Friday, December 28, 2018

Монгол хоолны өдөр

Монголчууд цуглаж идэж уусан даа. Цөөхүүлээ л дээ. Хи хи

Тэр бүр гурил зуураад монгол хоол хийж идээд байдаггүй тул монгол хоолоо хийж идэхээр тохиролцсон. Бууз, хуушуур, цуйван, байцааны салат хийв. Бяслагтай бялуу хийж авчирсныг идсэн. Амттай байсан.

Нэг иймэрхүү ширээ зассан. Даруухан байна уу? Амттан шимттэнээ хүүхдүүдээ хооллож дууссаных нь дараагаар гаргасан. Тэгэхгүй бол хоол идэхгүй, амттан иднэ гээд унана гэж хаширлаад. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэж.

Мөн архигүй шинэ жил. Нэг шил улаан вино бол байсан л даа. Уух хүн олдохгүй, арай хийж л дуусгасан. Ккк.

Бялуу, нэг иймэрхүү. Хийх аргыг нь авсан. Хийж иднэ гэчихсэн л яваа. Хэзээ гэдгийг бүү мэд.

Ажил ихтэй бид, нэг өдрийг сайхан л өнгөрүүллээ. 5 гар муушгидлаа. Ширээний теннис тоглоллоо. Шинэ жил гэхээсээ илүү монгол хоолны өдөрлөг минь сайхан, хөгжилтэй байлаа гэж...

Дараа хэзээ уулзалдахыг бүү мэд. Дор бүрнээ л ажил ажил, гэр бүл гэр бүл гээд түмэн завгүй шүү дээ.

Шинэ оноо сайхан угтаарай гэж ерөөе өө.

Wednesday, December 26, 2018

Санта өвөөдөө баярлалаа

Ер нь бол Санта эмээ л хамаг юмыг зохицуулж байгаам шд.

Тэгсэн ч бага зулзага Санта өвөөд баярлалаа гэж мэгж. Хэ хэ.

Бэлгээ авсан. Баярласан. Жуумалзсан. Баяссан хүн л гүйгээд байна үүгээр.

Түүнийг нь томчууд нь харж даган баясах ч бас л аз жаргал юм даа.

2 зүйл хүссэн байсных нь ганцыг л бэлдсэн. Нэг нь нэг их хэрэггүй байсан болохоор. Ха ха. Санта өвөөг завгүй гэдэг утгаар.

Өмнөх өдрүүдэд нь нэг ийм яриа өрнөөд.
-Ээж ээ?
-Өөв, миний зулзага?
-Финлянд хүртэл захиа хэд хонож байж очих уу?
-7 гаран хонох юм болов уу?
-Та миний захиаг явуулсан биз дээ?
-Явуулсаан, бараг хүрчихсэн байхаа.
-Тэгвэл миний захиаг уншаад, хүслийг минь биелүүлэх байгаа?
-Ам мөчид л явуулсан болохоор, ганц нэгийг нь л бэлдэж магадгүй.
-Тийм байх даа? тийм ээ? Тэгвэл ... минь л биелүүлээсэй, нөгөөх нь ч яахав.
-Амжаасай, тийм ээ зулзага минь ээ?

Ийм яриа өрнөснийг далимдуулаад Санта эмээ ганц л зүйлийг нь авсан. Санта өвөө явж худалдаж авсан, гэхдээ. Ккк.

Том зулзагад сүүлд хэрэгтэй зүйлийг нь авч өгөхөөр тохиролцоод, наана нь жижиг зүйлээр аргалсан. Хо хо. Хичээлд нь хэрэгтэй, манайд ч хэрэгтэй зүйл байсан л даа.

Өвөөд ийм цай бэлдэж хоносон. Яндан байхгүй тул цонхныхоо түгжээг онгорхой унтсан. Эртхэн орондоо орохгүй бол гэрэлтэй айлд Санта ирдэггүй юм аа гээд л эрт хэвтсэн боловч сэрвэлзээд унтаж өгдөггүй ээ гайхал зулзага. Ирэх болов уу? Яах бол? гээд л шулганаад л байлаа. Арай хийж унтсаных нь дараагаар бэлэгээ ёолкных нь дор тавьсан.

Тэгсэн нэг хөөрхөн нь шөнө дөл болтол хичээлээ хийж байсан аниа нь бэлдсэн цайг нь ууж, амттанг нь идээд. Нетээс хайж байгаад хариу захиа бичиж үлдээсэн байсан. Англиар бичих гэснээ болиод мэдэхгүй хэлээр бичвэл үнэмшилтэй гэж бодсон гэнэ. Хайр хүрээд. Ойрд байнга л загнаастай том зулзагыгаа хачин ихээр хайрлав шд. Хэ хэ.
Энэ өнөөх уншиж чадахгүй байгаа захиа нь. Аниа нь ч мэдээж уншиж чадахгүй шүү дээ. Дүү нь хөөрхөн маш итгэлтэйгээр үүнийг уншаад орчуулах хүн байхгүй юм уу, ээж ээ? л гээд байгаа. Ёстой хайр хүрмээр байгаа шд. 

Оройд нь хань ижилтэйгээ хөөрхнийг нь гайхаж хоорондоо ярьж хөөрч, инээлдэж байгаа юм. 

Одоо хүн болгонд бэлэгээ гайхуулсан нэг хүн байна. Донжигонотол алхсан нэг хүн байна. Бага зэрэг өсгийтэй гутал байсан юм аа. Хэ хэ.

Чихэр жимс ганцыг ч өгөөгүй. Угаасаа ихдэх гээд байна л даа. Бас нэг амжилт нь бид зул сарын бялуу авч идээгүй. Учир нь эртээд урьдчилаад зайрмаган бялуу идчихсэн, хань ижлийн төрсөн өдрийн бялуу идсэн, монголчуудтайгаа уулзахдаа бяслагтай бялуу идсэн гээд энэ сарын норм хэтрээд байсан юм.

Тэгээд ээж санал гаргаад, манайхан зөвшөөрснөөр энэ жилийн зул сарын баяр даруухан боллоо.

Та бүхэн минь бас шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай...

Tuesday, December 25, 2018

Өвлийн амралтаа гэж

Энэ жил, бага дунд сургуулийн өвлийн амралт хагас бүтэн таараад, овоо хэд хоног амрах юм байна.

Амралт эхлэхээр л манай гэр шууд хөглөрдөг юм. Зулзагууд дуртай зүйлсээ хийнэ гээд, энд тэнд оригами, ном, хайч, цавуу, бийр, цаас гээд л. Нэг бүтээл гараас гартал түүнийгээ тэрүүхэн тэнд нь хураасан болоод л орхидог байхгүй юу.

Хань ижил их үглэнэ ээ. Гэрээ цэвэрлээчээ, юмсаа хураагаачээ гээд л. Хүний урманд гурван бүсгүй нь сонсохгүй ээ. Дуртай зүйлсээ хийж байгаа хүмүүс чинь. Хэ хэ.

Энэ олон олон номынх нь нэгээхэн хэсэг нь. Уншиж дуусаад л дахиад зээлнэ гэсэн дараалал үргэлжлэнэ.
Уран бичлэгийнх нь хичээл. Хичээл ч гэж дээ, номын дэлгүүрээс өөрийн картаараа худалдаж авсан бийр цаас. Бэх хэрэглэхгүй, усанд бийрээ дүрээд л тусгай цаасан дээрээ бичиж дасгал хийнэ. Цаас нь хатахаар энэ бичсэн нь арилна. Тэгэхээр цаасаа дахин ашиглаж болно гэсэн үг. Их дажгүй санагдсан. 

Уртаас урт өвлийн амралтыг яаж ийгээд даван туулна даа. Ээж аавын амралт ч нэг их удахгүй эхлэх гээд л хоног тоолон л сууна. Тэрнээс өмнө ажлийн ёолкоо хүлээгээстэй.

Sunday, December 23, 2018

Шинэ жил

Эхнээсээ шинэ жилийн үдэшлэгүүд болоод, оролцох нь оролцоод л явж байна. Хамгийн их ёолкдож байгаа нь бага зулзага.

Хорооны, хүүхдийн хэлтсийн гээд хоёр ч арга хэмжээнд оролцоод авлаа. Мөн зургийн дугуйланд нь Санта өвөө ирсэн гэсэн. Жижигхэн жижигхэн хөөрхөн бэлэгтэй ирсэн. Ганц нэгээс нь ээждээ, аниадаа, аавдаа өгсөн.

Ээж бол гаднах уутанд нь дурлаж, эвтэйхэн уралгүй нээгээд, эвхэж авдаг гэж байгаа. Дараа хүнд бэлэг өгөхдээ ашиглана шүү дээ.

Маш арвич хямгач байна уу? Хо хо. Тэгэхгүй бол зөвхөн уутанд л гэхэд их янчаан хэрэглэх гээд байна л даа.

Одоо нийлдэг нэг монгол айлтайгаа, ганц нэг сингл хүүхнүүдтэй цуглаж идэж ууна. Хоолныхоо зургийг авч оруулна аа за. Хэ хэ.

Энэ бол бага зулзага ээждээ хийж өгсөн. Би мэндчилгээ бичиж ууталж байгаа юм. Тэр уутандаа хийхээр захиалж нугалууллаа. Уутандаа бас өөрийн нэхсэн аяга угаагчаа хийсэн гэж байгаа.

Яахав зарим нэг монгол хүмүүс голдог л доо. Монголд аяга угаагч хогоороо л байна гэж хэхэ. Сонсоод бас жаахан гомдмор аядаад өө. Дахиж өгөхгүй ээ, тэр хүнд. Яахав хятадаас орж ирсэн порлоноороо угаагаад л явна биз дээ? Алба биш шүү дээ.
Үүн дотор ном худалдаж авах карт байгаа. Хэмжээ нь бага ч гэсэн, сэтгэлийнх юм даа, нэмээд дуртай номоо авна биз тийм ээ?

За та бүхэн бас ёолкоо сайхан тэмдэглээрэй. Бага шиг өр тавиарай, хи хи.

Thursday, December 20, 2018

Амьдралаа өөрчил гэсэн

За нэг ийм ном уншаад эхэлчихсэн. Эхлэхийн хувьд аль эрт эхэлсэн л дээ. Дунд нь шалгалт энэ тэр гээд завсарласан байлаа.

Бараг мартчихсан байсан болохоор дахин эхнээс нь хальт харлаа.

Агуулгын хувьд сүүлийн үед гараад байгаа иймэрхүү төрлийн номнуудтай төстэй. Амжилтанд хүрэхийн тулд яах ёстой? Элдэв саад бэрхшээлийг хэрхэн даван туулах ёстой? Тууштай байх тухай?

Гээд л бичээстэй. Жаахан эртхэн ийм номнуудыг уншсан бол? гэж бодогддог шд. Одоо ч оройтоогүй л гэх байх л даа.

Гэхдээ л, одоо ажил төрөл гээд нэг л амжихгүй ч юм шиг, эсвэл гэр бүлээ нэн тэргүүнд тавиад, би ч яахав гэж бодоод ч юм уу?

60 гарчихаад амжилтанд хүрээд байгаа хүмүүсийн тухай зөндөө л сонсогдоод байгаа. Тийм болохоор 60 нас хүрэхээ хүлээхээс. Ккк. Маш өөдрөг үзэлтэй байна уу? Хо хо.

Уншсан зүйлээ шууд л амьдралд хэрэгжүүлээд явж чаддаг хүмүүст бол хэрэгтэй ном байх өө.

Миний хувьд яахав, нээрээ тийм шүү дээ, за байз энэ тал дээрээ анхаарах юм байна шүү гэсэн санаанууд бол байсан л даа. Сурснаараа өнгийн тодруулагчаар тэмдэглээд л явлаа. Сүүлийн жилүүдэд шууд номон дээрээ тэмдэглэж байгаа. Тусгай дэвтэр энэ тэр дээр бичдэг байсан, залхуу хүрээд больсон. Амжихгүй ч гэх юм уу?

Нас ахихаар нойр гээч зүйлд анхаарал их өгдөг байна шд. Хэ хэ. Эртхэн орондоо ороод бага зулзагаа тэврээд унтах ших жаргал алга өө. Ккк.

Тэгж байгаад л өөрийн амьдралаа өөрчилнө дөө. Хи хи.

