Saturday, July 05, 2014

Хорооноос

зохиодог ээлжит арга хэмжээ.
Гадаах цэцэрлэгт хүрээлэндээ цуглаад гал унтраах сургуулилалт хийх. Гал командаас мэргэжлийн хүмүүсийг гал командынхаа машинтай нь урьж оролцуулна. Зориулалтын галын хор авчирч дадлага хийлгэнэ. Энэ нь хор биш усаар шүршинэ. Энэ удаад жаахан хүүхдээ дагуулсан ээжүүд их харагдсан. Хэрэв гал гарсан тохиолдолд хамгийн их үүрэг гүйцэтгэхээрээ аавууд мөн идэвхийлэн оролцов. 
1. Галын хорыг хэрхэн ашиглах талаарх сургалт. Тайлбарласны дараагаар цугласан хүмүүс бүгд шүршиж үзнэ. Жинхэнэ галын үед ашиглах хор биш, усаар шүршиж буй тул жаахан хүүхдүүд ээжтэйгээ цуг сургуулилалт хийв. 
2. Хоёр дахь зурган дээр байгаа газар доорх шахуурганы тагийг онгойлгоно. 
3. Шахуургыг хэрхэн нээх, усаа яаж гоожуулах, 20 метрийн хоолойгоо хэрхэн холбох гэх мэт нарийн тайлбарлаж өгнө. Ингэсний дараагаар өөрсдөө хийж үзүүлнэ. 
4. Оролцсон иргэд гурав гурваараа баг болон сургуулилалт хийнэ.
Энэ өнөө тагийг нээхэд дотор нь байсан шахуурга. Үүнд тусгай түлхүүр, цорго? залгана. Яг энэ зурагт нэг гозгой төмөр хальт орсон байна аа даа. Тэр бол шахуургыг нээх түлхүүр нь. Харагдаж байгаа гурвалжин төмрөнд тааруулж хийнэ. Эхлээд бага шиг эргүүлж нээнэ. Тэгэхгүй бол их даралттай ус гарч ирэх тул шүрших хүн нь дийлэхгүй усаа ийш тийш нь шүрших, бэртэл гэмтэл авах аюултай.


За энэ улаан өнгөтэй зүйл бол шахуурганд залгах цорго. Хоолой шахуурга хоёрыг холбогчийн үүрэгтэй. Хоолойгоо залгахаас өмнө усаа зэвийг нь арилтал бага зэрэг гоожуулж өгнө. Ингэх нь мөн жижиг чулуу гэх мэт зүйлс хоолойн аманд очоод бөглөрөө үүсэхээс сэргийлнэ. 
Галаа унтраахаар шахуургаа нээж буй байдал. 

Хороон дарга хаалтын үг хэлэхдээ "Жил бүр оролцож сургуулилалт хийж байж, тэр бүр сайн тогтоож аваагүй зүйл байлаа. Ер нь жилд ганцхан удаагийнх болохоор мартчихаад байх юм. Тэгэхээр ядаж жилдээ ганц ийм сургуулилалт хийж байя. Иргэд та бүхэн ч гэсэн идэвхитэй оролцож байгаарай. Юмыг яаж мэдэхэв, ойр хавьд гал гарвал гал команд иртэл өөрсдийн хийж чадах зүйлээ хийх нь иргэн бидний үүрэг билээ. " гэж хэлсэн нь сэтгэл хоногшжээ.
Тарахад нь бүх оролцсон хүүхэд хөгшид гэлтгүй бүх хүмүүстээ ундаа, цай, кофе тарааж өгнө. Нэг хөөрхөн нь тоглож байсан жаахан хүүхдүүдэд хүртэл өгнө. Бага зулзага сургалтанд оролцоогүй, хорхойгоор тоглож тоглож байснаа тарах үед нь ундаа авчихаад додигор гэгч нь алхаад байгаа юмаа.Ккк

