Friday, June 06, 2014

Алга дарам газрын амт

Сая тэтгэвэртээ гарсан өвөө өнгөрдөг 11 сард тарьсан гэнэ. Бид тэрийг нь 3 цагийн цайны цагаар түүж идсэн. Жигмид Тогмид 2 шиг л саваа ч дүүргээд, гэдсээ ч цодойлгоод авсан. Тэгснээ болоогүй ээ, үлдээгээрэй гээд хальт санаа зовоод байна аа. Хэ хэ. Өө яах гэсэн юм бэ гээд л гараа тосдог шиг. Ирэх жил бүр илүү их, гоё ургах байхаа ирж идээрэй гэхээр нь дуун дээр нь тэгэлгүй яахав л гэлээ.
Цаг уур нь ч тохиромжтой болохоор тарьсан юм болгон ургаад байдаг онцлогтой ч уйгагүй, ажилсаг, хичээнгүй зан чанар нь бас нэмж чимнэ гэж юүхэв. Нэг зүгээр суухгүй улс байх юм. Орж гараад л хөдлөөд байна.
Хажууд нь харагдаж байгаа сонгиноосоо бас өгсөн юм байна.
Багадаа ууланд гүзээлзгэнэ түүдэг байсан үе санагдаад. Зуслан гарахад хүүхдүүд бидний ажил жимс түүх, ус зөөх байлаа. Зарим нэг хөвгүүд нь самранд явна. Хурдхан самраа цөмөх гэж ирэхийг нь хүлээгээд л.
Ирэх жилийн 5 сар хурдан болоосой. Алга дарам газрын амтыг ахин нэг амталчихмаар л байна шүү.

Tuesday, June 03, 2014

Enjoy my english study

За би нь хүүхдэд хайртай юм болохоороо хүүхдийн номон дунд эргэлдээд байна.
Хүүхдэд зориулсан англи хэлний ном. Японы хүүхэлдэйн киноны баатар Рантаро англи хэл сурах гээд үзэж тарж байхад би юунаас нь дутахав. Дээхэн Марүко гээд баатар бас англи хэл сураад байсан даа. Юунаас нь дутах вэ дээ гээд л өрсөлдөөд байсан байхгүй ээ. Хэ хэ. Өдөр тутам хэрэглэхгүй болохоор хоолтойгоо хольчихоод байх юм. За яахав иймэрхүү аргаар мөлхөж л байхаас. Хэзээ нэгэн цагт үр өгөөжөө өгөх болтугай.
Их амархан үг, өгүүлбэртэй. Жишээ нь
May I use the bathroom?
Please speak clearly.
Don't by shy.
Speak loudly.
You are a  genius.
Let's have a meal.
I like fish but I don't like meat.
My hometown is very far.
Гэх мэт. Орчуулах шаардлагагүй байх. Хүнд хэлэхэд ч ичмээр золиг доо. Иймхэн зүйлийг ч мэдэхгүй. Анхлан суралцагч шүү дээ гэдгийг ойлгоорой. Ямартай ч  мэдэхгүй үг зөндөө байна. Өөртөө амжилт хүсэе.

Friday, May 30, 2014

Зав муутайхан

Бага зулзагын нээлттэй хичээл, том зулзагын тамирын өдөрлөг гээд л ар араасаа ундраастай Хувийн ажил нэг иймэрхүү .

Хувьсгалын ажил бас их байна аа. Ирэх хагас сайнд нэг клубт очиж монгол хоол хийхийг заана. Бууз, хуушуур, сүүтэй цай хийнэ. Гол нь цуг хийлцэх хүмүүс маань япончууд. Гурил элдэж чимхэнэ гэж гурилтаж өгнө шүү дээ. Элдэж байна гээд гурвалжин дөрвөлжин юм хийнэ. Чимхэж байна гээд дээр нь гурилыг нь бөөгнүүлээд, жигнэсний дараагаар идэхэд онцгүй. Түүхий ч юм шиг... Би нь зузаан гуриланд дургүйг ч хэлэх үү. Өөрсдөө чимхэж байна гээд ийм хачин юм хийснээ мэдэхгүй, монголчууд чинь яасан хачин юм хийж иддэг байна аа гээд ярина. Тэгэхээр хаширсан хүн болохоор цэцгэн бууз чимхэхийг заагаад, хуушуур аа харин сэрээгээр дараад дараад явчих гэж зааж өгнө гэж бодоод байж байна.

Тэрний дараагийн бүтэн сайнд бас нэг газар очиж монголоо сурталчлах өдөрлөгт дээлээ өмсөөд л загвар үзүүлнэ. Хэ хэ. Яг ч загвар үзүүлэх арга хэмжээ биш л дээ. Дээлтэй хүүхэн гунхаад байхаар чинь хүмүүс бүлтийж ирээд харна аа даа. Од болбол болохоор л их арга хэмжээнд орох юм уг нь. Хүн л болсон хойно од энэ тэр болчихмоор санагдана хааяа ч. Ккк Болохгүй нь, болгохгүй нь сайхан.

8 сард нэг хорооны өвөө эмээ нартай монгол хоол хийж иднэ. Одоогоор яг ямар хоол хийхээ шийдээгүй. Дараа холбогдох хүмүүс нь ирж уулзаад шийднэ. Настай улсууд болохоор тос өөх багатай хоол гэх байх. Бууз хийгээд хажуугаар нь арай өөр хоол хийнэ дээ. Амархан бөгөөд амтархан идчихээр хоол чинь юу билээ?

Халаад эхэлчихсэн. Зуныг яаж бардаг юм байгаан?

Wednesday, May 28, 2014

Гадаад хэл заахаасаа өмнө

Гадаад хэл сайн сурах нь эх хэлээ сайн сурахаас шалтгаалдаг гэдэг. Эх хэл дээрээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүн яаж харь хэл дээр бусдад өөрийгөө ойлгуулж чадах вэ дээ гээд л их яригддаг болсон. Үнэний ч ортой.
Энэ талаар япон ээжүүд судлаад, ном хүртэл хэвлээд гаргачихжээ. Япон ээж нарын мундагийг магтан биширмүй. Уншсан номоосоо түүн толилуулмой.
Уг номын гол агуулга нь, Америкт ажиллаж, амьдардаг ээжүүдийн байгуулсан ЖАМ (Japanese&American Mothers) гэдэг сүлжээнээс эмхтгэн гаргасан хүүхдэдээ англи хэл заахад юуг илүү анхаарах, юунаас эхлэх зэргийг тайлбарласан. Ингэхдээ япон хүүхдүүдийг америк хүүхдүүдтэй харьцуулан, америк японы боловсролын ялгаа, соёлын ялгаа, гэр бүл дэх хүмүүжлийн ялгаа зэргийг харьцуулан судалсан байна. Судалгаагаараа дамжуулан хойшид хүүхэддээ англи хэл заах гэж байгаа бол юуны өмнө эх хэлээрээ санал бодлоо хэрхэн чөлөөтэй илэрхийлж сурах нь чухал гэдгийг дурдсан байна...
Хүүхдэд багаас нь хэвшүүлэх ёстой 7 зүйл байна.
1. Ичимхий, бүрэг занг засах
Үүнд олон хүнтэй газар, өмнө нь уулзаж байгаагүй хүнтэй уулзах зэрэг тохиолдолд хүүхэд дуугаа хураагаад, ичээд байдаг даа. Үүнийг засах арга бол аль болох олон хүнтэй газраар орж гарч байх. Ингэхдээ зүгээр нэг ороод гарахгүй. Жишээ нь номын дэлгүүрт ороод хүүхэд чинь өөрийн хүссэн номоо авахын тулд худалдагчаас нь "өөрийн биеэр" очиж асуух. Учир нь бид хүүхдийнхээ өмнөөс асууж сураглаад, гүйгээд байх тохиолдол их байдаг, хүүхэддээ "ээлж" олгож байх. Мөн хоолны газар ороод, хүүхэд "өөрөө" хоолоо захиалах, худалдагчид баярлалаа гэж хэлж сурах гэх мэт их энгийн зүйлээс эхлэхэд л болно. Ихэнх тохиолдолд хүүхэд нь ичээд, насаа хэлэхгүй байх, ангиа хэлэхгүй байх тохиолдолд ээж аав нь түрүүлээд хэлчихдэг дээ. Угтаа аль болох хүүхдээр өөрөөр нь хэлүүлж байх нь чухал.
2. Бодож тунгаах чавдар
Өөрийн үзэл бодол, өөрийн гэсэн саналтай байх. Бусдын хэлсэн үгээр л аливаа зүйлд хандас бус, тухайн зүйлийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой болгох. Энэ нь нас биед хүрч, нийгэмд гарахад нь асар том үүрэг гүйцэтгэнэ.  "Энэ талаар чи юу гэж бодож байна? Хэрвээ чи ... байсан бол? юу гэж бодож байна. Ямар саналтай байна?" гэх зэргээр хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж байх. Америкт хувь хүний саналыг ихэд хүндэтгэн үздэг тул тухайн хувь хүнийг хүүхэд гэлтгүй сонголт олгож байдаг.
3. Сонсох чадвар
Хүний хэлж ярьж байгааг сонсож сурах. Энэ нь таг дуугай сонсоод байна гэсэн үг биш. Үр бүтээлтэй сонсох. Тухайн хүний ярианд анхаарлаа хандуулж, сонирхох. Ингэснээр тавих асуулт ч утгатай болж ирнэ. Хүүхдээ сонсох чавдартай болгохын тулд эхлээд эцэг эх хүүхдийнхээ хэлж ярьж буйг анхааралтай сонсох явдал болно. Ярьж буй хүний өөдөөс эгцэлж харах, ярианы дунд ойлгож буйгаа илэрхийлж толгой дохих ч юм уу, аан уун гэж хэлэх нь чухал. Сонсох гэдэг зүйл бол  ярьж буй хүний цагийг үнэлэх гэсэн үг. Энэ нь өөрийн үнэтэй цагийг ч мөн үнэлж, хүндэтгэн, цагийг үр бүтээлтэй ашиглаж чадна гэсэн үг.  Мөн хааяадаа радио сонсгох, үлгэр ярьж өгөх зүгээр. Бидний эргэн тойрон нүдэнд нөлөөлөх асар их зүйлүүд байдаг. Нүдийг хааяа ч гэсэн амрааж сонсох чавдараа хөгжүүлж байх нь чухал.
4. Хариулах чадвар
Асуулт тавьж чаддаг байх, хариулт өгч чаддаг байх. Хурал цуглаан дээр япон хүмүүс тэр бүр асуулт асуугаад байдаггүй. Энэ нь бага сургуулийнх  нь сургалтын арга барилтай холбоотой ч байж мэдэх. Дуугүй сонсох, ах зах хүнээс асуулт асуух нь ёс зүйд нийцэхгүй гэдэг үзэл давамгайлдаг. Ингээд асуучихвал шоолуулах болов уу? Мундаг асуулт асуухгүй бол гэж бодоод эцсийн дүндээ асуулт тавихгүй байсаар цагийг дуусгадаг талтай. Яриа хөөрөө сайтай, хүмүүстэй хэл амаа ололцохдоо сайн хүнийг хараад байхад асуулт тавьж чаддаг хүн байх нь олонтаа. Баярлалаа, уучлаарай гэдэг үгсийг өргөн хэрэглэж сургах. Хүүхдээ магтаж урамшуулж байх. Алдаа гаргасан ч бай хамаагүй магтаж. Учир нь тухайн зүйлийг хийх гэсэн оролдлого, сэтгэлийг нь бодоод магтаалын үгээр урамшуулж байх.
5. Үгийн сан
Багаас нь аль болох олон үг цээжлүүлэх. Эх хэлээрээ шүү дээ. Эх хэлийнхээ үгний утгыг ойлгохгүй бол англи хэлийг оноож хэлж мэдэхгүй. Америкт сургуулийн анги танхимд "Уншлагын гацуур" гэж байдаг. Уншлагын гацуур дээр уншсан номоо тэмдэглэдэг. Энэ нь яваандаа бүр ой болж өргөжөөд, хүүхдүүд түүндээ урамшаад бөөн баяр болдог. Их дажгүй санаа. Мөн зурагт толь бичиг өргөнөөр ашиглах. Хүүхэдтэйгээ хамт зурагт толь дэлгээд ярилцах, үгийн утгыг хайх нь үр дүнтэй. Хөгжөөнт тоглоом ч хүүхдийн хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлдөг.
6. Ярих чадвар
Өдөр тутмын хоорондын харилцан яриагаа нэг анхаарахад илүүдэхгүй. Бид их товчилж ярих дуртай. Ингэх нь гадаад хэл сураад, түүгээрээ ярих гэхэд ихээхэн саад болох тохиолдол ч байна. Жишээ нь япон хэл нь өгүүлбэрээ бүрэн хэлж дуусаагүй байхад хоорондоо ойлгоцох боломжтой байдаг. Харин англи хэл нь аль болох өгүүлбэрээ бүрэн гүйцэд хэлж байж ойлголцох нь их. Хүүхэдтэйгээ бүтэн өгүүлбэрээр ярилцахыг эрмэлзээрэй.
7. Бусад чадвар
Дуу хоолойны өнгө, нүүрний хувирал, гарын хөдөлгөөн гэх мэт зүйл орно. Ярих үедээ нуруу тэгш байвал өөртөө итгэлтэй харагдана. Жишээ нь америкт нэгэн япон ээж хүүгийнхээ багштай уулзсан чинь "Хүү чинь загнуулж байж доошоо л хараад байх юм. Гэмшиж байгаа шинж алга" гэж л дээ. Японд бол эсрэгээрээ загнуулж байгаа тохиолдолд ихэвчлэн доошоо харж буруутайгаа илэрхийлэх нь их. Харин америкт загнуулж буй бол багшийнхаа нүд рүү хардаг. "Нүд" их юмыг өгүүлдэг гэж энэ болой.

Гэх мэтчилэн англи хэл сурахад анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг ээжүүдэд санал болгосон байна.

Монгол ээжүүддээ амжилт хүсэе.

Monday, May 26, 2014

Нээх хөөрхөн

2 зулзага энэ дууг нийлж дуулаад байгаа. Дүрийнх нь дууг ээлжилж дуулаад л, тэрийг нь сонсохоор хайр хүрээд байх юм.

Thursday, May 15, 2014

Бохир ус

Бид ундны усны чухлыг шагшраад л, усаа гаднаас худалдаж авах цаг удахгүй гэж ирээд л ярьдаг. Гэтэл цаана чинь ундны уснаас ч чухал нэг ус байна.
Бохир ус. Эвгүй сонсогдож байна уу? Гэхдээ дэлхий нийтэд асар их хөрөнгө зарж байж хүмүүс бидний гаргадаг бохир усыг цэвэршүүлж эргэн байгальд нь буцаах, дахин ашиглах боломжтой болгодог байна.
Монголд анх ус цэвэрлэх байгууламж хэдийд үүссэн, хүчин чадлынх нь тухай http://surensuren.blogspot.jp/ блогт бичэгдсэнийг уншина уу.