Он ч солигдох дөхлөө, ганц нэг номоо амжуулж унших санаатай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

Monday, December 17, 2018

Ээлжит жүжиг

12 сарын ээлжит жүжиг. Нэг ааштай эмээ жүжгийн билет өгдөг юм. Хэ хэ. Ааштайгаараа эндээ байтугай монголд алдартай гэж байгаа. Би үе үе аашлуулчихна аа. Гэхдээ сүүлийн үед гайгүй болоод л байгаа. Нас нь яваад. Тэтгэвэртээ гараад овоо хэдэн жил болчихсон. 90 дөхөж байгаа ээжийгээ асраад л. Ээж нь зайлуул бүр үг ч гарахаа байсан байна лээ.

За тэр ч яахав. Энэ удаагийн жүжиг хөөрхөн байсаан. Ганц энэ удаагийнх ч биш л дээ. Бүгд л хөөрхөн, хүүхдийн сэтгэхүйд таарсан. Томчууд ч баясаад авна. Хүүхдээ баярлаж байхыг хараад ээж аавуудын нүүрэнд инээмсэглэл тодрох юм даа гэж.

Бага насны хүүхдүүдэд зориулсан байсан. Жаахан томхон хүүхдүүдэд сонирхолгүй байсан гэж авсан. Таньдаг хүүхдээс асуусан чинь. Бага зулзага жүжиг, яриа хөөрөөнд дуртай тул сонирхолтой байсан л гэсэн.

Ээжид бас жаахан урт санагдсан л даа, нэг сэдэв. Бага насны хүүхдийн анхаарал тэгж их удаан төвлөрөхгүй тул жаахан маамаанууд энд тэнд уйлж сонсогдоод байсан.

Жүжиг дуусаад жүжгийн гол дүр баавгайн уугаад байсан зөгийн балтай сүүгээр дайлсан, хүүхдүүдийг. Бага зулзага нялуун байсан ч баавгайг бодоод уучихлаа гэсэн. Хи хи.

Ээж бол уугаагүй, чихэртэй цайнд дургүйг ч хэлэх үү.

Дараагийн жүжиг 3 сард. Тэр болтол тэсэн ядан хүлээсэн 2 хүн л байна. Түүнээс өмнө амжуулах ажил их бий. Бичимз...

Уншигч олныхоо ажил үйлс, шинэ оны үдэшлэг зэрэгт амжлт хүсье өө.

Saturday, December 15, 2018

Захиа

Эргэн тойронд минь
-Танайд энэ жил Санта өвөө ирэх үү? Манайд ирэхгүй гэсэн, манайд ирэх л байх даа.

Гэсэн яриа их өрнөж байна аа. Би ч бас танадаад л байгаа. Манай ирэх болов уу? гэж. Санта эмээ л бэлдэнэ л дээ. Өвөө яахав, бэлгэдлийн чанартай, жуумалзаад л сууж байх байх даа.

Тэгээд гатнуул юм болохоороо бага зулзагынхаа Сантад хандаж бичсэн захиаг нь олж уншаад. Зургийг нь гялс дараад, дараа нь нууцаар тухтай уншлаа.

Хөөрхөөн, хайр хүрээд...

Тэгсэн яг юу захих тухай нь алга аа. Тусдаа цаасан дээр бичиж эхэлж байсныг нь би баригдахаасаа айж сандраад дутуу зураг дарчихаж. Одоо дахин хэд хоног гатнуулын ажлаа хийхээс.
Тэгсэн чинь аль хэдийн ингээд баглаад наачихсан байх юм аа. Гэхдээ яахав, ээж марк нааж шууданд хийх үүрэгтэйгээс хойш. Сэмээрхэн задлаад үзчихээ мэдэлгүй дээ тийм ээ? Хи хи.
Том зулзага юу хүсэхээ хэлээгүй л байна. Санта эмээтэй хуйвалдаж нэг юм бэлддэг л байх даа.

Ээж бас хошуугаа цорвойлгоод, би ч бэлэг авмаар л байна гэсэн чинь бага зулзага
-Томчуудад Санта өвөө бэлэг өгөх дургүй юм чинь би хүсэх зүйл дээрээ таныг хүслийн нэмээд биччих үү? гэсэн. Бас л санадаг санаа. Бүр болохгүй бол бага зулзагатайгаа хуйвалдахаас...

Та нартаа бас Санта өвөө, эмээгийнхээ үүргийг маш сайн гүйцэтгээрэй гэж хүсье. Над шиг паагтлав аа. Энэ жил санан санан, залхууралгүй, унтчихалгүй дэргэд нь тавих юм шүү.

Thursday, December 13, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад 3

Үргэлжлэл. Одоо бага зэрэг үлдсэн.

Ном уншдаг хүн болгох тухай нэмж хэлсэн байна.

Сургууль дээр уншлагын цаг гэж байдаг. Үүнийг гэртээ бас хэрэгжүүлэх. Эцэг эхүүд өөрсдөө хүүхдийнхээ нүдэнд ном уншиж харагдах. Хүүхэд бол эцэг эхийнхээ тусгал (толь) байдаг гэж ярьдаг. 

Энэ тусгал гэдэг үгийг хэд хэд давтаж ярьсан шүү. Би ч өөрөө яаж нөлөөлж байгаа болдоо? гэж санаа зовоостой.

Таны хүүхдийн хүмүүжилд насан туршид нь нөлөөлдөг зүйл гэж байдаг. Үүнд
урамшуулах, хайрлах, хүлээн зөвшөөрөх, ажигладаг буюу хардаг байх (хүүхдээ), өөдрөгөөр ханддаг байх зэрэг орно. 

Хорооныхоо хүмүүстэйгээ мэндчилж сурах. Тэдгээр хүмүүс бол тайван амгалан сургуульдаа явахад, харьж ирэхэд нь маштом үүрэг гүйцэтгэж байдаг. Тийм болохоор талархсан сэтгэлээ илэрхийлж мэндчилж байх. Энэ нь эргээд хүүхэд тань том хүн болоод нийгэмд гарахад ихээхэн эерэгээр нөлөөлнө. Хүнтэй зөв мэндчилээд сурчихсан байхад аяндаа нийгмийн элдэв дүрэм журамд дасах нь хялбар байдаг. 

Сургууль дээрх жижиг гэлтгүй дүрмийг баримталж сургах. Цаг барих, өглөө явахдаа бусдыгаа хүлээлгэхгүй байх, 00-н өрөөний тавчикаа гарахдаа зөв харуулж байрлуулах. Ингэснээр дараагийн хүн өмсөхөд хялбар байна, мөн тухайн хүнийг хүндэтгэж байна гэсэн үг юм. 

Зарим үед таны хүүхэд аливаа зүйлийг тэвчих шаардлага гарна. Бусдыг хүлээн зөвшөөрөх, өөрийгөө үгүйсгэх (хүлээцтэй хандаж, бусдыг дээгүүрт тавих гэдэг утгаар нь ойлгоорой) тохиолдол гарна. 

Мэдээж хүүхэд л болсон хойно буруу зүйл хийнэ. Тэр үед нь томчууд бид засаж залруулж буруу зөвийг нь хэлж өгнө. Тэгэхгүй бол хүүхэд "аан ингэж болдог юм байна" гэдэг ойлголтыг авчихна. Томчууд бид үлгэр дуурайл болж байх хэрэгтэй. Хийсэн буруу зүйлийнх нь тухай л зэмлэнэ. Түүнээс "чи муу хүүхэд" гэж загнаж болохгүй. 

Бас нэг чухал зүйл бол "баярлалаа" гэдэг үгийг маш сайн хэлж сургах. Нэг ёсондоо талархлаа илэрхийлж чаддаг болгох. Жижиг зүйл байсан ч баярлалаа гэж хэлдэг байх. Жишээ нь баллуураа унагаачихлаа, найз нь авч өглөө, баярлалаа гэж хэлдэг байх гэх мэт. 

Хүүхэд тань өөрөө хийж чадах зүйлийг нь өөрөөр нь хийлгэж байх. Жишээ нь аяга тавгаа хураадаг байх, тоглоомоо хураадаг байх, сургуулийнхаа маргаашийн бэлтгэлийг өөрөө хийдэг байх гэх мэт. Ингэхдээ мэдээж ээж аав нь хараагаа салгаж болохгүй, давхар шалгадаг байх. Учир нь 6 настай хүүхэд мартаж санах зүйл зөндөө гарна. Бэлтгэлээ хийж чадсан үед нь магтаж урам хайрлаж байх. 

Ингэж өөрөөр нь бэлдүүлэх нь хүүхэд санаачлагатай байх эхлэл болдог. Цүнхэндээ номоо, дэвтрээ ингээд хийчихвэл дараа нь авахад амар гэх мэтээр. Жижиг зүйл мэт боловч эсрэгээрээ тухайн хүүхдэд асар том зүйлийг мэдрүүлж хөгжүүлж байдаг. 

Ангидаа, сургуульдаа үзсэн зүйлээ гэртээ хариад давтдаг цаг гаргадаг байх. Энэ үед нь зурагт асаалтгүй байх, ширээ нь хоосон байх. Хажууд нь тоглоом зэрэг нь байхгүй байх. Ингэснээр хүүхэд анхаарал нь төвлөрч даалгавраа хийдэг болно. Нэг ёсондоо орчинг нь бүрдүүлж өгч байна гэсэн үг юм. 

За энэ ширээ хоосон байна гэдэг их чухал юм шиг байна лээ шүү. Бага зулзагын ширээ гэж хөглөрсөн л юм байдаг юм. Үе үе шалгаж байхгүй бол сонин сонин юм тавьчихсан, даалгаврынхаа хажуугаар түүнийгээ бас оролдоод байдаг юм. Хааяа бас нэг уншаад эхэлчихсэн номоо орхиж чадахгүй, нууцаар уншиж харагддаг юм. Үүнийг сонсоод би одоо ширээг нь үе үе шалгаж, элдэв зүйлийг нь далд хийлгэж байж даалгаврыг нь хийлгэдэг болсон. Заримдаа мартчихна аа, бас харьж ирэхээс өмнө хийчихсэн гээд сууж байна.

За тэгээд ээж нартаа, аав нартаа хүүхэд өсгөж хүмүүжүүлэх гэдэг асар том үүрэг хариуцлагатай ажилд нь амжилт хүсье өө.

Monday, December 10, 2018

Сүлд мод

Бид өдрийн сайныг харан байж сүлд модоо засаад. Гэрээрээ гангар гунгар гээд сайхан байлаа. Охид тоглоомуудаа жилийн дараа гаргаж ирж харж байгаа болохоор хөөрхөнийг нь гайхаад л. Охид ч гэж дээ бага зулзага л ганцаараа засчихсан. Аргагүй жаахан, нас нь ид л хөөрдөг нас нь болохоор.Аниа нь эхний оршил хэсэг дээр хэсэг байж байснаа даалгавар гээд алга болж өгсөн. Хи хи.

Манай ёолкны тоглоом нээрээ жилээс жилд нэмэгддэг шд. Зулзагууд энд тэнд явж байхдаа хөөрхөн тоглоом байвал авчих гээд байдаг юм. Ээж бол шинэ жил дуусах дөхөөд хямдрал зарлахаар нь ганц нэгийг авсаар гээд л жилээс жилд нэмэгдээд явдаг шиг.

Энэ жил нэмэхгүй байх санаатай. Тэгэхгүй бол мод маань тоглоомноосоо ялгагдаж харагдахгүй шахам болсон байна билээ.

Бас зулзагууд минь томроод мод нь жижигрээд.
-Ээж ээ, мод минь жижигхэн болчихож ээ.
-Харин тийм ээ, та нар минь өсөөд байхгүй юу даа.

Эх орондоо харих юм чинь гэж бодон анхнаасаа жижгийг авсан юм. Мөд харихгүйгээ мэдсэн ч дахин том мод худалдаж авъя гэхээр дотроос нэг юм хатгаад, "Цаана чинь сүлд мод битгий хэл өдөр тутмын амьдралаа залгуулах гэж ядаж буй хүүхдүүд зөндөө байна, шуналаа дар, байгаа зүйлдээ сэтгэл ханаж сур" энэ тэр гэсэн философи хатгаад. Жилээс жилд авахгүй юм шүү гэж бодоод болж л байна.

Бага байхад таазнаасаа нарийн саа унжуулдаг байсан тэ. Одоо ч тийм саа унжуулсан харагддаг л даа. Тийм саа монголоос захиж авчруулдаг юм билүү? Би энд ганц нэг дэлгүүрт байна уу гэж харсан чинь харагдахгүй л байсан.

Том том саа авч гэрээ чимдэг ч юм билүү гэж бодсоноо эдийн засгаа бодоод, за яахав гэж хойшлуулаад л суудаг юм. Энэ жил яадаг юм билээ байз?

