Friday, September 10, 2010

Та битгий цухалд

Тайван байсан сэтгэлээ

Үертэй мөрөн шиг дэвэргэж

Тавиун сайхан магнайдаа

Үрчлээс татуулан барайлгаж

Та битгий цухалд

Жаахан хүрэн зүрх чинь

Хэмээ алдан цохилж

Жавар шиг хүйтэн үгээр

Хэн нэгнийг ташуурдаж

Та битгий цухалд

Догшин барс шиг омогшоод

Үйлийн дээдийг бүтээхгүй

Долгионт мөрөн шиг үерлээд

Үгийн сайныг сонсохгүй

Та битгий цухалд

Аливаа хүн цухалдахад

Алсын зам нарийсна

Уужим таван ханат ч

Умгар овоохой шиг бачуурна

Та битгий цухалд

Тэсгэм өвлийн хүйтэнд

зуны наран ээтэл

Тэнхэл алдсан биенд

Зааны хүч сэлбэтэл

Та битгий цухалдаа


Жич: хаа нэгтээгээс олж уншиж байсан юм, бас л зохиолчийг нь мэдэхгүй.

Wednesday, September 01, 2010

Ном бас ном



За энэ монголоос авч ирсэн номнууд. Энд дөнгөж талых нь зургийг тавилаа. Талыг нь хүн уншаад өгье гээд гуйгаад авчихсан. Удахгүй ирэхээр нь зураг оруулнаа. Зурган дээрх номноос 2-г нь л уншаагүй байгаа. Нэг нь Фэн Шү, нөгөөх нь Эцэг эхийн ачлалыг хариулах гэгээн сургааль (талд нь хүртэл уншчихсан байгаан уг нь). Эхнийх нь номыг ээж минь унш гэж өгсийм, тэгсэн аав -Наадхыг чинь уншвал гэрийнхээ бүх юмыг гаргаж хаях болно. гэсэн хэхэ. Тэгээд гэртээ байгаа хэдхэн "новшоо" гаргаад хаячихвал хэцүүеэ гээд л барьж авахгүй тойроод гүйгээд байгаа. Нөгөөх номыг нь уншаад эхэлцэн, дотор нь эмэгтэй хүн бие давхар болсон тэр цагаас эхлээд л их л олон зовлонг туулдаг энэ тэр гээд л аймаар аймаар юм бичээстэй. Би дахиж төрөхгүйм шүү гэж ч бодох шиг...
Бусад номын талаар дараа хальт дурдамз.

PS: Зураг ингэж ороод байх юм, яаж байгаан болоо? Та нар минь толгойгоо гилжийлгэж байгаад харчаарай.

Tuesday, August 31, 2010

Ж.Эрхэмцэцэг : Залуу минь хажууд чинь эрхлэх ялдам бүсгүйг хайрла ...

Залуу минь хажууд чинь эрхлэх ялдам бүсгүйг хайрла
Зуны цэцэгс хагдарсан ч дахиад л дэлбээлдэг шиг
Зуун зуун жил анхных шигээ ариухнаар хайрла
Зураг шиг мөнх биш шүү зуурдын энэ амьдралд хайртай түүнээ энхрийл
Эхнэр минь болчихсоон гээд илүү дутуу харах хэрэггүй
Эргээд явчихаж болох орчлонд хайраар битгий дутаа
Эрхэлж дэргэд чинь л байх бүсгүй хүний жаргал
Энэ хэтэрлээ гэж түүнийгээ битгий адла
Илүү сайхан бүсгүй гэж хараад түүнийгээ битгий хуур
Ижилхэн шүү дээ ээжийнхээ хайранд ургасан ялдам цэцэгс
Эр хүн чиний харцыг булаасан ариун ертөнц
Энгийн даруу, төгс гоо чиний л хань
Хоног хугацаа өнгөрөх тусам илүү их энхрийл
Хайртай гэдэг үгээр өглөө бүрийг угт
Хонгор бүсгүй чиний хайраар хөглөгдөж
Хойд төрөлдөө ч бас чинийх байхыг хүснэ

Энэ шүлэг бас таалагдаад аа

Яг л зүүдний юм шиг цасан бударч

Чихний чинь үзүүрт үгс чичирч байна

Амьсгал минь хүзүүг чинь гижигдэвч

Гарыг чинь бүлээхэн дуслууд норгож байна

Яг одоо чимээгүй сонс

Яараад хэрэггүй,

Нулимсыг минь бүү арч

Асгарч л байж тайвширдаг юм

Чичирсэн хоолойноос тасалдан цуврах

Яриаг минь бүү тасал

Хэлж л байж санаа амардаг юм

Зүрхнээс гарсан тэр л үгсийг минь чи

Чимээгүй зогсоод дуустал нь чагна

Хэрэв тэр аялгуу зүрхэнд чинь хүрсэн бол

Яг одоо намайг дагаад уйл

Би нулимсыг чинь арчихгүй ээ,

Чи ч бас тайвшираг.

Ц.Баттуяа 2005.12.20"

Monday, August 30, 2010

Би тамхи татдаг

Батзаяа

Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
Би тамхи татдаг
Санаашрал минь утаа болоод намайг орхиж байна гэж итгэж
Би тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Би тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
Би тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
Би тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Би тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
Би тамхи татдаг
Батзаяа

PS:Найзынхаа дэвтрээс чирээд ирсэн, өөрт нь хэлээгүй.

Зүв зүгээр суухаар зүлгэхээс

Saturday, August 21, 2010

Ямар ч хүсэл алга

Монголдоо бараг даараад байсан улсууд японд буцаж ирээд үнэгүй саунд өдөржин шөнөжин ороостой, хүйтэн монголоо санаж байна гэж...
Уг нь өөрийн худалдаж авсан хийгээд найз нөхдийн бэлэглэсэн нэлээд хэдэн ном байгаа боловч унших ч сонирхол алга, блог бичих ч, бусдын блогийг ч унших гээд л ямар ч хүсэл алга...
Нээрээ охинд минь эх нутаг болох монгол орон туйлын их таалагдаад, үлдмээр байна гэж хэдэн өдөр үглээд, аргагүйн эрхэнд л буцаж ирэх шив дээ, ээжтэйгээ. Одоо даалгаварт дараастай, хар халуунд нозоороостой л амьтан байна.
Жаахан сэрүү ороод ирэхээр юм юмыг гялалзуулнаа, уншихаа ч бичихээ ч. Хэхэ

Wednesday, August 18, 2010

Уулзаагүй уджээ

Хаачсан гэхээр, эх орондоо очиж, ээж аавдаа эрхэлж эрхэлж ирсэн болноо. Дараагийн бичлэгүүдэд бага багаар тайлангаа тавьж эхлэнэ дээ.

Friday, July 23, 2010

Зуны амралт, даалгавар



Охины минь зуны амралт өнөөдрөөс эхлээд, 1 сар амарна. Даалгавар ч ихтэй юм шиг байна. Ерөнхийдөө 1 дүгээр ангийн даалгавартай нь төстэй юм билээ. Түрүү жил хичээлийнхээ нэг хэсэг болгож цэцэг тарьж байсан бол энэ жил улаан лооль тарьсан. Сургууль дээрээ очоод өглөө бүр тэрийгээ усладаг байсан бол одоо амралтаараа гэртээ аваад ирсэн өглөөд усладаг ажилтай. Заримдаа мартчих гээд бас л нэг үглэх ажил нэмэгдээд ээжид. Гэхдээ хөөрхөн ургацаа өгөөд байгаа шүү, тэр нь. Мини улаан лооль гээд нээх хөөрхөн жижигхэн юмнууд. Их амттай дээрээс нь Хэхэ.
Өглөө 6:30 гарч радиа гимнастикаа хийнэ, түрүү жил шиг. Ээж бас гарах л байх даа, нойроо харамлан харамлан.
Өнгөрдөг жил галзууралгүй хичээлтэй нь золгосын, энэ жил бас тэгэх байхаа, гүрийнэ дээ.
Нээрээ охин минь 2 дугаар анги болсон биш архаг болоод, 1 дүгээр ангид байсан шигээ юм юманд их нарийн хандаад байхаа больсон ш дээ, анги ахих тусам архагших шинжтэй шүү ер нь. Хичээл хийдгүй хүүхэдтэй болчуул яанаа гэж...

Tuesday, July 20, 2010

Зүгээр л урсаж байна

Энэ их халууныг яалтай ч билээ, зүгээр л урсаад л урсаад л байж байна дөө.
Ингэж их урссанаараа сайхан турдаг бол ч над шиг гуалиг нь үгүй байх дөө...

Thursday, July 15, 2010

Дарсан гүйлс буюу үмэ боши







Жаахан байхад өргөст хэмх дараад л, дунайский салад хийчихээд түүгээрээ дайлдаг хүмүүсийг хараад ямар аймаар мундаг юм бэ гэж л боддог байлаа шдээ. Харин би одоо өөрөө тийм аймаар мундаг болчих уу ккк. Ганц нэг хүмүүс тэгж бодох ч юм билүү?

Энэ удаад гүйлс жимсийг даршилсым. Япончууд ингэж даршилсан гүйлс жимсийг жилийн 4 улирал хүнсэндээ хэрэглэдэг. Өвөл ялангуяа ханиад хүрэх нь бага байдаг гэсэн. Энэ жимсээрээ бас дарс хийнэ, ундаа хийнэ гээд л, тэр нь их амархан юм билээ. Харин даршилж хадгалах нь нэлээд ажил шаарддагым байна. 3 жилий өмнө хийдэг баатар болоод асуусан чинь чи чадахгүй ээ гэж унтрааж байсын нэг өвөө, одоо бодоход уур хүрээд байгаан. Чадаж л байхад ккк.
Дарах аргыг нь бичих гэсэн зарим нэг япон үгийг орчуулах гэсэн чадахгүй байнаа. Жишээ нь энэ хүрэн навчийг японоор нь 紫蘇 (шисо) гэдгийг юу гэж орчуулах вэ? гээд л. Англиар нь perilla гэдэг юм шиг байна. Энэ навч нь тухайн жимсийг ийм улаан хүрэн өнгөтэй болгоно. Болоод ирэхээр зургийг нь оруулнаа. Навчийг ишнээс нь салгаж аваад угаана, давсанд үрнэ. Жимсээ дарсан цуунаасаа бага зэрэг аваад навчаа базна, тэгээд цуутай нь хамт жимсэн дээрээ хийнэ.
Энэ шилтэйгээ 1 сар гаран байлгаад, 8 сарын дундуураас бас яадаг ч гэчивээ, тухайн үед нь зааж өгөх юм гэсэн. Тийм ч амархан аманд орчих зүйл биш болтойдог шүү.

Tuesday, July 13, 2010

Наадам сайхан боллоо


Сайхан наадсан уу? Бид сайхан наадсаан гэж. Хорхог хийж идлээ. Эндэх монголчуудын маань тоо жил бүр нэмэгдэж байгаа болохоор наадмаа ингэж өргөн дэлгэр тэмдэглэдэг болоод 3 жилийн нүүр үзэж байна бөө. Эхний жил нь гэхдээ миний бие монгол яваад байгаагүйм.
Өглөө их эрт эхлэх юм ярьцгаасан бидний наадам их оройтож эхэлсөөн, юм хум нь дутуу, тэрийгээ цуглуулж байна, зөөж байна гээд л. Монголчуудын ганц засрахгүй зан ч юм шиг, цагтаа эхэлнэ гэдэг...
Эрчүүд бөх барилдсан. Сүмо банди нар л түрүүлнэ шүү дээ, ойлгомжтой. Тэд чинь аймаар том биетэй, сүмо биш эрчүүд нь хажууд нь бол бичкээн байгаам чинь.
Хорхогныхоо зурагнаас оруулчихая.

