гэх мэт асуудал тулгарав.

Горимын санал: Хэрэв та ном хэвлүүлэх гэж байгаа бол, хэвлэлийн газар ажилладаг бол зүгээр л энгийн цагаан, шаргал хуудастай ном хэвлүүлээрэй. Уншигчдад уншихад нь амар.

Нээрээ энэ японд монголоос ирсэн номоо аятайхан чигээр нь хадгалах гэж бас л хэцүү шүү. Чийгтэй учир номын хуудас хүртэл чийг даагаад, үрчийж хорчийх юм аа. Аль болох ил байлгах? Ханатай нийлүүлж тавихгүй байх гээд л өөрийн хэмжээнд арга хэмжээ авах л юм. Эхэндээ мэдэхгүй, номын хуудас шарлаад, үрчийлгэчихдэг байлаа. Одоо ч хааяа анхааралгүйгээсээ болоод сайхан номоо муухай болгох үе байна аа...

Эндхийн, япондоо хэвлэсэн ном нь арай гайгүй, ер нь хаа газрын юм бүхэн нь тухайн орныхоо онцлогтой их уялдаатай байх юм аа гэж...

Friday, January 15, 2016

2016 оныг хамтдаа

Уламжлалт бичлэг шүү. Аминдаа хамаатын болон, блогийг минь уншигч залуустаа ийм дэвтэр хөтлөөд сурчихвал их зүгээр шүү гэдэг санааг хэлэх гээд л жил бүр оруулдаг болчихож. Мартчихаж гэж хэлэх дуртай хүмүүст чухал шүү. (Би нь ч бас мартана л даа, аминдаа тэрийгээ засаж залруулах санаатай.)

За энэ оныг хамтдаа өнгөрүүлэх үнэнч найз минь. Зөндөө л зүйл бичээд орхичихлоо. Хэ хэ. 12 сард болох арга хэмжээгээ ч тэмдэглэчихлээ. Та бүхэндээ үзүүлж харуулмаар байвч, жаахан хувийн бичлэг ихтэй болохоор нь больчихлоо. Өршөөгтий.

Өнгө өнгийн үзгэн бал аваад пиналдаа хийчихлээ. Пэндийгээд багтахаа байх янзтай. Охиддоо алдчихгүй юмсан. Нэг хөөрхөн илүү юм байвал байдгаараа малийж байгаад л өөрсдийн болгочих санаатай шүү дээ, энэ зулзаганууд. Хэ хэ. Би нь наанаа нээх худлаа харамлаж үзнээ, тэгснээ за за май гээд өглөгч хүний дүрд хувирна.

Дуртай дэвтэр минь энэ жилээс жаахан нимгэрээд, дэлгэрэнгүй бичих хэсэг нь байхгүй болчихож. Тэгэхээр нь нэмээд нэг ийм шар дэвтэр авчихлаа. Дуртай хөөрхөн дэвтрээ дотор нь хавчуулаад л хавааск. Шинэ санаа олсондоо, зэрэг хэрэглээд яваад байж болохоор болсондоо бөөн баяр. Сэтгэл өөдрөг байна аа. Хэ хэ.

Ийм коноптой дэвтэр их зүгээр байдаг юм. Дотор нь янз бүрийн хэрэгтэй гэсэн зүйлээ хавчуулчихна. Мөн жижгэвтэр тул цүнхнээсээ салгахгүй аваад явахад ч хөнгөн.

За та нар минь 2016 оноо ямар хөөрхөн дэвтэртэй өнгөрөөх гэж байна даа? Блогтоо оруулаарай.

Дуу хөгжмийн хичээл болон хөдөлмөрийн хичээл

Дунд сургуулийн дуу хөгжмийн хичээл бас хөөрхөн юм байна. Гитар дарж сурах тухай орсон гэнэ. Сургууль нь веб хуудастаа оруулсан байсан. Нэг ангийн бүх сурагчид бүгд нэг нэг гитар бариад суусан байна. Хангамж гэж сайтай юм аа гээд атаархаж суув. Ямар атаархаж ханах биш, атаархуу хүн чинь. Хэ хэ.

Том зулзага нэг орой маргааш гитарын хичээлтэй гээд л аавынхаа гитарыг бариад л, хань ижил тэнд өөрийнх нь заах ээлж ирсэнд их л додьгор царайлчихсан зааж харагдсан юм.

Бас нэг авууштай нь веб хуудсаа маш сайн шинэчлэх юм. Зарим нэг охиноосоо сонсоогүй зүйлээ веб-с нь ороод уншаад мэдчихэж байгаа юм. Өөр бусад нийгмийн үйл ажиллагааг нь мэдээд авчихна.