Дуртай баяраараа дураараа аашилдаг ч юм билүү? Хэ хэ. Санаа оноогоо хэлээрэй. Хи хи.

Өө тийм. Энд шинэ оны мэнд хүргэе гэсэн хананы чимэг олдохгүй юм. Дандаа л Мэрри Крисмас. Манайд тэр Мэрри Крисмас нь байна л даа. Гол нь шинэ оных нь хэрэгтэй байдаг. 31 нь он солигдох үед түүнийгээ харж баясмаар байдаг. Түүнээс энд цагаан сар нь гээд юун он солигдох үеийн настр. Нам гүм, эл хуль.

Тэгээд мэргэн санаа олоод. Одоо түүнийгээ бага зулзагатайгаа будаж, хайчлана энэ тэр гээд завгүй болох нь. Том зулзагатаа хэлсэн чинь юун тийм зав. Урдах хичээлээ яая гэж байхад гэсэн.
Энэ гэхдээ манай мод биш шүү. Нэгэн газрын рестораных. 

За одоо шинэ оноо хүлээх л үлдлээ. Аан тийм наана нь Санта өвөө ирэхийг бас хүлээнэ...

Friday, December 07, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад 2

Үргэлжлэл

Юу гээд зогслоо? Аан тийм.

Бага сургууль, гэр бүл, хороо энэ гурвын харилцан хамаарал, холбоотой ажиллах нь чухал. Тухайн орон нутгийн хүмүүс бол хүүхдийг үнэт зүйлсээ гэж үздэг, тэдний төлөө сайн дурын ажилд хэзээд бэлэн байдаг.

Хүүхдийнхээ өмнө бага сургууль болон багш нарыг муулахгүй байх. Санаандгүй хоорондоо ярилцсан ч түүнийг нь хүүхэд сонсож байдаг. Хэрэв ямар нэг хэлэхээр зүйл байвал шуудбагш нартай, сургуультай холбогдож зөвлөгөө авна уу?

Гэсэн. Нээрээ л энд тухайн хороонд нь суудаг эмээ өвөө нар өглөөд сургуульд явахад нь гэрлэн дохион дээр, тарахад нь бас гэрлэн дохио зэрэгт зогсож байдаг. Мөн нэг дүгээр ангийн цүнхээ үүрч ядсан жаахан амьтдыг бараг л гэрт нь хүргэж өгөх нь холгүй л байна шүү.

Ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход хүүхдийн харих газар нь гэр бүл, халуун дулаан гэр угтах ёстой. 

За энэ бол цэвэр сүүлийн үеийн нийгмийн тулгамдаж буй асуудлынх нь нэг болоод байгаа. гэр бүлийн салалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, сургууль дээрх таагүй зүйлээс болоод гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж чаддаггүйгээсээ болоод гэртээ харих дургүй байдаг хүүхэд их болсонтой холбоотой.

За тэгээд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол урт юм шиг хэрнээ богино хугацаа шүү дээ. Жишээ нь хүүхэд бага сургуулийнхаа 6-р ангиас эхлээд томроод, найз нөхөд гээд бага багаар эцэг эхээсээ хөндийрч эхэлдэг. Тийм болохоор энэ 1, 2, 3-р ангийн гурван жил их чухал.

Гэсэн. Бодоод байсан энэ бол яг үнэн. Том зулзага одоо бол чимээгүй л нэгэн хүн байна. Найз нөхөд, сургууль гээд л завгүй хүн, бидэнтэй жаахан байсан шигээ нээлттэй бус л байгаад байх шиг. Ээж бол ерөнхийд нь харсхийгээд л явна даа. Яваандаа гайгүй болох байх, тэр болтол хэт яарахгүй байх.

Ном сайн унших. Номоор дамжуулж эцэг эх хүүхдийн хоорондын яриа хөөрөө ихсэнэ. Сэтгэхүй нь ч хөгжинө. Өөрөө номынхоо баатрын дүрд хувиран уншина, сэтгэл зүрх нь нинжин сэтгэлээр баяжина. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ном уншлаа гээд чухам онц сураад явахгүй. Хамгийн гол нь хүүхэд өсч томрохын зэрэгцээ ном унших дадал нь үүргээ өгч эхэлнэ

Хүүхэд эцэг эхийнхээ тусгал нь байдаг. Ээж аавыгаа харж өсч өндийдөг, хүмүүждэг. Өдөр тутам үглэснээр бус, үйлдлээс чинь суралцаж байдаг. Таны хийсэн сайн ч үйлдэл, муу ч үйлдлийг өөрийн мэдэлгүй дуурайж байдаг. 

Хүүхдийнхээ үгийг сонсож, хүүхэд ээж аав намайг харж байгаа, надад хайртай гэж мэдэрч өсөх юм бол өрөвч нинжин сэтгэлтэй болж өсдөг. 

Гэртээ зурагт үзэх цаг, пс тоглох цаг зэрэгт хяналт тавих. 

Гэх мэтээр ярив. Авахыг нь аваад, хаяхыг нь хаяна биз дээ. Одоо бага зэрэг үлдсэн. Үргэлжлэлийг дараагийн бичлэгт.

Thursday, December 06, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад гээд

10 сард нэг орчуулганд яваад өө. Нэг хөөрхөн хүүгийн, яагаав бага зулзагын монгол хэлний багш. Ирэх 4 сард 1 дүгээр ангид орох юм л даа.

Тэгээд хотын захиргааны боловсролын газраас зохион байгуулдаг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахад нь цуг явсан юм. Харъяа сургууль дээр нь болно.

Энэ тухай ер нь бичсэн дээ. Энэ удаад мэргэжлийн хүний хийсэн яриаг нь оруулах гээд. Олон хүнтэй, хажууд бас нэг гадаад хүн орчуулагчтай суучихсан. Орчуулаад яриад явах гэхээр сонсох минь хоцроод байхаар нь эхлээд  сонссоноо бичиж тэмдэглээд явсан. Дараагаар нь цаг гаргаж байгаад нэг бүрчлэн хэлж өгсөн юм.

Тэгээд тэмдэглэсэн цаас минь сая гарч ирэхээр нь хаячих гэснээ эндээ хуулж үлээе гэж бодоод. Юмыг яаж мэдэхэв зарим нэг ээжид хэрэг болох ч юм билүү тэ?

Гол агуулга:

"Таны хүүхэд баяр хөөрөөр дүүрэн сургуульдаа ирэхэд хагас жил л үлдээд байна. Сургуульд орно гээд догдолж байна уу? Цүнхээ бэлдэж амжсан уу? Цүнхээ хараад баярлаж байна уу?"

Гэж яриагаа эхэлсэн. Нээрээ л ямар өнгөтэй цүнх авах уу? Ямар хувцастай явах уу? гээд л догдлоод л суудаг шүү, хүүхэд, хөөрхөн.

"Суурь боловсрол нь бага сургуульд 6 жил, дунд сургуульд 3 жил нийтдээ 9 жил суралцана. Анхных нь хүүхэд сургуульд элсэн орох гэж байгаа эцэг эхүүд ч гэсэн догдлохын хажуугаар санаа зовж суугаа байх. Хэрэв санаа зовж байвал ойр хавьд чинь байгаа архаг ээж аав нараа асууж зөвлөлдөж болно шүү. Тэгвэл бас хэрэгтэй мэдээлэл олж авч болох юм."

Эдний ээжүүд бие биенээсээ их асууж зөвлөлдөг юм билээ. Тэгдэг гэсэн, ингэдэг гэсэн гээд л хов ярьж байгаа юм шиг л. Би ч нэг их асууж байгаагүй л дээ. Угаасаа маматомо гээч юмнаас хол явдаг. Хэ хэ.

"Бага сургууль нь таны хүүхдийг аюулгүй орчинд сурч боловсрох тал дээр анхаарч ажиллаж болно. 1. Мэдлэг ур чадвар, 2. Хүнлэг чанар, 3. Бие бялдрын хөгжил гэсэн гурван зүйлийн тэнцвэрийг зорьж ажиллана. Тухайн бага сургууль бүр өөрийн гэсэн зорилтыг тавьж ажилладаг. Ихэнх сургууль зүрх сэтгэл, биеийн хөгжлийг чухалчлана. Багш-сурагч-эцэг эх хамтдаа суралцаад явахыг эрхэмлэдэг.

Энэ удаад таны хүүхэд орох гэж байгаа сургуулийн зорилт нь "Хүүхэд тань өөрөө сурах гэсэн тэмүүлэлтэйгээр суралцах, мөн аливаа зүйлд тууштай хандах" юм. "

Үүнийг сонсоод бага зулзагын сургуулийн захирал бас иймэрхүү зүйл ярьж байсан шүү. Хамгийн гол нь бие бялдрын хөгжил. Хүүхэд эрүүл саруул байж байж толгой нь ажиллана, сургуулийн орчинд найз нөхөдтэй хамт суралцаж чадна гэж.

"Хүүхдийг багаас нь нийгмийн хүн гэдэг утгаас нь багаар ажиллаж сургах. Үүнд хамтдаа сургуульдаа ирж очих, анги бүлэг болж хичээллэх. 1-6 ангийн хүүхдүүд бие биенийгээ мэддэг байх, хүндэлдэг байх, мэндэлдэг байх, ах эгч нарынхаа үгийг сонсдог байх зэрэгт сургана. "

Үүнийг сонсоод бас л бага зулзагаа санав шд. Өглөөд цугладаг газарт нь 6 ангийн сэнпай нь гарч ирээд л бааварлаж харагддаг юм. Хэ хэ. Бага зулзагыг чих зөөлөнтэйгөөр нь зараад байх шиг байдын. Оройтоод гарч ирдэггүй хүүхдүүдийг миний зулзага дууддаг гэсэн. Хонхыг нь дарж. Бага зулзага яг цагтаа гарч очдог болохоор, тэгж зарагддаггийг нь мэдсэнээс хойш ганц нэг минут хоцорч гаргуулах гэж үзээд байна аа энэ ээж. Хэ хэ.

"Цэцэрлэгээс ялгаатай нь цагийн хуваарь гаргаж, цаг баримтлах гэсэн зүйлд суралцаж эхэлдэг. Нэг хичээлийн цаг нь 45 минут байна. Үүнд гэртээ буюу ээж аавын оролцоо бас их чухал. Гэртээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгөх, хоорондын бат бөх харилцаа мөн чухал. Хүүхдэд амьдрах чадвар, бие даах чадварыг эзэмшүүлэхэд эцэг эхийн нөлөө мөн их. Сургууль дээрээ болсон зүйлээ гэрийнхэнтэйгээ зөвлөлдөг байх, гэртээ харихад сэтгэл санаа нь амардаг, тайвширдаг газар байлгахыг хүсч байна.

Хүүхдийнхээ үгийг сайн сонсдог байх. Ажил ихтэй завгүй байсан ч багахаан цагийг л хүүхдэдээ зориулж сонсож чаддаг байх."

За би нь үүнийг сонсоод бас өөртөө дүгнэлт хийлээ. Юу билээ? Би ингэж сонсож чаддаг билүү? гэж өөрийн эрхгүй бодсон.

Овоо хэдэн хуудас байна. Үлдсэнийг дараагийн бичлэгт. Түр завсарлага.

Wednesday, December 05, 2018

Тун удахгүй

Тун удахгүй шинэ он гарлаа шүү дээ, манайхаан. Юу бодож сууна даа?

Шинэ жилийн үдэшлэгээ л болож сууна уу? Юу өмсөх вэ гэж бодон сууна уу?

Сэтгэлийг нь улам гэгэлзүүлээд гого зураг оруулна аа, ядын.
Дэлгүүр хоршоонууд иймэрхүү том том сүлд мод зассан байсан. Энэ эртээд улсаа танилцуулах гэж очихдоо бяцхан цамхагийн үүдэнд байсан сүлд мод. Хараад л шууд гэрийнхээ модыг засах юмсан гэж бодогдсон. 
Санта өвөө энэ жил ч ирээсэй гэж бага зулзага хүссэн. Тэгээд энэ зургийг ээждээ дарж өгсөн. 
Тэгээд сүлд модных нь доор ийм олон бэлэг үлдээсэн байгаасай гэж хүссэн. Шуналтай ч зулзага бол доо?
Суугуул хотын их дэлгүүрийн өмнөх талбай. Энэ өвөл ийш тийшээ ажлаар явахгүй тул бүр ч том том сүрлэг сүлд модны зураг авч чадахгүй нь ээ. Том хотуудын том том газрууд гоё мод засдаг юм. Би чинь хөдөөний хөөн юм болохоор даруухаан даруухан. 