Saturday, July 10, 2010

Сайхан наадаарай

За та нар минь сайхан наадаарай, бид бас маргааш наадамлана.





Thursday, July 08, 2010

Томоос том дэлхий

За бас нэг дуу, англи хэл сайн мэдэхгүй тул томоос том дэлхий л гэж орчууллаа. хэхэ

Дуу

Залуухан байхдаа сонсдог байсан дуу. Сонсдог ч гэж дээ, монголд байхад Mtv-р их явдаг байсым байна.
Саяхан санаандгүй олж сонсоод, кино нь ч бас хөөрхөн тээ.

Wednesday, July 07, 2010

Шүлэг

Ангийнхаа хүүхдийн Facebook-с чирээд ирлээ, таалагдаад

Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...


Б.Энхтуяа 1995 он


Tuesday, July 06, 2010

Monday, July 05, 2010

Бороо битгий ороосой

Бага байхад бороонд их дуртай байлаа гэж, монголдоо байхдаа ч тэр дуртай байсан.
Тэгсэн энд яаж байна, бороог үзэн ядаж байна, ккк. Байгаль дэлхий маань гомдчих юм болов уу. Тувт бороо ороостой, бүх юм чийг даагаад нэг л зутруу байгаад байна. Угаасан хувцас хатсан үгүй нь мэдэгдэхгүй, чийгтэй оргиод л, бүр тамирын заал хүртэл чийг даагаад тоглож болохгүй байна гэсэн шүү.
Ойрын сонирхуулчих зүйл гэвэл, бага залуу хүүхдүүдтэй дээсээр цувраад, эгч бага насаа дурсаад жаал үсэрцэн чинь өнөөдөр гуя нил хүндүүр. Уг нь биеийн тамир хийгээд их дажгүй хөлс урсгасан юмсан, уг нь өдөр бүр ингэж хөдөлж хөлсөө урсгавал ч над шиг гоолиг хүн байхгүй байхдөө гэж...
Бас удахгүй наадам болох гээд сэтгэл санаа монголдоо, бие энд...
Энд ажиллаж амьдардаг хэдэн монголчууд бид хорхог хийж идэх санаатай л байна, бүтэн сайн ч таарсым. Аливаа баяр наадмыг яг тухайн цаг үед нь тэмдэглэх нь ховор байдын, энд чинь ажлын өдөр таарчуул юун цагаан сар, юун наадам л байдын. Тэгээд л сүүлд нь нөхөж тэмдэглэх жишээтэй...
нэг иймэрхүү дээ.

Friday, July 02, 2010

Бүжиг


Охиныхоо сургууль дээр зохиогдсон арга хэмжээний талаар бичих гэж байна, анхаарлаа хандуулахыг хүсье.

Эцэг эхийн зөвлөлийг хичээлийн шинэ жил эхлэнгүүт байгуулна. Хэд хэдэн салбараар ангилна. Урлаг соёл, биеийн тамир, өөр чинь юу билээ дээ санадаггүй ээ, гэсэн ангилалтай. Тэгээд эцэг эхчүүдээс санал асууж байгаад сардаа нэг ч юм уу удаа салбар тас бүрдээ ямар нэг арга хэмжээ зохионо.
Тэгсэн түрүүчийн бүтэн сайнд бүжгийн багш уриад, тамирынхаа зааланд 2 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эхэд хип хоп бүжиг заасан. Эхлээд аав охин 2 бүжиглэж байснаа, ээж нь бага ч гэсэн хөлсөө гаргая даа гэж бодоод гарч бүжиглэсэн ккк.
Жич: Сүүлийн үед япончууд янзан бүрийн бүжгийг их сонирхон суралцдаг болсон байна лээ. Цэнгээнт бүжиг, хип хоп, товшлуур гээд л, хүүхдүүдээ ч их явуулдаг болсон гэсэн. Охины минь ангийнхнаас бас суралцдаг хүүхдүүд байдаг гэнэлээ.
Би ч бас бага ангид байхдаа бүжиглэдэг д байсышд уг нь, ардын, цэнгээнт гээд л. Тэгсэн одоо тэр юмнаас чинь харин ч нэг хол байна дөө.
Нээрээ зарим япон хүмүүс амьдралдаа нэг ч удаа бүжиглэж үзээгүй гэсэн хүн байдаг юм билээ. Хөдөлгөөний эвсэл ч ер нь муутай хүмүүс дээ.Тэгээд л тэрийгээ мэдээд хүүхдүүдээ сургая гэж бодож эхэлсэн байх...
За тэгээд хүн хэлэлтгүй охин минь бас иймэрхүү юманд эвсэл муутаймаа, бүжгийн хичээл заалгадын билүү яадын билээ?
Түрийвч л мэдэх байх даа, энд чинь тиймэрхүү хичээл нь үнэтэй үнэтэй...
Зураг: Хүмүүсийн царайг хамаагүйг оруулчуул хэл амнаас нь айж байнөө, хөл л оруулахаас ккк
Өө тийм, нэг юм мартах гэж байна. Найздаа хип хоп бүжиглээдээ гэсэн чинь "саначихъч, дараа бүжиглэж үзүүлээрэй" гэж авсан шдээ, одоо яанаа би?

Wednesday, June 30, 2010

6 сард юу болов?

7 сар гарчдаг гэнээ. Ямар хурдан өнгөрч байнаа энэ цаг хугацаа?

6 сард нэлээд ажил амжуулсан юм байна. Гэр бүл минь төмсөөр амьсгалсан сар байлаа. 7 сар ч адилхан л байх байхдаа. Дахин төмсний хучмал хийсэн ш дээ нээрээ. Тэгээд зургийг нь оруулах гэснээ баахан л төмс ярьсан хүн болчих гээд хэхэ. Та нарынхаа зөвлөснөөр өндөгний шар энэ тэр түрхэж байгаад л, бас махандаа хулуу энэ тэр гээд өөрөө бодож байгаад янзан бүрийн ногоо холиод л. Нээрээ би хулуунд дуртай шд, шөлтэй хоол хийхээр уусаад шөлийг нэг тийм гоё шаргал өнгөтэй болгодог юм.

Японд энэ 6 дугаар сард зурагтаар тувт л сумогийн тухай гарлаа. Нэрийг нь мэддэгээс Котомицүки, за тэгээд нэрийг нь сайн мэдэхгүй хэд хэдэн бөхчүүд байнаа. Бэйсболын тэмцээн энэ тэрд бооцоо тавиад, тэр өгч авалцах мөнгөө хоорондоо шилжүүлж бариад л эсэн бусан юм болсымуудаа янз нь. Ядаж байхад Котомицүки миний амьдраад байгаа Тоттори мужын нэгэн ахлах сургууль төгссөн, эд нар нь их бахархдаг байсан юм. Будаа будаа, юу ч гэж хэлэхэв. Хэт их мөнгө, алдар хүнд хүнийг эвдэж, буруу зам руу оруулдаг гэж юутай үнэн...

Зурагтаар сүүлийн үед байнга яригдаж байгаа бас нэг зүйл бол "нэмүү өртгийн татвар"-ыг 10 хувь болгож нэмэх. 7 сарын 11-нд зөвлөлийн сонгууль болох юм. Тэгээд л сонгуулийн бас нэгэн ПР болгож л яригдаад байх шиг байна. 10 хувь болоод нэмэгдчихвэл бид чинь одоо яах билээ? Чөтгөр бүү мэд. Гэхдээ япон шиг 5 хувь байдаг орон цөөхөн байдаг юм байна. Нэмүү өртгийн татвар анх Франц улс хэрэгжлүүлж эхэлж байсан гэнэ. Ер нь европын орнууд их өндөр байдаг гэнэ. Гэхдээ бүх бараа бүтээгдэхүүн нь нэг ижид татвартай байдаг уу гэвэл тийм биш гэнэ. Жишээ нь улсдаа үйлдвэрлэсэн нь арай хямд байдаг орон байдаг гэнэ, ямар орон гэчихвээ? тогтоосонгүй. Учир нь улсдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Боддог л бодол.
Герман улсад гамбургерыг тухайн ресторанд идвэл татвар нь өндөр, авч яваад гэртээ иднэ гэвэл хямд байх жишээтэй. Учир нь тухайн ресторанд иднэ гэвэл тансаг хэрэглээ учир өндөр байдаг гэнэ. гэх жишээний.

6 сарын 30-нд өглөө ажилдаа явахаасаа өмнө зурагтаа асаачаад л мэдээ сонсож байсан чинь солонгосын Пак Ёнха гэдэг жүжигчин амиа хорлочихож гэнэ. Яагаав өнөө "Өвлийн хайрын дуу" гэдэг савангийн дуурьт гардаг. Гол дүрийн залуутай хүүхнээ булаацалддаг дүрд тоглодог.(Тэр драм эхэндээ хөөрхөн юм шиг байснаа сүүлдээ тэнэг болцышд. Ихэнх савангийн дууриуд адил дөө, эхэндээ сонирхолтой байснаа сүүлдээ дэндүү нуршаад байдаг нь ядаргаатай тээ. Гэхдээ л монголчууд маань аймаар идэвхитэй үздэг гэсэн ш дээ. )
Тэрийг энэ япончууд солонгосчуудаас илүү сүр болгож өдөр бүр мэдээлээд л, учир шалтгааныг нь хайгаад л уналаа. Өвлийн хайрын дуу чинь энд япон эмээ нарыг байлдан дагуулсан байхгүй юу. Бүгд л тэр хэн билээ гол дүрийн залууд дурлаад л, зураг, полкат, СД, ДВД энэ тэрийг нь цуглуулаад л энэ тэр. Бүр нөхрийнхөө хажууд л хээв нэг дурлачихсан, царайлаг, уулзуул уулчихмаар л байна шүү гэж яриад л хэхэ.
Сүүлийн үед энэ омогтой солонгосчууд яагаад амиа хорлоод байдаг болчвоо, тэр дундаа нэртэй, алдартай хүмүүс нь, нэг л учиртай шүү. Япончууд бас амиа хорлолтоороо дээгүүрт ордын гэсэн. Гэхдээ алдартай хүмүүс нь нэг их хорлоод байддаггүй шиг л санаад байна. Солонгосчууд японыг дуурайж хөгжсөн гэж ярьдын билээ, амиа хорлолтыг нь хүртэл дуурайгаад байгаан болов уу? Мэдэхгүйм даа.