Мөн хөдөлмөрийн хичээл гэж байна. Охид хөвгүүд цугтаа орно. Биднийг бага байхад хөдөлмөрийн хичээл охид хөвгүүд тусдаа байлаа шүү дээ. Жижиг гар цүнх бараг тор л гэсэн үг л дээ оёж ирсэн. Хааяа ойр зуур орж гарахад их хэрэг болох юм тэр нь. Модоор бас нэг зүйл хийгээд байсан, хараахан гэртээ авчирч ирээгүй л байна.

Бас байнга тест авах юм. Амралт дуусаад л хичээл эхэлсэн тэр өдөр нь тест авдаг гэнэ. Хэ хэ. Амарч байна гээд үзсэн харснаа хоолтойгоо хольчихов оо гэсэн багш нарын, сургуулийн, боловсролын яамных нь арга барил юм дагуу даа.

Захирал, эрхлэгч нь хүүхдүүтэйгээ их ойр ажиллах юм.

Төгсөх ангийн хүүхдүүдэд ямар ахлах сургуульд орох тухай нь, цаашид ямар мэргэжлээр сурах сонирхолтой байгаа зэргийг нь эцэг эхтэй нь хамтарч асуугаад, зөвлөлдөөд явдаг гэнэ. Мөн ахлах сургуулийн ярилцлаганд хэрхэн биеэ бэлдэх, хаалгаар орж гарахдаа хэрхэн биеэ авч явах, суудлаа хэрхэн эзлэх гэх мэт их нарийн ширийн зүйлийг бэлдээд, сургуулилалт хийгээд явдаг юм байна. Веб хуудаснаас нь энэ тухай олж мэдэв. 3 жилийн дараа бас өөрийн биеэр амсаад явах байх.

Монгол дахь үеэл нь амарчихсан байгаа гэж сонсоод том зулзагын атаархаж байгааг, хэхэ.
-Юун сайхан юм? яасан жаргалтай юм? бла бла
-Монгол явж сурах уу?
-...

За нэг иймэрхүү.

Tuesday, January 12, 2016

Уншмаар ном

За ёстой уншаасай гэж хүсч байна. Их зүйл бодогдуулсан ном. Би япон драмыг нь бас ютүбээр олоод үзчихсэн. Уйлж өгсөн. Хэ хэ.

Япон хэлний манга буюу комик ном уншаад сууж байсан чинь том зулзага
-Та тийм сонин ном уншиж байхаар зүгээр л ном унш. Май үүнийг унш.
гээд нэг ном авчирж өгөв өө. Бараг л загнаад байгаа юм биш үү. Хэхэ

Номын агуулгыг голсондоо биш, манга хэлбэрийн номыг  их уншаад хэрэггүй гэсэн утгатай юм шиг байна лээ. Би нь мөчөөгөө өгөхгүй
-Чи бас уншдаг л биз дээ, манга?
-Тэр чинь хааяа л уншдаг за юу.
гэнэ. Ер нь хүүхдүүд томроод цод цод гэдэг болох шинжтэй...

Гол агуулга: 32 настай мөртлөө оюун санаа нь хүүхдийнхээрээ нэгэн залуугийн тухай. Тэрээр нэгэн өдөр тархиндаа мэс засал хийлгээд бага багаар IQ нь дээшлээд, бага багаар өмнөх зүйлээ эргэн санаад. Өдийг хүртэл өөрийг нь шоглож ирсэн хүмүүсийг бодохоор уур нь хүрнэ. Түүний өрсөлдөгч нь хулгана. Ухаантай болоод бүх зүйл сайхан болно гэж боддог байсан боловч эсрэгээрээ. Ухаантай хүмүүсийг хараад эд нар шиг болох юмсан гэж боддог байсан бол өөрөө ухаантай болоод ирэхийн зэрэгцээ эрүүл ухаантай хүмүүс эсрэгээрээ шаал тэнэг санагдана. Их сургуульд сурч байж, хичээл дээрээ унтана, утсаараа оролдоно, хоцроно гэх мэт тэдний үйлдэл түүний дургүйг хүргэнэ. Төгсгөл нь бас л...

1959 онд хэвлэгдсэн ном байна. Зохиолч нь Daniel Keyes. Hugo Award for Best Short Story гэдэг шагнал, Nebula Award for Best Novel шагналыг тус тус хүртсэн гэнэ.  Япон хэл дээр анх 1961 онд хэвлэгдэж гарсан. Хэд хэдэн янзаар хэвлэгдсэн байдаг юм байна. Шилжилтийн насных нь охидын заавал уншдаг номын нэг гэж манай дарга хэлсэн.

Англи, япон хэлтэй мундагууд та нар минь ч гэсэн олж уншихыг бодоорой. Таалагдана гэж найдаж байна. Яриулж байснаас өөрсдөө унших нь сайхан тийм үү? Хэ хэ.