Япон улсад бохир усны тухай хууль байдаг. Холбогдолтой бүхий л асуудлаа хуульд заасны дагуу зохицуулдаг. Хот суурин болгон ус цэвэршүүлэх байгууламжтай. Хэрэглэгчдийн зүгээс төлөх үнийн хувьд цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадал, хэрэглэгчдийн тооноос хамаарч өөр өөр байна. Ундны уснаасаа өндөр үнэтэй байх газар ч бий.
Ус цэвэрлэх байгууламжийг асар өндөр өртгөөр барина аа даа. Тэрнийхээ нэгээхэн хэсгийг айл өрхөөс гаргуулдаг. Хувийн харшид амьдардаг айл бохир усны шугам сүлжээнд анх холбогдохдоо мөнгө төлдөг. Холбогдсоныхоо дараагаар сар бүрийн хэрэглэсэн мөнгөө төлөөд явна. Нийтийн орон сууцанд амьдардаг айлууд сар бүрийн хэрэглээнийхээ мөнгийг л төлнө. Гэхдээ тэр байшинг анх барихад нь бохир усны шугамд холбогдсон мөнгийг нь бариулж байгаа компань, эзэн нь төлчихсөн байна. Тэгээд байраа зарахдаа, байраа хөлслүүлэхдээ үнэндээ ахь хэдийн нэмж тооцоод оруулчихсан байна.
Цэвэр бохир ус нь бүгд тоолууртай. Хэрэглэснийхээ хэмжээгээр тоолуур нь гүйнэ. Усаа хэмнэлгүй урсгаад байвал мөнгө нь ч урсаад байна гэсэн үг. Тийм болохоор япон хүмүүс усыг хэмнэх тал дээр ухамсар өндөр.
Тодорхой түвшинд хүртэл цэвэрлэсэн усаа гол, далайд урсгана. Бордоо болгон ашиглана. Аж үйлдвэрээс гарсан бохир усыг цэвэрлэх явцад гарсан "лаг"-ийг хром зэрэг хорт бодисыг нь шүүсний дараа цемент, тоосго гэх мэт барилгын материалын түүхий эд болгон ашиглана.

Гэх мэт Японд бохир усны төлбөр цэвэр уснаасаа өндөр байх тохиолдол байдаг байх нь.
Монгол дахь бохир усны салбарын өнөөгийн байдлын талаар дараагийн бичлэгт...

Friday, May 09, 2014

Хүүхдийн дуу

Бага зулзага минь цэцэрлэгтээ бие тамирын дасгал хийх болохоор урвайчихдаг гэсэн.
Бага ч гэлтгүй том минь ч бас биеийн тамирт тийм ч сайн биш, бас дургүй талдаа.

Нэг орой багыгаа авахаар очсон чинь багш нь
-Соло-г дасгал хийлгэх аргаа олсон шүү. Энэ дууг сд-г нь тавьсан чинь цоглог гэгч нь
-Багшаа би энэ дууг мэднэ
гэж ирээд л хөөрсөн юм байх. Тэгээд тэр өдрийн биеийн тамирын дасгалыг их идэвхитэй, дуртай хийсэн гэнэ ээ.

Ориг нь олдсонгүй. Одоо энэ дууны дахилтыг гэрийн бүх гишүүд аялаастай.

Тэл хэлтэн

болгочих юмсан гэж охид оо.
Ингэхийн тулд өөрийн зүгээс хийх ёстой зүйл ээ уг нь сайн мэдээд байгаан хэрнээ үйлдэл дээрээ гүйцэтгэхгүй л байна л даа. Зугаатай хэл шинжлэлийг уншаад харьд амьдарч буй хувь хүмүүс бид, тэр дундаа хүүхэдтэйгээ арай илүү цаг харьцдагаараа ээж хүний үүрэг их гэдгийг ухаарлаа. Дахин ухаарлаа гэх үү дээ.

Том нь ч яахав, монголоор бага сага ярина, ойлгоно. Уншдаг бичдэг болгох гээд бага багаар үзэж тарж л байна. Урдах хичээлээ дийлэхгүй болоод байна аа. Даалгавар гэж их байгаад байх юм.
Бага нь одоохондоо хэдхэн үгийн сантай, монгол хэлээрээ. Япон хэлэнд байдаггүй эгшиг, гийгүүлэгч орсон монгол үг хэлүүлэх гэж үзнэ ээ.
Гэртээ голцуу японоор ярих гээд байдгаа больж, одооноос монгол хэлээрээ ярих гэж оролдоно оо. Гол нь хүчлэхгүй байх. Хүчлэхээр хүүхдүүд дуугаа хураачихдаг юм билээ.
Хичээнэ ээ ээж нь.

Японд ч тэл хэлтэнгүүд их бий. Номд бичсэнчлэн тэл хэлтэнгүүд нийгэмдээ арай л илүү байр суурь эзлээд, боломж ч их байдаг бололтой.

Thursday, May 08, 2014

Зугаатай хэл шинжлэл

Юуны өмнө энэхүү номыг өгч явуулсан найзууддаа маш их баярлалаа. 
Хэл шинжлэл гэхээр л их сургуульд улаан хамартай, ширүүн багшийн дүр буудаг юм шдээ.
Андахгүй дээ, ангийнхан минь, нөгөө ангийнхан минь. Төгссөн бүх л улсууд. Одоо харин хичээл заадаг эсэхийг мэдэхгүй байна.
Унагаадаг багш гэж сонсоод автоматаар унаад байсан би лав. Хэ хэ. За за тэртэй тэргүй унах юм бол уншаад яадаг гээд л. Ккк. Одоо нэг хичээлд нь суувал сонирхолтой байх болов уу гэж хааяа боддог юм.
Тэгсэн энэ ном тухайн үед заалгаж байсан хэл шинжлэлээс арай л өөр байгаад байна. Үнэндээ сонирхолтой байгаад байна. Онигоо уншдаггүй хүн чинь, жишээ авсан онигоог нь уншаад пис хийтэл инээж байгаад л уншив.

Их л олон зүйл мэдэж, ойлгож авлаа. Зөв бичгийн дүрэм өөрчлөгдөөгүй юм байна шүү дээ. 700 үгийг цэгцэлсэн гэнэ. Тэр цэгцэлсэн үгсийг нь олж мэдэх юмсан...
Шавьж эрвээхэй, дэгдээхэй гэж одоог хүртэл бичээд, уншаад байсан чинь шавж, эрвээхий, дэгдээхий болж цэгцлэгдсэн гэнэ. Би мэдээгүй хаагуур явж байсан юм бол доо гэж. 

"Сонирхолтой хэл шинжлэл" номыг захина аа.

Жич: Ном оо уншиж л байгаа шүү. Оруулах завдал болохгүй байна.

Атаархмаар зураг

Энэ их модтой уулыг нь харахаар атаархдаг юм. Монгол орны минь газар нутгийн 10-хан хувь нь ой мод гэхээр арай л цөөдөөд...
Харин энд газар нутгийнх нь 70 хувийг эзлэнэ. Дэлхийд дээгүүрт орно. Тэгсэн хэрнээ модоо хайрлацгаая, тарьцгаая, усаа хэмнэцгээе гэж ярьдаг улс. Энэ усны асуудлаар, тэр дундаа бохир усны талаар бичлэг оруулна аа.

За энэ моднууд намар өнгө алаглаад гоё болдог юм. Бас газар газрынхны жуулчдыг татах нэг зэвсэг болно оо болоогүй. Манай мужийн тэр уулын моднууд тэгж өнгө алаглаад таны сэтгэлийг сэргээчихнэ шүү дээ гээд рекламдаад байна шүү дээ. Тэрийг сонсохоор чинь нээрээ л очиж байгалийн сайхныг харан баясаж, сэтгэлээ сэргээдэг хэрэг гээд явна. Ганцхан уул ус, модоо харчихаад за баяртай гэхгүй, ойр хавийнх нь буудалд хононо, иднэ ууна гээд тэр орон нутагт орлого орно оо доо. Гэх мэтчилэн.
Модоор чинь ганцхан тайрч аваад ширээ сандал, ор зэргийг хийхгүй байна л даа. Агаар усандаа, аялал жуулчлалдаа хүртэл ашиглаад байна манайхаан.
Харихаараа өчнөөн мод тарина аа...

Жич: Харихаараа гэж хичнээн олон жил ярив даа гэсэн биднийг. Хэ хэ. Яахав санаж явбал бүтнэ ээ гэж.

Wednesday, May 07, 2014

Санаа авахаар зураг

Энд тэнд явахдаа санаа авчихмаар зүйл их таардаг юм. Ухаантай утастай болсноос хойш байнга зураг дарна шүү дээ.
Кино театрын хүлээлгийн танхим. Бяцхан жаалуудад зориулсан. Хүлээнгээ зураг зурах нь зураад, тоглоом дэлгээд тоглох нь тоглож харагдсан. Модоор хийсэн.
Би нь гэх мэтчилэн энд тэнд явахдаа иймэрхүү олон нийтийн газрын дажгүй шийдэлтэй зүйлийг нүд тусгаж харна аа, тэр бүр эндээ оруулж амжихгүй юм.
Айлууд нь мундаг мундаг том модон ширээтэй байх нь элбэг. Дараа нээрээ айлын модон ширээний зураг дарж ирнэ ээ.
За энэ хөдөөний нэгэн гуанзанд ороход ширээн дээр нь байсан цэцэг. Гадаанаа тарьсан цэцэгнээс таслаад, вааранд хийсэн байсан. Нөгөө талын ширээн дээр улаан өнгийн цэцэг харагдана лээ.
Шавар ваарнууд нь их таалагдаад байдаг юм. Ер нь япончууд шавар эдлэлд их дуртай. Үнэтэй тэр нь. Аяга, тавагнаас эхлээд л.

Хэлэх гээд байгаа гол санаа минь эд нар заримдаа нэг тийм сүр бололгүй, байгаа зүйлээ ашиглаад асуудлыг шийдчихдэг юм. Уг нь бол жижиг зүйл дээр сүр болдог улс л даа. Хэ хэ.

Ууж идсэн зураг

оруулна аа.
Сүүлийн 2 жил явж чадаагүй. Зулзаган хулс түүхээр. Түүх ч гэж дээ, үндэстэй нь сугалаад авна. Хальслаад чанаж иднэ. Энэ тавган дээрх шаргал өнгөтэй нь тэр зулзаган хулс. Өвөрмөц амт гэхээр зүйл байхгүй, цуу гэх мэтээр амталж иднэ. Одоо иддэг улирал нь.
Голд байгаа ногоон өвч бол Petasites japonicus гэнэ ээ. Монголоороо бас л хэлж мэдэхгүй байна. Чанаж иднэ. 
Хамгийн цаана байгаа тод ногоон өнгөтэйг нь юу гэлээ дээ, санадаггүй ээ.
Амралтын 4 өдрийн 4 өдөр нь уув. Хэдэн кг нэмэгдсэн бол? гэхээс айгаад жин дээр гарч зогсохгүй л байна. Хэ хэ.
Гол нь хатуу юм уухгүй нь сайхан юм даа. Угийн сул архиа эд нар усаар, мөсөөр, цайгаар, ундаагаар гээд л ойр зуур байгаа зүйлсээрээ найруулж, шингэлж уух юм аа. -Монгол эсрэгээрээ тэ.
гэж над руу сүрхий харан хэлж байгаад л уусан. Монгол явж ууж идсэн ганц нэг нь монгол явж үзээгүй нэгэндээ мэдэмхийрч ирээд л хэлж байна лээ. Сүүлийн үед өөр болсоон гэж би өмөөрөөстэй. Хэ хэ. Өөрчлөгдөж байгаа биз дээ? Хатуугаар нь ууж биеээ хордуулахаа больсон биз дээ?
Амралтын зураг үргэлжлэлтэй...

Алтан долоо хоногоор

Сайхан амарлаа. 7 сар гартал улаан өдөр байхгүй. Улаан өдөр гэдэг нь ямар нэгэн баяраар амрахыг хэлээд байгаа юм. Хуанли дээр улаанаар тэмдэглээд, энэ өдөр амарна шүү гэж мэдэгдэж байгаа нь тэр. Эхэндээ ч яг тийм баярын өдөр болоод амраад байгаам байна гэж идэвхитэй нь аргагүй цээжилдэг байсан бол одоо хэт дасаад мартааский. Улаан өдөр гэж л ярьдаг болоод байна. Хэ хэ
Улаан өдрөөр гэр бүлээрээ ойр зуур орж гарах нь гараад, аялах нь аялдаг юм ихэвчлэн. Цөөнх хэсэг нь найз нөхөдтэйгөө нийлж ууж иднэ ээ иднэ. Яаж зүгээр байхав. Харин хэт хавтгайралт байхгүй.
Бид ч усыг нь уувал ёсыг нь дагаад гэр бүлээрээ агаар салхинд гарсан. Хүний газар биднийг өөрсдийн үр шиг ээ л сайхан хүлээж авдаг япон ээж аав дээрээ очиж амарсан. Дараа хэзээ ирэх үү гээд л үлддэг сайхан хөгшчүүл бий.
Олон үгээр яахав дээ, зураг үзүүлнэ ээ.
Цэцэгс харахаараа л зураг дарах гэдэг хоббитой. Ээждээ үзүүлэх гэж тэр. Ээж минь хашаандаа цэцэг тарих дуртай. Энд хөдөө газар бараг ихэнхи айл нь гадаанаа цэцэг тарьсан байна. Хашаагаа дан модоор, цэцгээр хийсэн айл ч бий.
Дарсан цэцэгсийнхээ нэрсийг хэлж мэдэхгүй ээ. Тольдохоор монголоороо ч сонсож байгаагүй нэрстэй таарах юм. Эхний шар цэцгийг хуурамч сэрүү цэцэг(daffodil), ягаан, улаан цэцгийг тэрэлж гэнэ ээ. Зөв эсэхийг хэлж өгөөрэй, мэддэг хүн байвал. Англиар azalea гэнэ ээ.

Удаан хүлээсэн шүү

5 сар таныг. Учир нь алтан долоо хоног болно. Бүтэн жил хүлээлээ шүү дээ хэхэ.

Уулын мухарт очиж амрана. Агаар салхинд, байгальтайгаа ойрхон.

Ирээд сонин сайхан байвал бичнэ ээ.

Энэ бичлэгийг оруулах гэж явсаар байтал амралт дуусаад ажил алба эхэлчихлээ гэж

Ганц нэг зураг хөрөг дараагийн бичлэгээр оруулна аа.

Sunday, April 27, 2014

Хавар


Дулаараад орж гарахад сайхан байна аа. Охидоо аваад ойр зуур салхинд гарч байна. 
Энд тэнд алтан зул цэцэгнээс эхлээд нэрийг нь сайн мэдэхгүй цэцэгс өнгө алаглаад сэтгэл хүртэл сайхан. 
Том зулзага эмээдээ үрийг нь өгч явуулах юмсан гээд л байгаа. 
Бага зулзага цох хорхой олж хөөрч баясаад л, шулганаад л хайр хүрэм...
Зурагт миний бага зулзага нь байгаа олоорой хэхэ. 
Нүүр номд энэ зургийг оруулсан чинь зарим нэг хүн олж харахгүй байгаам даа...
Эмээ өвөө дор нь олсон биз?
Ер нь дүү нар яг л ах эгчийнхээ хийдэг байсан үйлдэл, шулганадаг байсан зүйлийг хэлж ярьж, хийдэг юм билээ шүү. Том минь ч бас ингэдэг байсан тэ гээд л бид 2 ярилцдаг юм. 