12 сард ерөнхийдөө тайван байна. Элдэв ажил төрөл байхгүй. Хувийн ууж идэх ажил бол бий бий. Яаж зүгээр байхав. Тийм ээ? 

Гэснээс нэг шалгалтаа дууссан. Гоё монгол ном, япон ном уншмаар санагдаад байсныгаа хэрэгжүүлэхээр зорилт тавьсан байгаа. Сурах бичиг харах чинь үнэн нойрны юм байна шүү дээ. Тэгээд л оюутан байхдаа хичээл хийх дургүй байж. Хэ хэ. 

Дараагийн шалгалт 1 сарын дундуур. Хаа ч байсын тэ? Хи хи. Энэ нөхөр бас л цагийг нь тулгах гээд байна аа даа, тийм ээ? 

За яахав ээ яахав, тулгаж л байг. Ккк

Monday, December 03, 2018

Цэцэгс

12 сард надтай цэцэгс таарах болов уу? Гэж бодсон чинь таарч байна шүү. Ямар дулаахан өвөл болдог нь харагдаж байгаа биз?

Гэхдээ гэр дотроо жиндүү хүйтэн шүү. Ямар сайндаа энд байдаг монголчууд ноолууран өмд хамд, цамц энэ тэр гээд л аль дулаахан гэснийгээ авчирч өмсөн байхав дээ. Эсгий тавчиг энэ тэр бас байна.

Сүүлийн үед бүр хивс хүртэл авчирч дэвсээд байх шиг байна шүү. Би ч тиймэрхүү хивсэнд нэг их дуртай биш ээ. Угааж арчлах гэж хэцүү, над шиг гэрийн ажилд тааруу хүн чинь. Чийгтэй газар бүр ч дэмий. Тухайн улсынх нь үйлдвэрлэсэн үнэ нь хэр тааруу зүйлийг худалдаж аваад л муудахаар нь халаа солио хийж байхад амар.

Түүнээс үнэтэй цайтай зүйл чинь муудсан ч хаяж чадахгүй, сэтгэл хоргодоод байдаг юм билээ шд.

Цэцэг ярьж байсан хүн чинь юу вэ? Хадуурчихсан явж байна.
10 жилийн хүүхдүүд гал тэрэгнийхээ буудлын гадаах талбайг ингэж чимсэн байсан. Сургуулийнхаа нэрийг бичээд. 

Манайхан бас суралцвал тийм ээ. Өндөр үнээр нийлж барьж шоудаж байхаар ингээд сайхан хотынхоо тохижилтод хувь нэмрээ оруулж болж байна тийм ээ? 
Энэ ажлын газрын 1 давхрын жижигхээн талбайг ашиглаж гаргасан бонсай-н үзэсгэлэн. Зураг дарна даа гэж явсаар байтал дуусаад, яг хурааж байхтай нь таарч ам мөчид зураг дарав шд. Илжгэн чих жимсний нэг төрөл гэсэн. Ингэж жижигхэн ургадаг юм байна. Иддэггүй юм билээ. Зүгээр л ингэж чимэг болгож ашигладаг гэсэн. 

Удахгүй цас орно гэсэн. Цасан дундаас цэцэгс олбол зураг оруулна аа. 

Бүгдэд нь амжилт шүү.

Saturday, December 01, 2018

Халтуурны ажлаа дуусгав шд

Угтаа халтуур гэж хэлж болохгүй л дээ. Яахав дээхэн ажлаас гадуур ажил хийж мөнгө олохыг халтуур гэдэг байсан болохоор нь л тэгж хэдээд  байгаа юм шүү дээ. Хи хи.

Яггүй зүйл байлаа. Хамгийн гол нь монгол хэлний минь үгийн баялгийг шалгасан ажил байлаа. Ерөнхий утгыг нь ойлгоод байгаа хэрнээ, монголоор буулгахаар бас л сонин сонсогдоод. Чихнээ чимэггүй хадмал орчуулга болчих гээд. Жаахан сандрав.

Ядаж байхад цаг нь үнэн давчуу. Үндсэн ажлын хажуугаар, дээрээс нь гэрийн эзэгтэйн, ээжийн гэсэн ажлын хажуугаар халтуур хийх чинь бас л чанга байна шүү. Бусад мундаг хүмүүс яаж зохицуулаад байна айн? Туршлагаасаа хуваалцаарай.

Орчуулгын ажлыг, орчуулагч нарыг нэг тийм робот шиг харж ханддагаа хаа газар болихгүй юм дөө гэж. Ядаж байхад тйимэрхүү туршлагагүй байгууллага бол бүр ч...

За за жаахан алхаж хөдлөе дөө. Суусаар байтал бөгс хавтгайрах нь. Хи хи.

Шинэ үг хэллэг мэдэж авсандаа баяртай байгаа ч монгол хэлээ улам баяжуулахгүй бол гэдэг хэтийн зорилго өвөрлөв.

Уг нь монгол хэлээрээ уншаад л, энд ингээд л бичээд л байх шиг байх юм. Толгойд үлдэх нь бага байгаад байх шиг. Тунгалаг тамирыг нэг унших хэрэгтэй ч юм шиг.

Унших гэснээс сайхан ном унших юмсан. Сурах бичиг энэ тэрээс залхаж байна шүү. Тийм байж, зулзагуудаа хичээлээ хий гэж үглэх. Миний үглэхийг эс тоон, уран зохиолын ном уншаад л гүйх юм. Хэ хэ. Хайр хүрээд л байдаг юм.

12 сар гарчихлаа та минь ээ. Ёолк молк бодогдоод эхэлсэн үү? Даашин маашинзаа төсөөлөөд эхэлчихсэн үү? Би нэг эх орондоо зад ёолкдох юмсан гэж бодов. Тэрнээс наана гуалиг болох хэрэгтэй гэж...

Улс төр, засгийн газар энэ тэр чинь юу болоод байна аа? Ойрдоо ажил ихтэй болохоор харж амжсангүй. Хань ижил л үүгээр нэрвтээд гүйгээд байх шиг байна шд. Хошиг шогийнхноос илүү л жүжиг тоглоод байгаа бололтой тийм үү?

Яалтай ч билээ? Ямартай ч бичлэгээ өндөрлөе. Бүгдэд нь ажлын, сурлагын гээд л бүхий л амжилтыг хүсч байна өө...

Friday, November 30, 2018

Мэдэмхийрч байгаад ирэв

За яасан гэхээр? Ингэсэн юм аа.

Төрийн албан хаагчдад нь чухал том сэдвээр яриа хийгээд ирсэн. Үдээс өмнө, үдээс хойш гээд нэг өдөр хоёр лекц ороод. Тус бүр нэг гучин минутын яриа.

Бэлдэх цаг зав гарсангүй явсаар явсаар... Гэнэт ухаан ороод хальт мульт бэлдээд орсоон. Эдүгээ хүртэл улсаа л танилцуулдаг надад жаахан ахадсан сэдэв байсан ч үзээд алдахаар шийдсэн. Хөгжиж дэвшдэг юм уу л гэж бодсон хэрэг.

Эхэндээ ч сандраад байснаа яваандаа ам халаад ирсэн. Гэхдээ л эд нар чинь гарамгай унтдаг улсууд болохоор аль болох унтуулчихгүйхэн шиг, хөгжөөнтэйгөөр яриагаа хийх гэж эрмэзлсэнийх яах вэ. Унтсан хүн ховор байсан байх. Хэ хэ.

Үдээс өмнөх нь нэлээд сандраад, хэлэх гэсэн зүйлээ жаахан дутуу ярьсан. Үдээс хойшхи нь харин дажгүй болсон. Хэлмээр байсан зүйлээ бүгдийг нь хэлж санаа амарсан.

Ядаж байхад миний өмнө яриа хийсэн хоёр хүүхэн бол архаг хоёр. Хэл ам ч гэж айхтар, хүмүүсийг яриандаа татаж чадна ч гэж юүхэв.

Аминдаа дутахгүй гэж хичээлээ хичээлээ. Улсынхаа нэрийг бодоод. Нэрний минь урд явдаг хүний нэрийг бодоод. Хи хи.

Хэдэн өдрийн дараагаар хэр байсан тухай санал асуулга ирэх байх. Тэгэхэд л мэдэгдэнэ дээ. Хэр сонирхолтой болсон нь. Айгаад ч гэх юм уу? Санаа зовоод  ч гэх юм уу? Сууж л байна. Ном шагайх гэсэн хүсэл төрөхгүй байна. Халтуурны орчуулгын ажлаа хийх гэсэн бас л эвлэж өгдөггүй, толгойд уран цэцэн үг орж ирдэггүй...

Ямартай ч харьж явахдаа галт тэрэгний цонхоор дарсан зургаа оруулчихуу даа.
Галт тэрэгний буудлын өмнөх таксины талбай. Миний очих газар ойрхон байсан тул таксидаагүй, алхсан. Цаг агаар ч дажгүй сайхан байлаа.

Өдрийн хоолондоо сэндвич аваад идчихлээ. Хүйтэн цайтай.  Ээждээ хэлбэл загнуулах байх даа? Хүйтэн нойтон хоол идээд, аятайхан халуун хоол цай олоод идэхэд яадаг юм гээд л. Эхийн санаа үрд, үрийн санаа нь хаа ч яваад байгаан бүү мэд.
Үдээс хойшхи газрын тосож авсан хүүхэн намайг дагуулж ийм уламжлалт ногоон цайгаар дайлсан. Хажуудах амттанд нь нэг их дургүй ч гашуундуу ногоон цайтайгаа их зохицоод байх шиг байдаг юм. Идчихсөөн.
За за нэг их сонин бичлэг болчих шиг боллоо. Түр баяртай.

Thursday, November 29, 2018

Унадаг дугуй

Эд нар унадаг дугуйг сайн унана шүү. Бүр эрүү өвдөг нь нийлэх гэж байгаа эмээ өвөө нар хүртэл дугуй унана гээч.

Би ирснийхээ дараагаар хэсэгтээ унадаг байсан л даа. Жин нэмээд байна гэдэг шалтгаанаар явган явдаг болоод, сүүлдээ чийчаан гээч юмтай болсноосоо хойш унсангүй ээ.

Эдний ээжүүдийг ялангуяа биширдэг юм. Урдаа, хойно оо хүүхдээ суулгаад л жийнэ шүү дээ. Гайхалтай.
Монголоос ажлаар ирсэн залуу
-Эд нар хөгийн дугуй унах юм.
-Хөгийн гэдэг нь?
-Загвар нь.

Гэсэн. Эд нар чинь манайхан шиг хэлбэр хөөхгүй л дээ. Хэрэгцээндээ тааруулж, мөн хэтэвчиндээ тааруулж эдэлж хэрэглэдэг улс шүү дээ. 

Саяхан нүүр номоор бусдад гоё сайхан харагдах гэж хэрэглээ өндөртэй байдаг гэсэн шүүмж яваад байсан даа. Үнэн санагддаг шүү. 

Манайх ингэж дугуй унадаг болчихвол их олон асуудал аяндаа шийдэгдэнэ дээ тийм ээ?  Хүмүүсийн хөдөлгөөн, машин авах гэж, бинзен тос гэхгүй ядахдаа зун нь асар их хэмнэлттэй. Хувь хүний хэтэвчинд, алсдаа улсын эдийн засагт гээд л. Өвөл ч хэцүү л дээ. Хальтиргаа гулгаа гээд л тийм ээ?

Энэ зураг дээрх бол гайгүй, тоо нь цөөхөн байна. Хот газар үүнээс ч ихийг эгнүүлээд тавьчихсаныг олж харна. 

Гэрлэн дохио хүлээнгээ зураг дарсан шиг л зогссон бөлгөө.

Wednesday, November 28, 2018

Өглөөний зөв хоол?

Бас нэг ийм бүтээгдэхүүн миний гар дээр байна. Монголоос ирсэн л дээ. Мовъёос.

Тарагтай хольж идээд,  амт нь жаахан сонин санагдсан. Бодвол би эндхийн элдэв жимс холиостой, чихэрлэг амтанд дасчихаад тэр байх. Гүрийгээд идэж байгаа. Ямартай ч сэтгэл гаргаад өгснийг нь бодоод идэж дуусгана даа.