Friday, January 08, 2016

Ой минь тохиож буй жил

Блог бичиж эхлээд 10 дахь өвөлтэйгээ золгож байгаа юм билээ. 2007 оны 1 сард анхны бичлэгээ оруулж байж. Эхэндээ ч ихэвчлэн хуулан бичлэг байлаа. Энд тэндээс хэрэгтэй гэсэн зүйлээ хуулж оруулах, шүлэг дуу оруулах гээд л. Яваандаа өөрийн бодол санаагаа бичдэг болж, тэр нь улмаар сайжирч иржээ. Блог бичиж эхлээд нэлээд удсаны дараагаар ангийн минь мундаг охин
-Бичгийн чадвар чинь сайжирчээ, анх уншихад жаахан баригдмал байсан.
гэж урам өгч байлаа. Санаанаас гардаггүй юм.

Зорилго нь мундаг блогчдын бичлэгийг уншаад тэдэнтэй мөр зэрэгцэн алхах, монгол хэлнийхээ бичгийг чадварыг сайжруулах, үзсэн харсан, уншиж мэдсэн зүйлсээ монгол хүмүүстээ таниулах, ээж аавдаа очсон газрынхаа сонин сайхнаас хуваалцах, дуулгах гэх мэт.

За тэгээд их л бурсан бичлэг ч байна. Хувь хувьсгалын тухай ч их бичиж. Зураг хөрөг ч их оруулж, японы тухай л их бичигдсэн байна. Их гэдэг үгийг хэдэн ч удаа хэрэглчихэв ээ? Хэ хэ.

Хамгийн идэвхитэй, уйгагүй оролдсон зүйлийн минь нэг байна. Сүүлийн 10 жил энэ блог гээчтэй цуг байжээ.

Олон сайхан найзуудтай боллоо, хуучны мундаг блогчид харин таг чиг болсонд харамсмаар. Тэд бичээд явсан бол их л зүйл гарах байсан байхаа.

Олон олон уншигч маань бичлэгүүдээс минь санаа авч, ажил үйлс, ахуй амьдралдаа хэрэгжүүлсэн гэж найдаж байна. Зарим нэгээс нь баярлалаа, блогоо хааваа гэж урмын үг аваад хөөрнө гэж юүхэв.

Хамгийн гол нь өөрөө бичсэнийгээ эргэн харахад заримдаа инээд хүрнэ, өөрийгөө шоолно, хүмүүсээс ичнэ, хааяахан итгэл төрнө гээд л сайхан тал ихтэй шүү блог бичих нь. Хүний газар өнгөрүүлсэн 10 жилийн минь дурсамж нүдний өмнүүр жирэлзээд л. Цаашид дахин хэдэн жил энэ газар амьдрахаа мэдэхгүй ч, ямартай ч хожим хойно үр хүүхэддээ японд байхдаа ингэдэг байлаа, тэгдэг байлаа гэж хэлэх зүйлтэй байх юм болов уу даа.

Дээрээс нь өөрийгөө бас гайхаж л сууна. Яагаад залхууралгүй энэ олон жил блогоо таслалгүй бичиж чадсан байна аа? гэж.

За тэгээд ойгоо тэмдэглээд уугаад уугаад явна аа. Хэ хэ, худлаа худлаа. Ямар ч байсан таслалгүй бичихийг бодноо. 10 жил болчихлоо, одоо боллоо гэж ханалгүй, улам энэ блогт шунан дурлан бичнээ.

Нээрээ бас канды крашийг тоглоод дуусчихсан. Түрүү жил. Хэ хэ. Шөнийх нь байна бас, тэрийг тоглохоор тэр нэг хачин шар шувуу нь доошоо ойччихоод уур хүргээд, тэгээд тоглохгүй байгаа. Хэ хэ.

Сайхан завтай болсон хүн чинь оронд нь үсний боолтыг гялалзуулдаг болсон. Донтож байх шиг байна. Ккк. Манайхан зурагт үзээд л сууж байх хооронд нь нэхээд тавьчихдаг болсон. Ямартай ч утсаа дуустал нэг хэсэгтээ донтож нэхэх байх. Ядаргаанд орчилгүйхэн шиг нэхнээ, тэ.

Та нар минь ч бас блогоо бичих нь бичээд, унших нь уншаад яваарай, амжилт хүсье.

Thursday, January 07, 2016

Цагаан сар ба шинэ жил

Зээ, японы цагаан сар 1 сарынхаа 1-нд болноо. Тэгээд хэд хоног хэрхэн амарснаа бичихээр шийдэв.