Зугаалга

Хичээлийн шинэ жил эхлээд, шинэ хамт олон, шинэ багш гээд л хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх зүйл их.
Тэр утгаараа анги хамт олныг хөгжөөх, танилцаж дотно болгох зорилгоор сургууль цэцэрлэг 4 сардаа багтааж зугаалга хийнэ.
Бага зулзагынх өнгөрдөг мягмар гарагт болсон. Ээж аавынхаа хэн нэгтэй нь цуг явна. Хэрэв ээж аав нь ажилтай бол эмээ өвөө ч явж болно. Би ажлаасаа чөлөө авч явав.
Том зулзагынх энэ баасан гарагт. 1-6 ангийн бүх хүүхдүүд явна. 1-р ангийнхны бяцхан жаалуудыг хөтлөөд алхаж явна. Том зулзага ч яана аа, тэр олон бяцхан жаалууд дунд замын дунд ядраад тэврүүлэх, үүрүүлэх хүүхэд байдаг, ээж ээ л гээд байгаа. Би ч чамайг бас 1-т ороход 6-р ангийн ах эгч нар хичээсэн л байгаа, хичээгээрэй дээ л гээд байгаа. Хэ хэ.

Ингэж зугаалахдаа, гэрээсээ хоолоо авч явна. Япон ээж нар асар идэвхитэй, янз бүрийн хүүхэлдэйн киноны баатрын дүрс хэлбэртэй бэнто хийхийг яана. Том ч яахав, тэгж хийж өгвөл ичих байх. Бага бол тийм хөөрхөн бэнто байвал л баярлах байх. Гэхдээ би тэгж хийгээгүй ээ. Ээж аавтайгаа цуг болохоор бөөнөөрөө сууж идэхгүй юм чинь гэж бодоод.

Гэх мэтчилэн охидынхоо дунд эргэлдсэн долоо хоног байлаа. Ямар хурдан өнгөрсөн бэ гэж...

Жич: бэнто гэж өдөр авч явдаг хоолыг хэлнэ.

3 настны үзлэг

3 нас хүрэхэд нь хотын эрүүл мэндийн газраас үзлэгт хамруулдаг юм байна. Цуглах өдөр, цаг, газрыг бичгээр мэдэгдэнэ. Энэ удаагийн үзлэгээр шээсний шинжилгээ өгсөн. Бас шүдний үзлэг, шүдээ хэрхэн угаах, ямар ямар амттан өгч байвал шүд хорхойтхоос сэргийлэх тухай заавар өгсөн. Өө тийм, гэртээ ээж нь урьдчилан хүүхдийнхээ хараа сонсголыг шалгах тест байсан. 3 насанд мэдэж байвал зохих өнгө. том жижиг, урт богино зэргийг асууж шалгаж байсан.
Мэдээж хүүхдийн эмч бас үзнэ.
Бага зулзага уйлаагүй. Асуусан асуултад онц сайн хариулсан. Магтуулаад л, хөөрөөд л. Асууж байгаа хүн нь зөв хариулахаар л сүйд болж байна өө.
-Хөөх ёстой мундаг. Ёстой сайн чадлаа. Яасан хөөрхөн, мундаг охин бэ гээд л.
Энд хүүхдийг магтаж урамшуулж байж хөгжүүлнэ гэдэг үзэлтэй. Мэдээжийн зүйлийг чадчихаар л мундаг сүрхийг нь гайхаад л, алга ташиж энэ тэр  сүйд болдог юм. Би ч одоо сурчихсан, багыгаа нэг зүйл хийхээр л сүйд болно шүү дээ хэхэ.

За энэ зураг дээр бол шүд инээж байгаа хэсгийн идэх зүйл бол шүдэнд сайн. Сайн ч гэж дээ шүдний хорхойтлоос сэргийлэх хүнсний бүтээгдэхүүн. Шүд уйлж байгаа хэсгийнх болохоор шүдэнд асар хор хөнөөлтэй нь. Аль болох бага өгөх. Идсэнийх нь дараа нь шүдийг нь угаалгаж байх.

Өмнө нь ээж нараас судалгаа авна. Хүүхдийнх нь талаар, санаа зовж буй зүйл, зөвлөгөө авахыг хүссэх зүйл гээд л. Тэгээд л тэр дагуу нь холбогдох мэргэжлийн хүн зөвлөгөө өгнө. Би ч мундаг ээж болохоороо юм асуусангүй ээ. Архаг ээж шүү дээ ккк
Гэхдээ бас ярианы явцад цэцэрлэгээсээ өлсөж ирээд, хоолноос өмнө юм нэхэж идээд байдаг. Дуртай зүйлээ нэхэж идэх гээд байдаг юм гэсэн чинь
-Тэр үед нь урьдчилаад бэлдсэн жигнэсэн будаа, загасны сосиск гэх мэт зүйл өгчихвөл, оройн хоолоо бага идсэн ч санаа зоволтгүй.
гэсэн.
Сүүн шүд гэлтгүй маш чухал гэдгийг өмнөх бичлэгүүдээр ч зөндөө бичсэн дээ.
Өглөө оройд ээж нь сайн хичээж угаалгаж байх гэсэн даалгавар авсан. Аниа аав 2той нь ээлжлээд л хичээнэ дээ...

Больчихвол ч

Шавийн ярианаас сэтгэлдээ үлдээж байгаад л бичээд байхаар шийдлээ.

1. Гудамжиндаа нус цэрээ хаяхаа болвчихвол ч, аяндаа эрүүл ахуй, өнгө үзэмж гээд л өнгө засаад ирэх зүйл зөндөө бий дээ.
Олимп зохион байгуулахаар болбол ч энэ тал дээр эрс сайжрах байх шүү. Учир нь хятад бас нус цэр, шүлсээ хамаа намаагүй хаядаг байсан. Бээжингийн олимп зохион байгуулах үедээ ард түмнийхээ нийтийн соёлын асуудлаас эхлэн анхаарах шаардлага гарсан гэж байгаа. Гудамжинд дуртай газраа бие засах, нус цэр шүлсээ хаяхаа болих, автобусанд дугаарлаж суух гээд л. Эндхийн мэдээгээр автобусанд дугаарлаж байгаа тухай гаргаж байсныг саналаа.

2. Хотын өнгө үзэмжинд санаа зовсон хэсэг бүлэг япон хүмүүс жил бүр Сэлбэ голын хогийг түүн цэвэрлэх, зам дагуу цэцэг тарих гээд л их олон арга хэмжээ зохиодог. Тэр бүрд гар бие оролцдог байлаа.
Их гоё гоё, үнэтэй машины цонхоор хогийг бол чулуудаж өгнө шүү дээ. Уг нь бол өмссөн зүүсэн, хэрэглэж буй машин энэ тэрээс нь харахад боловсролтой, арай ч хогоо хаячихгүй байлгүй дээ гэсэн хүмүүс байдаг. Хүүхдүүд бас чихрийн цаас, амттаныхаа уут, ундааны савыг чулуудаж харагддаг. Хэл ус сайн бол ч очоод загначихмаар үе зөндөө байлаа.

гэж ирээд л хичээлийнхээ завсарлагаар буу халлаа.
Гадны хүн бидний төлөө, үр хойчийн минь төлөө, улсын минь төлөө санаа тавиад байхад бид ч дээ.
Өмнөөс нь бөгс улайгаад л суув.

Бид гадаад явахдаа л гоё сайхан цэвэрхнийг нь гайхаад байдаг улс. Тэр гоё сайхан нь иргэн бүрийн ухамсартай үүрэг хариуцлагын дүнд бий болдог гэж мэдмээр л болсон доо.
Хүүхдүүддээ бүр багаас нь л зааж сургаж баймаар...

Friday, April 18, 2014

Сэтгэл хөдлөөд сүйд болов

Эх оронд минь сайн дурын ажилтнаар яваад ирсэн шавь минь 2 жилийн хугацаагаа амжилттай дуусгаад харьж ирэв. Нэг оройг хамтдаа сууж хооллонгоо монголд ажилласан хугацаан дахь дурсамж, бэрхшээл зэргээ хуваалцав.

Гитар оролддог байсныгаа монголд байхдаа ч хаялгүй, тэндээс боломжийн үнэтэй гитар худалдаж аваад үргэлжлүүлэн хичээллэдэг байсан гэнэ. Бүр хэд хэдэн цайны монгол дуутай болсон байна. Энд тэндхийн цуглаанд гитараа бариад л монгол дуугаа дуулж од болдог байсан гэнэ. Гэм нь ажлаа тарж ирээд хоол ундаа идэж уучихаад гитараа давтах гэхээр дээд гэнэ үү доод айл нь паараа нүдээд эхэлдэг байсан гэнэ. Хэ хэ. Монголоор паар гэж ирээд л хэлэв. Би тэгэхээр нь өө бас тэгсэн үү, биднийг жаахан байхад бас доод айл паараа нүддэг байсан. Хүүхэдтэй айлууд хүүхдүүд нь жаахан гүйлдчихээр л нүдээд, ээж уурлаад өөдөөс нь адилхан паараа нүддэг байсан л гэлээ. Хүүхэд юм чинь гүйж харайлгүй яадаг юм гэж ээж минь цэцэрлэгийн хүн болохоороо уурлана. Тэгэхэд шөнө дөлөөр манай дээд айл хэрэлдээд, зодолдоход бид тэгж паараа нүдэж байгаагүй л юм даа.

За өнөөх л улиг болсон цаг барьдаггүй асуудлыг ярьсан. Утасдаж шалтгаанаа хэлэхгүй хэдэн цагаар хоцрох бол энүүхэнд юм аа, тэрнээс болж би өчнөөн алтан цагаа алдсан гэсэн.

Ёоо, аймаар ганган шүү монгол хүүхнүүд гэсэн.

Морин хуур сурах гэж оролдсон, морин хураа аваад ирсэн.

Эхний 1 жил бол хэцүү байсөөн, 2 дахь жилээс харин гайгүй дасаад, энд тэнд оролцох нийгмийн идэвхи минь ч сайжирсан гэсэн.

Зурагнуудаа эхнээс нь угаалгаж байгаа, ангилна даа гэж байсан. Эд нар тиймэрүү юманд их сүрхий. Төрөлжүүлээд, ангилаад он сар өдөр, явсан газрын нэр, уулзсан хүний нэр ус, албан тушаал гээл тэмдэглээд орхино. Хэдэн жилийн дараа өнөөх хүнтэйгээ уулзвал бөөн баяр хөөр болоод сүйд болно гэж.

Монгол хэлээ үргэлжлүүлэхээр боллоо, бидэн хоёр. Харилцан завтай цагаа хараад, би ч бөөн баяр байгаа. Тэгэхгүй бол би нь өөрөө ажилгүй ажлын өдөр, гэрийхэн бүгд албандаа явчихаар зурагт харж, хөргөгч эргүүлж, унтаж гээд нэг л нэг тийм цагаа дэмий үрээд байгаа юм шиг санагдаад, тэрэндээ өөрөө стрессдээд байдаг юм.
Дэмий ч гэж дээ, янз бүрийн нэхмэлээ нэхнэ л дээ. Гэхдээ тэр нь хөдөлгөөнгүй суудаг учраас хөдөлгөөний дутагдал гэж том асуудал байна аа байна.

Цайны хэдэн монгол дуугаа дуулсан чинь хань ижил сэтгэл нь үймрээд, нэг хэсэгтээ бидэн 2-ын амнаас тэр дуунууд салаагүй. Ээж ааваа, нутгаа санадгийн шинжээ гэж...

Wednesday, April 16, 2014

Караоке

Том зулзагын төрсөн өдрөөр караоке орлоо.
Том нь ч яахав, дуу хуур сонирхдог насан дээрээ явж байгаа болохоор дуулж байна гэж юүхэв.
Бага нь эхэндээ жинхэнэ микрофон хараад гайхаж байснаа хүүхдийн дуу оруулсан чинь дуулж үзэж байна аа. Хэ хэ.
Аниагийнхаа дуулдаг дуунуудын дахилтуудыг надаас илүү мэдээд дуулж байна шд. Аниа арай давуу эрх мэдэл эдлээд зурагтаар өөрийнхөө сонирхлын дагуу нэвтрүүлэг, драм үзээд дүү нь бүр дахилт энэ тэрийг нь цээжилчихсэн.

Хааяа орж байя гэж бодлоо, уг нь их олон жил гэрээрээ орох юмсан гэж ярьсан юм. Нөхцөл нь нэг л бүрдэж өгдөггүй байлаа гэж.

Нэг онцлог нь бид юу ч захиалаагүй, 2 цаг дуулж байгаад л гарлаа. Яасан нарийн юм гэж бодож байна уу? Ккк Ууж идэх зүйл захиалахгүй бол бас ч гэж гайгүй л үнэтэй гардаг юм билээ. Энэ бол хэмнэлт.
1-рт оройн хоолоо идчихээд орсон.
2-рт томчууд яахав юм захиаллаа гэхэд бага зулзага бас л ундаа уух болно. Хоолны дараах амттанд зайрмагийг ханатлаа идсэн байсан учир нэмж амттан өгмөөргүй санагдаад.
3-рт дууныхаа дугаарыг оруулж, хайж энэ тэр байсаар байтал захиалга өгөх завдал гараагүй. Цаад улсууд нь ч захиалга авъя гэж ирээгүй. Амар хэхэ
2 цаг нүд ирмэхийн зуур л өнгөрсөн. Хойшид өдрийн цагаар орох нь зүйтэй юм билээ. Угаасаа оройн цагаар бага насны хүүхэд зугаа цэнгээний газраар орох хориотой, бид ам мөчид л хөл хорих цагаас өмнө амжсан.

Thursday, April 10, 2014

Ойн баяр

Хань ижилтэйгээ танилцаад 14 жил, батлуулаад 13 жил, ээж гэдэг эрхэм цолыг хүртээд 12 жил болж байна.

Олон баяраа яаж тэмдэглэх үү гэхээр байна шдээ, гэр бүлийн хэмжээнд л тэмдэглэнэ дээ. Даруухан.

Энд ирээд ер нь жаахан зожиг гэх юм уу, хэмнэлттэй гэх юм уу, романтик зан минь хаа нэгтээ нуугдчихсан. Хамгийн түрүүнд гэр бүл, охидууд бодогддог болчихдог юм билээ шүү. Тийм чухал хэрэгцээтэй билүү? шаардлагатай билүү гэж бодоод л хойш нь тавиад,  сүүлдээ мартдаг.

Харин хагас сайнд гэрээрээ зугаална. Сакүра үзэж баясаад, ганц хоёр хундага тулгана.

Нээрээ, юм нэхэхийг үзүүлж өгч байна, аяга угаагч, оймс гээд л. Нэхэж дуусангуут нь хүнд бэлэглэчихнэ. Яг одоо нэг оймс нэхээд ухаан алга. Ирэх долоо хоногт уулзах шавийнхаа гэргийд өгнө. Монголд 2 жил болсон шавь минь хариад ирчихсэн. Цаг хугацаа гэж үнэн хурдан юм аа. Хэрэг алга. Юу хийлээ гэж бодоод, хийх гэж байтал аль хэдийн жил өнгөрөөд талдаа орох гэж байна.
Өнөөх өөртөө амлалт өгсөн галзуу хүний тэмдэглэлээ, сөхөж харах гээд л харах гээд л байна. Дунд нь шаал өөр хийгээд байгаа болохоос.