Жич: Зарим нэг үгийн мэргэжлийн хэллэгийг хэлж мэдэхгүй байна аа. Хэ хэ

Tuesday, July 01, 2014

Цаана чинь

Японд өнөөдрөөс эхлэн шоколад, гурил, хиамны үнэ нэмэгдэж байна гэж сонслоо. Өглөө бага зулзагатайгаа албандаа явах гээд мунгинахдаа мэдээ сонсдог юм. Тэгсэн дээрх 3-ын үнэ нэмэгдэж байна гэнэ дээ. Бид байнгын хэрэглэгчид нь шүү дээ. 3 бүсгүйчүүд нь шоколаднаас гараад, ганц залуу нь хиамнаас гарахаас хэхэ.
Шалтгаан нь: Хятадын шоколадны хэрэглээ нэмэгдсэн. Хятад хүнээс ярилцлага авсан байна. Юу вэ? Оройдоо л 600 грамм чёко иддэг гэж авдаг гэнэ ээ.  Какао нийлүүлэлт японд багасаад, ховрын бараа болоод байна гэнэ шүү. Америкт нэг хэсэг тоорой олноороо үхсэн нь хиамны үнийн өсөлтөд нөлөөлж байна гэнэ. Гурилыг харин юунаас болсныг нь сонсож чадсангүй.

Өнөөдөр чинь бас монголд тэврэлтийн өдөр гэнэ. Багыгаа ч тусгай өдөртэй өдөргүй тэврэлдээд нялуурдаг юм. Орой том зулзага, хань ижил хоёроо барьж авч чангаас чанга тэврэхээс хэхэ.

Monday, June 30, 2014

Хүүхдийг таргалалтаас сэргийлэх нь

Өнөөдөр сонин гарчиглаж суусан чинь ийм нийтлэл байна. Гол санаануудыг нь блогтоо орчуулж орууллаа.

Эрүүл мэндийн газраас явуулсан судалгаагаар 2006 оноос хойш хүүхдийн таргалалт харьцангуй буух хандлагатай байсан чинь сүүлийн 3 жил өсөх тийшээ хандаж байна.

BMI (body mass index )буюу биеийн жингийн үзүүлэлтийн хувь өндөр байх тусам таргалалттай байна гэж үзнэ.

Өсвөр насны хүүхдийн таргалах шалтгааныг судалсан профессор Арисака нь Точиги мужид төрсөн 1250 хүүхдэд хийсэн судалгаагаар 3 нас хүртэлх хугацаандаа таргалалттай байсан бол өсвөр насандаа таргалах магадлал өндөр болдог гэж үзсэн байна. Жишээ нь 13 насны таргалалттай хүүхдүүдийн 50 хувиас дээш нь 3-с өмнөх насандаа таргалалттай байсныг тогтоосон байна.

Ийнхүү таргалах шалтгаануудад
1. Эцэг эхийн BMI өндөр
2. Цэцэрлэгт явдаггүй
3. Нэг өдрийн унтлагын цаг 10 цагаас доош
4. Өглөөний цай уудаггүй
5. Шарсан хуурсан зүйл их иддэг
6. Чихэрлэг амттан их иддэг
7. Гадаа тоглодоггүй.
8. Зурагт болон кино их үздэг. ( 1 өдөрт 2 цагаас дээш зурагт үзэх)

Мөн бага насны хүүхэд бага зэргийн мариалаг байх нь хөөрхөн гэж үздэг хүмүүс их байдгаас 3 нас хүртэлх хүүхдийн таргалалтыг тэр бүр тоохгүй орхих нь элбэг.

Бага насандаа тарган байсан хүүхдүүдийн 25 хувь нь насанд хүрсэн хойноо ч таргалах магадлалтай байдаг.

гэнэ шүү хүмүүс ээ. Тэгэхээр хүүхдээ нэг их мариалаг байлгах гэсний хэрэггүй л юм шиг байна. Томроод гуалиг болох гэж хамаг нервээ барах байх шүү над шиг хэхэ.

Friday, June 27, 2014

Нүүр ном-р сонин сайхан?

Нүүрном-д зугаатай хэл шинжлэл гээд бүлэг байна аа. Гишүүнээр элсэв. Тэгсэн заримдаа арай ч дээ гэмээр мэдээжийн  үгнүүдийг асуух юм. Тэгээд л талцаад сэтгэгдэл бичсэнийг нь хараад, мэддэг үгээ хүртэл юу билээ? гэж эргэлзэж ч  үзэх.

6 сарын 1-ний талбайн зургийг харав. Өмнөх жилүүдээс огтхон ч дээрдээгүй байна. Хог бас дахин хог л байна лээ. Хогоо гэртээ авч хариад хаях ухамсар суугаагүй л байх.