Гэм нь үүнийг хэн өгснийг одоо болтол мэдээгүй. Хань ижил хэн өгснийг санадаггүй гээд байх юм. Наашаа буцах өдрөө их олон хүнтэй уулзаж учирсан гэнэ. Тэд нарын л нэг гэнэ.

Би жаахан цаашлуулж хэн гэдэг хүүхэн өгсөн бэ? гээд л байгаа. Эрэгтэй хүн иймэрхүү юм өгөхгүй нь ойлгомжтой.

Эрүүл хооллолт энэ тэр гэж мэддэг хүүхэн л өгсөн байх гээд байгаа биз? Хэ хэ.

Тэгж хэлэхээр хань ижил үнэнээсээ л гайхаж энэ тэр.
-Хардаад байгаа юм уу?
-Хайртай бол хартай, хэн өгсөн бэ?

Үе үе иймэрхүү харилцан яриа гараад л байж байна. Ядаж байхад өнөөх нь дуусдаггүй ээ, гаргаж ирэх тоолондоо л асуудаг гэж байгаа. Ха ха.

Хол суугаа хүнд бэлэг өгөхдөө нэг булан дээр нь тэрнээс гэж бичиж байгаарай. Манай хүн шиг хэнээс авснаа мартчихаад, байдалд орно шүү. Хи хи.

Tuesday, November 27, 2018

Дараагийн ном 2

Шалгалтын өдөр дөхөөд ирсэн чинь сэтгэл санаа үнэн тогтворгүй болж ирсэн шүү. Олигтой сөхөж харж амжихгүй байгаа ч гэсэн дараагийн номоо танилцуулах уу? Ямартай ч зээлчихлээ.

Гэснээс ажил дээрх иймэрхүү шалгалтын ном цөөрсөн шүү. Гайхал оюутнууд, гадаад хүмүүс илт олшроод, түрүүлээд зээлээд авчихсан байна.

Ер нь энэ манайхнаас бусад гадныхан их зэвүүн шдээ. Байнга л ном зээлж авч хичээл хийнэ. Өдөр тутам нухаад явдаг шиг байгаам. Тэгэхэд бид яаж байна, над шиг дөхүүлж байгаад гэнэт ухаан ороод ном дэвтрээ хайна, тэгэхээр өнөөх нь олдохгүй энэ тэр. Ичиж үхье дөө энэ гаднынхнаас.

Орой ч гэсэн алдаагаа ухамсарласандаа баяртай байна бла бла. Хи хи.
Ханзны ном. Мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг ханз их байна аа. Энэ номыг яг энэ хоолыг хүлээх зуураа, идэж дуусаад ажлын цаг дуустал л жаал харсан. Дахин сөхөх цаг зав болохгүй л байна. 

Явж явж харанхуй л явж орох нь дээ. Блог бичиж суухаар номоо хараачээ гээд загнаадхаач, хэхэ. Нэг орчуулга хийгээд, түүнийхээ хажуугаар гар хуруу маш чадварлаг эвлээд, үүнийг бичиж сууна. 

Ажлаа хийлээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

Sunday, November 25, 2018

Гэр ба шагай

Өмнөх бичлэгийн үргэлжлэл болох зураг шүү.
Дандаа зуухны үүдэнд сууна гэж юу байхав тийм ээ? Үе үе хоймор заларна гэж байгаа. Хэ хэ. Гэрт орж ирсэн хүмүүс их л сонирхож тооно өөд харна. Зарим нэг завтай нь унь тоолох нь холгүй.

Хүүхдүүд орж ирэхээр шагай няслахыг заадаг гэж байгаа. Шагай гэж мэдэхгүй улсуудад юуны яс, биеийн аль хэсгийнх нь яс гээд л тайлбарлаж өгнө. 
Эхний 100 зочдод үнэгүй тараах боорцог. Өнөөх монгол доонац чинь шүү дээ. Би хайраагүй л дээ. Нэг монгол эгч хайрсан. Харин би хажууд нь сүүтэй цай чанасан. Жамц давс жаахныг хаяж байгаад л.
Ажлынхаа зав чөлөөг харж байгаад ганц нэг зураг дарсны нэг нь энэ. Монгол, Солонгос, Хятад, Орос гээд улсын үндэсний хөгжим. Товч дарахаар тухайн хөгжмийнх нь ая явна гэж байгаа. Морин хуурын ая нэг их гоё ая биш л дээ. 
0 ч орох завгүй байсан. Үдийн хоолоо их орой бараг ажил дуусч байхад идсэн. Дээд давхарт нь байдаг жижиг ресторанд нь үнэгүй хоол идэв. Түүнээс эд нар ихэвчлэн бэнто бэлддэг байхгүй юу. Бага зулзагаа дагуулж явсан тул, бидэн хоёр тансаглачихсан шд. Далайн эрэг дээр байрладгийг ч хэлэх үү? Гадаах байгалийн үзэсгэлэнг харж баясангаа хооллосон. Тэгсэн энх тайвны бэлэгдэл тагтаа ирж суучихаад, нээх хөөрхөн. Доороосоо дулаахан аятайхан бололтой шиг байна лээ. 

Ямартай ч ажил минь амжилттай дуусан. Хэд хэдэн телевиз, сонингийхон явж байсан. Гэснээс би хоёр ч зурагтаар гарсан. Нэг нь тухайн орон нутагт л гарах орон нутгийн телевиз. Нэг нь мужийн телевиз. Үүнийг нь таньдаг хүмүүс олоод үзчихсэн, зурвас шидлээд байсан. 

-Яана аа, хөөрхөн гарч уу, би?
-Хөөрхөн, хөөрхөн. Бахархах сэтгэл төрсөн шүү.
-Баярлалаа...

Бага зулзага бас өөрийгөө асуугаад байна аа. Би гарч уу? Асуугаадхаарай. гэсэн. Учир нь бид өөрсдөө гадуур яваад зурагт энэ тэр үзэж амжаагүй ээ. 

Амралтын өдрүүд нэг иймэрхүү л өнгөрч байна. Ирэх бүтэн сайнд өнөөх гайхал шалгалт чинь шүү дээ. Номоо харж дуусгаагүй байдаг...

Saturday, November 24, 2018

Гэр ба боорцог

11 сард боорцог хийж зардаг нэг арга хэмжээ байдаг даа. Түүндээ би энэ жил дахин оролцож чадаагүй ээ.

Хоёр төстэй арга хэмжээ байдгийнх нь нэг нь 10 сард болоод өнгөрсөн. Тэрийг угаасаа нэгэн оюутан гэр бүлд шилжүүлээд өгчихсөн. Ха ха. Мундаг байна уу? Хүмүүст шилжүүлж өгч энэ тэр. Ккк.

Намайг та оролцох уу энэ тэр гэж асуулгүй өөрсдөө цаагуураа саналаа өгөөд оролцчихсон. Би ч намайгаа дуудах болов уу гэж жаал харсан л даа, нуулгүй хэлэхэд. Хэ хэ.

Гол нь манай ажлаас зохион байгуулдаг арга хэмжээ л дээ. Тийм болохоор бүх мэдээлэл нь наддаа ил тод хөөрхий. Очиж бусад орны хоолноос авч иднэ ээ гэж бодож байсан чинь яагаав өнөөх 45 жлийн ой тохиогоод очиж чадаагүй.

Дараа нь сонсох нь ээ тэр газарт нь бас бус арга хэмжээнүүд давхцаад хүн гэж асар их байсан гэнэ. Бараг л Токиог санагдуулсын байх. Токио нь ч юу юм бэ? Давслана гэхэд арай хэтэрнэ ээ. Хи хи.

Боорцог нь амжилттай зарагдсан гэсэн байх аа, ашгүй ашгүй.

Хоёр нь дахь хотын нэгэн байгууллагаас зохиодог арга хэмжээ. Бага зулзагын урлагийн үзлэг давхцаад бас л оролцож чадсангүй. Нэгэн хотоос монгол эгч ирж хуушуур, боорцог хийж зарсан. Би урлагийн үзлэгээ дуусгаад очиж хуушуур авч идсэн. Ойрд идээгүй болохоор амт гэж салахын аргагүй байсөөн.

Харин санаандгүй байж байгаад өөр нэгэн арга хэмжээнд оролцоод авлаа. Тэр нь суугуул нутгийн баруун захын нэгэн хот болох Сакайминато гэдэг хотод байрлах бяцхан товэр байдаг юм. Тэрний 3 давхарт монгол гэр байрлана. Ганц монголын тухай танилцуулга биш л дээ. Хятад, Солонгос, Орос гээд л байна. Манайхан яахав үзүүлж харуулах юм ихтэйгээрээ гэрээ босгочихсоон. Сэргэлэн байна уу? Хэ хэ.

Гэрийн зүүн талд зуухныхаа урд суунгаа орж ирсэн зочин гийчдэд улсаа танилцуулах ажил хийв. Хэдэн жилийн өмнөөс хийж ирсэн л дээ. Өнгөрдөг жил би явж чадаагүй юм. Тэгсэн энэ жил заавал намайгаа гээд товлочихсон байх юм аа. 2 цаг гаран явдаг газар байхгүй юу, амралтын өдөр унтуулахгүй, хар үүрээр босгож зараад. Ха ха.

Хар үүрээр явж ажилласных ганц ч гэсэн хүн монгол орныг минь сонирхоод, зун нь очиж халаасаа хоослоосой гэж л бодож сууна даа...

Иймэрхүү улсаа таниулах, сурталчлах ажил хийдэг олон олон уншигчдадаа амжилт хүсье ээ. Бид шүү, бид нарын дараа элчин, консулынхан орно шүү. Ккк

Ганц нэг зураг дарсныгаа дараагийн бичлэгт орууламз...

Thursday, November 22, 2018

Ууж иддэг сар

Хуучин оноо үзэж, шинэ оноо угтах гээд хүмүүс догдлоод эхэлчихэж.

Токиод монгол ээж нар шинэ жилээ тэмдэглэнэ гээд өдөр судраа тогтоод зараа гаргачихаж. Их л сүр болдог шиг байна шд. Урд жилүүдийнх нь зургийг хараад байхад яг л монголд байгаа шигээ хувцаслаад, үс гэзгээ янзлаад нэг хүний хэлснээр эрвээхэй шиг болоод л очдог юм билээ.

Би нь ганц нэг хүнтэй уулзаж идэж уугаад ярьж суух уу? гэж ярилцаж эхэлж байна. Мөн ганц нэг япончууд уулзана шүү, ирээрэй гэж урьж залж байна.

Ажлын газар оны сүүлчийн ажлаа дуусгаад орой нь нэг газар хооллоно. Хань ижил ирэх сарын дундуур. Том зулзага одоогоор орж гарах нь мэдэгдээгүй байна. Бага зулзага хорооны хүүхдийн ёолконд явна. Энэ тухай бичиж байсан даа. Даруухан тэмдэглэнэ л дээ.

Энэ жил өнөтэй өвөл болно гэж дуулдана лээ. Гэм нь цас овоо орно гэсэн. Тэр овоо орохоос л айж байна даа. Юун шинэ жил, юун цагаан сар. Хэ хэ. Худлаа л даа. Цас орохоор догдлоод л ирнэ гэж байгаа энэ сэтгэл санаа.

Ёолкоо хэзээ засах уу? гэсэн улс л байна. Дэлгүүр хоршоонууд аль хэдийн зассан харагдсан. Гэснээс би ойрд дэлгүүр хэсээгүй. Ямар сайндаа ганц байдаг Юниклогоо нүүснийг мэдээгүй байхав. Очоод хоосон хаалга мөргөсөн.

Ёолк минь их л том байх шиг байсан чинь их жижигхэн болсон байна лээ шд. Мод нь агшаад байна уу? Зулзагууд минь суга өсөөд байна уу? Хэ хэ.

Наана нь шалгалтаа амжилттай өгөх хэрэгтэй. Ном шагайх хэрэгтэй байна. Юун блог гэж бодсон хэрнээ ороод л ирж байна шд. Яалтай. Хо хо.

Мөн нэг их мундаг хүн болоод, бичгийн орчуулга авчихсаан. Ядаж байхад цагаа тулгаж өгөх юм энэ хүмүүс. Их л амархан юм бодох юм даа. Яаж ийгээд орчуулаад өгөх л байх даа.

Бас нэг газар очиж хүний эрхийн тухай яриа хийнэ. Ооё. Сүрхий сэдэв байна уу? Хэдий тийм нэртэй ч ер нь энд ирээд өөрт тулгарсан бэрхшээлүүдээ голчон ярих юм. Гадаад хүмүүс ингэж боддог байх нь, ийм асуудал нь бэрхшээлтэй байх нь гэдгийг муусайн япончуудад ойлгуулах журмаар л ярих байх даа. Хи хи.