Эхний зураг бол битүүний буюу 12 сарын 31-ний оройны хоол. Энд бас битүүртлээ идээд байх шиг. Хэ хэ. Гурвалжин будууны гоймонтой шөл хийж иддэг юм. Дээр нь далайн байцаа цацсан аягатай нь соба буюу гоймонтой шөл нь. Түрүү жил цуйван хийж ширээг чимж байсан бол энэ удаад бууз хийв. Энэ нь бас учиртай, маргааш нь шинэ гэрийн найранд очихдоо авч явахаар хөлдөөгөөд. Тэгээд л нэг мөсөн амар гээд бууз хийсэн. Өө тийм, сашими буюу түүхий загас, тэр улаан мах нь болохоор адууны түүхий мах. Цуунд дүрж иднэ.

Хоёр дахь зураг. 1 сарын 1 буюу шинийн нэгний өглөөний цай. Гурван дөрвөлжин хайрцагтай хоол нь цагаан сараараа иддэг хоол нь. Ер нь тэр гээд идчихээр зүйл байхгүй дээ. Хэ хэ. Амталгаа нь чихэрлэг болохоор жаахан онцгүй. Түүнээс уг нь дандаа л идэж чаддаг зүйл байгаад байдаг юм. Эд нар хоолондоо сахар их хийнэ. Халуун ногоотой гэж боддог хүмүүс их байдаг даа, тийм биш шүү. Эсрэгээрээ чихэрлэг амттай. Буузнаас илүү гарсан гурилаа жигнээд тавьсан минь аминд орох шив дээ. Хэ хэ. Бас сам хорхой жаал идсэн юм байна.

Битүүнийхээ орой, шинийн нэгнийхээ өглөө нь жаахан ёслоод л болох юм даа. Манайхан шиг хэдэн сар өдрөөр бэлдэхгүй, Орсон гарсанд бэлэг өгөхгүй.

Түрүү жил чинь баахан ул боов хог дээр гаргаад тавьчихсан зураг нүүр номоор яваад байсан даа. Тэгж хаях юм бол яах гэж тавгийн идээ засдаг байнаа тэ. Хүмүүст ширээ зассан гэж харагдах гэсэн юм болов уу. Бид энд заавал ул боов гэхгүй, зүгээр л тавгийн чихэртэй ширээ засаад л цагаан сар тэмдэглээд олон жил болж байна, болж л байна.

Хүүхдүүдэд харин жижиг дугтуйтай мөнгө өгнө. Авсан хүүхдүүд тэрийгээ тоолоод л, бага зэргээр нь дуртай юмаа худалдаж аваад үлдсэнийг нь хадгалдаг юм билээ.

Манай хоёр зулзага баяжсан байна лээ. Том зулзага өөртөө нэг жижиг цүнх, нэг гутал авсан. Бага зулзага болохоор бүгдийг нь ээждээ хадгалуулсан, нээх хөөрхөн цагаахан. Шууд л авчраад өгчихөж байгаа юм. Тэгсэн хэрнээ дэл сул задгай зоосон мөнгө харахаараа түрийвчиндээ хийх гэж улайрахыг нь яана. Зоосон мөнгө л хамгийн хүчтэй нь гээд ойлгочихсон юм байх даа. Хэ хэ. Гэхдээ аниа нь л юм худалдаж аваад байсан чинь бас сонин болж байнаа тэнд. Тэгэхээр нь Том Жери хоёрын двд авч өгөв.

Түрүү жил цана чаргаар гулгаж амарч байсан бол энэ жил цас байдаггүй ээ. Бороо л орох шив. Тэгэхээр нь коток орж гулгав. Том зулзага хань ижил хоёр урд нь явж байсан болохоор бас гулгаад байх юм аа. Бага зулзага бид хоёр байдаггүй ээ. Эхлээд гутлыг нь өмчихөөд Асада Мао шиг л сэтгэгдэл төрж байна энээ тэрээ гээд томроод байсан чинь мөсөн дээр гараад л орилоод явчихсан. Хэ хэ. Бас л урлаг шаардсан спорт байна лээ шүү. Ойр ойрхон явбал сурах янзтай, сүүлдээ юм түшихгүй ганц нэг алхаж үзээд байсан.

2 кг жин нэмсэн байсан. Хасах гэж гүрийнэ дээ, гүрийхээс ч яахав. Хэ хэ.

Monday, January 04, 2016

Норвегийн ой

Мүраками Харүки гээд л нэг хэсэг их шуугисан даа. Олон хэл дээр ном нь хэвлэгдээд л. Би ганцыг ч уншиж үзээгүй. Яагаад ч юм унших юмсан гэж хүсэл төрөхгүй л байна. Тэгж байгаад эх хэл дээр нь уншина аа.

Саяхан нэг залуугаас
-Та намайг хариад иртэл энэ хэдэн номыг уншаад харьж ирэхээр минь эргүүлээд өгөөрэй.
гэж хэлснээр гэртээ аваад ирсэн. Нимгэнээс нь эхлээд уншиж эхлэв.