Пиглэт ээ, нэхмэлийн номыг номын дэлгүүрээс ороод хайгаарай. Төрөл төрлөөрөө байгаа. Бүгдийг нь авмаар болоод шунал хөдлөөд байдаг юм хэхэ. 手芸 гээд ангилчихсан байх ёстой. Дотор нь нэхмэл, хатгамал, оёдол гээд л өөрийн эрхгүй шунал чинь хөдлөнө шүү.

Зэвсэгний оронд ном өгөөч

гэдэг ном.
Сурах гэсэн хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө алтан амиа алддаг охидууд байна шүү, монголын минь олол олон охид оо. Бид үнэхэр азтай. Охин хүүхэд юм чинь яаж ийгэд боловсролтой болгочих юмсан гээд, эргэн тойрных нь хүмүүс сурах хүсэл эрмэзлэлийг нь боогдуулдаггүй эх оронд төрсөн.
Яахав эсрэгээрээ эр юм чинь яаж ийгээд хоолоо олоод идчихнэ гэдэг сөрөг үзэл нь нийгэмд тулгамдсан асуудал болж байгаа ч. Сүүлийн үед энэ үзэл санаа буурах хандлагатай болно.

Пакистанд болсон явдал. 15 настай ... охин сургуулиасаа харьж явах замдаа, охин хүүхэд сургуульд сурах шаардлагагүй гэж үздэг Талибанчуудад буудуулна. Цуг явсан ангийх нь болон найз охидууд нь бас л буудуулж амиа алдана.

Талибанчууд охидууд сургуульд явж болохгүй, хэрэв сургуульд явсан бол, уг охин болон охидыг хүлээж авсан сургууль зэргийг дэлбэлэх болно гэсэн зар тараана. Зөвхөн энэ шалтгаанаар 150 сургууль дэлбэлэлтэд өртөнө.

Гээд л зөндөө л зүйл бичээстэй байна лээ. Том зулзагатаа бас шахаж уншуулна. Сурахыг хүссэн охидууд дэлхийгээр нэг байна гэж мэдэж аваг. Заримдаа ч сурах нь толгойны нь өвчин байдаг шиг л харагдаад байх юм хэхэ.

...Эцэст нь юу хэлмээр байна вэ гэвэл охидууд минь өөрт заяагдсан аз завшаанаа ашиглаад ихийг сураарай. Сурна гэдэг нь заавал ном шагайх биш шүү. Өрөөсгөлөөр ойлгож болохгүй. Оёж сурах, нэхэж сурах, амттай хоол хийж сурах, бүжиглэж сурах, дуулж сурах, гадаад хэл сурах, ямар нэгэн спортоор хичээллэх гээд л юу ч байж болно, өргөн хүрээтэй.

Wednesday, April 09, 2014

Анхных

Олбог. Сандал дээр тавьсан ч болно. Газар дэвсээд суусан ч болно. Одоогоор 2-ыг нэхсэн. Усан цэнхэр өнгөтэйг. Дахиад өөр өөр өнгөөр нэхэх санаа бий. Яг адилхныг биш, арай өөр хээ, хэлбэр дүрстэйг нэхэх гээд л, схемийг нь хараад сайн ойлгож өгөхгүй дэмий л гөлөрдөг гэж байгаа. Нэг өдөр л цоорох байх хэхэ.
Энийг бас хэдэн өдөр гөлөрч сууж байж зориглоод нэхсэн чинь харин амархан байж таарав.
Захиалга ар араасаа орж ирэх шинжтэй. Одоогоор авч эхлээгүй хэхэ.
Ганц нэг найзууд л надаа гэсэн л дээ. Түүнээс зарах захиалга биш шүү.
Монголд харихаараа нэхэж зарна аа, тэр үед та нараасаа эхлээд зөндөө захиалга авна шүү...

Tuesday, April 08, 2014

Байгаагаараа

Чадвал хүүхэлдэйг нь үзэх санаатай. Зав олдох нь уу үгүй юу?

Шилжилт хөдөлгөөн

4 сард шилжилт хөдөлгөөн болдог гэж мэдэж байгаа байх өө, уншигчид минь.
Ажлын газрын дарга солигдсон. Одоогоор нэрийг нь ч сайн тогтоож амжаагүй байна хэхэ.

2 зулзагын сургууль цэцэрлэгийн багш, албан хаагчид бас нэлээд хольж солигдсон. 
Анги даасан багш нар нь солигдсон. Том зулзагынх бүр өөр сургуулиас ирсэн багш болсон гэнэ. Бага зулзагын ахлах багш нь эрэгтэй багш, дотроо шилжилт хөдөлгөөнөөр энэ жил 3 настны анги дааж авч байгаа гэнэ. Туслах багш нь харин өөр цэцэрлэгээс шилжиж ирсэн.

Гэх мэтчилэн нэг л цэцэрлэгээр жишээ авахад нийт 20 багш ажилчид өөр газар луу шилжих нь шилжээд, тэтгэвэртээ гарах нь гарсан байна.

Ингэж хооронд нь хольж солих нь авилгалаас сэргийлэх, нэг газрын нэг л хэвийн байдлаас ангижруулах, тухайн ажилчнаа олон салбарын мэдлэг мэдэгдэхүүнтэй болгох гээд л олон сайн талтай байдаг гэсэн.

Ялангуяа төрийн албан хаагчдаа нэг тушаалд 3-с дээш жилээр зоох нь зохисгүй гэж үздэг юм билээ.
Монголын нэг аймгийн тамгын газрын дарга 10 жил болоход гайхаад, солигдоогүй юу? солиоч ээ гээд ил далд загнаад байдаг байж билээ.

Ойр зуур

Ханиад хүрээд эдгэсэн. Өнөө айхтар influenza ханиад.
2 долоо хоногийн өмнө том зулзага тусч эдгээд. 5 хоног гэртээ хорионд байх ёстой гээд 6-р ангийнхныгаа үдэх өдөр амарч таарав. Эмчээс нь гуйгаад нэмэр болоогүй. Учир нь эмчийн тамгатай зөвшөөрлийн бичиг байхгүй бол сургуульдаа явж болохгүй. Утсаар хэдэн сувилагчийг нь аргадаж нэг үзээд, аашилж нэг үзээд. Үзүүлэх өдрөө нэг өдрөөр наашлуулсан чинь эмч гуай нь халгаадаггүй дээ. Япон улсын дүрэм журам бла бла. Ээжүүд ингээд дураараа аашлах гээд байдаг юм энэ тэр гэнэ ээ. Ганц би ч аашилдаггүй бололтой.

За дараа нь өөрөө тусав. Ёстой балай. Халуурна. хамаг яс янгинаж даарна. Би бүр зузаан хөнжил энэ тэрээр хучаастай хэрнээ даараад л байлаа. Мэдээж 5 өдөр гэртээ яс хэвтэв. Юун сакүра, юун наадам л байлаа хэхэ. Эм нь нойр хүргэдэг гээд, сайхан унтаж өгөв. Нойртой хүнд их сайхан байлаа, унтах нь л. Сайн унтах арьсанд сайн гэж үнэн шиг байна лээ шүү. Юу ч түрхэж, арчлаагүй байж нүүрний арьс гоё толийсон байсан.
Бас багахаан жин хассан. Зөвхөн хоолоо л иднэ. Хажуугаар нь илүү дутуу зүйл идэхгүй байх чинь тураадаг юм байна шүү. Идэх дур төрөхгүй байсанч эм уух тул аргагүйн эрхэнд л жаахан хоол иднэ. Тэгээд л жин хаслаа гэж баярлаад, эдгэсэн хойноо дуртай зүйлсээсээ түүж идээд жин нэмж байх шив дээ гэж эцэст нь...

Ер нь ямар ч өвчинг хүсэлтгүй. Хамаг ажил алдуулаад. Эргээд тэрийгээ нөхөж ажиллах гэж бас л чармайж байна шүү ккк

Wednesday, March 26, 2014

Даргын ажлаа өгсөн

шүү манайхаан.
Бүгд хуралаа хийсэн. Цөөхөн улс цугласан. Би нь ийм ийм арга хэмжээг тэдийд, эдийд зохион байгуулна гэсэн тайлбар хийгээд, цэрэг нар бас бүгд ажлаа тайлагнана. Дараагийнхаа дарга цэрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Ингээд л ерөнхийдөө бүд хурал нэг тийм цомхон, сүр дуулиан болдоггүй юм билээ.
Цугласан хүмүүс өөрсдийгөө танилцуулна. Шинээр нэг дүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн ээжүүд голцуу ирсэн харагдсан. Тэдэн хүүхдүүд нь бага сургуульд явдаг, энэ жилийн дарга цэрэг нарт төвөг удаж магадгүй болгоогоорой гэхчилэн танилцуулж байсан.
Энэ нэг жилд ажлаа сайн мэддэг, гүйцэтгэдэг цэрэг нарынхаа хүчээр монгол хүн гэдэг нэрээ аятайхан аваад гарсан гэж бодож байгаа. Цэрэг нараасаа суралцсан зүйл их байлаа. Ялангуяа арай дотно, ойр зуур ярилцдаг цэрэг бол хувийн зохион байгуулалт үнэн сайтай хүүхэн байсан. Гадны хүнтэй ч харьцаад сурчихсан. Солонгос хэл бие даан суралцдаг, нийгмийн идэвхи сайн байлаа.

Сүүлд дурсаж байхад сайхан л дурсамж. Тухайн үедээ бол гэрээрээ ийш тийшээ орж гарч болохгүй, аятайхан оролцчих юмсан гэж санаа зовоостой байсан ч...

Өөртөө оцүкарэсама

Бага зулзага

Ойрд гаргаж буй ааш, сурсан эрдмийнх нь талаар бичээгүй юм байна. Энэ сард 3 хүрсэн болно.

  • Бүх зүйлийг ойлгодог болсон. Мэдэхгүй үг, хэлэхгүй үг гэж байхгүй болсон. 
  • Уруул өнгөлөгчийг минь өөрийн юм шиг хэрэглэнэ. Нэхэж ирээд л будна. Өнөөх нь гялалздаг юм. 
  • Уруулаа будаад, гоё даашинз өмсөөд аавтайгаа гэрлэнэ гэж аавыгаа том панаалдана. 
  • Гоё чамин зүйлд нүд нь гялалзаж ирээд л сонирхдог болсон. 
  • I love you гэдэг бичигтэй цамцаа өмсөнө , зүрхтэй ягаан гаагаа өмсөнө гэж өглөөд өмсөх хувцсаа захиална. 
  • Оройд унтахынхаа өмнө албаар хамгийн зузаан номоо барьж ирж зөвхөн ээжээр уншуулна. 
  • Албанаасаа тарахдаа ээждээ чулуун, навчин, цэцэгний дэлбээн бэлэг өгдөг хэвээрээ. 
  • Эмчдээ үзүүлэхдээ уйлдагаа больсон. Би хичээсэн, ээж ээ гэж онгирно. Аниагаа үзүүлэхэд нь аниа уйлж болохгүй шүү, хичээгээрэй гэж томроно. 
  • Чоно, үнэг, май гэх зэрэг монгол үг хэлдэг болсон. Мэдээж дуудлага нь гадаад.

Пиг

 хүн байна, дэлгүүрүүд. Манай энд чинь жирийн үед хүн байдаг юм уу гэмээр л байдаг юм. Залуу хүн олж харсангүй гээд монголоос ирсэн хүмүүс ам нийлүүлж шогширцгоодог байхгүй юу. Тэгсэн юу вэ? 4 сараас өмнө гээд л тор дүүрэн худалдаа хийсэн улс байна. Би ч дутаагүй л дээ. Хойшид хэрэгтэй гэсэн зүйлээ л авсан.

Жишээ нь охидтой хүн чинь хэрэг болж магад гээд оёдлын машин авлаа. Том охины төрсөн өдрийн бэлгийг урьдчилаж авч өглөө. Охидынхоо сургууль цэцэрлэгийн бэлтгэлийг хийлээ. Аяга угаагч нэхдэг утас 20 ширхэгийг авчихлаа. Хэ хэ. Мэдээж бүгдээрэнгээр нь аяга угаагч нэхэхгүй л дээ, арай өөр зүйл нэхэх санаатай байгаа.

Энд тэндээс 4 сараас тийм зүйлийн төлбөр тэгж нэмэдэнэ гээд л бичиг ирээд байна. Жишээ нь машины зогсоол, том зулзагын бассейны төлбөр. Зургийн дугуйлангийн багш нь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн байгаа тул одоогоор нэмэгдэх тухайгаа мэдэгдээгүй л байна. Нэмэгдэх нь тодорхой. Төгөлдөр хуур нь нэмэгдчихсэн.
Тог, газ, ус гээд л талийж өгнө. 80 иений маркаар захиа илгээчихдэг байсан бол 82 иен болно. 2 иений марк хэвлэгдсэн байсан. Өнөөдрийг хүртэл хэвлэгдээд гарчихсан 80 иений маркныхаа хажууд 2 иенийхээ маркийг наагаад л илгээнэ дээ. Мартаж, өнөөх нь буцаж ирэх вий дээ.

Хамгийн гол нь цалин нэмэгддэггүй дээ. Нэмэгдээсэй л гэж залбирах, нэг бол гэгээрч шунал тачаалаа даран онцын хэрэгцээгүй л бол худалдаа хийхгүй байх.

Өө тийм, ёога хийнэ гээд матрас авчихсан юм байна. Одоохондоо дэлгээгүй хуйлаастай чигээрээ байгаа. Том зулзагын саналаар авсан болно. Том зулзага томроод таргалчихлаа энэ тэр гээд бие хаандаа санаа зовдог болж. Хүүхэд томроно оо гэж...