Ядаж байхад миний урд нь ярьсан хүмүүс ёстой мундгууд байсан. Нэг нь тайвань, нэг нь парагвай. 2-лаа ээмэгтэй.

Ойрд нэг иймэрхүү сонинтой доо. Уншигчдынхаа шинэ жилийн үдэшлэгт амжилт хүсье өө.

Tuesday, November 20, 2018

Атаархаж байна өө

Суугуул нутгийн минь бага, дунд, ахлах сургуулиудын номын сан гэж үнэн атаархмаар гэж олон бичсэн дээ.

Саяхан бага зулзага бөөн баяр хөөртэй орж ирсэн. Юу болсныг асуусан чинь
-Энэ жилийн зээлж уншсан ном 100 хүрсэн тул 5 ном зээлэх эрхтэй болсон. Өнөөдөр би 5 ном зээлчихлээ.

Атаархал төрж байгаа юм чинь. Эх орны минь сургууль, цэцэрлэгүүд хөөрхөн номын сантай байгаасай. Шинэ ном худалдаж авахад төрөөс, улсаас төсөв гаргадаг байгаасай. Бяцхан жаалууд, сурагчид номонд дурладаг байгаасай...

Гээд л зөндөө хүсэх зүйл, атаархах зүйл байх юм. ЖДҮ-с өчнөөн төчнөөнөөр нь зээлж авч, халаасандаа хийдэг хүмүүст хэлэх үг олдохгүй юм. Тийм ээ?

Яалтай ч билээ? Улс эх орноо гэдэг хэдэн сайхан япон хүмүүсийг аваачаад төр бариулчих юмсан. Хэ хэ.

Ээж нь бас энд тэндээс ном зөөгөөстэй гэж болохоор бага зулзага 200 хол давсан ном уншсан байх аа. Тэгэхэд ээж гарын таван хуруунд тоологдохоор л уншсан байна. Энд бичсэн хэдийг л.

Сурах бичиг унших үнэн миа байна аа. Хэ хэ. Шууд л нойр хүрч байна шд. Та нар бас тэгдэг үү?

Гэснээс шалгалтын минь хуудас ирсэн. Ашгүй ойрхон газар өгөхөөр болсон. Их л сүртэй зүйлс бичээстэй байна лээ. Анхааруулга гэж.

Наана нь хувьсгалын ажил зөндөө байна, давж гарах л байгаа даа.

Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж бичлэгээ өндөрлөе дөө. Бүгдийх нь унших их үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

Sunday, November 18, 2018

Урлагийн үзлэг

Уламжлалт бичлэг шүү.

2 дугаар ангид дэвшсэнийх, дуу хуур, жүжигчилсэн тоглолт энэ тэр нь ч сайжирчээ. Энэ жил элдэв ажил энэ тэр давхцсангүй, очиж үзэв. Бага зулзага минь их л баяртай харагдсан.

Гэхдээ бас жүжгийнх нь оноогдсон дүр нь таалагдаагүй гээд гонсгор л байлаа.
-Үр минь ээ, ийм туслах дүр байж байж л гол дүрүүд тодордог юм ш дээ. Дамчаа гуай шиг мундаг эсрэг талын дүр бүтээдэг хүн байна.
-Дамчаа гэж хэн бэ?
-Өө, нээрээ мэдэхгүй билүү? Эсрэг талын дүр олон сайхан дүр бүтээсэн жүжигчин байсан юм аа.
-Тэгсэн ч, би өөр дүрд л тогломоор байсан, багш л хуваарьлачихсан.

Нэг иймэрхүү байдлаар урлагийн үзлэгээ угтаж, үдэв.

За энэ талаар хэрхэн зохион байгуулдаг, хувцаслалтаа яаж зохицуулдаг, төгсөн 6-р ангийнхан нь ямар үүрэгтэй оролцдог энэ тэр гээд л зөндөө бичиж байсан тул дахин нуршихгшй ээ.

Ямартай ч шинэ он гартал хувь хувьсгалын ажлаа нэг нэгээр нь биелүүлж л явна.

Санта өвөөгийн яриа гарчихсан. Ямар зүйл хүсэх ээ охид шивэр авир гээд л байна. Энэ жил санта эмээ өвөөгийн санхүү жаахан тиймхэн юмсан, яаж давдаг юм билээ гэж бодоостой.

Та нар минь санта өвөө эмээгийнхээ давааг хэрхэн давах гэж байна даа?

Friday, November 16, 2018

Ялгаа гэж их байна дөө

Саяхан илгээмж ирлээ. Японы хойд нутгаас л даа. Таньдаг япон хүн. Өөрсдийн тарьдаг илжгэн чих жимснээсээ жаахныг явуулсан шүү гэж утас ирсэн наана нь.

Тэгсэн жимсэн дээрээ 4 хөөрхөн олбог баадуунд боогоод хийчихэж. Хөөрхөнийг гайхаж, 4 сандал дээрээ тавьж үзлээ. Урд нь миний өөрийн нэхсэн 3 ширхэг олбог бий л дээ. Тийм болохоор нэг олбоггүй сандал дээрээ нэгийг нь тавьчихлаа. Бага зулзага шуналтаад нэгийг нь авчихлаа.

Саяхан би нэг олбог нэхэж өгсөн дөө, тэрэн дээрээ давхарлаад тавьсан харагдана лээ.

Тэгээд өөрийн бүтээл, мундаг хүний бүтээл хоёрыг зэрэгцүүлж жаал харж суув. Ялгаа мөн ч их байна даа гэж гонсойв. Хэ хэ.
Тээр хар даа. Бялуу шиг үнэн тансаг, гоёмсог олбог байгаа биз? Би тэгэхэд хажууд нь гэрт хөглөрөөд байгаа утсаа дуусгачих санаатай сонин сонин юм нэхсэн болдог...

Өөлбөл хэмжээний хувьд жаахан жижиг санагдсан. Муугаа мэдэхгүй бас хүний бүтээлийг өөлж энэ тэр. Хи хи. 

Яг ийм улаан хээтэй нь хосоороо байсан. Өнөөх хоёр нь жаахан бүдэг завсрын өнгөтэй. 

Одоо өөдөс утаснуудаараа бас нэг бүтээл санаандаа урлачихаад, эхлээд л явж байна. Шалгалтандаа бэлдэх хэрэгтэй байдаг. Гого бүтээл харчихсан чинь онгод бууж ирсэн үү? Хор шар хөдөлсөн үү? Амралтын хоёр өдөр огт ном шагайсангүй, дэгээ зүү утас эргэлдүүлэнхэн сууна даа гэж.

Уран бүтээлч уншигчдын үйл уран байг ээ.

Sunday, November 11, 2018

Амттан

Яая даа энэ амттангуудыг. Идэхгүй байж болдоггүй, идээд байж бүр болохгүй. Хэ хэ.
Хөршийн маань байсгээд л оруулж ирдэг амттан. Дотроо янз бүрийн жимстэй будаагаар хийсэн амттан. Би дургүй л дээ. Зулзагууд минь харин дуртай. Үүн дотор жимснийх нь оронд вандуйгаар хийсэн нухаш байх нь элбэг. Уламжлалт амттан нь л даа. Тэрэнд харин зулзагууд минь нэг их дуртай биш.

Надад амт гэхээсээ илүү нялцгай нь таалагддаггүй юм. Хэ хэ. Хатуу ааруул идэж өссөн хүн чинь. Ихэнх монгол хүмүүс дургүй байдаг ч дуртай хүмүүс бас зөндөө л юм билээ.

За байз, үүнийг чинь хаана зооглолоо? Аан тийм, эртээдийн ойн баяр дээр. Гэхдээ бүгдийг нь биш, амссан. Уламжлалт ногоон цайны хольцтой. Энэхүү өтгөн ногоон цайнд нь харин дуртай шүү. Амттанд нь ч дуртай.
Жижиг сортын алим. Саяхан нэгэн бага сургууль орчихоод харих замдаа ногоочдын шууд худалдааны цэгээс худалдаж авсан юм. Багадаа идэж байсан алимны амтыг гүйцэхгүй ч исгэлэндүү амттай, гоё байсан.
Томилолтоор америк яваад  ирсэн ажлын газрын хүүхэн авчирсан бэлэг. Газар дээр нь л цохьсон. Явж үзээгүй ч тухайн газрын амттанг амсаад үзчихнэ шүү гэсэн бодол минь дийлээд. Дахин ийм бэлэгтэй ирвэл харин тэвчинэ шүү, зулзагууддаа өгчихнө.

Хүйтрээд, идэж уух хүсэл ч оргилоод, болохоо байсан шүү.  Эх нутагт минь хүмүүс өвлийн идшээ мэр сэр бэлтгэж байх шиг. Энд ямар өвлийн идэш гэх биш...

Нэг сайхан чанасан гэдэс идэх юмсан. Умс идэх идэх юмсан...

Saturday, November 10, 2018

Шинэчлэгдчихэж

Сүүлийн хоёр жил сүмогийн календарь хүлээж авдаг болчихоод, додьгор суудаг болсон юм. 

Энэ жил хүлээж авсан календарь маань ингээд шинэчлэгдчихэж.

Урдынх нь болохоор босоо, нэг нэг нүүрээр нь урж авдаг байсан юм. Энэ жилийнх хэлбэр нь зураг дээрх шиг. Урж авалгүй, дээш нь сөхөж тогтоодог болж. 

Нэг авууштай нь тооны хэмжээ томорсон байна аа. Бас дээр нь элдэв хөтөлбөрөө сараачихад амар болжээ. Түүнээс бэлэг дэмбэрэлийн чанартай л байлаа шүү дээ. 
Ийм дугтуйтай бас. Хөөрхөн санагдсан. Урдных нь хуйлаад, түүнийгээ гялгар уутанд хийчихсэн байдаг юм.

Хэдийгээр ийм хуанлитай болсон ч 12 сард том том тоотой, гого гого зурагтай том хуанли олж авна даа. Энд тэндээ өлгөх. Дээрээс нь элдэв ажлаа сараачих.

Ингэхэд 1 жил ямар хурдан өнгөрөөдөхөв өө. Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна таминь ээ. Юу бодож сууна даа...

Friday, November 09, 2018

Цэцэгс

Цэцгийн булангийн цэцэг хэд хэд солигдоод амжиж. Зургийг нь дарах гэж явсаар заримдаа их мартах юм аливаа зүйлийг.
Хулуу энэ тэр байхыг бодоход энэ 10 сарын бүтээл байх нь. Сүнсний баярыг тохиолдуулж урласан байх даа тийм ээ?

Гэснээс бид сүнсний баярыг тоолгүй өнгөрөөв. Ээж тоохгүй бол гэрийн бусад гишүүд бас тэгсгээд чимээгүй л байв. Сүүлд бага зулзага ээж тоогоогүй шд гэж байсан. Тоосон тоогоогүй та хоёр ойрд амттан чинь ихдээд байгаа шүү гэж банга хүртсэн, ээжийн ээлжит сөрсөн базаа. Хи хи.
Бодвол намрын өнгийг бэлэгдэж урласан байх. Ваарны доор дэлгээстэй дэвсгэрт их ач холбогдөл өгдөг юм байна, нээрээ. Анзаарсан бол тэр нь бас их учир жанцантай шүү. Цэцгийн болон навчны өнгийг тодотгож өгдөг энэ тэр гээд л тайлбарлах байх.
Төгөлдөр хуурын багшийн гэрийн үүдэн дэх гутлын шүүгээн дээрх гоёо. Чамин, гоёмсог санагдаад зураг дарчихсан.

Гэснээс би бас гэрийнхээ үүдэн дэх гоёоныхоо зургийг оруулна аа. Гоёо ч гэж дээ, хэхэ. Хараад шоолох вий?

Thursday, November 08, 2018

Дараагийн ном

Дараагийнх нь ном шүү.

Өөрийнхөө, за даа би ч энэ тал дээрээ жаахан тааруу шүү гэсэн агуулгатайгаа нийцүүлээд зээлж аваад нухвал зүгээр байх тийм ээ?

Жишээ нь ханзандаа жаахан муу, үгийн сан ч дээ нэг их гавихгүй дээ энэ тэр гээд л. Одоо ч иймэрхүү төрөлжүүлээд асар их ном сурах бичиг гаргаж байна шүү. Гол нь биднээс өөрсдөөс минь л шалтгаалах зүйл болчихоод байна л даа.