"Эргүүлж өгөөрэй" гэж байн байн хэлснийг нь бодохоор хөөрхөн санагдаад. Их л олон номоо хүнд алдаад хаширчихсан юм байна даа гэж бодоод. Би ч уг нь бас голруулчих санаатай л байгаад байгаа юмсан. Ха ха. За энэ яахав, голруулж чадсан эсэхээ дараа хэлнэ ээ. Ккк. Худлаа худлаа юу гэж хүний номыг зүгээр авах вэ дээ, тэ.

Үйл явдал хөөрхөн л ном байна. Гэхдээ эх хэлнээс нь биш орос? эсвэл англи? хэлнээс орчуулсан нь илт. Яг ямар хэлнээс орчуулсныг нь мэдсэнгүй л дээ.

Миний байнга эргэлздэг нэг зүйл байдаг юм, дээхэн үед орос хэлнээс орчуулдаг байсан болохоор Ү үсгийг У үсгээр бичих, ДЗ хоёр үсгээр бичих гээд л байдаг байсан бол одоо үед чинь харьцангуй япон хэлнээс нь шууд орчуулдаг болсон байна, эргэлзээтэй санагдсан үг үсгээ интернетээс хайгаад дуудлага бичлэгийг нь мэдчих боломжтой болсон үе шүү дээ.

Яманаши гэдэг үдийг Яманаси, Кизүки гэдэг үгийг Кидзуки, Шинжюкү гэдэг үгийг Синзюку гээд л бичсэн байна л даа. Япон хэл гадарладаг нь аан энэ тэр үгийг хэлж байна даа гээд тааж болох ч огт япон хэл гадарладаггүй хүн уншаад, дараа нь японд Шинжюкү гэдэг газар хайхдаа Синзюку гэж хайвал бас л бэрхээ дээ.

За энэ миний хувийн бодол шүү, бас нэг мундаг хүний номон дээр яг л адилхан зүйл байсан болохоор орчуулга зүйн талаасаа ийм байх ёстой ч юм уу гээд л хааяадаа боддог юм.

Мундагууд минь энэ талаар хэлж сураглаж өгөөрэй.

Өөр нэг бодол: японы соёл заншилтай холбоотой зан үйл, үг зэргийн тайлбар багатай нь жаахан тиймхэн. мундаг орчуулагчдын тушрлагаас хэлэх юм бол дор бүр нь тайлбар хийгээд явдаг даа. Тэрэн шиг л хуудасны дор тайлбарлаад явсан бол хүнд илүү хүртээлтэй байх байсан болов уу. 

Шинэ оны мэнд

За та нар минь хуучин оноо амжлт бүтээлээр дүүрэн үдэж шинэ оноо сайхан угтсан биз дээ?

Би нь хөдөө ууланд унтаж угтав. Хэ хэ. Сүүлийн хэдэн жилд ингэж угтаж байна. Уг нь унтаж угтвал тэр жилдээ унтаж өнгөрөөнө энээ тэрээ гэдэг дээ. Тэгдэг бол ч япончууд бүгд л унтаахай, ажил үйлс нь бүтэмжгүй байх байсан байх даа тэ. Би ч тоохоо болиод удаж байна өө. Хэ хэ.

Хань ижил монгол руу хоёр ээж аавдаа мэнд хүргэж байгаа нь дуулдаж байсан. Би ч бага залзагаа унтуулах гэж хэвтээд л өөрөө түрүүлээд нам.

Мундагууд маань энэ жилийнхээ төлөвлөгөө зэргээ гаргаад, бичээд, хэрэгжүүлээд явж байх шиг. Би нь одоогоор нэг их том зорилт зэрэг алга л байна. Гэхдээ жаахан жин хасч гуалиг болох тал дээрээ анхаарнаа. Бас номоо уншаад, блогоо бичээд, охидоо хүмүүжүүлээд, хань ижлээ халамжлаад л явна дөө.

Та нартаа эрүүл энхийг хүсээд, амжилтыг ерөөе.

Monday, December 28, 2015

Амралтаараа ном

За нэг ийм ном уншиж дуусгав. Комик хэлбэрээр бичигдсэн.

Ерөнхий агуулга нь нэгэн хэвлэлийн газрын толь бичгийн хэлтэст түр ажилтнаар орсон япон хүүхэн эх хэлнийхээ тухай өргөн мэдлэгтэй болж буйг өгүүлнэ. Мэдээж эхэндээ үгийн баялаг, ханз үсэг мэдэхгүй байх, хэлц үг зэргийг буруу хэрэглэх гээд л олон бэрхшээл? асуудалтай тулгарна. Эх хэлээ төгс эзэмших ёстойгоо мэдэрнэ.