Хөл бөмбөгийн тухай ганц өгүүлбэр бичихгүй бол алдас болох гээд байнаа. Би ч нээх сонирхоод байдаггүймөө, гэхдээ японыг хальт дэмжээд авсаан. Дараа жилийн наадам даанч хол байна дээ гэгчээр 4 жилийн дараа үзүүлээд өгөөрэй л гэж хэлэх байна. ККК

Түүхт газар 2

Үргэлжлүүлнээ

Онон мөрөн МНТ-п нэр нь гардаг газруудаас хамгийн олон буюу 32 удаа гардаг. 1... Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунаа нутаглаж бүхүйд төрсөн Батачихан ажгуу... 59, 97, 211-д Дэлүүн болдогийн тодотголоор 3 удаа гардаг. 106-д "Жамуха бас өгүүлрүүн: (Тэмүжин анд, Тоорил хан ах хоёрт өгүүл) хэмээн илгээхдээ... Тоорил хан ах морилохдоо, Бурхан халдуны өврөөр, Тэмүжин андыг дайрч ирж, Онон мөрний эх Ботохан бооржид болзолдъё..." хэмээн өшүүлж илгээв.
Онон мөрөн Хэнтийханы Бурхан халдун уулын яг ар дороос эх авч зүүн хойшоо 808 км урсаад ОХУ-ын Шилка мөрөнд цутгана. Манай улын нутагт 445 км урт урсах доод хэсгийг нь Онон-Балжийн Байгалийн Цогцолборт газрын зэрэглэлээр Улсын тусгай хамгаалтад аваад байна.

Монголын нууц товчоо МНТ-д тэмдэглэсэн нь: 202. "Төдий эсгий туургат улсыг шулуутгаж (нэгтгэж) барс жил (1206) Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанд хан цол тэнд өгөв." гэж дурдсан.
Энэ хөшөөг өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс урагш ойрхон Онон мөрний хөндийд х.ө 48℃ 36' 03, з.у 110℃ 36' 42-ын солбицолд d.m.d 1171 м өндөрт босгожээ.

Химурга горхи МНТ-д 4 удаа гардаг. 122-д "...эд бас Жамухаас хагацан хөдөлж, Тэмүжинийг Химурга горхины Айл харганад бууж бүхийд нийлэн буув" гэж дурддаг.
Химурга горхи гэдэг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг өнөөгийн Жаргалантын гол мөн байх гэдэг. Энэ горхи нь өрнөөс 70 км урсаад өнөөгийн Хурх голд цутгадаг.
Хорхоног Жубур МНТ-д 6 удаа гардаг. 115-д " Тэмүжин, Тоорил хан, Жамуха гурав хамтарч,... Орхон, Сэлэнгэ хоёрын Талхун арлаас буцахдаа Тэмүжин, Жамуха хоёр хамтдаж, Хорхоног жубурыг зорин эргэв" гэж дурдсан.
Хорхоног жубурыг өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр сумын нутаг Хурхын голын энэ хориод км өргөн хөндийг мөн байх гэж үзнэ. Энэ нь Хулдгар хунаас зүүн, зүүн урагш залгаад үргэлжлэх нутаг.

Бүрги эрэг МНТ-д 6 удаа гардаг. 96-д "Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан буув. Чотан эхийн бэлэг хэмээн хар булган дах авч ирсэн бүлгээ" гэж дурддаг.
Бүрги эргийг одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн мөрний баруун гарт х.ө 47℃ 56' 22, з.у 108℃ 28' 31-ын солбицолд d.m.d 1421 м өндөрт орших өндөр эргийг мөн гэж үздэг. Энд Бүрги эрэг гэсэн жуулчны бааз бий. Бүрги эрэг гэсэн хөшөөг Хэрлэнгээс баруун тийш ойрхон босгосон. Бүрги эрэг нь Сэнгүр горхиноос баруун тийш 40-өөд км-т орших газар.
Айл харгана МНТ-д 3 удаа гардаг.
107-д "...... Тэмүжин Бүрги эрэгт байх тул мөрт буй хэмээн тэндээс хөдөлж Түнхлиг горхи өөд нүүж, Тана горхиноо Бурхан халдуны өвөрт бууж, Тэмүжин тэндээс цэрэг үүсгэж, Тоорил хан нэг түм, Тоорил ханы дүү Жаха гамбу нэг түм, бүгд хоёр түм цэрэгтэй Химурга горхины Айл харганад бууж бүхүйд нийлэн буув" гэж дурддаг.
Айл харганад зориулсан гэрэлт хөшөөг өнөөгийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Жаргалантын голын хөндийд тэндэхийн буган чулуун хөшөөний дэргэд х.ө 48℃ 11' 50, з.у 109℃ 35' 50-ын солбицолд d.m.d 1278 м өндөрт босгосн байна. Энэ нь Бүрги эргээс зүүн хойш шуудаараа 90-д км, Хар зүрхний Хөх нуураас 60 шахам км зайтай байгаа газар.

Туулын Хар түн МНТ-д 7 удаа гардаг. 96-д " Ван ханд Тэмүжин хүрч өгүүлрүүн: (Эрт өдөр эцэгтэй минь анд бололцсон ажуу, иймд эцэг мэт буй за хэмээн, гэргий буулгахад инжинд ирсэн өмсгөлийг танд авч ирэв) хэмээн булган дахаа өгөв. Ван хан маш баясч өгүүлрүүн: ... 164-д "Чингис хаантай, Ван хан Туулын Хар түнд хурж, эцэг хүү хэмээлдэв.
Одоо Сонгины буланд Хэрэйд иргэний Ван ханы ордны буурь х.ө 47℃ 48' 06, з.у 106℃ 37' 30-ын солбицолд бий. Туул гол Бага Хэнтий нурууны зүүн урд хажуугаас эх авч Улаанбаатар хотын урд хэсгээр баруун тийшээ 819 км урсаж Орхон голд цутгадаг.

Хэрлэн мөрөн МНТ-д 11 удаа гардаг, үүний дөрвөн удаагийнх нь Бүрги эргийн тодотголоор гардаг. 94-д "Тэндээс (Сэнгүр горхиноос) Тэмүжин, Бэлгүдэй хоёр Дай Сэцэний Бөртэ үжинийг эрэн Хэрлэн мөрөн рүү одов" гэж дурдсан.
Хэрлэн мөрөн Хэнтийхан, Бурхан халдун уулнаас эх авч урагшаа, зүүн тийшээ 1264 км урсаж Хятад улсын нутаг дахь Далай нуурт цутгадаг. Манай улсын нутагт 1090 км зам туулна.

Monday, June 28, 2010

Түүхт газар

Хэдэн жилийн өмнөх нэгэн хуанли дээр гарсан байсныг ээж шигээ элдэв цаас цуглуулах хоббигоороо хайчилж авч цааш нь хийснээ, сүүлд нь тэрхүү цаасыг нь ад үзэж хаях гэснээ хэрэгтэй гээд л авсан байх гээд зүгээр хаячихаж чадахгүй блогтоо бичихээр шийдэв.
За аймаар урт өгүүлбэр бичсэн шүү, орчуулга хийж байхад монголчууд бид их урт өгүүлбэр бичих дуртайм билээ. Япон хүмүүс богино өгүүлбэрт дуртай гэж заалгаж байсан юм байна.

Сэнгүр горхи МНТ-д 5 удаа гардаг. 94-д"... Чотан охиноо үдэж, Хүрэлхү дотор Сэнгүр горхиноо бүхүйд хүргэж ирэв" гэж дурддаг.
Сэнгүр горхийг өнөөгийн Цэнхэрийн гол мөн гэж үздэг бөгөөд энэ гол нь Хэнтий уулын өврөөр орших Царамын Гозгор уулын араас эх авч урагшаа 160 км урсаж Хэрлэн мөрөнд нийлна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг. Байнгын урсгалтай боловч дээд хэсэгтээ 2007 оны зун усгүй болсон байв.

Хөх нуур МНТ-д 2 удаа гардаг. 89-д "... Бурхан халдуны өвөрт Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ." гэж дурдсан.
Энэ нуур одоо Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс хойш 30 гаруй км зайтай, Юдэг голын савд х.ө 48℃ 01’ 0", з.у 108℃ 58’ 01"-ийн солбицолд 1619 км өндөрт оршдог 2 нуур. 1189 онд Чингисийг Хамаг Монголын хаанд өргөмжилсөн бөгөөд энд Чингис хаан таван удаа зуссан гэдэг.

Хулдгар Хун МНТ-д 1 удаа гардаг. 117-д "Хорхоног жубурын Хулдгар хуны өвөрт саглагао модноо анд бололцон амраглалдаж, хуримлан тойлон (найрлан) жаргалдаж, шөнө нэгэн хөнжилдөө хонох бүлгээ" гэж дурддаг.
Хулдгар хуныг өнөөгийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Биндэр уулыг мөн гэж үзэж түүнд зориулан дурсгалын баганыг Биндэр овооны дэргэд босгосон байна. Эндээс зүүн урагш Хорхоног жубур байдаг.

Бэдэр Хошуу МНТ-д 1 удаа гардаг. 88-д "Тэмүжин... Онон мөрөн өөд мөр мөшгив... Химурга горхины Бэдэр хошууны Хорчухай болдогт бүхүйд золголдов" гэж дурддаг.
Бэдэр хошууг өнөөгийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэр овооны хушуу мөн гэж үздэг явдал бий. Биндэр овоо нь өнөөгийн Жаргалант (Химурга) голын адгаас зүүн хойш арваад км зайтай х.ө 48℃ 22’ 45", з.у 110℃ 17’ 26"-ийн солбицолд Хурх голын хөндийн хойд захад d.m.d 1130 м өндөрт хүрмэн чулуу, бүдүүн ширхэгтэй боржин болон хөрзөн чулуун дэлтэй бидэртэй хушуун дээр оршдог нутгийн тахилгатай овоо юм. Бэдэр гэдэг үг нь Биндэр болон сунжирсан байж болох юм.

Үргэлжилнэ

Өвөл болоосой

Өвөл болоосой, хэхэ
Яг урсаж үхлээ, үхлээ ч гэж дээ урсаад байнаа. Зүгээр сууж байхад л хөлс урсаад байна. Ядаж байхад японд зун бороо орохоороо улам л бүгчим халуун болоод байдаг юм. Дээрээс нь гадаа нь өмхий үнэртээд. Чийгтэй бүгчим болохоор тэр.
Тэгсэн монголд маань бороо орохгүй 40 хүрч халаад ээж аавын минь тарьсан хэдэн модны мөчир нь хатаад байгаа сурагтай. Болдог бол нэлээд хэдэн литрийг илгээмжээр илгээх юмсан.

Friday, June 25, 2010

Төмсний хучмал


Андуудаа, энд японд чинь ногоочин айлууд нь төмсөө 6 сард хурааж авдымаа. Халуун болохоор. Хурааж авсныхаа дараа нь тэр талбай дээрээ бас өөр ногоо тариад байдымаа. Би 3 жил дараалан 6 сард ургацаа хураалаа шүү дээ. ККК
За тэхээр 1 жилийн өмнө төмсний хучмал хийж байсан юм. Тэрнээс хойш пээж маань эвдэрчээд, хийж амжихгүй л яваад байсын. Тэгээд уржигдар хийлээ. Амт нь урдныхаасаа илүү амттай болсон гэж. Гэр бүлийнхэн маань магтаад л амаа олохгүй идсэн шүү. Жорыг нь интернэтээс хайж байгаад хийчихсэн. Юм хөгжинөө гэдэг чинь бас сайхан юм аа, хүссэн юм аа хайгаад л олчихно. Гүүглээс төмсний хучмал гээд хайгаарай, гараад л ирнэ.
PS:Сэтгэгдэл үлдээсэн та бүхэндээ баярлалаа. Төмсөн дээрээ үйрмэг бяслаг тавьж жигнэсэн юм, тэгээд тэр нь хайлаад ингэж цагаан харагдаж байгаа байх. Бас энд төмс их олон янз сорт байдын байна лээ, тэр Ховдын шаргал төмс шиг төмс уг нь байдын. Бидний "тарьж" хураасан төмсний төрөл нь ийм цагаан. Дараагийн удаа өндөгний шар түрхэж байгаад жигнэж үзнээ. Зөвлөгөө өгсөнд мааш их баярлалаа.