Tuesday, March 18, 2014

Мама-томо

Piglet-ийн бичсэн энэ http://piglet-po.blogspot.jp/2014/03/blog-post_6.htmlбичлэгийг уншаарай. Үндсэн мэдээлэл байгаа шүү.
Миний ажигласнаар тэр босс ээж нарын нийтлэг шинж гэвэл, аманцар, ганган. Ерөнхийдөө галзуудуу. Тийм болохоор хэсэг бүлэг хүмүүс дагаад намирдаг бололтой санагдсан. Бага зулзагын цэцэрлэгт байна аа байна тийм ээж. Би мэндийн л зөрөөтэй. Эцэг эхчүүдийн зөвлөлд их идэвхитэй оролцож зохион байгуулдаг юм билээ. Бас галзуу аав нар байна. Тэд нар нь хоорондоо найзаа. Иймэрхүү хүмүүс байж байж цэцэрлэг сургуулийн элдэв арга хэмжээ хөгжөөнтэй болдог болов уу гэж боддог юм. Тэгэхгүй бол мань мэтийн номын улсууд цуглавал жаахан уйтгартай л байхдаа гэж хүлээн зөвшөөрөөстэй хэхэ.
За ийм мама-томо нарын үндсэн зорилго нь угтаа бол гэрийн ажил, ажил гэсэн хүүхнүүд хүүхдүүдээрээ холбогдоод энд тэнд цуглаж идэх, хов ярих, хүүхдүүдээ салхилуулангаа алжаалаа тайлах юм. Тэгсэн өнөө үед нийгмийн өөрчлөлт энэ тэр нөлөөлдөг юм уу? Арай л өөр хандлагатай болчихоод байх шиг санагдсан. Стресс ихтэй улсууд жаахан доройхон нэгнийгээ боссын үгээр нийлж байгаад л ад шоо үзэх, бүр цаашлаад хүүхдийг нь ад шоо үзэж түүгээрээ стрессээ тайлаад байх шиг санагдсан шүү.
Мама-томо нарын уулзалтан дээр юу өмсөж очих уу? Хүүхдээ яаж хувцаслах уу? Ямар нэгэн зүйл барьж очих уу? гээд л санаа зовоодог зүйл ихтэй гэж сонсож байсан юм байна.
Тэгээд л нийлж аваад хүүхдээ тийм ч дугуйланд явуулж байгаа, миний хүүхэд тийм ч юмандаа сайн энэ тэр гэж хоорондоо ам булаалдан ярьдаг гэсэн.
Би ч тэрийг нь сонсчихоод анхнаасаа тийм цуглаанд нь оролцохгүй байгаа. Түүнээс бас л хошгоруулж байгаад бүлэгтээ элсүүлэх гэдэг юм билээ.
Ер нь хүүхдийнхээ хүмүүжилд арай л хэтэрхий санаа тавьж оролцох гээд. Тэр нь эргээд хүүхэддээ муу нөлөө үзүүлээд байх шиг санагдаад байгаа. Ганц нэг зүйл дээр зөнгөөр нь орхихгүй. Жишээ нь гадаа тоглож байгаа хүүхдүүдийг ихэвчлэн ээж нь харгалзаад л зогсож байдаг юм. Тэгээд л хүүхэд хоорондын жаахан маргалдаанд оролцоод. Жижигхээн юм чинь ээж аавыг нь хамарсан том хэрүүл болчих гээд. Би ч тоохгүй, том зулзага ганцаараа л гараад найзуудтайгаа тоглоно. Том хот суурин газар янз бүрийн гэмт хэрэг ихтэй болохоор ганцааранг нь гаргахад хэцүү байх л даа. Манай эндэх шиг хөдөө газар харьцангуй амгалан шүү дээ. Тийм байхад л энэ ээж нар уу?
Ер нь эх хүн хүүхдийнхээ төлөө буг ч болж чаддаг, бурхан ч болж чаддаг юм шиг ээ...

Жич: Бүгдээрээ блог-томо болцгоох уу? хэхэ

Бага зэрэг сэргээсэн нь

Аль 10 жилд л  МЭӨ, Хүннү, Ся улс, Жоу улс, Цинь гүрэн, хан улс, шан гүрэн, Вэй улс, Шу улс, У улс гээд л уншдаг, сонсдог байлаа. Хэл ам сугалчих гэсэн содон үгнүүдийг цээжлээгүй үлдэж дээ. Арай ойроор нь Хүннү л үлдэж.
Энэ номыг зээлж уншив. Оршил хэсгээс нь жаахныг орууллаа.

Түүхэн үйл явц нэг хандлагатайгаар явагдах эсэх нь ард түмний түүхийн ухамсрын шинж байдлаас ихээхэн хамаардаг. ..
Ухаант мэргэд өөр өөрийн ард түмний түүхийн ухамсарт ихэд санаа тавьж, түүхээ зөв бичих, гүнзгий ухаарахад ямагт их ач хобогдол өгч, түүх бичлэг дэх элдэв төөрөгдөл гажуудлыг ер тэвчиж чаддаггүй байсан нь тун ч их утга учиртай. Түүхийн ухамсар зөв, дайчин, нэгдмэл байх аваас л тухайн ард түмэн урт насалдаг, өөрийгөө хадгалах чавдар нь өндөр байдаг жамтай...
Үе үеийн ухаантан мэргэдүүдээр шүүн тунгаагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний түүхийн философи бол тухайн үндэстний дархлааг бэхжүүлэгч эм, цемент мөн...

Тухайн улс, үндэстэн бүхий л түүхийнхээ туршид ямар ямар их сорилтуудад орж, ил ба далд шууд ба хөндлөнгийн ямар ямар бэрхшээл, саадыг давж, дайсагнагч, өрсөлдөгч этгээдийн элдэв явуулга, заль мэхийг хэрхэн яаж илчилж буюу эс илчилж, жинхэнэ эх орончид газар нутаг, хэл, соёл, тайван амьдралын төлөө ямар их тэвчээр хатуужилтайгаар хэрхэн тэмцэж, ямар үнээр ялж байсан зэргийг үндэсний түүхийн философи нээн, тодруулан өгүүлэх учир ард иргэд, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд түүний ашиг тус их юм.

гэсэн байна даа. Зураг жаахан муу гарч.

Friday, March 14, 2014

Хүчирхэг байцгаая

Манай улсад ч түгээмэл байдаг тэр нэгэн гэмт хэргийн тухай.
Domestic Voilence буюу гэр бүл дэх хүчирхийлэл. Хойшид DV гэж товчлох болно.
Энэ үзэгдэл японд бас байна аа.
Дэлхийд энэ нь их олон жилийн хугацаг туулж байж өнөө үед гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрөгдөх болсон. Урьд нь эхнэр нөхрийн хоорондын хэрүүл маргаан, эхнэрийг 2-3 удаа цохих бол байх л зүйл, үүнийг би тэжээж байгаа юм чинь хэл амаар доромжилж болно, хайртай бол хартай гэх мэтээр үздэг тохиолдол аль ч оронд байсан. Эдгээрийг олон олон хүүхнүүд тэвчээд, тэсээд ирсэн.
1980-д оноос эмэгтэйчүүд тэмцэж, дуу хоолойгоо гаргах болсон. 1993 онд НҮБ-н хурал дээр эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тунхаг гаргасан. Үүнээс үүдээд олон орон сэхэээ авч, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, гэр бүл дэх хүчирхийлэл зэрэг асуудлыг хуульчилж эхэлсэн. 2001 онд япон энэ тухай холбогдох хуулийг баталсан.
Чамайг өөрийн хүссэнээрээ байлгах гэж шаардах, цохих, өшиглөх, юм шидэх, хэл яриагаарааа айлган сүрдүүлэх, дагах мөшгөх, байнга утасдах, утасдах тоолонд тэр дор нь утсаа авч байхыг шаардах, хэт хардах, хийж буй зүйлийг нь боож хаах гээд л сэтгэл санааны таагүй байдал оруулах, эрүүл мэндийн зүгээс гэмтэл бэртэл учруулах зэрэг нь бүгд DV-д тооцогдоно.
Хүнтэй үерхэхдээ дараах зүйлийг санаж байх хэрэгтэй. 1-т Эр эмийн харилцаанд нэгнийгээ захирах, дээд доод гэсэн зааг байх ёсгүй. 2-т Харилцан бие биенийгээ хүндэтгэн, эрх тэгш харилцаатай байх. 3-т Чамд таалагдаагүй зүйлээ таалагдахгүй байна гэж хэлж чаддаг байх.
Хэрэв DV-д өртөж байвал найздаа хэлэх биш, мэргэжлийн хүнд ханд. Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 70 хувь нь ямар нэгэн байдлаар энэхүү DV-д өртсөн байдаг гэж НҮБ-н судалгаа байдаг. Зөвхөн надад л тохиолдож байна гэж үзэлгүй, мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө хүсвэл их олон жишээн дээр ажиллаж ирсэн тэхайн мэргэжилтэн танд асуудлыг шийдэхэнд илүү ойр дөт зам гарцыг хэлж чадна.

гэж бичсэн байна даа. Монголд ч сүүлийн үед их сонсогдох болсон доо. Тэр тэгж нөхөртөө алуулав, зодуулав. Найз залуу нь найз охиноо хардаад тэгэв ингэв гээд л аймар. Охидоо бодохоор бас хүнд сэдэв.

Жич: DV- д өртөөд байгаа юм биш биз?  гэж урьдчилан сэргийлэх хэд хэдэн асуултнаас сонирхолтой санагдсанаа бичих үү?
Бэлгэвч хэрэглэхийг цааргалах, сална гэхээр амиа хорлоно гэж сүрдүүлэх, утсаараа байнга мессэж бичих, утасдах- хариуг нь дор нь өгөхгүй бол уурлах, ямар нэгэн чухал шийдвэр гаргах болохоор чи л шийд гэж бүгдийг хариуцуулах...

Охид минь

өөрсдийн бие организмийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд л сарын тэмдэг ирдэг шалтгаан, эмэгтэй хүний биед хэдэн ширхэг өндгөн эс байдаг, тэдгээр эсүүд нь нас ахих тусам хөгширч, устаж байдаг . Цэвэршилт хэдийд эхэлдэг? гээд л.
Яагаад энэ бүгдийг мэдэж байх учиртай вэ гэвэл, сүүлийн үед хүүхнүүд ажил ажил, сургууль сургууль гэж гүйгээд, нэг мэдэхэд 30 хол гарчихсан байдаг. Юу билээ? одоо бушуухан гэр бүл төлөвлөлтөө эхлэх минь гээд гэнэт ухаан ордог. Тэгээд яаран хүнтэй гэрлэнэ. Тэр нь өөрт нь тохирохгүй хүн байх явдал байна. Нөхөртэй нэг нь хүүхэд төрүүлэх гээд оролдоно. Хүссэнээр нь жирэмслэхгүй, эмчид хандана, өндгөн эсүүд чинь гадагшлах нь багасаад, чи жирэмсэлж чадахгүй байна, нас чинь оройтоод гэх мэтээр хэлэхээр шоконд орно. Тийм зүйл байдаг юм уу? Мэдээгүй шүү дээ? Хэн нэг нь энэ талаар урд нь хэлж зааж өгч байсан бол гэж өөрийн мэдлэг мэдээлэлгүй байсандаа харамсдаг.
Хэрэв дээрх зүйлүүдийн талаар мэддэг байсан бол гэр бүл төлөвлөлт, ажил эрхлэлт зохицуулж чадахаар байсан. Хэн нэгэн заагаагүй бол өөрсдөө өөрийнхөө биеийн талаар сонирхон уншиг, судлах, асуух гээд тодорхой хэмжээний мэдлэгтэй байцгаая.

Гэж өнөөх номонд бичсэн байна.
Үргэлжилнэ.

Сая ажлаар явахдаа олж мэдсэнээ би бас хэлэх үү.
Нэгэн эмч хэлсэн:
Хэрэв нэгэнт хэзээ нэгэн цагт төрнө гэж бодож байвал эртхэн төрөөд авсан нь дээр. Мэдээж эрт гээд арван хэдэн насандаа хүүхэд гаргана гэсэн үг биш. Хүүхэд төрүүлэх тохиромжтой насандаа л гаргах хэрэгтэй. Хэт оройтох нь жирэмслэхгүй байх тохиолдол гарна. Мөн хүүхэд нь дауны хам шинжтэй төрөх тохиолдол байна. Энэ бүхэнд эх болохыг хүсч буй бүсгүй хүн л сэтгэл санааны, эрүүл мэндийн, мөнгө төгрөгний ихээхэн гарз хохирол амсана.
35 наснаас хожуу төрөлт. Урагт янз бүрийн эмгэг илрэх магадлал өндөрсөнө.

Жич: Энэ номоо уншиж дуусахаараа том зузлагатаа уншуулах бодолтой байгаа. Дунд нь секс энэ тэр гэдэг үг гардаг ч одоо яая гэхэв. Хэдий болтол нууж явахав. Хэ хэ
Ном гэдэг сайхан багшаас мэдэж авч л байг. Харин ээжээс асуугаад ирэхээр нь юу гэж хариулдаг юм билээ. Энэ л асуудалтай...

Thursday, March 13, 2014

Битгий ай

бүсгүйчүүд минь.
За энэ ном бол охид, бүсгүйчүүдэд зориулсан ном. Гэхдээ эрчүүд ч гэсэн уншихад илүүдэхгүй, ялангуяа монгол, японы эрчүүд. Учир нь эмэгтэй хүн бол хүүхэд гаргах, өсгөх, гэрийн ажил хийх л үүрэгтэй гэж үздэг, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага улс учраас.
Зохиогч нь Осаки Асако. "Охидын аз жаргалын тухай үзэл" .
Сэтгэлд хоногшсон зүйлээс нь та хэддээ бас хүргэх санаатай.
Зохиогч  Нью-Йорк хотын Columbia их сургуулийн магистарт байхдаа жирэмсэн болсноо мэднэ. Япон хүнийхээ сэтгэхүйгээр чөлөө авдаг юм бил үү гээд багшдаа хэлнэ. Багш нь урдаас нь гайхна. 23 настай байна жирэмсэн болсноо мэдэхэд. Багш нь хүүхдээ ч төрүүлээд, сурахаа ч үргэлжлүүлээд, хоёуланг нь хослуулаад явбал яасын? Тийм хүмүүс зөндөө л байдаг шдээ гэнэ. Харин сурах сэдвээ л жаахан өөрчилсөн гэсэн.
Тэр нь олон улсын хүний эрхийн чиглэл.
Гэх мэт явсаар UNDP-н "хүний хөгжил" тэр дундаа жендерийн багт орж ажиллах болно.
Дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэй болж төрснөөрөө янз бүрийн хүчирхийлэл, ялгаварлал, зовлон зүдгүүр зэрэгт учирч байгаа охид бүсгүйчүүдийн тухай олж мэднэ, сэтгэл нь эмзэглэнэ.
Хамгийн гоё санагдсан зүйл нь НҮБ-д 2 нас хүртэлх ойтой хүүхдээ дагуулаад томилолтоор явах тохиолдолд онгоцны зардал, бас тодорхой хэмжээний өдрийн мөнгө олгогддог гэнэ. Тэр системийг ашиглаад төрснөөсөө хойш 6 сарын дараагаар ажилдаа орж, томилолтоор явахдаа охиноо дагуулаад явдаг байсан гэнэ. Харин тухайн томилолтын улсад очоод хүүхэд асрагчаа өөрөө хайж олдог гэнэ. Ээжийгээ дагуулаад явдаг байсан гэнэ.

Аятайхан байна уу?  Хэ хэ. Мэдээж ингэж явахад хэцүү ч ажлаа, сургуулиа алдахаас айгаад хүүхэд төрүүлэхээ хойшлуулаад байгаа, гэрлэхээ хойшлуулаад байгаа бүсгүйчүүддээ дэлхийд бидний боддогоос арай өөр өнцгөөс хардаг улс байдаг юм байна гэж бодоод л би нь уншиж дуусаагүй байж л бушуухан шиг блогтоо оруулаад байгаа нь энэ.

Өөр гоё санагдсан зүйлээ оруулнаа, үргэлжлэл байгаа...