Би ч зөндөө л зүйл олж мэдэв. Хоолтойгоо хольчихгүй бол шүү дээ. Заримдаа ч хоолтойгоо хольчихсон байдаг юм. Юу билээ? гээд л мэдэхгүй, чадахгүй юм их байх юм дөө.



Ажлын шинэ жил

Энэ бас уламжлалт бичлэг байх? Бичиж байлуу? сайн санахгүй байна.

Ялгаатай тал:
Өдөр ажилдаа өмсөж явсан хувцастайгаа явна. Хүүхнүүд нь эрвээхэй шиг гоёхгүй, жилдээ нэг л удаа өмсөх даашинз энэ тэрээ болохгүй. Манай хүүхнүүд бараг ихэнхи нь уухгүй. Ганц уудаг нь би. Вино шимээд л улаа бутраад суулаа. Энэ жил харин надтай чацуу нэг хүүхэн маань уугаад, бид 2 нэг шил вино лав хоосолсон. Хагуугаар нь бас бус коктейл уусан. Хэ хэ. Дуулж бүжиглэхгүй.

Явцын дунд хөгжөөнт тоглоом тоглох нь бий. Газар газраасаа л болно. Олуулаа бол мэдээж хөгжилтэй болдог. Урлагийн үзүүлбэр үзүүлээд л.

7-хон хүн оролцоод, ширээгээ тойрч суугаад буу халж байгаад л газар тэнгэрээ үзүүлээд хожсоноос нь эхлээд бэлэг өгөөд явсан. Би нь хоёрт орж нэг хөөрхөн нэхмэлийн ном, нэг хөөрхөн хүзүүний ороолт, усан будаг авсан. Эхний хоёр ч яахав яг л наддаа зориулсан зүйлс, усан будаг нь охидод минь зориулагдсан. Охидыг минь зурах дуртай гээд манайхан чинь харандаа цаас барьж гүйгээд хөөрхөн байдаг юм.

Орой нь гэртээ харьж ирээд хальт халаалттай хүн чинь том охиндоо нэг ороолт нэхэж өгнө гээд амлачихсан. Хэ хэ. Одоо нэхээд салахгүй ээ. Нэхээд өг гээд л гуйгаад байдаг байсан юм. Гэрээр дүүрэн ороолт байхад, бас дээрээс нь бэлгэнд авсан зөндөө л гоё ноолууран ороолттой байж гээд би нь цааргалаад байсан хүн чинь гостуудаа өрөнд орчихсон байх юм. Ха ха

Нээрээ энд ороолтоор их гангарна, ганган охид хүүхнүүд. Би нь байгаа хэдийгээ хааяа мартаад гараад явчихна, хааяадаа ядаргаатай санагдаад албаар зүүхгүй. Тэгсэн сая нэг хөөрхөн кино үзсэн чинь эмэгтэй хүн ганган байх хэрэгтэй гэж дурлалд одтой найз нь дурлалд одгүй найзыгаа сэнхрүүлж байна аа. Тэгээд нээрээ л ганган байх ёстой ч юм уу гэж бодлоо. Дурлалын од модтой ч болох юм билүү гэсэн. Ха ха.Ганган байх гээд учиргүй дэлгүүр хоршоо нүүлгээд элдэв зүйл худалдаж авахгүй ч байгаа хэдэн ороолтоо залхууралгүй зүүж байна аа. Хихихи

Friday, December 25, 2015

Христийн төрсөн өдрөөр

За энэ японд өргөн л тэмдэглэнэ. Яг шинэ он гарах үед жаахан уйтгартай байдаг ч одоо дасчихсан. Ер нь дасчихсан зүйл их байна аа. Яадаг юм байгаа юм.

За тэр ч яахав, ганц нэг зураг оруулах гээд л. Хань ижил эрт тараад, бид дөрөв нь пицца идэв. Итали хоолны газар орсон юм. Тэгсэн амьд хөгжмийн тоглолттой гээд, хөгжимчин нь том зулзагын дугуйланд хааяа ирж хичээл заадаг багш нь байж таараад.
Цохиурт хөгжим тоглож байгаа нь багш нь
                                          
За далайтай хиллэдэг газар учир гэрэлтүүлэг нь ийм далайн нялцгай биетийг дүрсэлсэн байв. Баахан зургаа даруулж байгаад л харьж ирэв. Тэсэн ядан хүлээсэн бялуугаа идэх гэсэн гэдэс нь цатгалдсан улс олигтой идэж чадалгүй, ёс болгож амсчихаад, маргааш нь идэхээр болов. Бага зулзага амьдралдаа анх удаагаа идэш нь ихдэж, цатгалдах гээчийг биеэр амсаж үзэв. Унтахынхаа өмнө хоёр сайхан унгаж өгөөд л аятайхан болсон уу яасан, удалгүй хурхирав. Хэ хэ. Хайр хүрээд байгаа юм. Гэдсээ илүүлж энэ тэр, зайрмаг иддэгүй л байж гэнэ, ундаа уудаггүй л байж гэнэ. Хэ хэ. Хойшид зохицуулж идэх байх аа, өөрөө. Байнга ээж аав, аниа нь одоо бол, одоо ид гэж хэлүүлэлтгүй.