Monday, June 21, 2010

Хураачихсан шүү

Төмсөө хураамаар байхын гэдгийг минь бурхан сонсчиж, өнгөрдөг бүтэн сайнд явж хураагаад. Шинэ төмс идэх гоё байна шүү. Би ч мэдсэн юм шиг төмс худалдаж авахгүй гүрийгээд байсым.
Явсан нохой яс зууна гэгчээр ганц нэг сонгинотой ирсээн ккк.
Одоо төмсөөрөө ямар хоол хийх вэ гэж толгой гашилгааск, өнөөдөр арвин төмстэй ногоотой шөл хийлээ гэж.

Friday, June 18, 2010

Ойр зуур

Ойрд чинь завтай ч юм шиг, завгүй ч юм шиг өдрүүд үргэлжилсээр...

Японы ерөнхий сайд солигдоод хэд хоночихов. Нээх анхаарал хандуулсангүй, намайг энд ирэхэд Коизүми гээч нөхөр байсан шиг санагдахын. 2006 оноос өдгөөг хүртэл 5 хүн солигдсон байхын. Яг одоо Кан гээч нөхөр гарч, хэр удахыг чөтгөр бүү мэд.

Борооных нь улирал оройтож эхлээд, төмсөө хураамаар байхын ккк. Хэний тарьсан төмсийг хураагаад байдгийг манайхаар орж гардаг блогчид андахгүй байх дөө гэж.

Үйлээ урласаар л байгаа. 2 том уран бүтээл туурвисан. Зургийг нь энэ удаад оруулахгүйгээр шийдээд, учир нь цагаан хэл ам хүрчихнэ. Бас ганц нэг хүмүүсийн нөхрүүд эхнэрээ "загнана" ккк. Бас бус зөндөө юм төлөвлөөстэй. Хэзээ эхлээд хэзээ дуусахыг чөтгөр бүү мэд...

Нээрээ энэ чөтгөр гэдэг үг байна ш дээ, ээж маань охиныг минь "сахилгагүйтээд", "заль гаргахад" нь чөтгөрийн зээ минь ээ гэдгийн, өөрийгөө чөтгөр гээд хэлчиж байгаам, инээд хүрээд байдын.

Monday, June 14, 2010

Зүгээр л

Олон уучлал гомдол авчирдагийг
Олон уучлал зүрх хөргөдөгийг

Эбагийн ийм үгтй дууг youtube-с хайгаад олдоггүй ээ, яах уу?

Friday, June 04, 2010

Паян

За бас нэг паянгаас нь бичье өө.
Энд хотын харъяа, мужийн харъяа гэсэн 2 номын сан байдаг юм. Нэгээс нь нэг удаад 8 ном, нөгөөгөөс нь 10 ном 14 хоногийн хугацаатай зээлж болдын.
Нэг хэсэг охиныгоо миний охин ээжийгээ дуурайсан номонд дуртай (ээж хальт өөрийгөө рекламдсан) гээд онгироочихсын. Тэгсэн дээрх 2 номын сангаас өөрийнхаа картаар ч, миний картаар ч зэрэг зэрэг ном зээлээд их байсан юм. Нэг удаад 30-д ном зээлнэ гэсэн үг. Нэг хэсэгтээ гэр орон гэж номын сан юм уу хаашаа юм л байгаам чинь.
Ээжийгээ ажилдаа явсан ганц нэг өдөр хичээлээсээ тарж ирээд 3 цаг гаран ганцаараа байдаг байхгүй юу. Тэр үедээ заримдаа сэжиг бүхий зүйл их хийнээ. Тэр нь ээжид шууд л баригдана. Жишээ нь ээжийн "алт эрдэнэсийн сан"-г уудалж зүүж барьж үзнэ, хааяа будаг шунхаар гоёно гээд л...
За тэхээр энэ удаагийн паян нь байна шдээ.
3 сарын нэг налгар сайхан өдөр охин минь гэрийнхээ гадаа ном уншдаг баатар болсон байна л даа. Нээх сайхан уншаад л сууж байсан чинь нэг найз нь тоглоё гээд ирж. Мань хүн ч уухайн тас за гээд л гүйж одноо доо. Тэгэхдээ номоо гэртээ оруулж тавиагүй бариад гүйсэн юм уу хаашаа юм. Тэгээд хажуугийн саадны сандал дээр тавьж тоглож байгаад тэр чигт нь мартаад, 7 хонуулсан байгаа юм. Ээж ном буцааж өгөх хугацаа нь болчоод номнуудыг нь бөөгнүүлж аваад гарах гэсэн 1 ном дутаад болдоггүй ээ. За орой ирэхээр асууж байгаад маргааш аваачаад өгье гэж бодоод л бусад номыг нь аваад гарсын. Орой нь ч нээх юм бодолгүй номоо олоорой ээж нь олсонгүй гэсэн чинь за л гэсийн. Маргааш нь болов оо. Ажлаасаа ирээд л номоо олсон уу, ээж нь аваачаад өгье гэсэн бас л нээх сэжиг бүхийгээр нэг юм нуугаад байнаа. Хар төрөөд л явна биз дээ. Энэ удаад ямар хэрэг тариа бол доо гэж бодоод л асуусан чинь. Өө, өнөө нэг ном чинь шалба норчихсон, ус нь дуслаад л байж байдаг байгаа. Тэрийгээ намайг байхгүйд хатаах гэж тенийн өмнө тавьсан мэдэгдээд, хав халуун байгаам чинь. Ээж тэсээгүй тоосыг нь гөвчихсөөн, дараа нь харин өрөвдөөд кэцүүн билээ. Ээж аав 2 минь бас бидний тоосыг гөвчихөөд дараа нь өрөвддөг байсан байх даа хэхэ.
Тэгээд шалба норсон номоо бариад л номын сангийн хүнээс уучлал гуйгаад дахин ингэхгүй гэж ам өчгөө өгөөд, яг тийм ном шинээр авч өгсөн.
Тэр нэг налгар сайхан өдрийн дараагаар тувт бороо орсон 7 хоног үргэлжилсэнийг хэлэх үү, одоо гэрт нэг тийм хуудас хуудсаараа салсан, дарайгаад хатчихсан нэг ном явж л байдын. Муухай болгосон номыг нь "дурсгал" болгоод өгчихдөг юм билээ.
Хүүхдүүдээ гэж...

Wednesday, June 02, 2010

Хүүхдийн сэтгэхүй гэж

Хүүхдийн баяр дуусаад удаагүй юм чинь охиныхоо паянгаас бичнээ.
За тэхээр ингэсийн.
4 сарын эхээр хаврын амралт болоод хэд хоног амарваа. Нэг дэвтэр хуулан бичлэг хийх даалгавартай байсын. Эхний хэд хоног ч даалгавар энэ тэр гэхгүй сайхан байлөө. Сүүлийн хоёр хоног ч даалгаврын тухай яриа гараад л би хийгээрэй миний зулзагаа гэж хошуугаа дэвсчээд л, айхтар шалгаж барьсангүй ээ. Аав ээж хоёр жоохон хувийн ажил ихтэй нааш цааш гүйгээд завгүй байсан болохоор таг дэргэд нь суугаад хийлгэж чадаагүйм. Тэгсэн маргааш хичээл эхлэнэ гээд орой би дэвтрийг нь шалгалаа. Охин дэвтрээ өгчихөөд нэг сэжиг бүхий 00 яваад орчивоо. Хүүхэд сэжиг бүхий үйлдэл хийхээрээ цаанаа нэг андашгүй байдаг даа. Ээж ч тэмээ хариулдаг хүн буурныхаа занг андахгүй гэдэг шиг л нэг л биш гэдгийг нь "эх хүнийхээ зөн совин"-гоор мэднэ биз дээ. Дэвтэр нь их нимгэн болчжээ, эхэндээ ч анзаараагүй хуудсыг нь эргүүлж байтал хамгийн сүүлийн хуудас их жоготойгоор хавтсандаа наалдаастай байнаа. Энэ чинь юу билээ гээд л хуудсыг тооллоо. 18-хан хуудас байна. Хар төрөөд дэвтрийг хэдэн хуудастай байсын байна гээд үзсэн чинь 30 хуудастай гээд бичээстэй байдаг байгаа. За энэ манай охин бүхэл бүтэн 12 хуудсыг яачихдаг байнаа гэж бодоод л асуулаа даа. Дуугардаггүй шүү золиг чинь. Урцан биз дээ үнэнээ хэл дээ л гэлээ. Худлаа хэлбэл харин ч нэг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд гээд л үглэж гарлаа даа. Тэгсэн өдөр нь ганцаараа өнжихдаа гарч тогломоор байдаг, олон хуудас даалгавар нүдэнд нь харагдаад байхаар нь урж салгаад, арын хуудсыг хавтастай нь цавуудаад наасан гэдэг байна даа. Хэхэ.
Ээж цаанаа инээд хүрээд ишш охин минь дээ охин минь гэж бодож байсан мөртлөө наанаа их л ууртай шинэ дэвтэр олж ирнэ, бүр эхнээс нь дахиж бич, хэнийг хуурч байгаан энэ тэр гээд л үглэлээ шд. Угаасаа ч үглэх дуртайм байгаан.
Тэр оройдоо гарч шинэ дэвтэр олж ирээд эхнээс нь нусаа татаад л бичсэн, дуусгаагүй ээ. Маргааш авчир гээгүйн байгааз дээ, одоо унт гэж загнаад л унтуулсан. Охины минь аз болоход даалгавараа авчир гэж нэхээгүй, одоо ч тэр дэвтэр нь бичиж дуусгаагүй хаа нэгтээ явж л байгаа.
Тэгж салгахдаа бас хүүхдийн ухаан гэхэд их л бодсон байгаам чинь. Эхлээд үдээсээр нь салгаад, тэгээд нэг нэгээр нь ураад буцааж үдэх гэж үзсэн юм шиг байгаан. Голоос нь эвтэйхэн ураад авчихдаг гэж мэдэхгүй л байсын байхдаа гэж бодоод инээд хүрээд байгаам чинь, ээж ч багадаа голоос нь урж авдаг л байсан даг. Хэхэ. Нэг бол голоосоо хэтрээд явчихсан байсан байх.

Monday, May 31, 2010

Баярын мэнд шүү

Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй
Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг
Үлгэр зохиож үрийнхээ тавиланг зурж амьдардаг
Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе
Монголын сайхан ээж-эмээ та бүхэндээ
ЭХ ҮРСИЙН БАЯР-ын мэнд хүргье...

Зуны сарын эхэн
Зургаан сарын нэгэн
Хүүхэд бүхний баяр
Хөгжилтэй сайхан өдөр
Mонголын үрс маш олон болох болтугай.

За энэ яхоогоор ирсиймаа, хэн зохиосныг мэдэхгүй ээ.