Monday, March 10, 2014

Маргааш

өнөө айхтар цүнамигийн 3 жилийн ой.
Бага зулзагын минь төрсөн өдөр үүнээс хэдхэн өдрийн дараа. Энд мэдээллийн хэрэгслээр гамшгийн талаар дурсаж бичээд л. Одоо хүртэл олдоогүй хүмүүсийн ар гэрийнхний тухай гарахаар өөрийн эрхгүй сэтгэл сонин болж байгаам.
Тухайн үедээ харьж ир гээд санаа тавьсан ээж аав, дүү нар, хамаатан садныгаа сүртэй шд гэж бодож байснаа нуух юун. Эргээд бодох нээ, хэрэв тэр айхтар цүнами миний амьдарч буй хотод тохиолдсон бол? Хэрэв, хэрэв гээд л зөндөө олон хэрвээ гэж бодохоор аймшигтай.
Дөнгөж сая, цүнамид багш сурагч нийлээд 80 хэдэн хүн үрэгдсэн бага сургуулийн эцэг эхчүүд хотын захиргаандаа гомдолтой гэдгээ шүүхэд мэдэгдэж хохирлыг барагдуулахыг шаардаж буй тухай мэдээ үзээд, хэцүү ч юм даа гэж бодов. Хэнийх нь зөв бурууг хэлж мэдэхгүй ч, шүүхэд хандаж буй эцэг эхийн холбоо нь сургуулийн удирдлага хоргодох шийдвэрийг буруу? оройтож? гаргасан гэж үзэж буй бололтой юм.
Гэх мэт олон шийдэгдээгүй асуудал байна энд. Өнгөц харахад сэргээн байгуулалт өрнөөд, ямар ч асуудалгүй мэт харагдаж болох ч...
Ямартай ч цүнамид өртсөн олон олон иргэдэд, тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна аа.

Monday, March 03, 2014

Даргын ажил үргэлжлэлийн үргэжлэл

Өнгөрдөг бүтэн сайнд энэ жилийн сүүлчийн арга хэмжээ болоод. Яагаад энэ жилийн сүүлийнх вэ гэхээр энд 4 сараар ажил сургуулийн шинэ жил эхэлдэг юм. 4 сараас анги дэвшинэ, ажилд орно, солигдоно, холигдоно гээд.
Шинээр 1 дүгээр ангид орох "жаал"-уудаа угтах, 6-р ангийн "архаг"-уудаа үдэх зорилготойгоор боулинг тоглодог юм. Мэдээж наана нь хэд хэдэн удаа хуралдана. Утсаар ярилцана. Бэлтгэл ажилд нь оролцоогүй, учир нь дарга учраас. Дарга хүн чинь тэгж жижиг сажиг ажилд оролцож жижгэрэхгүй шүү. Хэ хэ. За за тоглосон юм. Эзгүй байсан тул, үнэнээ хэлээд бэлэг сэлтээ надгүйгээр бэлдээрэй гэж эвтэйхэн хүссэн гэж байгаа. Энд чинь дарга нар ажлын хувцастай л хог шороогоо шүүрдээд л, ажилчидтайгаа адил ажил хийгээд явж байдаг юм.
Гадаах цэцэрлэгт цуглаад, өглөө сургуульд явдаг бүлгээрээ жагсаж зогсоод, нэг цуваа болж алхаж явав. Би нь хамгийн урд, ганц нэг цэргүүд дунд нь, ард нь гээд явна. Ойрхон тул алхаж явсан. Түрүүлж очоод бэлдээд сууж байх цэргүүд бас байна. Бэлэг, ундаа, амттанаа зөөж авчрах цэрэг гэж байна. Ажлаа их хөөрхөн өөрсдийн боломжоороо хүлээгээд авчих юм өө. Тэг ингэ гэж хэлүүлэхгүй, өөрсдийн завтай цаг нараа харж байгаад л "би энийг хариуцлаа, би тэгвэл үүнийг хариуцъя" гээд
Ахлах бага ангиар нь хувааж баг болгоод тоглосон. Явцын дунд хүүхэд бүрт ундаа, амттан, талх өгсөн. Нас насаар нь байр эзлүүлж дурсгалын зүйл гардуулсан. Оролцсон бүх хүүхдүүдэд номын дэлгүүрээс дуртай ном оо авах карт өгдөг уламжлалтай. 6-р ангийнханд төгсөж байгаа гэдэг утгаар нь 2000 иенийн, бусад хүүхдүүдэд 500 иенийн карт өгнө.
Шагнал гардуулаад дууссаны дараа төгсөж буй сурагчид үг хэлнэ. "6 жилийн турш тусалж дэмжиж байсанд баярлалаа, шинээр 6-р анги болох ах эгч нарынхаа үгэнд сайн орж байгаарай" гэсэн агуулгатай үг хэлж байна лээ. Ирэх 4 сараас 6-р анги болох сурагчид бас үг хэлнэ. "6 жилийн турш биднийг харж хандаж байсан ах эгч нартаа баярлалаа, 6-р ангийн ахлах сурагч болоод бага ангийнхаа дүү нарыг харж хандах болно оо" гэсэн.
Оролцоогүй хүүхдүүдийн ундаа зэргийг гэрт нь хүргэж өгдөг юм билээ.
Өө тийм, шинээр сургуульд элсэж буй жаалуудын бэлэгний уутанд дэвтар харагдана лээ.

Ингээд даргын ажил дуусах шатандаа. 16-нд БҮГД ХУРАЛ-тай. Юу болдог тухай нь бичнэ ээ.

Thursday, February 27, 2014

Аниа гэж

Хань ижлээс мессеж ирэв ээ. Охидынхоо ээжийн эзгүйд хэрхэн тоглож байгааг, хэрхэн аашилж байгааг, ээжийгээ хэрхэн санагалзаж байгааг гээд тайлагнана.
Аниа нь дүүдээ үсэг зааж өгч байна гэнэ дээ. Дөнгөж 2хон настай дүүдээ шүү. Хэ хэ.
Ингэж томоор зураад, зааж хэлүүлсэн юм байх. Өнөөх нь тухайн үедээ дагаж хэлж байсан ч, одоогоор тогтоогоогүй л дээ мэдээж. 2 өдөр л ингэж багш шавь болцгоогоод, сүүлийн өдрүүдэд дүү нь энэ цаасаа гаргаж ирэхгүй байна гэнэ дээ. Бодвол аниа ширүүн багш байсан биз. Тэгээд ээж харьж ирсэн бүгд хуучин хэвэндээ орцгоосон. Ккк
Би бас багадаа дүү нартаа ингэж үсэг заагаад, өнөөдүүл нь тогтоохгүй болохоор уур хүрч байснаа санадаг юм. Аниа нар гэж бас дүрдээ их итгэлтэй улс байдаг юм байна шд.
Ингээд босоогоор орчихлоо.

Би тэвчихгүй

Олон л ийм тэвчихээргүй зүйл байх юм даа гэж. Үглээд, дуулаад байгаа хүмүүсийн нэг шүү дээ. Бидний өмнөөс.

Амарч байна

4 зүг 8 зовхист минь япон хэлээр эргэлдээд байхаар хааяа ингэж эх хэлээрээ дуу сонсох зүгээр шүү. Мэдээ сонсохоор жаахан нервтэх гээд байдаг болохоос хэхэ.

Дуу оруулна аа

Дуу хөгжимнөөс ч бүр холдож гүйцэх нь. Сонсоё доо энэ чинь...
Ойрд монголд хит болоод байгаа юмдаг уу даа.

Нээрээ

Их ажлын үеэр олимп болоод, би олигтой үзэж чадаагүй шд. Өглөө босоод л хальт мэдээ сонсдог гэж байгаа. Дэмжиж байсан тамирчид маань жаахан амжилт муутай байсөөн. Одоо яахав, дандаа амжилттай байна гэж юу байхав.
Тэгсэн нэг япон хүн " бид чинь цаанаасаа бие бялдрын хувьд арал муутай шд, нөр их хөдөлмөр зарж байж л ийм амжилтанд хүрч байгаам" гэсэн. Ёвропчуудыг хар, ямар их медаль авбаа, яг ямар ямар улс байлаа даа, санадаггүй ээ. Бүр нэг улсын 3 тамирчин эхний гурван байрт шалгараад ч байх шиг.
Хань ижил нээлтийн ажиллагааны үеэр төрийнхаа далбааг хараад, сэтгэл хөдлөөд гэсэн. Эзэлсэн байрыг нь сүүлд надад хэлж байсан. Жаахан дэмжээд, дээрээс нь өөрсдөө хөдөлмөрбөл манайхан ч үзүүлээд өгөх байх аа тэ.
Их сонин сонин спорт бас байна л гэнэ шүү. Тэр нэг шал зүлгээд л байдаг спорт байна хэхэ. Шал ч биш л дээ, хөөрхийс. Мөс биз дээ тэр одоо.

Монголоос дээр үед захиж байсан ном минь ирсэн, уншина даа зав гарахаараа. Зургийг нь оруулна аа эндээ.

Галзуу

хүний өдрийн тэмдэглэл хөтөллөө хэд хоног. Хэ хэ
Мэргэжлийн үг гэж нээрээ хэл ам сугалсан, орооцолдуулсан эд шүү. Монгол нь өөрөө наддаа гадаад хэл болчихоод байгаам чинь. Ядаж байхад хажуугаар нь орос үг хэрэглэх юм аа, би орос хэл пагийг хэлэх үү. Гэснээс орос хэл дээр зурагт үзэлгүй 10 жил болж байна.
Хэд хоног яваад ирсэн, бага зулзага салахаа байлаа. Эрх нь дэндээд байна. Намайг харахаараа хүнээ байдаг гэнэ шүү. Эзгүйд бол хачин дуулгавартай, хоолоо өөрөө иддэг л гэнэ, хүнийг үг сонсдог л гэнэ. Би нь одоо яалтай билээ. Байнга гадуур дотуур явж байдаг юм уу хаашаа юм.
Гадуур явах ч уг нь сайхан шүү. Шинэ газар үзэж, шинэ хүмүүстэй танилцаад л.
Баахан цаастай л боллоо, бага багаар нь дахин уншаад, өөрийн болгоод явчих санаатай. Энэ удаад бүр яс хийнэ ээ, хадгалахгүйгээр хэхэ. Өөртөө бүр амлалаа. Та нар бас хааяадаа сануулж байгаарай, амлалтыг минь.

Манай монголчууд наашаа их ирдэг болж, төрөл бүрийн салбарын сургалт, хурал цуглаанд оролцохоор. Буцахдаа ачаа нь хэтрээд буцдаг болжээ. Би ч ганц нэг муу аргаасаа хэллээ. Гар тээшээ тэг ингэ гэж хэхэ.

Saturday, February 22, 2014

Өдөр бүр хий

Ер нь байж байгаад л ийш тийшээ ажлаар явж ирэхдээ "за энэ япон хэлэнд ус цас болохгүй бол ч... Өнөөдрөөс хойш хичээнэ ээ" гэсэн эрч хүчтэй асар хүнд зорилготой буцаж ирдэг байгүй юу.
Энэ удаад бас л тийм бодолтой, өөрийгөө голсон хүн л сууна.  
Аан бас "за энэ англи хэлийг сурахгүй бол ч, өдөр бүр үг цээжлэнэ ээ" гэсэн зорилготой ирнэ ээ. 
Монголын хууль гурав хоног болчихоод байдаг болохоос. 
Хажуугаар нь эмэгтэй хүмүүс бидэнд амжуулах ажил их байх юм аа тэ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг л энэ. 
Их битгий хий
Бага битгий хий
Өдөр бүр хий
гэдэг үгийг л санаж явахаас. Өдөрт ядаж ганц үг, ганц арван минут...

Таг болдог

болжээ, би ч. Аав минь бас таг болчих юм аа гэсэн. Хэ хэ

Ажил ихтэй байна. Эмэгтэй хүмүүс чинь ажлынхаа хажуугаар гэр орон, үр хүүхэд, нөхөр сүүдэр гээд харж халамжлах зүйл их байх юм байна шүү дээ. Багыгаа унтуулчихаад ажлаа хийж байна гэж хэд хоног гүрийсэн чинь хацар дээр юм гараад. Жаахан л ядарвал гардаг юм, ихэвчлэн уруул тойроод гарна гээч.
Бас нэг мэдүүштэй сониноо та нарт хэлэх үү? Нэг орой зүүн чих сонин хөндүүр оргив оо. Тэгсэн маргааш нь бүр өвдөөд уналаа. Юм идэхээр, ангайхаар, хүрэхээр аймар өвчтэй байлаа. Бүр цаанаа биш, наахан хэсэгтээ өвчтэй байгаад байдаг. Охидууд минь өвдсөн шиг дунд чихний үрэвсэл лав биш дэг ээ. Ядраад дотор нь нэг юм гарчихаж гэж оношлов. 2 өдөр өвдөж явав. Ажлаар гадуур явах гээд байдаг, бүр хүндрээд ажил будаа болно гээд эмчид үзүүллээ. Тэгсэн сувилагч нь миний хэлснийг сонсож байснаа
-Чихээ их ухдаг уу?
-Тийм, ер нь ухна л гэнэ шүү.
гэлээ. Сувилагч инээж байна аа. Ээлж ирээд эмч дуудлаа. Үзсэнээ багадаа дунд чихний үрэвслээр өвдөж байсан байна. Баруун чих зүгээр байна. Зүүн чихийг үзсэнээ улаан байна. Гадна чихний үрэвсэл гэв. Чихээ хагас жил ухаж болохгүй гэсэн. Хэ хэ
Чих их ухахаар бохир ороод ч гэнэ үү, бид өвтгөөд, шалбалаад орхидог ч гэнэ үү, тэгэхээр бохир ороод үрэвсдэг гэнэ дээ.
Гэртээ ирээд чихний хөвөнгөө далд хийчихсэн. Ил яваад л би чих ухах дуртай хүн гэрийнхээ бүх гишүүдийн чихийг ухах гээд зүтгэдэг хүн байхгүй юу. Одоо больё чи минь, муухай өвддөг юм билээ.
Чихээ үзүүлэхдээ бага зулзага их уйлдаг байхгүй юу, ер нь тэрүүгээр нэг үзүүлэх гэж ирсэн жаахнууд уйлаан майлаан, чарлаан болдог юм. Үнэндээ өвдөх байх гэж айгаад эмнэлэгт очилгүй 2 хоночихсон хүн шүү дээ би чинь. Тэгсэн өвдөх нь битгий хэл харин ч нээх кайфтай юм билээ шүү ккк

Thursday, February 13, 2014

Ганган охид

гарах байх шүү. Охидууд минь. Хэхэ. Бага зулзагатайгаа оригами-гаар янз бүрийн бүтээл туурвиад сууж байлаа. Тэгсэн бага зулзага өөртөө бөгж хийлээ. Би скочоор нааж өгөөд бэлэн болов. Тэгсэн дахиад дахиад гэсээр байгаад 10 хуруундаа бөгж хийгээд зүүчихлээ өнөөх чинь. Бөгжөө бүх хүмүүст гайхуулаад л явсан. Хуруунуудаа байдгаар нь дэлгэчихээд л.
Том зулзага бас яг ингэж бөгж хийж тоглодог байсан юм. Бас их цуглуулна аа.
Намайг ээмэг бөгж зүүхлээр
-Ээж ээ, том болохоор минь өгөөрэй за
гээд л шулганадаг байж билээ. Томрохоор нь өгнө өө. Ямар учиргүй алт алмазан ээмэг бөгж биш. Хэ хэ. Энд нээрээ охидууд чихээ цоолох нь ховор. 10 жилд нь бүр хориотой. Ялангуяа ахлах сургуульд орохоор сургуулийн дотоод дүрэм журамд хориглодог юм билээ. Нэг бодлын зөв гэж бодоод байгаа. Чихээ цоолчихвол хичээлээ хийх цагаасаа хумслаад анхаарал нь бас ээмэг бөгжинд сатаараад. Баян хоосны ялгаа гараад гээд л сул тал байна.
Оюутан болоод ч юм уу нийгэмд гарахаараа харин эмнэлэгт очоод цоолуулчихдаг юм билээ эдний охид хүүхнүүд нь.
Би бүр ээмэг бөгжнөөс төсөөрсөн байна лээ. Зүүхээ мартаад гараад явчихна. Хааяа зүүхээр вуав яасан гоё болчихоо вэ энэ тэр гэж хүн ичээгээд байхаар нь төвөгшөөдөг болсон байна лээ.
Гэхдээ байна шүү, донжыг нь олоод гоёчихдог байх зүгээр гэж боддог юм. Тэгэхгүй бол ээж шигээ элдэв гоёлоос хол бол бас дэмий.