Цас мөсгүй л байлаа. Бороо л ороод байх юм, ядаргаатай. Хэ хэ. Гэхдээ цас орвол бүр л ядаргаатай, яагаад гэвэл нэг шөнө орохдоо л машин далд орчихсон байдаг тул цасаа арилгах гэж тэр. Яг шинэ оноор цас мөс айлчлан ирж бага зулзагын минь нарыг гаргахгүй юм байх даа. Цасан өвгөн хийнэ гэж онгирсон хүн л байна.

За өвөөгөөс бэлэгээ авчихсан, сургууль нь амарчихсан, би нь нэлээд урт хоног амралттай гээд гурван үзэсгэлэнт бүсгүй өдөрт юу хийж өнжих вэ гээд л янз бүрийн төлөвлөгөө зохиогоод сууж байна. Аниа нь нэг өдөр дугуйландаа явна, нэг өдөр нь ангийнхаа охиныд очиж тоглоно? гэсэн. Аавыгаа, хань ижлийгээ тарж иртэл шүү дээ.

Аавыгаа амрахаар бүгд уул руу марш...

Өвөө минь ээ , баярлалаа

Уламжлалт бичлэг.

 Өвөөг хүлээсэн, догдолсон хоёр л байсан. Хэ хэ.
-Юу хүсэх үү, аниа?
-Гоё л юм хүсээрэй дээ.
гэж ярилцана манай хоёр.

Юу өгсөн гээч өвөө нь. Бага зулзагат ДВД, сникерс. Тэр бүр хүүхэлдэйн кино үзээд байдаггүй юм. Хааяа л үзнэ. Гэрт байсангууд нь үзээд уйдсан янзтай байхаар нь агуулгыг баяжуулсан санаатай.

Том зулзагат шулуун хими хийлгэх эрхийн бичиг. Хэ хэ. Жаахан өтгөн үстэй, усанд орсныхоо дараа үстэйгээ ноцолдоод байна, толины өмнөөс салахгүй. Индүүдэж байна гэж их цаг авах юм аа, шулуун хими хийлгэе л дээ гэж их олон гуйсан юм хөөрхий. Тэгээд л Санта өвөө яахав эелдэг сайхан зантай, хүүхэд болгоны хүслийг биелүүлэх үүрэгтэй юм болохоор үгүй гэж хэлж чадаагүй байх л даа. Өрөвдчихлөө байна, Санта өвөөг. Ккк

Жилээс жилд хүүхэд томроод, тэрийг нь дагаад хүсэл нь томроод Санта өвөө бажигадах янзтай шүү. Одооноос санхүүгээ бэлдэхээс дээ, ирэх жилдээ бэлдээд. Хэ хэ.

За та нарын минь зулзагууд өвөөгөөс юу авсан бэ?

Тэрнээс өмнө бага зулзагын цэцэрлэгт Санта өвөө ирсэн. Хүүхэд бүрт бэлэг өгсөн байсан. Тэр бэлгэнд нэг ч чихэр гэх мэт амттан байгаагүй. Нэг нимгэн ном, тааварт каарт. Энэ каарт их учиртай. Аниагийн хэрэглэж байсан каарт байдаг юм. Түүгээр тоглоод, үсэг нүдлээд явдаг юм байна. Сая бэлгэнд авдаг нь таавартай. Бас л мэдлэг нь тэлээд явах байх. Дараа энэ талаар зураг оруулж бичлэг хийнэ ээ, тусад нь.

Saturday, December 19, 2015

Мөрөөдлийн дэвтэр

За энэ удаагийн ном бол "Хүсэл биелэх мөрөөдлийн дэвтэртэй болох нь" гэдэг ном. Өмнөх бичлэг дэх номыг зээлэхдээ цуг зээлсэн болно. Хавтасыг нь хараад л зээлчихсэн. Уншаад үзсэн хөөрхөн ном байна лээ.

Гол санаа:
Дунд, алах ангийнханд зориулсан, ялангуяа охидод зориулсан байв.

Хөөрхөн хавтастай дэвтэртэй болох. Тэр дэвтрээ харахаар л, барихаар л сэтгэл чинь догдолдог байх тийм л хөөрхөн дэвтэр.