Thursday, May 27, 2010

Зун болохгүй юмаа


Зун болоосой гэж.
Улам л хүйтрээд болдоггүй ээ. Хамаг зузаан хувцсаа далд хийгээд зуныхаа хувцаснуудыг гаргаад ирсэн чинь арай эртэдчиж. Уг нь 5 сард энд шатааж алчих гээд байдаг байхгүй юу. Тэгсэн буцаад өвөл болох гээд байгаа юм уу хаашаа юм. Өдөр бүр бороо ороостой. Ямар сайндаа л далд хийсэн өвлийн хувцсаа гаргаж ирэхээс залхуураад шинээр нэхэж байхав дээ хэхэ. За за тоглосон юм, таньдаг хүн маань ноосон утас өгөхөөр нь охиндоо майк нэхэж өгөөд. Дандаа л оймс, нэг бол ороолт нэхэж байхаар гэж бодоод интернетээс хайж хайж ашүй нэг хөөрхөн майкны нэхэх арга олоод нэхлээ шдээ. Эхэндээ хэцүү байсөөн. Буцаагаад хөвчихмөөр санагдаад л. Монголд байхдаа майк, бээлий гээд нэхдэг л байсын уг нь.
Болоогүй ээ бас өөртөө даавуун утсаар ороолт нэхсэн. Хавар намар халуун өдрүүдэд гоёх гэж. Энд чинь хүүхнүүд нь хүзүүгээрээ байнга нэг юм ороогоостой байх юм. Эгч юугаараа дутахав бас орооноо гэж. Ойрын сонин гэвэл нэг иймэрхүү...

Thursday, May 20, 2010

Энэ хэн бэ?


За энэ охины минь ээлжит уран бүтээл. Уг нь бүтээлээ туурвиад л яваа л даа, ээж харин тэр бүр блогтоо оруулж амжихгүйм. Сүүлийн үед усан будаг энэ тэр их сонирхоод байгаа. Бас удахгүй зургийн хичээл дээр нь усан будаг орж эхлэх юм гэсэн, бийр будгийх нь захиалга явагдаж байна лээ.
За тэгээд энэ хэнийг зурсан бэ? Таагаарай, таасан хүнд...

Friday, May 14, 2010

Аялал






5 сарын 2, 3, 4-нд Кёото явсан юм байна шүү. Эндхийн алтан амралтаар. Түрүү жил Тояма муж явж байсын.
Кёотод найз маань сурдаг юм. Тэднийхээр айлчлангаа Алтан сүм, Киёмизү сүмээр ороод. Алдартай алдаргүй их л олон сүм байдаг юм билээ. Тийм ч болохоороо хүмүүс нь газарчлахдаа тэр дэлгүүрийн хажууд, тэр сургуулийн хажууд гэхгүй тэр ч сүмийн ойролцоо, энэ ч сүмийн ойролцоо гэж ярьдаг. Найзых маань Нинна сүмийн ойролцоо.
Олон хоног үргэлжилсэн амралт таараад гадагад хүн ихтэй, машины зогсоол нь үнэтэй байлаа гэж. Гэхдээ дурсамжтай сайхан яваад ирсээн.
Зураг1: Найзын дуртай Арашияма гэдэг газрын вокзал дээр.
Зураг2: Амьд шүү, огт хөдлөхгүй болохоор нь хүмүүс амьд эсэхэд нь эргэлзээд байх шиг байсан.
Зураг3: Хүн гэж нөхцөлгүй...
Зураг4: Найзын гарын хоол.
Зураг5: Алтан сүм.

Wednesday, May 12, 2010

Ногоон нүдэн лам

Ногоон нүдэн лам гэдэг номыг аль 3 сард уншиж дууссан юм байна шүү. Мааш сонирхолтой. Түүх ч гараад л, миний дуртай хайр дурлал ч гараад. Уг нь хэсэгчлэн оруулах гэсэн чинь зөвшөөрөлгүй хуулбарлаж, хэсэгчлэн хуулбарлахыг хатуу хориглоно гэсэн байхаар нь айгаад больчлоо. Номонд хорхойтой хүмүүс нь олж уншаарай.
Ойрд лам сэдэвтэй ном их тааралдаж байна шүү, бас нэг ном хүн өгнө гэсэн. Харуулдаад л суугаад байдаг...

Saturday, May 08, 2010

Уулан дээрх...



Зулзган хулс түүсэн айл маань уулан дээр газар тариалан эрхэлдэгийм. Модыг нь хяргаад хөрсийг нь уринш болгож энэ тэр гээд 3 жил гаран зарцуулсан гэнэ. Арчлахгүй 3 жил болбол л буцаад ойжчих байх гэнэ.
Гэрийн эзэгтэй цэцгэнд дуртайм болохоороо янз бүрийн цэцэг их тарьсан харагдана лээ.
Ногооноос миний мэдэхийн төмс, ногоон сонгино, гогод лав байсан. Энэ гогод нь зүрхэнд сайн юм гэж хүн хэлсэн шүү.
Нэг юм бодогдсон нь энэ япон хүмүүс уулын хөрсийг хүртэл газар тариалан тарихад зориулагдсан болгочихдог айхтар улс шүү гэж. Тэгтэл бид хашаан дахь хэсэгхэн газартаа төмсөө тарьчихая ч гэж бодохгүйд байгаам. Ээжийг минь анх хашаа байшинд нүүж очоод цэцэг тарихад хамаатны ах эгч нар илүү ажил хийж байх юм гэж байсан гэдэг. Харин цэцэг нь ургаад өнөө муу хашааг нь хачин гоё чимээд ирсэн чинь бүгд л сайхныг нь шагшраад байсан гэнэ лээ.
За тэгээд энэ бүхэн эртнээс уламжлалтай соёлоос нь болцгоодог байх даа... Гэхдээ л зах зээлд шилжээд 20 жил, хятад ногоог "үзэн ядаад" нэлээд хэдэн жил болчихсон улс шүү дээ бид.

Wednesday, May 05, 2010

Хулсны зулзага





Японд хулс их урганаа. Хулсаар их ч олон юм хийнэ. Савх, таваг, үзэгний сав гээд л тоолж баршгүй. Байнга бороо орж байдаг юм болохоор хулс нь ихдээд сүйд болдог юм байх, тэгээд түүнийгээ тайрч хаяад баахан юм хийхээс гадна хавар 5 сард зулзаган хулс гарч эхлэнгүүт ухаж гаргаад чанаж амтлаад иддэг юм билээ.
Уржнан жилээс бид 3 монгол хэл сурдаг нэг шавийнхаа ногоо тарьдаг ууланд очиж зулзаган хулсыг нь түүдэг болоод байгаа. Эхлээд тармуураар? ухаж гаргана, тэгээд хальслаад газар дээр нь чанаад л цуу энэ тэрээр амтлаад иднэ. Мэдээж хажуугаар махаа шараад л... Нэг тийм амт гэхээр зүйл байхгүй ч амталчихаар бас дажгүй л санагдсан.
Энэ жил ажлын өдөр таараад би ганцаараа явсан. Аав охин 2 албандаа.
Мах энэ тэр шарж идсэнгүй, даруухан л өдрийн хоол боллоо.
Зургийг нь оруулах нь ямар ч тайлбараас илүү байх өө.
Зураг1: Ухаад гаргаад ирсэн байдал.
Зураг2: Чанаад хөргөж байгаа байдал, зүгээр л усанд чанана.
Зураг3: Ухаж гаргаад голоор нь хуваана. Тэгээд хальсална.
Зураг4: Жижигхээн шовойгоод ургаж байгаа байдал, яг л ухаж авдаг дээрээ байгаа нь. Цаана нь нас бие гүйцсэн хулснууд зөндөө...

Tuesday, May 04, 2010

Зүүдний дагина

За энэ намайг оюутан байхад мандан бадарч байсан дуу. 4 дүгээр курсдээ япон дууг нь Б багшийн хичээл дээр орчуулах гэж бид их л хөөрцөглөж байсан юм даг. Тухайн үед шүлэг энэ тэр ид сонирхдог дээрээ байлаашд.
Freezone хамтлаг нь дуулсан нь олддоггүй ээ, тэгээд хувь хүн дуулснаар нь оруулчлаа шүү, уучлаарай.


Энэ болохоор Токүнага Хидэаки-н дуулснаар. Энэ дуучин хуучны дууг "cover"хийж дуулахдаа гаргуун юм билээ.

Friday, April 30, 2010

Дэндүү давчуу

YouTube-ээр нэг ийм сонинтой...
Ер бодоод байхад ихэнх хамтлаг л хулгайн дуутайм шигээ. Оюутан байхад Зүүдний дагина гээд нэг дуу гараад л шуугиулаад байсан чинь япон хүн дуулсан байсан ш дээ. гэх мэтчилэн


Tuesday, April 27, 2010

Би дуртай...

Солонгос савангийн дуурийг хааяа үздэгийн. Энд япон орчуулгатай үзэхээр монгол хэл дээр үзэхээс илүү сонирхолтой ч юм шиг санагдаад байдгийн.
Эрэгтэй жүжигчдээс хамгийн таалагддаг нь И Бён Хон. Юун тэр Ён сама. Ён сама гэдэг нь байна ш дээ, өвлийн хайрын дуу дээр гардаг хэн ч билээ дээ гол дүрийн залуу. Нэр мэрийг нь мэдэхгүй юм байна өө.
И Бён Хон байна ш дээ, бусдыгаа бодвол арай л эрэгтэйлэг.
Түүнтэй холбоотой миний нэг онигоо байдгийн, гэхдээ энд бичихгүй ээ, нууц...

Чи минь...

Нэг ийм дуу моодонд ороод байгаа сурагтай.



Тэс хөндлөн юм ярих уу? Тогооноос дөнгөж гаргаж байгаа цус, зүрх, элэг, бөөр идэх юм сан. ККККККК

Ухаарал түгээгч 3

Ном бол зөвхөн ухаалаг толгойг төдийгүй бас ухаалаг гарыг төлөвшүүлнэ.
Сухомлинский

Бүх хүнтэй эелдэг бай
Олон хүнтэй эвсэг бай
Харин цөөн зарим хүнтэй
Илэн далангүй бай
Франклин

Дайснаа өршөө
Тэгэхдээ нэрийг нь бүү март
Жон Кеннеди

Өрөөл бусдыг ялан дийлэх хүч бус
Өрөөл бусадтай нэгдэж чадах хүч л
Туйлын дээд хүч байдаг
Шричинмой (Энэтхэгийн гэгээрсэн багш)

Monday, April 19, 2010

Ухаарал түгээгч-2

Ачлахын дээдээр ачлууштай нь
Аав ээж эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс нялхас хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь
Нойр залхуу атаа гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа дуу хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие хэл сэтгэл гурав
Эгнэгт тордож явууштай нь
Билэг ухаан чадал гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг чадвар дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн түргэн даамай гурав
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох туурих дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх орших үхэх гурав
Д.Равжаа

Sunday, April 18, 2010

Ухаарал түгээгч

4 сар дуусах дөхчиж, уг нь бичмээр юм их байвч нэг л боломж нь бүрдэж өгөхгүй байна. 5 сараас бичнэ гэдгийг үзүүлж өгнөө.
Өнөөдөр хайртай ээж аавтайгаа ярьлаа, тэгсэн манай хоёр оноч мэргэн үгсээс түүж аваад хэвлэж гаргаад ханандаа хаддаг болсон гэнэ. Ойр хавийнхандаа ухаарал түгээж байгаа юм байхаа хэхэ. Нэг найз нь бүр хуулж бичиж аваад харьсан гэнэ лээ.
Үргэлж л бусдад үлгэр дуурайл үзүүлж байдаг та хоёроороо бахархдаг шүү.