Би яг өөрөө ингээд олон жилийн дараа сурах бичиг сөхсөн чинь ээдээ бас л гавихгүй зүйл их байна шүү. Ичмээр...

Гэхдээ яахав олон жилийн хойно ч гэсэн гавихгүй байна шүү нөхөөр гэдгээ мэдэж авсандаа баяртай байна аа. Хойшид шалгалт энэ тэр өгөхгүй ч гэсэн хааяаа ингэж хэлний сурах бичиг сөхөж харж баймаар юм байна гэж бодогдов.
Дараагийн ном нь энэ зурган дээрх ном шүү. Ажлын газрын хүн, ном шагайж байгааг минь харчихаад, жаахан буу халаад. Ийм зүйл дээрээ нэлээд тааруу бололтой байна өө би гэсэн чинь тэгвэл энэ номыг унш гээд бариад ирсэн.

Дөнгөж уншиж эхэлж байна. Эхлээд заавал өмнөх үг, номыг хэрхэн ашиглах тухай энэ тэр гэсэн зүйлүүдийг нь уншдаг заншилтайг ч хэлэх үү?

Дээрээс нь гэртээ харихаар эхнэрийн ажил, ээжийн ажил гээд түмэн ажил угтдаг тул ном шагайх зав гарахгүй л дээ. Сэрүү ороод, өглөө эрт босох гэхээр даараад халуун хөнжилдөө шургаж хэвтээд гээд л түмэн шалтаг тоочно.

Тиймийн тул өдрийн цайны цагийн 1 цагийг л өөртөө зарж байна даа. Нэг газар орно. Хоолоо захиална. Хоол иртэл шийр зугаа номоо харна. Хоолоо идэж дуусаад 10-д минут дахин номоо шагайна. Тэгээд л цайны минь 1 цаг дуусна даа.

Яг ингээд л цаг дуусаад ажил руугаа гэлдрэхдээ монгол шиг минь цайндаа орчихоод ирлээ гээд 2 цаг гаран алга болдог бол гоё оо, бүхэн бүтэн нэг цаг байна шдээ гэж бодож энэ тэр. Хи хи.

Энд чинь тийм юм байхгүй, яг л цагтаа гозойхгүй бол хэцүү. Зарим нэг нь ил хэлчихгүй, араас муулаад шивэр авир гэнэ. Улсынхаа нэрийг л бодох юм даа гэж. Би яахав ээ...

Жич: Энэ удаагийн үдийн хоол загас, далайн хавч. Мисо шөл, цагаан будаа. Бага зэргийн ногоо, бага зэргийн гоймон. Гоймонгоо түүхий өндөгтэй хольж? хутгаж иднэ.

Нэг иймэрхүү хорвоогийн бор өдөр өнгөрч байна даа. Бүгдэд нь ажлын, сурлагын өндөр амжилт хүсье өө.

Wednesday, November 07, 2018

Налгар намар

Ойрд суугуул нутагт минь налгар сайхан намар болж байна аа. Бороо шороо ч ховор. Нар ээгээд л. Зуны халуунд нар ахайтныг ад үздэг бол одоо нар ахайтандаа хайртай гэж юүхэв болсон.

Нартай л бол угаасан хувцсаа гаргаж хатаана. Өдөр нь ойр зуур алхана. Ажлын газрын минь эргэн тойронд намрын өнгө алаглаад.
Тэр цаана харагдаж байгаа нь хотын захиргаа. 2 давхарт нь хотын харъяа номын сан байрлана. Би долоо хоногтоо нэг орж бага зулзагатаа ном зээлж авна.
Ийм модон түнээл доогуур алхахаар нэг тийм романтик санагдаад байдаг юм. Та нарт бас тэгж санагддаг юм биш биз?
Эхний зурагт гарсан хотын захиргаа тээр цаана нь харагдаж байна. Наад талд байгаа улаан моддын зургийг дарж блогтоо оруулах гэж санасан байх.
Навчис ингэж унаад л. Хол дор шаржиганаж дуугараад л. Гоё улаан навч байдаггүй ээ. Бас шав шар навч алга. Шав шар навч харахаараа МУИС-ын хажуугийн гудамжаар ангийнхаа ганц нэг охидтой алхаж байсан санагддаг юм. Дурсамжаа гэж...

Эх оронд минь бас урт сайхан намар болж байна гэж дуулсан. Утаа л ихсээд байгаа сурагтай, яая дөө тэр утааг.

Удахгүй цас орно гэж бодохоор...

Monday, November 05, 2018

Шалгалттай хүн чинь

12 сард япон хэлний төвшин тогтоох шалгалт өгөх учиртай хүн л дээ би.

Аль 10-д жилийн өмнө өгч байсан л даа. Шалгалтын агуулга, систем өөрчлөгдөөд удаж байна аа тэрнээс хойш.

Дахин өгөх болсон шалтгаан нь сүүлийн үед энд тэнд ажил хийхээр явахад урдаас тэр шалгалтыг өгсөн үү? Хэзээ өгч байсан бэ гэж их асуудаг болсноос.

Тэгээд л ер нь дахин нэг үзээд алдая гэж бодоод, бүртгүүлчихсэн. Байдаггүй ээ, шалгалтандаа бэлтгэхгүй, монгол ном түүж уншаад яваад байсан чинь юу вэ? 11 сар гарчихсан байна шдээ.

Гэнэт ухаан ороод ажил дээрээсээ хэд хэдэн ном зээлэв. Эхнээс нь харж л байна. Уншаагүй үлдсэн монгол номнууд минь бодогдоод болох юм биш. Хэ хэ. Сэтгэл санаа нэг л төвлөрч өгөхгүй л байна шүү.

Энд овоо удсаных гайгүй байгаа гэж найдаад байна уу? Ёстой чөтгөр бүү мэд. Ханз энэ тэр бол нэг их дээрдээд гавьсан юм байхгүй л дээ. Унаж шараа болох вий дээ. Хэ хэ.

Ерөөсөө одооноос нухаж өгнө өө. Бас ч гэж сар гарангийн хугацаа байна.

Энэхүү шалгалтыг өгөх гэж байгаа япон дахь уншигч байвал амжилт хүсье ээ. Би ийм ном зээлж ирсэн. Үүнийг дуусахаар дараагийн номоо танилцуулна аа.
Эхнээс нь харсан чинь юу вэ? Бас л хөөрхөн алдаж байна. Яана даа? Гэж сэтгэлээр жаахан унав. Ямартай ч үзээд алдана даа. Унасан ч өгсөн гэж хэлэхгүй л байна биз, тийм ээ? Гандан буурахгүй зун нь дахин өгч энэ тэр. Хи хи.

Муу амлахгүй ээ, би чадна ш дээ, болгоно ш дээ яаж ийгээд. За та нартаа бас амжилтт хүсье ээ.

Saturday, November 03, 2018

Нотлоод явчихна аа

Ямар ном уншсанаа нотлоод, энэ блогтоо ингэж зураг хөрөг оруулдаг юм шүү дээ.

Нотолгоо номыг тэсэлгүй захиад авчруулчихсаан. Уг нь ирэх жилийн 8 сард уншина гэж бодож байсан чинь. Хэ хэ. Өмнөх хоёрыг нь яг л жилийн зайтай уншсан байхгүй юу. 9 сард энд надад ирсэн 8 номны минь нэг шүү дээ.

Сүүлийн үед орчуулагч бүсгүйг нь ихэд таалаад байгаа учраас, захьчихлаа. Хи хи.

Жижиг ном тул, цүнхлээд өдөрт үдийн цайгаа уунгаа уншаад байлаа. Зарим өдөрт тэгж тухлан суух зав олдохгүй байсан л даа.
Саяхан нэг бороотой өдөр таараад. Гадагш гаралгүй, нэг давхартаа байрлах гуанзанд хооллоод. Тэгэхдээ уншаад дуусгачихлаа. Ашгүй. Гадагш гарахаар ирж очихдоо цаг зарцуулаад, номоо унших цаг минь богино л доо. Гэхдээ огт хөдөлгөөнгүй байснаас бас алхаж байя даа гэж бодон орж гардаг юм. 

Номын хувьд бас л сонирхолтой. Хүмүүний сэтгэлийн дотоод ертөнц гэж үнэн ойлгогдохооргүй юм даа. Цаг хугацаа нь дайны үе, дайн дууссаны дараахан үе давхцаад. Хүмүүс хоорондын харилцаа, дотоод сэтгэл, үйлдэл гээчийг үнэн замбараагүй, тогтворгүй болгочихсон шиг. 

Бас зоригтой зохиолч юм. Орчуулагч нь зоригтой юм. Уншигч би ч зоригтой юм. Хо хо. Учир нь элдэв ааш араншиг, ганцаардал, болчимгүй үйлс, балмад явдал зэргийг айлгүйгээр, ухралгүйгээр зоригтойгоор бичсэн байна л даа. 

За энэ талаар зөндөө сэтгэгдэл энд тэнд зөндөө бичигдсэн байна билээ. Олж уншина биз дээ, мөн номыг нь ч уншихыг бодоорой...

Жич: Энэ удаагийн үдийн хоол сам хорхойг зооглолоо. Шар бор өнгөтэй нь гайхал сам хорхой нь шүү. Гурил, өндгөнд өнхрүүлж байгаад шарчихсан байгаа байдал, толгойтой сүүлтэй юутай хээтэй нь.

Friday, November 02, 2018

Удирдаач

Шавь урлагийнхаа үзлэгээр удирдаач хийгээд. Би очиж үзэв. Бичлэг хийв.

Очиж үзнэ ээ гэсэн чинь өнөөх маань ичээд
-Та ирээд хэрэггүй ээ.
-Дандаа сүмо гэж байснаас, хааяадаа өөр зүйлээр оролдвол гоё шдээ, амьдрал сонирхолтой.

Гэсэн чинь, за тийм ч юм уу? ир ээ ир гэсэн. Хэ хэ.

Өглөөнөөс авахуулаад 16 цаг хүртэл болдог арга хэмжээ. Би ч тэгж эрт очоогүй л дээ. Найрал дуу дуулах, удирдаачаа хийх цагийг нь тааруулж очсон.

Том зулзага явж байсан бага сургуулиас ялгаатай нь тамирынхаа зааланд хийчихдэг юм билээ. Том зулзагынх болохоор хороонд нь байрладаг иргэдийн танхимд хийдэг байсан юм.
Тайзны чимэглэл. "Инээмсэглэл дүүрэн" гэж бичээстэй. 

За тэгээд л япончууд болсон хойно зохион байгуулалт асар өндөртэй болно. 

Сургуулийн коридороор тухайн нэг жилийн туршид амжилт байгуулсан дугуйлан секцийнхний танилцуулга, сурагчдын уран бүтээл гээд л хадаастай. Би ганц нэг зураг дарсөөн. 

Амьд цэцгийн урлалын дугуйлангийнхны бүтээл их таалагдсан. 
Нэг ийм цэцэгний л зураг оруулъя дөө. Бас хамаагүй хүний уран бүтээлийг дураараа энд тэнд оруулахаас айна өө. Гэтэл огтоос ч тэгж айдаггүй хүн бас байна. Хамаа намаагүй, хайр найргүй түгээнэ гээч. 

Оюуны өмчийг хайрлах, хүнээс зөвшөөрөл авч сурах гээд л бас бус соёл дутагдаад байна уу даа?

Үдээс хойш бага зулзага төгөлдөр хууртай, бас бус орж гарах ажилтай тул шавийн тоглолтыг дуусгаад л гараад ирлээ. 

Ирэх жил төгсөнө. Тэр үеийнх нь бичлэгийг бүтнээр хийх санаа байна, цаг зав, ажил төрөл амжих нь уу? үгүй юу? Ямартай ч төлөвлөчихье. 

Олон олон багш нартаа амжилт хүсье ээ. 

Tuesday, October 30, 2018

Бага сургууль ба хайрын захиа

За би бээр бага сургууль явдгаараа яваад л байгаа шүү.

10 сарын сүүлийн бага сургууль 30-нд байлаа. 90 минутыг би ганцаараа эзэгнэнхэн улсаа танилцуулав. Хэлэх гэснээ бүгдийг нь л хэлж санаа амарсан.

Түүнээс хэд хэдэн улсын хүмүүстэй хамтраад, тус бүр улсаа танилцуулахаар цаг бага, хагас дутуу л танилцуулмар аядаад байдаг юм.