Дэвтэртэй болсны дараагийн алхам бол "тэр сургуулийн тэр, тэд дүгээр анги" гэсэн улиг болсон зүйл бичихгүй байх. Өөрийн чинь сэтгэл зүрхэнд нууцхан оршдог зүйлээ бичих. Нэг ёсондоо чи "Эрэн сурвалжлагч" болно гэсэн үг. Аливаа зүйлийг эрэн сурвалжлана гэдэг нь тодорхой зорилготой байдаг. Тийм болохоор чиний сурвалжлага чинь "өөрийн мөрөөдлийн үр"-ийг хайх гэсэн зорилготой байна. Ингэж эрэн сурвалжилж тэмдэглэхдээ жишээ нь
  • улам ихийг мэдэхийг хүссэн зүйл
  • гоё юм аа гэж бодсон зүйл
  • атаархмаар юм аа гэж бодсон зүйл
  • толгойд чинь ямар нэгэн зурс гээд л ороод ирсэн зүйл
  • аятайхан цамцтай болох юмсан
  • сайхан шулуун үстэй болох юмсан
гэх мэт юу ч байж болно. Ингэж бичиж тэмдэглэснийхээ дараа мартчихаж болохгүй. Байна байн сөхөж харж байх.

Мөн өөрийн сайн тал, муу тал зэргийг бичих. Муу талаа аль болох засахыг хичээх.

Хүндэлж явдаг дээд ангийнхаа хүүхдийг хайж олж, түүний сайн талыг дуурайх. Энэ нь нэг сургуулийн хүүхэд ч байж болно, олонд танигдсан урлаг спортын од ч байсан болно.

Ингэж мөрөөдлөө бичин, түүнийгээ биелүүлэх гэж хичээхдээ хэт яарахгүй байх. Мэдээж мөрөөдөл дунд чинь ойрын хугацаанд биелэх зүйл ч байна, ирээдүйд биелэх зүйл ч байна. Тэгэхээр өөрийн сэтгэл санаандаа ачаалал өгч хэт яарахгүй байх нь чухал.

Хүсэл мөрөөдөл чинь биелсэн үед өнгөт балаар тодруулж тэмдэглэх, наадаг цаас наах гэх мэт өөртөө урам өгч байх.

Аливаа хүнд сайн биш зүйл байдаг. Жишээ нь тамиртаа муу ч юм уу, зурахдаа муу ч юм уу. Хүн гэдэг амьтан чинь ингэж чадахгүй зүйлтэй байж байж улам хөгжих юмсан гэж тэмүүлдэг. Бүгдийг чадаад байвал тэр хүн чадалдаа ханаад цааш хөгжихгүй зогсчихдог.

Сэтгэлийг чинь догдлуулсан дэвтэртээ чамд нөлөөлж чадахуйц суут мэргэн үгс, сэтгэлийг чинь сэргээсэн сайхан үгс зэргийг ч мөн бичиж тэмдэглээд харж байх.

Хүчирхэг, хөөрхөн? (сайхан) эмэгтэй болохын тулд хөдөлмөрлөх.

Мөрөөдлийн дэвтрээ сайтар усалж, үргэлжлүүлэх. Дунд нь хаяхгүй байх.

За товчхондоо нэг иймэрхүү. Би эртээд том зулзагатаа нэг хөөрхөн дэвтэр авч өгсөн. Гэхдээ энэ номыг уншихаасаа өмнө. Эцэг эхийн хуралд нь очсон чинь багш нь учиргүй магтаад. Тэгээд орой нь том зулзагаа урамшуулж дуртай зүйлийг нь авч өгсөн нь тэр. Өөртөө бол тийм үнэтэй дэвтэр авахгүй ээ. Ккк

Аан тийм, өдрийн тэмдэглэл хөтлөх зүгээр ч дараа нь хэн нэг нь олоод уншчихвал бас л эвгүй. Учир нь жаахан таалагддаггүй хүн мүнээ хамаа намаагүй бичсэн байдаг шүү дээ. 10 хуруу тэгш хүн гэж байхгүй, тухайн хүнд чи ч гэсэн таалагддаггүй байж магад тийм үү? За энэ сүүлийн хэсэг миний санаа шүү. Номонд ингэж бичигдээгүй байсан шүү. Хэ хэ.

Би ч өдрийн тэмдэглэл хөтөлдөггүй л дээ. Блог л хөтөлдөг. Хэ хэ. Бас өдөр тутмын хуваариа бичдэг, тэр минь эргээд харахд бараг өдрийн тэмдэглэл шахуу байдаг юм.

За өөртөө болон өсвөр насны охидтой уншигчид минь амжилт хүсье. Охидынх нь хүмүүжилд бага ч гэсэн хувь нэмэр болох болтугай.