Би бас юугаараа дутахав, аавынхаа сэтгэл гарган утсаар уран унших гэж их л хичээж хэлсэн энэ сарын турш ханан дээр нь хадагдах сургаалийг нь та бүхэнтэйгээ хуваалцах гээд л

Ам нь нэг байхад чих нь хоёр байдаг юм, үгээ мэд
Амьдрал ганц байхад сонголт олон байдаг юм, замаа мэд
Хань ганц байхад хайр олон байдаг юм, сэтгэлээ мэд
Амжилт таныг тосож байхад
Алдаа таныг отож байдаг юм, өөрийгөө мэд.

Monday, March 15, 2010

Гэнэт

Гэнэт оюутан ахуй цагийнхаа япон хэлний хичээлийг эргэж дурсаад аа. Баахан япон дуу цуглуулаад ааваасаа кассетны мөнгө нэхээд л, баахан кассет монгол дахь үнэлж баршгүй өмч хөрөнгөн дотор минь яваа даа. Нээх гоё дэвтэр дээр бичнээ, өнгө мөгнө алаглуулаад. Манай ангид их гоё дармалдаж бичдэг охин байдаг байж билээ, тэрний дууны, шүлэгний дэвтэр их гоё оо уншихад урамтай.
Ангийнхаан санаж байна уу? Хэн билээ багшийн хичээл дээр нэг драм үзээд л, гол дүрийн залуугийн "хөөрхөнийг" гайхаад л...
Драмныхаа нэрийг санадаггүй ээ, ямар ч байсан дууг нь санаад байдаг юм, тэгээд оруулчлаа. Санаад мэдэж буй нэг нь сэтгэгдэл үлдээгээйр дээ, онэгай нэ.

Friday, March 12, 2010

О.Дашбалбар

Танд эмгэнэл илэрхийлье, дэлхий дээр төрсөнд чинь
Тамын зовлон эдлэх ээлж ирсэнд чинь эмгэнэе
Амьдралын гашуун, егөөтэй инээмсэглэл таныг таалж
Аав ээжийн чинь үхэхийн зовлон хаа нэгтээ хүлээж буй
Хорвоо дээр хуурагдах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр худлаа ярих гэж ирсэнд чинь эмгэнэе

Хорвоо дээр хоол идэх гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр цангах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр хувцас өмсөх гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр янаг амрагтай болох гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр үр хүүхэдтэй болох гэж ирж буйд чинь
Хорвоо дээр нэр алдартай болох гэж буйд чинь эмгэнэе
Хорвоо дээр эрх мэдэлтэй болохоор ирж буйд чинь эмгэнэе
Хорвоо дээр эд баялагтай болох гэж төрсөнд чинь эмгэнэе
Хорвоо дээр хов живэнд хутгалдаж, гүтгүүлэх гэж төрсөнд чинь эмгэнэе
Хорвоо дээр өвгөрөх гэж ирж буйд чинь эмгэнэе
Өөрийн бус бусдын тусгал болох гэж төрсөнд чинь эмгэнэе
Өрх толгойлж үйлээ эдлэх он жилүүдэд чинь эмгэнэе
Өрөөл бусдад гоочлуулж, үхмээр санагдах үед чинь эмгэнэе
Өнө мөнхийн бус хорвоод дасах гэж ирсэнд чинь эмгэнэе
Уйтан амьдралд өвдөх гэж ирж буйд чинь эмгэнэе
Уйтгарт хорвоод айх гэж ирж буйд чинь эмгэнэе
уур хилэн чинь бадрах гэж ирж буйд чинь эмгэнэе
Үр хүүхэд санаснаар чинь явахгүй
Улс амьтан зүгээр байхад чинь оролдоно

Wednesday, March 10, 2010

Үнэн ч юм шиг

Танд эмгэнэл илэрхийлье, дэлхий дээр төрсөнд чинь
Тамын зовлон эдлэх ээлж чинь ирсэнд эмгэнэе
Хорвоо дээр хуурагдах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр худлаа хэлэх гэж ирсэнд чинь эмгэнэе...


Доромжлуулах тусах би улам өнгө орно
Долоон бурхан од шиг улам тод гялалзана
Гүтгүүлэх тусам би улам өнгө орно
Гүн шөнийн одод шиг улам тод гялалзана...
О.Дашбалбар

Жич: бүтнээрээ байвал хэлж өгөөрэй.

Tuesday, March 09, 2010

Шүлэг

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм


Жич: Мартын 8-ны мэндчилгээгээр yahoo messenger-р ирсэн юм, хэн зохиосныг нь мэдэхгүй байна.

Sunday, March 07, 2010

Өвөө хууртагдсан нь

Нэг хичээл дээр өвөө эхнэртээ хууртагдчихсымөө гэдэг байгаа. Яаж, яагаад гээд л бид нээх хэрэгт дурлаад асуусан чинь, их л жоготой инээдэг гэжиийнэ ш дээ. Би дотроо "эхнэр нь өөр амьтан хүнтэй болж байсым болуудаа" ухааны юм бодож суув ш дээ, японд байдаг хүмүүс андахгүй дээ, японд гэр бүлийн нэг нь нэгнийгээ заавал араар нь тавьдаг гэж ярьдаг юм билээ. Ялангуяа эрчүүд нь...Хадуурахгүй шүү, хэхэ.
Тэгсэн өвөө үргэлжлүүлээд: Дайны дараа нутагтаа ирээд эхнэр авах болоод, эдний дээр үеийн заншлаар зуучлуулж хүнтэй суух болдог гэнээ. Тэгээд уулзалтын эхний өдөр эхнэр болох хүнийхээ гэрт яваад очив гэнэ. Тэгсэн нэг хүүхэн сууж байсан гэнээ. Ер нь эхнэрийн талынхан бүгд л татами буюу сүрлэн шалан дээрээ сууцгааж байсым байх. Бие биедээ таалагдсан юм байлгүй, нэг их юм бодолгүй уулзалт ч тэгсгээд өндөрлөж гэнээ. Хуримын өдөр хууртагдсанаа мэдсэн гэнэ, яаж гэхээр эхнэр нь их "жижиг" хүн байсан гэсэн. Эхнэрийн хамаатан садан гээд л бүгд "жижиг" хүмүүс байсан гэнэ лээ. Яагаад сууж уулзалт хийсэн, тэр өдөр нэг ч босоогүйг хуримын өдрөө л мэдсэн гэсэн шүү, хэхэ. Өвөө өөрөө намхан хүн л дээ, тэгээд жаахан биерхүү хүнтэй сууна гэж боддог байж л дээ. Яагаад гэвэл хүүхдүүд нь бүгд жижиг болчихно гэж санаа зовдог байсан гэнэ лээ. Тухайн үед эхнэр нь нэлээд хэдэн давхар олбог дэвсэж байгаад суусан байсныг сүүлд мэдсэн гэнэ лээ, тэгж суухаар тийм их намхан жижиг хүн гэж харагдаагүй гэсэн. Ингэж би эхнэртээ хууртагдсан юм даа гэж ирээд л ярьсан чинь би гэдэг хүн тэсгэлгүй инээчихсэн, өвөө ч нээх тоосон шинжгүй үнэн юм чинь гэсэн байртай хамт инээгээд байгаам чинь. Тэгээд би бодлоо ш дээ, би ямар азаар өндөр хүнтэй сууваа гэж. хэхэ
Бас Орос хүүхнүүд их биерхүү, үзэсгэлэнтэй гэж ирээд л ярина ш дээ, санаа нь орос эхнэр авчих санаатай байсан байх шүү хэхэ. Гэхдээ нас ахиад ирэхээрээ таргалчихдаг тээ, юунаас болдым болоо? залуудаа ч тэдэн шиг гоё хүүхнүүд байхгүй шүү гэж ирээд л хөгжилтэй юм их ярьдаг юм. Монгол хэл заахаасаа илүү өвөөгөө яриулсаар байгаад л таардаг юм зарим хичээл дээр...

Thursday, March 04, 2010

Өвөө

Би өвөө гэдэг үгийг хэлж өсөөгүй ээ, жаахан байхад өвөө нар маань аль хэдийн даваажиндаа заларцгаасан байсан. Аавын минь аав аавыг 3 настай байхад өөд болсон, ээжийн минь аав нэлээд хойно гэсэн.
Харин японд ирээд их олон "өвөө"тэй болчихсон. Хэ хэ.
Тэгдэг өвөө, ингэдэг өвөө гээд л. Хайр татсан өвөө ч бий, загнадаг өвөө ч бий, хааяа нэг таарч хууч хөөрдөг өвөө ч бий.
Тэдэн дундаас аргагүй хүндэтгэл төрүүлдэг нэг өвөө 90 настай. Монгол хэлний минь шавь байгаам. Энэ жил 90 хүрнэ, дээд сургуульд японы дундад зууны түүхийн хичээл заадаг юм. Тэгсэн ямар нэг гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой гэсэн гээд одоо хятад хэл сурч байна. 2-р дайны дараа орост олзлогдож Сибирьт хоригдож байсан. Нахоткад 1 жил хоригдсон гээд л намтар түүх ихтэй хүн. Дайны жилүүдийн тухай, олзлогдож байсан үеийнхээ тухай гээд л их зүйлийг ярьж хэлж өгнөө. 90-тэй гэхэд нуруу тэгш, алхаа жигд, ой хурц гээд би "хөгшрөхдөө" ийм байж чадах болов уу гэж өөрийн эрхгүй бодоод байдаг юм.
Өвөө минь инээдтэй, хөгжилтэй зүйл их ч ярина, сургаалиа ч хайрлахгүй хэлнэ.
Саяхны нэг хичээл дээр "толгойдоо хийсэн юмыг чинь хэн ч хулгайлахгүй учир Бямбаа минь юухан хээхэн байсан ч сураад л байгаарай","толь бичиг ихтэй байх сайн, учир нь нэг толь дээр байдаггүй үг нөгөө толь бичиг дээр байдаг тул" гээд л...
Өвөөгийн яриануудаас сэтгэлд хоногшсон нь зөндөө бий, блогтоо бичлэг болгоод ганц нэгээр нь оруулъя гэж бодлоо.
"Спасибо" гэдэг үгийн ачаар би өдийд амьд байгаа гэж ярьдаг юм. Тухайн үед харгалзагч нарт спасибо гэж хэлээд, тэд нар нь арай зөөлөн ханддаг, ганц нэг талхны булан илүү өгдөг байсан гэнэ лээ. Тэгэхэд л гадаад хэл мэддэг байхын ач тусыг яс махандаа шингэтэл ойлгосон юм даа гэж ирээд л инээмсэглэж сууна.
Эхнэртээ "дамасарэта-хууртагдсан нь" гэдэг яриаг нь дараагийн бичлэгт...

Friday, February 26, 2010

Хойт насандаа учирна

2 сард уншсан ном.
Цөөхөн хэдэн монголчууд маань дэндүү туйлшрамтгай, бас харалган байж дээ л гэж бодогдохоос өөрийг хийж чадахгүйм... Ид шидтэн байсан бол ч, өнгөрсөн үед хүргэж өгдөг машин байсан бол ч гэсэн шүү юм бодож суухав дээ, хэхэ. Одоохондоо өөрийг бодох сөхөөгүй байна аа. Монгол руу захисан ганц нэг ном бий, жишээ нь "Ногоон нүдэн лам" удахгүй ирэх байх, тэсэн ядан хүлээгээд л сууж байна даа. Бумаа ахын "61ах" дараагийн ээлжинд онилчихсон байгаа. Бэлэглэх хүн гараад ирвэл ч шууд... Хэ хэ.
Дараагийн бичлэгт номноос хэсэгчлэн оруулнаа.