Энэний урд өдрийн нэг сургуульд герман, солонгос, монгол гээд явсан юм. Солонгос хүүхэн маань анх удаагаа ийм ажил хийж байгаа, мөн энд ирээд удаагүй болохоор их удаан темптэй ярина. Сүүлд ярьсан гермэн хүүхэн зайлуул дуржигануулж өгсөн. Цаг байдаггүй гээд.

Азаар би хамгийн эхэнд танилцуулсан. Гэхдээ бас л түргэн хэллэг уншиж байгаа юм шиг л ярина шүү дээ. Уучлаарай их хурдан ярих байх шүү, болгоож хайрлаарай гээд хэлчихнэ эхлэхээсээ өмнө.

10/30-ны бага сургууль дээрх ажлаа дуусгаад, бага зулзагын нээлттэй хичээл рүү марш. Ядаж байхад үдээс өмнөх сургууль зайтай гэж. Зулзагтаа жаахан хоцорч очно шүү гэдгээ их сайн хэлсэн. Тэгэхгүй бол хошуу нь унжаад сүйд болно.

Эхнээсээ явсан сургуулиудаас хайрын захиагаа хүлээж аваад эхэлчихсэн. Сонирхолтой байлаа, сонихон байлаа, хөгжилтэй байлаа, дахин ирээрэй...

Гээд л бичиж ирүүлдэг юм. Саналаа, сэтгэгдлээ заавал ингэж бичгээр илэрхийлдэг нь таалагддаг. Бага ангийнхан бол хөөрхөн юм бичнэ. Анги нь томрох тусам чанаржаад ирнэ.

Би тэр хайрын захиаг нь хэсэг байлгаж байгаад цаасаа дийлэхээ байхаар нь арын цул хэсгийг нь ноорог цаас болгож ашиглана. Энэ гэхдээ хайрын захиа өгсөн эздэд нууц шүү. Гомдчихно.
Сүүлд ирснийх нь зургийг авч амжаагүй байна. Ажлын газрын олон олон цаасан дунд минь холилдоостой.

Ирэх долоо хоногт хоёр ч бага сургууль бий. Хичээнэ дээ.

Та нартаа бас ажлын өндөр амжилт шүү.

Жич: хүсье гэж бичих гэснээ саяхан бидний хэдэн монголчууд хүсье гэдэг үгийг хүсэе болгож өөрчилсөн тухай маргалдаад. зарим нь хүсэе, зарим нь хүсье гэж бичдэг гээд. Би бол хүсье гэж бичээд байгаа, аль нь зөв бэ?

Saturday, October 27, 2018

Зав муутайхан хагас, бүтэн

За ингэсэн юм.

Хагас сайнд хорооны уламжлалт боулингийн нөхөрсөг тэмцээнтэй байлаа. Элдэв ажил төрөлгүйгээрээ бага зулзага бид хоёр оролцлоо. Байр эзэлж, баян ходоодоор шалгарч барьсангүй. Төвийг сахисан шиг тоглосон энэ удаад.

Энэ япон хүмүүс, хүүхдүүд яасан ч мундаг тоглодог юм. Үе тэнгийн нэг хүүхэн түрүүлсэн шд.

Эхэнд нь цай, амттан өгнө. Дуусгаад нэг хүний хоёр хоёр талх, цай эсвэл ундаа өгнө. Байр эзлүүлээд шагнал гардуулсны дараагаар оролцсон бүх гишүүдэд бэлэг өгнө. Томчуудад хүнсний скоч байлаа. Дуусч байсан, ашгүй гээд л хоёр гараа тосож авав.

Хүүхдүүдэд нэг цавуу, нэг дэвтэр, нэг баллуур байв.

Үдээс хойш нь зулзага төгөлдөр хуурандаа, мэдээж ээж хүргэж өгнө. Хүлээж суунгаа нэг жижиг ном эхлүүлсэн. Дараа зураг хөргийг нь орууламз.

Бүтэн сайнд аажуу уужуухан босцгоов. Хань ижил нэг сургалтанд сууна гээд явав. Би нэгэн монгол хүний байрлаж буй газар очиж аваад, цахилгаан барааны дэлгүүрээр оров.

Өдөр нь ээж аавынхаа өгч явуулсан хүрэн манжингаас хоёр ширхэгийг бас бус ногоотой, хонины гурван хавирга хийж байгаад, мөн орос агаагийнхаа өгсөн борщ шөлний амтлагчийг хольж хутгаад борщ шөл хийж идэв. Болоогүй ээ бага зэргийн шар будаа хаяж байгаад.

4 цагаас Эрдэнэт хотоос хүрэлцэн ирсэн нэг морин хуурын багшийн бяцхаан хэмжээний концертыг очиж үзэв. Жаахан зайтай нэгэн сүмд тоглосон. Үнэгүй, хэдэн эмээ өвөө нар цугласан байсан.

Сайхан байсөөн. Морин хуурын аялгуу амьдаар нь сонсоно гэдэг чинь их хувь заяа, хүний нутагт. Нэгэн япон эмээ
-Монголын төрийн дууллыг сонсмоор байна. Ямар аятай бол?
-За би хуурдаяөөө, манайхан дуулаарай.

Би байдаггүй ээ, угийн дуулж чаддагүй хүн чинь дууны үг тэр бүр цээжлээд байдаггүй юм. Хань ижил, монголоос ирсэн хоёр зочныхоо хүчээр амаа хөдөлгөөд, ганц нэг мэддэг мөртөө дуулав шд. Азаар нэгмонгол зочин маань ёстой сайн дууны үг мэддэг юм билээ.

Үлэмжийн чанарыг хуурдав аа. Бас л манайхан дуулаарай гэсэн. Би байхгүй ээ, ичив шд.

Ганц нэг дууны үгийг дуулахгүй, зүгээр л шүлгийг нь цээжилнэ ээ. Дуулдаг хүмүүсийг дагаж амаа хөдөлгөхдөө ядаж шүлгийг үнэн зөвөөр нь мэдэж байвал тийм ээ.

Гэхдээ дуу хуурандаа сайн хүмүүс та нар дуулж чаддаггүй мань мэт хүмүүсийг ойлгож хүлээж авч байгаарай. Хичээнгүйлэн хүснэм.
Харьж ирээд хань ижлийн намнасан бугын махыг чанаад, хэсэг монгол хүүхэд залуус нийлсэн цөөхөн монголчуудаа дайлсан. Олноороо шаагиад, шуугиад хөгжилтэй л байлаа. Ойрд уулзаагүй байсан тул хавь ойрын хов жив ярив. Хи хи.

Энэ хооронд бага зулзагатайгаа тувт л гэрийн даалгавраа гялс хийчихээрэй, хийсэн үү гэдэг яриа өрнөөстэй. Өнөөх нь тойрч гүйгээстэй.

За ёстой нөгөөн нэг шээсэн бааснаа хүртэл бичдэг нүүр номын хүмүүс шиг л дэлгэрэнгүй тайлан бичлээ шүү. Ха ха.

Thursday, October 25, 2018

Ойн баяр

Хань ижлийн ажилладаг компанийн 45 жилийн ой болоод. Ойн арга хэмжээнд гэр бүлээрээ оролцоод ирсэн. Өнгөрдөг бүтэн сайнд шүү.

Хагас бүтэн сайныг гэртээ өнгөрөөнө гэж байхгүй л болчихоод байна.

Монголд болдог ойн арга хэмжээтэй ерөнхийдөө төстэй. Нээж захирал үг хэлнэ. хундаганы үгийг нэлээд удаан ажиллаж буй ажилтан хэлнэ. Хундага тулгаснаар идэж уух ажиллагаа өрнөнө.
Магүро загас муулах шоу болсон. Зочдынхоо нүдэн дээр гаргаад, махлаад, түүхийгээр иднэ. Сашими. 

Тэгээд л өнөөх жоохон жоохон тавагтай зүйлс гарч ирнэ. Ихэвчлэн загас гарсан. Монголоос хоёр хүн ирж таарсан байсан тул оролцсон юм. Махчин бидэнд бол нэг л тиймхэн байна гэсэн. Хи хи. 
Өнөөх загас минь ийм болчхиоод ирсэн. Хөөрхий минь. Амтархан л идлээ би ч. Нарийнхан цагаан өнгөтэй нь цагаан лууван шүү. Бас л ингээд түүхийгээр нь нарийхан хэрчээд идчихнэ.
Нэлээд сүүл хэсэгт гарч ирсэн үхрийн мах. Хэ хэ. Жижигхээн байна уу? Монгол зочид минь инээгээд л, өхөөрдөөд л байсан. Хо хо.
Хүүхнүүд, хүүхдүүдийг ганц баясгасан нь энэ. Охид минь хоёроор нь очиж авчраад идсэн. Ээждээ бас хоёрыг аваад ирсэн байсан. 

Мэдээж дан идээд суухгүй л дээ. 30-с дээш жил ажилласан, 20-с дээш жил ажилласан, 10-с дээш жил ажилласан хүмүүстээ шагнал гардуулсан. Өргөмжлөлтэй, нэг дугтуйтай зүйлтэй. Хань ижил тэр дунд нь тууж явна лээ. 

Мөн урлаг номер байна. Энэ удаад элсээр зураг зурдаг хамтлагийн хоёр уран бүтээлчийг Токиогоос урьж оролцуулсан. Суугуул нутгийн минь элсэн манхны элсийг ашигладаг гэсэн. Их л нарийн ширхэгтэйгээрэ онцлог юм гэсэн. 
Мөн хүүхэд томчуудын төлөөллөөр зураг зуруулсан. Зулзагууд минь гарч зурсан. Мэдээж заалгаж байгаад. Санасныг бодоход хэцүү юм билээ гэсэн. Тайзнаас буухдаа дугтуйтай зүйл захирлын гараас бэлгэнд авсан. Сүүлд үзэхэд номын дэлгүүрээс ном худалдаж авах эрхийн бичиг байсан. Азтай золигнууд. Хи хи. Би бас гармаар л байсан. Хэ хэ. 

Захирал, бас бус хүмүүс үг хэлэхдээ тувт ажилчдаа магтсан, ажилчдынхаа ар гэрийг магтан дуулсан мэндчилгээ дэвшүүлж байсан. "Ажилчид та бүхний хүчин зүтгэл, мөн та нарын арыг бүрэн хариуцаж байдаг ар гэрийнхний чинь хүчин зүтгэл хамгаас үнэтэй, хамгаас эрхэмлэм хүч билээ..." гэсэн агуулга бүхий мэндчилгээ, сэтгэгдэл их байлаа. 

Би ч дотроо тийм шдээ. Энэ олон эрчүүдийн чинь цаана дандаа л мундаг эхнэрүүд, ээжүүд байгаа шд, цөөхөн эмэгтэйчүүдийнх нь цаана мундаг нөхрүүд, аавууд байгаа шд гэж толгой дохин суулаа. 

Мөн захирал, түүний эхнэр хоёрт бас ажилчдаас нь бяцхаан бэлэг бэлдсэн байсан. Нутгийнхаа алдартай халуун рашаанд амрах эрхийн бичиг гэсэн.

Аан тийм, захирал, гэргийдээ цэцгийн баглаа гардуулсан. Анх энэ компаниа үүсгээд, хөрөнгө мөнгө босгох гээд юу ч үгүй сандарч явахад минь түшиж тулж өдий зэрэгт хүргэсэн чамдаа баярлалаа, талархлаа гэж.

Эдний нэг авууштай нь аливаа арга хэмжээ яг цагтаа эхлээд, яг цагтаа дуусна. Их амар. Дараагийн төлөвлөгдсөн ажлаа ч амжуулчихна. 

Тарахад нь жижиг тортой зүйл өгсөн. Дотор нь арга хэмжээний өмнө татуулсан дурсгалын зураг. Хоёр хоёр ширхэг жижиг бялуу байсан. Оройн хоолныхоо дараа идчихсэн. Мөн муулсан загасны сашиминаас хийсэн байлаа.

Ер нь их даруухан болж өнгөрдөг юм байна гэж монгол зочид дүгнэсэн. 

За байз ирэх хагас, бүтэнд юутай билээ? Аан тийм, хагас сайнд хорооны боулингийн тэмцээнтэй. Бага зулзагатайгаа явахаар бүртгүүлчихсэн. Бусад нь ажил албатай тул. Бүтэн сайнд юутайгаа сайн санахгүй байна. Ямар нэгэн зүйлгүй байгаасай, үд болтол унтах юм шүү. Ккк

Бултаараа амралтаа сайхан өнгөрөөгөөрэй.