Wednesday, February 12, 2014

Гялгар уут

Гамшгийн үед байгаа материалаа ашиглан хоол хийх талаарх сургалтанд оролцов.
Сүүлийн үед иргэддээ болон, гадаад оршин суугчдад зориулсан иймэрхүү сургалт их зохиогддог болсон байна лээ.
Манай ажлаас анх удаа зохиож байгаа тул дутагдалтай зүйл байсан. Жишээ нь богино цагт олон төрлийн хоол хийх гэж үзээд, цагтаа амжихгүй зарим нэг хоол онцгүй болсон.
Энэ удаагийн сургалтын онцлог гэвэл гялгар уут ашиглан хоол хийх. Дээр үеийн бидний хэлж сурснаар бол 10-ын уут. Бусад төрлийн гялгар уут хорт бодис ялгаруулах тул ашиглахгүй байх нь зохистой. Үндсэн арга нь материалуудаа уутанд хийгээд ууттай нь тогоотой усандаа хийгээд буцалгах юм билээ.
Мэдээж гамшгийн үед ус, тог, газ гээд л өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр тасалдах үе гарна. Мөн гал тогооны хэрэгсэл гээд л.  Энэ л үед ухаан санаагаа уралдуулж, тэр бүр сандраад байлгүй аливаа зүйлд хянуур хандах хэрэгтэй гээд л хоолны хичээлээс өмнө хальт лекц сонсов.
Ганц тогоотой байна гэж бодоё. Олон хүний хоол хийх хэцүү тэл уутанд будаагаа хийгээд 30 минут буцалгаад л болж байна лээ. Бас лууван төмсөө хэрчээд нэг хүний поорцоор гялгар уутандаа хийгээд бас тодорхой хэмжээнд буцалгана. Гоймонг бас тэгсэн. Ингэхдээ 10 минут тутамд гаргаж ирж сайтар хольж өгөх хэрэгтэй. Уутных нь гаднаас. Халуун тул бээлий өмсөж хийнэ.
Амталгааг бол өөрсдийн хийнэ гэсэн зүйлээ хийхэд болох юм билээ. Япончууд хоолоо чихэрлэг амттай идэх дуртай тул нялуун болсон байсан. Бид бол давсаа л хийх хэрэгтэй. Хэ хэ.
Энэ арга гэхдээ бас сүүлийн үед турах зорилготой хүмүүст их хэрэгтэй гэсэн. Учир нь тос огт хэрэглэдэггүй тул. Энэ талаар янз бүрийн л ном хэвлэгдсэн байна билээ. Дараа завтай үедээ гүйлгэж харна аа. Ажил дээр олон орж ирсэн харагдсан.

Wednesday, February 05, 2014

Хөөрхөн ном 2

За энэ өмнөх бичлэгний үргэлжлэл.
Биеийн эрхтэн орсон хэлцүүд бий.
Гар хөл, цээж, мөр, гэдэс, хошного гээд л хэхэ.
Жишээ нь Ката но ни га орирү-мөрнөөс ачаа буух. Утга нь ямар нэгэн хүнд хариуцлага, ажлын ачаалал дуусч санаа амрах гэсэн утгатай.
Шири га омой-бөгс хүнд. "Бөгс томтай гэж бодож байна уу? Үгүй шүү. Ямарваа нэгэн зүлийг хийхдээ хойрго, удаан гэсэн үг. Жишээ нь хэн нэгний гуйлтыг цаг тухайд нь хийчихгүй, хойрго зан гаргах" гэж тайлбарласан байна.
Гэх мэтчилэн тайлбар нь бас хөөрхөн. Та нарын дунд арай ингэж бодсон хүн байгаа юм биш биздээ гэж ирээд л. Өөрийн эрхгүй пис гээд инээд алдах үе гарсан шүү.
Уг хэлцүүдэд монгол хэлний хэлцүүдтэй төстэй зүйл хэд хэд байсан.
Япон хэл суралцаж буй хүмүүс сонирхоорой. Ялангуяа японд суралцдаг хүмүүст их зүгээр шүү дээ. Үнэгүй зээлээд уншчихна. Тэгэхгүй бол жижигхэн хэрнээ бас л хөөрхөн үнэтэй ном байсан. Би нэг худалдаж авах гэснээ больчихоод, ажилдаа шахаж байхав.
За та нартаа болон өөртөө амжилт.
Ер нь гадаад хэл гэдэг чинь байна шүү дээ хэцүү хэцүү ккк

Хөөрхөн ном 1

Эртээд санаандгүй 2 зулзагатайгаа мужийн номын санд явахдаа зээлж авсан юм. Уншиж амжихгүй явж явж, хугацаа нь жаахан хэтэрсэн. Тэгээд ажлынхныгаа ав гэж захиад. Гадаад оюутнуудад их зүгээр юм байна. Хүүхдэд зориулсан тайлбар нь ч хөөрхөн энэ тэр гэж рекламдаад.
Толь бичигнээс үг харахаар нил ханз, дөнгөж суралцаж буй хүмүүст залхмаар шүү дээ үнэндээ.
Энэ ном нь юуны тухай вэ гэхээр хүний нүүр царай, толгой чих хамар орсон хэлцүүд тайлбартайгаа бий.
Жишээ нь монгол хэлэнд хамраа сөхөх гэж байдаг даа. Япон хэлэнд бас байна аа байна. Хана га такай гэж. Хамар өндөр гэж орчуулах юм уу даа шууд утгаараа.
Мөн Као га үрэрү. Царай нь худалдагдах, зарагдах махчилбал шүү дээ. Цаад утга нь нэр алдарт хүрэх, олны танил болох гэсэн үг.
Гэх мэтчилэн зөндөө л байсан. Бүгдийг нь бичнэ гэж юу байхав. Өөрсдөө олж умшигтий.

Tuesday, February 04, 2014

Онгод

ихтэй байгаа.
1. Нэхэх хобби ихсээд л. Том зулзагынхаа найзад малгай нэхэж өгсөн. Бөөн баяр байна гэсэн. Угладаг ороолтоо нэхээд тавьчихсан. Хагас сайнд эзэнд нь өгнө. Бас эгчид нь нэхэж байгаа. Уг нь өөрөө утсаа өгсөн юм. Тэгсэн нэг тийм хөвсгөр утас, сонин болоод болж өгдөггүй. Нэхэж үзээд л хөвөөд байсан. Сүүлдээ шинээр утас авч нэхээд, хуучин утсыг нь буцаана аа. Өөртөө бас малгай нэхнэ. Бас бус нэхэхээр товлосон зүйл байгаа. Зургийг нь оруулахаа хэлж мэдэхгүй л байна. Ганц нэг хүн адилхан нэхсэн зүйлийнхээ зургийг үзүүлбэл оруулна. Хэ хэ. Уншаад шууд өөрийг нь хэлж байна гэж мэдэх ёстой.

2. Бичиг цаасны ажил ихтэй байна. Дээр үед хийж байсан орчуулгын үг хэллэг хэрэг болоод. Тэгсэн хоолтойгоо хольчихсон байх юм. Тухайн үед хийж байсан галзуу хүний өдрийн тэмдэглэлээ сөхөж хараад л сууж байна.

3. Номоо уншиж байгаа. Дуусахаар нь зургийг нь оруулна аа. Хэ хэ. Мундаг тэмдэглэл бол оруулж чадахгүй шүү дээ угаасаа.

Сар шинийн мэнд

Сайхан баярласан биз дээ. Их өргөн болоод байгаа сурагтай. Энд ажлын өдөр байгаад байдаг, тэнд хүмүүс айл хэсээд, алт мөнгөө цуглуулаад байдаг.

Би өөрийгөө бас жаахан тэрслүүд үзэлтэй гэж боддог байхгүй юу. Тэгсэн адил үзэл бодолтой найз нөхөд байдаг л юм билээ. Хэ хэ Шууд манай тал.

Бид сар шинийн мэнд мэдэлцээд л шууд шүүмжлэлдээ орж байгаа юм.

Жил бүр шинэ дээл хийлгэж өмсдөг хүн байна. Нэг дээл хийлгэхэд дор хаяж ... төгрөг гэнэ. Тэрийг нь би иенд шилжүүлж үзлээ. Том зулзагын 3 сарын төгөлдөр хуурын төлбөр болж байна. Тэгээд ганц өөрөө биш, гэрээрээ гэнэ. 4 хүнээр бодоход л бараг бүтэн жилийн төлбөр. Толгой сэгсрээд л байж байна. Үндэсний зан заншил, уламжлал сэргээд сайхан байгаа ч, бас шүүмжлэлтэй хандах зүйл байна аа байна.

Хадаг байна. Бүр л онцгой тохиолдолд хэрэглэдэг зүйлийг өдөр тутмынхаа аар шаархан зүйлд хүртэл хадаг яндар болно.

Дээрх торго, хадаг гээд л бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Дандаа урд хөршид орлого оруулна.

Бас мөнгө барьж золгодог ёсыг болих хэрэгтэй.

гээд л бид зөндөө л хууч хөөрлөө.

Бодууштай шүү, үнэхээрийн.

Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй ч тэрийг нь дуурайгаад намираад байхгүй юм сан л гэж бодож сууна даа.

Жич: Шинэ жилийг найз нөхөд, ажлын газрынхтайгаа баярладаг баяр, цагаан сарыг хамаатнуудын баяр болговол таарна гэдэг шийдэл хүрсэн. Хэрэгжих болтугай.

Monday, January 27, 2014

Жилийг хамтдаа

туулах дэвтэр минь. Ягаан өнгөтэй нь. Саарал нь 2013 оныг хамтдаа туулсан. Дотор нь зөндөө л зүйл бичээстэй байгаа.  Ажлын хөтөлбөр. Хувийн аялал. Өдөр тутмын амжуулах зүйлс гээд л. Мөн данс тооцоо ч бий. Бас нэг нууцаа хэлбэл нет хэсч яваад олж мэдсэн номны нэрсээ тэмдэглэж аваад наашаа ирэх хүнд захьдаг. Мөнгийг нь өгөөд захина, бэлгэнд захина. Хэ хэ
Ингэж дэвтэр хөтлөх нь утсыг бодвол давуу талтай. Тэр нь хэдийд ч нээж болно. Сүүлийн үед ухаалаг утас гараад юм л бол утсан дээрээ тэмдэглэх нь их ч, цэнэг нь дуусна, эвдэрнэ, гээнэ гэх мэтчилэн сул тал бас байна аа байна.
Мөн ажил хэргийн уулзалт энэ тэрд утас нээж харах нь бүдүүлэгт орно.
2014 онд ч зөндөө сайхан зүйлсээр дүүрээд түнтийх болтугай. Яагаад түнтийх вэ гэхээр наадаг цаас их хэрэглэдэг юм би нь. Наагаад наагаад л явчихна шүү дээ.

Friday, January 24, 2014

Уулзалгүй удсан өвөө

тэйгээ уулзаж хэдэн цаг буу халж суув. 3 сард 93 насыг зооглоно.
Хөөрхий минь өнгөдрөг жил бие нь жаахан чилээрхээд эмнэлэгт хэвтээд гарсан гэнэ. Эд нар ер нь бас их сонин улсууд. Эмнэлэгт хэвтлээ, өвдлөө хавдлаа, хүн өнгөрлөө гэж хэлдэггүй. Сүүлд л мэдэж, заримдаа эвгүй байдалд орно.
Хэлсэн бол ядаж эргэж очихгүй юу?
Бид 2-н уулзалт цагаан сарын өмнө байдаг нь уламжлал болоод байгаа. Учир нь өвөө маань монголын сар шинийн баяраар монголд танилцсан ганц нэг найздаа мэндчилгээ илгээдэг юм. Тэрийг нь би монголоор бичиж өгнө. Гоё бичих гэж хичээнээ гэж байгаа хэхэ.
Гараар бараг бичихгүй болохоор хүний бичгийн хэв их мууддаг юм билээ шд, хэлүүлтгүй биз дээ.

Өвөөгийн сэтгэлд хоногшсон ярианаас товчхон дурдвал

Миний урт наслалтын нууц нь чам шиг ийм залуу найз олонтойд байгаа юм. Настай улсууд уулзахаар ярианы сэдэв нь тэнд тэгж өвдлөө л гэдэг гэсэн. Хэ хэ

Гадаад харилцаа гэдэг чинь уг нь томчууд л уулзаад улс төр яриад байхдаа гол нь биш иргэд хоорондоо энгийн сайхан найзууд болох явдал юм шүү дээ.
Өөрөө бол өдий наслачихаад монголоос, захиа авна. Бас болоогүй ээ францаас бас захиа хүлээж авна. Бас хариуг нь бичнэ гээд л тэрүүхэндээ хөөрхөн завгүй.

Тархиа үргэлж сэргэг байлгах. Жижиг гэлтгүй ямар нэг сонирхолтой байх.

гээд л зөндөө л зүйл ярилцлаа.
Одоо ч монгол явж чадахаасаа өнгөрсөн байх өө. гэсэн хэхэ

Түрүү жилийн хавар уулзахад таяггүй алхдаг байсан өвөө минь энэ удаад таягтай болж. Бага зэрэг турсан байна. Сүүлийн үед харин овоо хоол ундандаа сайжирч байгаа гээд, овоо идэж харагдсан. Залуу хүнтэй ингэж цуг хооллохоор хоол идэх дуршил ч дээшлээд байх шиг гээд л инээгээд байсан.

Хавар сакүра цэцэглэх үеэр багш навь нараа цуглуулж уулзахаар тохиролцоод өвөөгийнхөөсаа гарлаа.



Thursday, January 23, 2014

Монголрүн

гэдэг ном. Ихээхэн сонирхолтой. Өмнө нь харж байсан ном гэвэл ихэвчлэн хөдөө, малчдын тухай гээд л бичсэн байдаг бол уг ном хот хөдөө аль алиныг нь хөндсөн.
Шинэ жилээр хэрхэн гоёдог, жил бүр шинэ даашинз хийлгэдэг, арван жилийн төгсөлт, оюутны төгсөлт гээд л хотын амьдралыг тэр чигээр нь танилцуулсан байна лээ. Дуучин, зураач, загвар өмсөгч гээд л од хүмүүсийн зураг хөрөгтэй. Миний мэдэхийн Камертон, Болд, Ундрал, Хаянаа, хөтлөгч Чимгээ. Өнөө миний гаргасан номыг нь худалдаж аваад байдаг Болормаа, дуучин Ариунаа гээд л зөндөө л байсан. Гэрлэх ёслол, хорхог, малчдын амьдрал гээд л эх орныг минь маниас илүү танилцуулаад биччихсэн байсөөн.
Иймэрхүү эх орныг минь танилцуулсан ном байвал гүйлгэж харах дуртай. Мартагдах шахсан зүйл ч, мэдэхгүй үг хэллэг ч их тааралддаг учир. Ингэж хэлбэл, тэгж тайлбарлавал хүлээж авах юм байна шдээ гэж будаа иддэг юм. Хэ хэ.