Wednesday, February 24, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

Үргэлжлэл

Энэ үед түүний тулах түшмэлээр ажиллаж байсан Г.Наваанамжил
"...да лам Цэрэнчимэдийг зарлигаар тохоон явуулжээ. Энэ нь наагуураа баруун хязгаарыг тохинуулах хэргийг чухал болгосон хэрэг мэт боловч, цаагуураа Сайн ноён ханы зэрэг хар сайдууд нь улс төрийн ажил дээрээ ямагт алдагдлыг гаргах учир да ламаас элдэвт залруулах, ятгах, эсэргүүцэх, зөрөлдөх зэргийн нийлэмжгүй явдлаас түр зуур ч болов баруун хязгаарт түлхэж зайлуулахыг бодсон ажээ." хэмээсэн байна.
Үнэхээр ч сайн ноён хан Намнансүрэн, да лам Цэрэнчимэдийн хооронд бага сага зөрчил байсан юм. Тэр нь сайн ноён хан, ерөнхий сайд Намнансүрэн хаант Оросод 1913 онд айлчлахдаа Оросын санхүүгийн зөвлөхийг монголд ажиллуулахыг зөвшөөрсөн нь хэзээнээс улс төр, эдийн засгийн хувьд биеэ даан орших замыг баригч да ламд илт таалагдаагүй нь лавтай. Гэхдээ ерөнхий сайд Намнансүрэн хүн хороох огтоос биш гэсэн саналыг зарим эрдэмтэд хийсэн нь бий. Энэ нь үнэний хувьтай. Харин Да ламын үхэл үнэхээр сэжигтэй санагдвал ёстой гадаад хүчин зүйлээс хайх нь зөв. Ялангуяа тэр Хаант Оростой эдийн засгийн асуудал дээр эрс сөргөлдөж байв. Оросын төлөөлөгч И.Я.Коростовиц гадаад яамны сайд С.Д.Сазановт:
"...да лам оростой ойртохыг эсэргүүцдэг манай хамгийн том дайсан бөгөөд биднийг Монголыг боолчлохыг эрмэлзсэн хэмээн буруутгаж байна, түүнийг засгаас зайлуулах хэрэгтэй. " гэж 1912 оны эцэст мэдэгдсэн байна.
Да ламын дараагийн ээлжинд тухайн үеийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн чин ван Ханддорж байв. Чин ван Ханддорж 1915 оны хавар шинийн зургаанд Богд хаанд золгохоор очсоны маргааш дунд голын мөсөн дээр харамсалтайгаар бусдад хорлогдсоныг архивын баримтанд "мориноос унаж нас барсан" гэдэг юм. Мөн л хааны ордонд зочилсны дараа далд аллагын суманд өртсөн байна. Түүний үхлийн тухай эрдэмтэд үзэхдээ Богд Жибзундамба болон Бадамдорж нарын хамт алсан гэсэн байхад, хятадын судлаачид оросод үнэнч ноход түүнийг алсан гэж үзэцгээсэн нь магадлал багатай юм. Тухайлбал Богд хаан түүнийг нас барсныг сонсоод асар их гашуудан эмгэнэж байсан ба түүнтэй анхнаасаа хамтран тэмцэж, зүтгэж явсан ба хорлох үндэслэл бага юм, хоёрдугаарт Ханддорж бол Оросын талыг хамгийн ихээр баригч зүтгэлтний нэг. Тиймээс энэ хоёр дүгнэлт баталгаа багатай.
Тухайн үеийн улс төрийн зүтгэлтнүүдээс ихээхэн сэжиг бүхий хороогдсон хүний нэг нь Түшээт гүн сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайд Г.Чагдаржав юм. Г.Чагдаржав нь Монгол улсын хувь заяаг шийдэх хамгийн эгзэгтэй, ээдрээтэй нөхцөл байдалд Орос , Хятад хоёр улстай тууштай есөн сар гаруй чи бидээ тулж, сөрж сөргөлдөж, эвлэж зөвлөлдсөний эцэст Монгол улс өөртөө засах эрхтэй үлдсэн нь томоохон амжилт байсан юм. Г.Чагдаржав Хиагтын хэлэлцээрээс ирсний ердөө сарын дараа дээш өргөсөн нэгэн бичигт:"...Шавь боол Чагдаржав миний биед энэ зуны сүүл сараас эхлэн дээш хөөрч амьсгал давчих ба хүчтэй ханиалгах зэрэг өвчин тохиолдсон нь элдвээр шавдан засуулсаар боловч илаарших төлөв үгүй нэн дордон маш зовиур бүхий хэвтэж буй ану. ....өвчнийг чөлөө чагнан олгоно уу" хэмээн гуйж чөлөө аваад 11 хоногийн дараа "...Чагдаржав өвчнийг шаардан засуулсан боловч илаар болон чадсангүй улам хүндэдсээр энэ долоон сарын 16-ны хулгана цагт нэгэнт наснаас нөгчив" гэжээ.
Ийнхүү тэргүүн сайдууд болох Ханддорж, Цэрэнчимэд, Гомбосүрэн, Чагдаржав, Гончигсүрэн болон Содномравдан, Дашням зэрэг хануудыг хөнөөсөн аллага эцсийн сум Монгол улсын ерөнхий сайд, сайн ноён хан Намнансүрэнд тусах нь гарцаагүй болсон гэж үзэх бүрэн үндэслэл байна. Намнансүрэнг хэдийвээр архивын баримтанд өвчнөөр нас эцэслэсэн гэж бичсэн ч үнэн байдал тийм биш бололтой. Бодохул, Монгол улсын төрд үлдээд байсан хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн энэ хүн бараг ганцаардаад байлаа. Энэ үед Монгол Улсын төрийн тусгаар тогтнол орших уу, эс орших уу гэдэг хамгийн эгзэгтэй үед Хятадын эрхэнд орохыг эсэргүүцэх хамгийн гол саад болох хүн нь Намнансүрэн байсан юм. Түүний учир битүүлэг байдлаар нас барсан гэдгийг батлах өөр нэгэн баримт болох Буриад зоны нэгэн бичигт "...Богд Чингис хааны язгуур үндэсний үр, маш ариун тунгалаг оюунт ерөнхий сайд сайн ноён ханыг хорлосон нь даан ч өнгөргүй, муу хоронд хамаг бие нь шарлаж хилсээр өөд болсон" гэсэн ба Д.Бодоо, Д.Догсом нараас 1920 онд Коминтерний Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газарт өргөсөн бичигт:
"...Бээжин засгийн газрын ховдог харгис эзэлт эрх баригчид сайн ноён хан мэтийн үнэнхүү сайдуудыг хороор алж арилгав" гэж бичсэн хоёр баримтаас үзвэл гадаад хүчин зүйлээс хамааралтай мэт байна.
Эцэст нь тэмдэглэхэд:
  1. Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн зүтгэлтнүүдийн дунд эрх ашиг, нэр төр, албан тушаалын зөрчил ямар нэг байдлаар илэрхий байсан нь архивын эх хэрэглэгдэхүүн, баримт сэлтээс тодорхой байна.
  2. Тухайн үеийн тэргүүлэх ноёд, лам нарын хооронд гарсан эдгээр зөрчил нь гадаадын элдэв хүчин зүйл болон дотоодын зүгээс олзлон ашиглагдаж улмаар тэдний амь насыг нь элдэв нууц байдалтайгаар хороох явдал байсан бололтой.
  3. Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зориулан хамтран тэмцэж байсан нэгэн үеийн улс төрчид маань учир битүүлгээр таалал төгссөн нь Монгол орны цаашдын хувь заяанд нь нөлөөлөхгүй байж чадаагүй юм. Үүнийг илэрхийлэх зарим архивын баримт бичгүүд нь шинжлэх ухааны эргэлтэнд анх орж буйгаараа сонирхол татаж болохуйц юм.
  4. Цаашид тухайн асуудлыг олон шинжлэх ухааны нарийн онол арга зүй, зарчмаар баримтыг уялдуулан буйлуулж судалвал ХХ зууны эхэн үеийн монголын улс төрийн амьдралын нэн сонин дүр зураг гаргаж чадах бөгөөд энэ бүгд нь Монгол орны ирээдүйн түүхэнд түүхэн сургамжийн ач холбогдолтой асуудал байж болно.
Жич: За ингээд та бүгдийгээ чилээсэн бичлэг маань өндөрлөвөө гэж.