Жич: Номын эхний нүүрэнд монголчууд биднийг

Царай нь ази. Стиль нь ёвроп. Сэтгэл хөөрөлт нь латин. Гаднах төрхөндөө их анхаарал тавьдаг. Партид мааш их дуртай 

гэсэн байна даа биднийг. Үнэн үнэн.

Thursday, January 16, 2014

Түүхийн хөтөч

Монголоос ирсэн нэг сонины түүхийн хөтөч буланд нийтлэгдсэн байхаар нь хаяж чадалгүй блогтоо орууллаа.

И.Сталины гаансыг хугалсан гэх Пэлжидийн Гэндэн

Тухайн үедээ дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нэг байсан И.Сталины гаансыг хугалсан нэг л хүн байдаг гэх. Тэр нь манай орны 9 дэх ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн.
Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1895 онд мэндэлсэн тэрээр 1924 онд 29 настайдаа Ардын их хурлын гишүүнээр сонгогдон анхдугаар Үндсэн хуулийг батлалцаж улс төрд анх хөл тавьжээ. Үүнээс 4 жилийн дараа тэрээр улсын Бага хурлын даргаар томилогдож, улмаар 1932 онд ерөнхий сайд болсон юм.
Боловсрол мэдлэгээр нимгэн хэдий ч Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй байсан бөгөөд Москвад болсон нэгэн дайллага дээр ЗХУ-ын тэргүүн И.Сталинд халамцуу агсам тавьж, гаансыг нь хугалсан гэх яриа байдаг. Тэр үед Япон Хятадын мэдэлд байсан Манж, Өвөрмонголыг эзлэн Манж-Го гэх тоглоомын улс байгуулаад ЗХУ болон Монголтой хил залгаа болсон байв.
И.Сталин ийм нөхцөлд стратегийн аюултай дайсан Японоос улс орноо хамгаалах үүднээс Монголд цэргээ байршуулах сонирхолтой байжээ. Нөгөөтэйгүүр Ар Монголын лам нар улс төрийн хүчний хувьд хүчтэй хэвээр байсан тул тэднийг бүр мөсөн үгүй хийхийг П.Гэндэнгээс удаа дараа шаарджээ.
Гэвч П.Гэндэн лам нарыг өмөөрч, ЗХУ-ын цэргийг эх орондоо байршуулахыг эрс эсэргүүцэж байв. И.Сталин түүнтэй нэг удаа уулзахдаа " Гэндэн та лам нараа хөндөлгүйгээр улсынхаа тусгаар тогтнолоо хадгалж чадна гэж бодох юм. Энэ нь боломжгүй. Танд лам нартай тэмцэх дур алга. Энэ давхрагатай хатуу чанд тэмцэх шаардлагатай шүү" гэж хэлсэн гэдэг.
Гэвч П.Гэндэн түүний үгийг үл тоож, " Сэлмэн хамарт гүржтэй Монголынхоо төлөө үзэлцэнэ" гэж даналздаг байсан юм. Түүнийг И.Сталин Х.Чойбалсангийн тусламжтайгаар хилс хэрэгт буруутган Москвад тамлан зовоож байгаад 1937 оны 11 сарын 26-нд буудан хороожээ.
Улс төрийн алсын хараагүй бодлогын улмаас ЗХУ Монголд асар өргөн хүрээтэй яргалал явуулж, насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг хядсан гэдэг. Хэдий тийм ч тэрээр Москвагийн дуулгавартай боол байгаагүй бөгөөд эх орныхоо төлөө алтан амиа ч үл хайхраагүй нэгэн. Түүнийг Москвагийн Донын гэх газар оршуулжээ.
Б.Барс

гэнэ дээ.

Wednesday, January 15, 2014

Номны тухай

Дээхэн  авчирч уншаад буцаагаад явуулчихсан ном. Соц нийгмийн үнэмшмээргүй ч юм шиг, сэтгэл сэртхийлгэсэн явдлууд дурдагдаад л. Зарим нэгийг нь уншихад жаахан ойлгомжгүй байсан. Бидэнд мэдэгддэггүй л байсан болохоос асар хэрцгий, харгис байсан байгаам энэ орос ах нар.
Би ч 2 жилийн өмнө нэгэн нагацыгаа орос хүний гарт алдсан. Их зэвүүн...
Ер нь хөдөөний оросууд нь их хэрцгий, хэдхэн төгрөгнөөс болоод хүн алахад бэлэн байдаг гэж сонссон. Харьцахдаа бас болгоомжтой л байх хэрэгтэй.
За тэр ч яахав. Номоо нэлээд дээхэн уншсан тул бичих гэсэн санаанд орж ирдэггүй гэнэ ээ. Хэ хэ.
2 боть юм билээ. Хоёуланг нь уншсан.  Хэлмэгдүүлэлт гэж айхтар зүйл. Их ч олон хүн амь насаа алдсан. Цөөхөн нэг нь амьд гарсан. Түүхийн нэгэн эмгэнэл. Орос ах нарын тушаалаар бид л сор болсон хүмүүсээ түүгээд түүгээд хэлмэгдүүлээд байсан юм уу гэсэн, тэд ч дотроо өөрсдийгөө бас л олноор нь хэлмэгдүүлсэн байх юм.

Эрүүл тэмдэглэмээр байна

 За энэ уламжлалт цагаан сар гээч баяраа жаахан эрүүл саруул тэмдэглэмээр байх юм дөө гэж. Идэхгүй өөх ихтэй том том ууц. Өөр чинь юу билээ? Олон жил цагаан сарыг эзгүй өнгөрөөсөн тул зарим нэг идээг нь мартсан байна.
За одоо ингээд үглэхээр ээж аав урдаас бас үглэнэ ээ. Хүн болгон л тийм байхад, амьтан хүн муу хэлнэ ээ бла бла.
Харьцангуй залуучууд нь арай өөрөөр тэмдэглэдэг болж л байгаа гэсэн. Яг яаж юм бүү мэд.
За энд цагаан сараараа гэртээ очоод, ээж аавтайгаа уулзана. Ганц нэг найз нөхөдтэйгөө оройн хоол иднэ. Цанын бааз орно. Боулинг тоглоно гэх мэтээр спиртлэг биш спортлог тэмдэглээд байна.
Бид бас чадах л ёстой доо, тэнгэрлэг улсууд шүү дээккк

Бас баяр болохоор л үнээ нэмдэгээ больчихмоор байнаа. Тэтгэврийн хэдэн хөгшдөөс аваад борчууд бид чирэгдээд байна.
Энд баяр болохоор хямдрал зарлаад, тэр нь үнэнч гэж юүхэв. Монголд хямдрал нь хүртэл хулхи. Үнийг нь нэмж байснаа хямдруулж энэ тэр.

Онигоо ч билүү санагдчихлаа. Тэрний энэний боов, тэр сайхан боов гэж ирээд л рекламдаад. Улсууд 2-р сувгаар ойлгож элэглээд байдаг даа. Ха ха

Малгай

Энэ өнөө нэхсэн малгай. Фб-т зургийг нь оруулсан чинь олоон найзууд минь худалдаж авмаар л байна гэсэн. Одооноос нэхэж тавиад харихаараа зардаг юм билүү гэсэн. хэ хэ
Одоо яг энэ утсаар нэг хүнд ороолт нэхэж байгаа. Бас л олон жилийн өмнө нэхэж өгнө гэж хэлээд голорчихсон байсан юм. Цагаан сараас өмнө өрнөөсөө салах санаатай.
Гэснээс цагаан сарын бэлгэнд иймэрхүү нэхсэн зүйлээ өгвөл баярлах хүн хэр олон бол? Олон байдаг бол сайхан л байна. Нэхээд л тавиад байна, тэгээд цагаан сар ч юм уу нэг баяр болохоор нь өгчихнө. Гоё санаа байна уу?
Цанын бааз дээр охидууд ийм малгай их өмссөн байсан. Энэ жилийн моод юм шиг байна лээ. Даан ч би нь өөрөө өмсөөгүй шд. Том зулзага дээрэмдэж өмсөөд. Ээ дээ охин хүүхдийн шунал гэж бас л дийлдэхгүй шинжтэй. 

Ангийн юм гэсэндээ

амттай байсан шүү, тэ хүмүүсээ.
Бугын махан хуушуур. Дажгүй л амттай юм билээ. Өөх багатай байсан. Бид өөх хольж хуушуураа хийсэн. Бас бас бус ногоо хийсэн. Би энд ирснээр их олон төрлийн ангийн мах идэж үзсэн. Зэрлэг гахай, буга, баавгай. Бас дээрээс нь өчнөөн загас. Хэхэ
Адууны мах идэж чаддаггүй гээд л ярьдаг хүмүүс бий л дээ. Амтлах эрхтэн нь хэтэрхий хөгжчихсөн улсууд шиг байгаа юм. Тэгээд тэдгээр махны өвөрмөц амтыг биднээс илүү мэдрээд байдаг байх. Би бол нээх идэж чадахгүй гэх нь байхгүй. Ангийн юм гэсэндээ амттай байна шүү гээд л идчихдэг хэхэ. Гэхдээ тарваганы мах иддэггүй юм өө. Багаас минь идүүлж байгаагүй, тос өөх ихтэй гээд ижий аав хоёр минь. 2 жилийн өмнө зун монгол явахад нээлт хаалтыг тарваганы махаар хийж байлаа шүү дээ манайхан чинь. Тэнд хүмүүс бужигнаад л байсан. Би наана нь өөрийгөө болгоод л явсан хэхэ.

Зураг 4

Хойд кюүшюү, төв арал хоёрыг холбосон гүүр. Гүүр болгон уг нь нэртэй байдаг юм. Нэрийг нь харахаа мартчихаж. Зам харилцаа хөгжчихсөн болохоор нэг их төөрөлгүй зорьсон газраа хүрчихэж байгаам. Хамгийн авууштай нь хурдны зам дээрх тэмдэглэгээнүүд. тийшээ явах гэж буй бол тийшээ, ийшээ явах гэж буй бол ийшээ зам сална нийлнэ гээд бичээстэй. Ханзаар болон англи цагаан толгойгоорбичсэн байна. Харин ч нэг ханзны хичээл болно шүү дээ. Мэддэг ханзныхаа мэддэггүй дуудлагыг нь мэдэж авдаг юм хэхэ. Энэ ханзыг бас ингэж уншдаг байх нээ гээд л.
Токио болон томоохон хот, очиж байгаагүй газрын галт тэргэнд суухад бас тэгдэг юм. Өртөөнүүдийн нэрний ханзыг унших гэж бас л хөөрхөн шалгалт өгдөг юм билээ. Сонин сонин ханз байхыг нь яана? Өдий наслахдаа огт харж байгаагүй ханз хүртэл тууж явдаг юм ккк.

Tuesday, January 14, 2014

Жолооны үнэмлэхээ сунгуулав

Анх үнэмлэхтэй болсноос хойш 3 жилийн дараа нэг сунгуулсан юм. Энэ жилийх нь 2 дахь удаагийх. Төрсөн өдрөөс нь хоёр сарын өмнө бичгээр мэдэгдэнэ. Өглөө, өдөр бүртгэж авна. Хуучин үнэмлэхээ, мэдэгдэл хуудастайгаа авч очоод бүртгүүлээд, хураамжаа төлнө. Хараагаа шалгуулна. Жаахан саатав. Өөр төхөөрөмж дээр дахин шалгуулж нэг юм хараа тэнцэв. Уг нь холын шил зүүдэг л дээ. Ихэвчлэн зүүдэггүй л болохоос. Ядаргаатай шүү тэ. Хичээлд сууна. Энэ хичээл нь 4 янз байдаг юм байна. 1-т 30 минут. 2-т 1 цаг. 3-т 1:30. 4-т 2 цаг гэж хугацаагаар нь ангилж байна лээ. Цаанаас нь тэдэн дугаарын өрөөнд ор гэж зааж өгнө. 30 минутын хичээлд сууж байгаа хүмүүс нь сүүлийн 5 жилд нэг осол гаргаагүй, зөрчил гаргаагүй улсууд суудаг гэнэ. Тэгээд үнэмлэх нь алтан өнгөтэй болдог гэнэ. Би нь энд хараахан сууж амжсангүй. Хэ хэ. 1 цагийн хичээлд суулаа. Энэ нь 5 жилийн дотор ганцхан зөрчил гаргасан хүн суудаг гэнэ. Би нь зөрчил гаргасаан гаргасан. Тээр жил бага зулзагаа хүүхдийн суудалд нь суулгалгүй аниа нь тэврээд хойно сууж явсан юм. Тэгсэн гай таараад зогсоолгоод. Үнэмэлэхээ гарга гэхэд нь гаргахгүй гэж маргаад. Хүүхэд уйлаад байхаар харин ч сэтгэл санаа тавгүйтээд яаж амар тайван жолоо барьдаг юм. Та нар хүүхэдтэй юу? Хүүхэд гаргаагүй болохоороо мэдэхгүй байна гэж хүйсээрээ түрүү барьж цагдаа нарыг загнаад. Цагдаа нар уучлаарай, аюултай учир та суулгаж л явах ёстой гэж намайг чинь аргадаад. 2хон цагдаа байсан чинь сүүлдээ бүлэг цагдаа болчихсон байхаар нь айлаа шд. Мэдээж тэгээд яаж дийлэхэв. Оноогоо хасуулсан. Мөнгөөр торгохгүй, үнэмлэхээ гаргаад аль гэсэн. Кккк Хань ижил бас аргадаад, гаргаж өгөөч ээ гэж мэгээд хэхэ.
Жич: энд оноо, мөнгөн торгууль хоёр зэрэг оногдох тохиолдол байдаг юм. Яг ямар үед хоёулангаар нь торгуулаад байгааг бүү мэд. Дараа мэдвэл бичнэ ээ.
1:30 минут нь 5 жилийн хугацаанд 1-с дээш хэд ч гэлээ дээ. 2 цагийх нь нэлээд хүнд зөрчилтэй хүн суудаг юм уу даа. Чихний хажуугаар өнгөрчихсөн. Хэ хэ.
За тэгээд хичээлийх нь агуулга нь богино хэмжээний кино үзүүлнэ. Согтуугаар жолоо бариад, хүний амь эрсдээд. Хохирол учруулсан, хохирсон улсуудын гэр бүлийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан. Дундуур нь багш ирж ганц нэг дүрмийн өөрчлөлт зэргийг хэлнэ. Явцад нь зургаа авахуулна.
Одоо 5 жилийн дараа сунгуулна.
Ер нь сүүлийн үед японд жолооны хууль, дүрэм, журам их хүнд талдаа болж байгаа гэсэн шүү. Бүгдэд нь болон өөртөө анхааралтай жолоо барихыг сануулъя.