Friday, February 19, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

Үргэлжлэл
Хааныг залах их ёслол дээр хаан ширээнд албан ёсоор суух ёстой Дашням "Би бол энэ түвд гаралтай Жибзундамбыг бодвол их Чингис хааны угсааны дотроос хамгийн ахмад нь" хэмээн өрсөлдөх санаа гаргажээ. Гэтэл энэ үед Дашням дөнгөж 26 настай байсан тул ахмад гэдэг үгийг тэрээр ах насны ахмад биш, ахлах тэргүүлэх байр суурьтай гэсэн үүднээс хэлсэн нь илэрхий байна. Удалгүй Богд Жибзундамба хутагт өөрийн ордондоо урин залах үед буюу 1911 оны 2 сард Түшээт хан аймгийн түшээт ханы хошуунаас нийслэл Хүрээнд ирэх үедээ гэнэт бие барсныг "...Түшээт хан Дашнямын биед хуар өвчин тохиолдож эм гүрэм элдвээр шавдан засуулсаар боловч эдгэн чадсангүй нас барлаа" хэмээжээ. Энэ тухай Харбин хотноо хэвлэгддэг "Харбинский вестник" сонинд "...түшээт хан цэцэг өвчнөөр өвчилж үхэв" гэсэн бол оросын академич И.М.Майский "...Түшээт ханыг хорлуулж үхсэн яриа нутгийнхны дунд байна" гэх зэргээр тухайн үедээ олон янзаар тэмдэглэжээ. И.М.Майский бол Түшээт ханыг нас барсны дараахан буюу 1919 оны орчим Эрдэнэ зуу хавиар түүний хошууны нутгаар дайрахдаа дээрх мэдээг нутгийн ардуудын амнаас сонсож тэмдэглэсэн бололтой. Энэ бүгдээс үзэхэд Дашням нь 26-хан насандаа жам ёсоороо таалал болсон бол энэ мэт олон таамаг, мэдээ, яриа гарах нь юу л бол. Ямар нэгэн сэжүүр санагдсан бололтой. Түүнийг нас барсны дараа Богд Жибзундамба хаанаас буулгасан зарлигийн бичигт "...Зарлиг Дашням чингэж бие өнгөрсөн нь үнэхээрийн хөөрхий их л нүгэлтэй тул түүний хойдын буянд сангаас 100 лан мөнгө шагная" хэмээжээ. Юутай ч түшээт ханы үхэл нь зүйгээр бус, гэхдээ манай судлаачдын үздэг шиг орос, хятадын талаас биш харин дотоод хүчин зүйлд хамааруулан үзвэл үнэнд илүү дөхөх нь лавтай бололтой. Үүнээс ердөө хоёрхон сарын дараа халхын дөрвөн ханы нэг Засагт хан Содномравдан гэнэт таалал болжээ. Түүнийг хэрхэн таалал болсон тухай нэгэн сонирхолтой дурдатгалд тулгуурлавал, Гандантэгчилэн хийдийн хамба асан түүхч, Эрдэнэпил агсны дуртагснаар "...1912 оны хавар Засагт хан таалал төгсөв. Нэг өдөр Дашчоймбол дацанд хурал хурж байсан бүх лам нарыг засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншуулсан юм. Маргааш өглөө нь засагт ханы харъяат нэгэн ламаас миний асуухад манай хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод, тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ" гэжээ. Энд анхаарал татах нэг зүйл бол түүний өвчнийг эдгэрүүлэхийн тулд сүү хэрэглэсэн нь гайхалтай. Өөрөөр хэлбэл хордсон байж магадгүй гэсэн үүднээс түүнд сүүний эмчилгээ хэрэглэсэн болов уу. Дараагийн нэг анхаарал татах хүн нь Монгол улсын засгийн газрын орлогч сайд Өвөр Монголын харъяат, Бинт Чин ван Гончигсүрэн юм. Тэрээр Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зориулж ажилласан нэгэн гарцаагүй мөн. 1913 онд да лам Цэрэнчимэдийн хамт Япон улсаас тусламж гуйхаар явсан авч тодорхой хүчин зүйлээс хамаараад бүтэлгүйтсэн юм. Бинт Чин ван Гончигсүрэн Монгол улсын төрийн зарим нэгэн алдаа зүйлд анхаарч шүүмжилж байсан нь ажиглагддаг. Тухайлбал, нас барахынхаа өмнөхөн Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэнгийн үйл ажиллагаа сул, түүнийг сайжруулан ажиллуулахаар зургаан зүйлээр шүүмжлэн хэлэлцэхийг Богд хаанд айлтган өргөсөн бичиг өнөө хэр архивын дансанд хадгалагдаж байна. Үүнийх нь хариуд далай ван Гомбосүрэн няцаасан хариу барьснаас хэдхэн хоногийн дараа түүнтэй заалдагч Бинт Чин ван Гончигсүрэн гэнэт нас барсан бол төд удалгүй Эрдэнэ далай ван Гомбосүрэн "өвчний учир таалал төгссөн нь" сэжигтэй үхлүүдийн нэг мөн бөгөөд ямар нэгэн хөндлөнгийн этгээд тэдний харилцааны зөрчлийн учигийг овжин ажигласан байна. Сонирхолтой нь яг энэ үед да лам дотоод яамны сайд Цэрэнчимэд баруун хязгаарт томилогдон явах үедээ одоогийн Увс аймгийн нутагт: "хуучин өвчин үгдэрч хөдөлсөн нь замын зуур эмчлүүлэн илааршсангүй боловч зарлигийг хүндэтгэн дагаж хэрхэвч уг хэрэгт хүрэх газарт хүрмой хэмээн хатамжлан явсаар...Дэжээлэн хүрээний газарт буудаллаж эм гүрмээр шаардан шамдаж байсан ч хаван үүссэн ч гайгүй хэмээн хүрэх газарт хүрч улсын зах хязгаарыг үзэж оноосон албаан дуусгаж Богд эзний туйлын таалалд нийцүүлэн чадмой хэмээсээр энэ сарын шинийн долоонд тахиа цагт сайд...улс төрийн албыг дуусгаж чадсан үгүй нь үнэхээрийн хайран нулимс цувруулан дахин дахин гэрээслэн хэлж гэнэт амьсгал татаж насан нөгчив" гэжээ.

Жич: Сар шинийн мэндийг дэвшүүлээд бүх зүйлд амжилт хүсье.

Sunday, February 07, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

Үргэлжлэл

Энэ нь монголын төрийн ноёд, түшмэдийн хооронд ямар нэг хэмжээгээр засаглалын төлөөх тэмцэл эхнээсээ л ажиглагдах болсныг харуулж байна. 1911-1919 оны хооронд арав хүрээгүй жилийн дотор Монголын төрийг түшиж байсан томоохон улс төрийн зүтгэлтнүүд, хан, лам, ноёдууд тухайлбал:
Түшээт хан Дашням 1912 оны 2 сард, Засагт хан Содномравдан 1912 оны 7 сард, Дотоод яамны дэд сайд Равдан 1913 оны 9 сард, бүгд ерөнхийлөн захирах яамны орлогч сайд Өвөр Монголын харъяат бинт Чин ван Гончигсүрэн 1914 оны 4 сарын 20-нд, Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэн 1914 оны 5 сард, Дотоод яамны тэргүүн дэд сайд да лам Цэрэнчимэд 1914 оны 7 сард, Сангийн яамны анхны сайд түшээт ван Чагдаржав 1915 оны 7 сард, Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1919 оны 2 сард, мөн оны 7 дугаар сард Ерөнхий сайд эрдэнэ шанзудба Бадамдорж
зэрэг хүмүүс 27-50 гаруй насны хооронд нэн сэжигтэйгээр амь нас нь хохирчээ. Үүнийг архивын баримт бичигт тулгуурлан, учир шалтгааныг нь тодруулан судлах нь ХХ зууны эхэн үеийн улс төрийн амьдралын дүр төрхийн нэгээхэн хэсгийн ямар нэг хэмжээгээр нэхэн тодлон гаргахад туслах нь дамжиггүй. Учир нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч ноёдын амь нас ийм ахархан хугацаанд хохирсон нь түүхчдийн анхааралд бага сага төдий өртсөн ч судлаачид ихэвчлэн гадаад хоёр хөршийн зүгээс хайдаг бөгөөд дотоод хүчин зүйлий н тухайд анхааран судалсан нь багавтар юм. Мөн тэдгээр ноёдыг үнэхээр ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс амь насыг нь бүрэлгэв үү?, хэрвээ тийм зорилгоор бол яах гэж, хэний эрх ашгийн үүднээс эсвэл энэ хүмүүс нь залуухан гучин хэдхэн насандаа гэнэт бие барцгаав уу?, ёс жамаараа юу?, гэсэн олон олон хариу нэхсэн асуулт хөрвөнө. Гэхдээ бидний хувьд хэн нь хэнийгээ хорлов гэх зэрэг асуудлыг нэгэнт бүрнээ дотруулж чадахгүй нь ойлгомжтой, гагцхүү эдгээр хүмүүсийн нас барахынхаа өмнөх өөр хоорондын болон бусадтай харилцаж байсан байдал, тэдний амь насыг нь хороох онцгой шалтгаан гарч байсан уу, ямар үхлээр үхэв, энэ бүгд ямар үр дүнд хүргэв гэх зэрэг олон асуудлыг тодруулахыг оролдов.
Анх түрүүн 1911 онд Богд Жибзундамбыг хаан өргөмжлөх тухай санал халхын ноёдын дунд гарахад үндсэн хоёр санал байв. Бадамдорж тэргүүтэй хэсэг ноёд ихэсийн дийлэнх олонхи нь сүсэгтэн олны дунд Богд гэгээний нэр нөлөө ихийг харгалзан улсын хаан болгох, нөгөө хэсэг тухайлбал Ханддорж, шарын талын да лам Цэрэнчимэд нар Богд Жибзундамбыг бус харин Түшээт хан Дашнямыг улсын хаан болгох санал гарч нэлээд зөрөлдсөний эцэст дийлэнхийн санал төдийгүй тухайн үед ард олны дунд богдын нэр нөлөө хүчтэй байсан зэрэг олон хүчин зүйлээс хамаарч Богд Жибзундамбыг хаан ширээнд залах болжээ.

Үргэлжилнэ...

Friday, February 05, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

С.Чулуун (Doctor Ph)
Монгол улсын Их сургууль. НШУС

Төрийн эрхэнд орсон хүн зодуулж үхдэг
Бурханы үгэнд орсон хүн өлсөж үхдэг
Монголын эртний үгнээс


Өгүүлэлийн товч утга: Уг өгүүлэлд ХХ зууны эхэн хагаст өрнөсөн харилцаа, ихэнхи улс төрийн зүтгэлтнүүдийн учир битүүлэг үхэл түүнд нөлөөлсөн гадаад хийгээд дотоод хүчин зүйлийн асуудлыг түүхийн архивын баримт бичгүүдэд тулгуурлан тодруулахыг зорьсон болно.
Түлхүүр үг: Ноёд хоорондын зөрчил, учир битүүлэг үхэл, тусгаар тогтнол
Түүхийн шинэ эрин ХХ зууны эхэн болоход Монголчууд өөрийн тусгаар тогтнолын төлөө нэгдэн тэмцэж эхэлсэн юм. Монголын ноёд, лам, язгууртнууд эрхт төр, тусгаар оршихуй, монголчууд бид өөрийн газар шорооныхоо эзэн байх ёстой гэсэн үзэл санааны нэгэт сэтгэлэгт байдалтайгаар нэгдэн тэмсэний дүнд 1911 оны өвөл цагаас Монгол орон харьцангуй бие даан, өөртөө туурга тусгаарласнаа зарлан тунхагласан билээ. Уг түүхэн үйл явдалд биечлэн оролцож, тэргүүлэн удирдсан монголын нөлөө бүхий лам, хар, хэн бүхэн дэмжин сайшааж хамтран зүтгэсэн ч Монгол улс өөртөө тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж төрийн цоо шинэ тогтолцоог бий болгон таван яамыг байгуулж, сайдын сэнтийд хувьсгалын хэрэгт тэргүүлэн оролцсон Ханддорж, Цэрэнчимэд, Чагдаржав зэрэг ноёд тохоон талбигдсаны маргаашнаас эхлээд л хэн хэнийгээ захирах вэ? гэсэн мөчөөрхөл ажиглагдах болсон. Тухайлбал, дотоод хэргийн бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд да лам Цэрэнчимэдийн бусадтай нэр хамталж дээш өргөсөн бичигт:
"...эелэл тааллыг чухал болгон нөгөө дөрвөн яамыг дотоод яаманд бичиг илгээхдээ "өргөн" хэмээн мэдүүлж, харин дотоод яамнаас бусад яаманд "илгээн" хэмээн бичиж явбаас шүүмжлэл үгүй"
хэмээн Богд хаанд мэдүүлж "ёсоор болгуулсан" нь бусад сайдын дургүйцлийг төрүүлэх болсон юм. Энэ үед Хүрээнд сууж асан ерөнхий консул Любагийн Бээжинд мэдэгдсэн цахилгаанд:
"...Хүрээний сайд нарын хооронд сүрхий хурц зөрчил байна, засгийн хамаг эрх мэдлийг да лам тэргүүтэй харчины хэдэн түшмэл гартаа авчээ" хэмээн мэдэгдсэн бол Нийслэл Хүрээнд Буриадын лам Агваандорж В.Котвичид бичсэн захидалдаа:
"...энд да лам дотоод хэргийн министр болоод Хайсан гүн зэрэгтэй болж, энэ хоёр их эрхтэй улс төрийн явдлыг тогтоож хаандаа юу айлтгасан түүгээр болж байна. Энэ нь бусад хаад, ноёдын сэтгэлд тун тааламжгүй юу болох нь болзошгүй гэсэн ба Да лам Хайсан хоёрыг ч олноор зөвлөн зохилдон хэлэлцэх хэрэгтэй гэснийг нь үл хэрэглэнэ" хэмээн бичицгээсэн байна.

Үргэлжилнэ