Монголд ажиллаж амьдардаг япончуудын нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохиодог "хог түүх", "цэцэг тарих" арга хэмжээний зургийг харлаа. Сэтгэгдэлд нэгэн япон хүн "Бидний энэхүү үйл ажиллагаа тун удахгүй монгол хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрэн, монголчууд бас хотоо хайрлах, хамгаалах сэтгэхүйтэй болно гэдэгт найдаж байна" гэсэн байлаа. Өөрийн эрхгүй олон олон монголчууддаа хүрээсэй гэж share хийлээ.

ЖАЙКА, Монгол-Япон төв зэргээс явуулж буй соёлын арга хэмжээний тухай зарлалыг бас л share хийдэг. Нэг ч гэсэн монгол хүн амралт чөлөөт цагаа танин мэдэхүйд зориулж өнгөрүүлээсэй гэсэндээ тэр.

Сая нэг хэсэг газар өмчлөлийн тухай хуулийг эсэргүүцсэн хөдөлгөөнд өөрийн зүгээс их л идэвхитэй оролцов. Энд тэндээс олж уншсан зүйлээ бүгдийг нь шахуу л share хийлээ. Зарим нэг найзуудад төвөгтэй байсан байж магад. Уучлаарай хэхэ.

Төмөр замын тухай бас их шуугиад байна. Ер нь бүх баялгаа гадагш нь зөөгөөд, үр хүүхдэд минь хов хоосон нутаг л  үлдэх гээд байгаа ч юм шиг. Газар ч үлдэх юм уу бүү мэд.
Цацрагийн хаягдалтай, хоосон,  ер нь ямар гээчийн эх орон үлдээх гээд байна гэж бодохоор... За за бичих гэхээр сонин болж байна. Болилоо.
Цацрагийн тухай эсэргүүцэл хөдөлгөөний тухай идэвхийлэн  share хийж байна.

Candy crush-ын амь гуйсан бүх найзууддаа амь бэлэглэв. Минийх бас автоматаар амь гуйгдаад байдаг юм шиг байна лээ. Бэлгэнд ирээд, сэтгэл хөдлөх юм. Хэ хэ. Бас өөр тоглоомын урилга ч их ирэх юм. Урдахаа яая гэж байж гээд би огтоос зөвшөөрөхгүй л байна. Хааяа нэг харж байхад ганц л байхад хангалттай. Одоо жаахан уйдаад, тоглоё гэж бодохоо больсон.

Хүмүүс үйлдэл бүрийнхээ зургийг оруулахаар нь хааяа бас дуурайж үзэж байна. Охидынхоо зургийг оруулж, охидоороо л нүүр номоо гоёх юм дөө гэж.

Өө тийм, хааяадаа уран бүтээлээрээ гоёдог доо.

Wednesday, June 25, 2014

Ой хэнд ашигтай вэ?

За наадам дөхөөд энд тэнд баахан ой болно. 2 бурхан минь бас ойтой, ойнд явна.

Гэхдээ энэ ойг байна шүү дээ, жаахан учир жанцантай тэмдэглэмээр байна л даа.

Хэдэн жилийн өмнө нэг аймгийн ой боллоо л доо. Баахан медаль хийлгэжээ. Тэрийгээ баруун солгойгүй цацсан. Хаа байгаа манайд хүртэл хоёр ч ирсэн. Угтаа бол цол тэмдгийг чинь төрийн ордондоо ерөнхийлөгчөөсөө  сүр жавхлантайгаар гардан авдаг гэдэг соц ойлголттой байсан чинь, энгийн нэг хүнд дайгаад л явуулчихдаг болсон байна шүү дээ, ардчилалын ачаар.

За дээрээс нь дурсгалын зүйл. Бас л манайд ирсэн. Гэм нь хагараад уначихсан.

Дээрх одон медаль, хятадаас хямдхан оруулж ирсэн шавар зүйл дээр тэр аймгийн, тэр сумын тэдэн жил гэж бичиж хүмүүст тарааж байхаар арай л өөрөөр сэтгэмээр байх юм.

Өөрөөр сэтгэнэ гэхээр мод тарих юм. Тэрийгээ арчилж мэдэхгүй, хатаагаад, гандаагаад байхгүй болчихно.

Болоогүй ээ дээрх зүйлсээ хийх гэж нутгийхаа иргэдээсээ хандив гээд л гуйлга гуйчих юм. Бүр гадаадад байгаа хүмүүсээс хүртэл хандив нэхээд л явж байсан.

Бас болоогүй ээ ойн өдрөөр нь хотоос баахан дарга цэрэг очно. Тухайн нутгаас нэр дэвшиж гарсан гүзээтэнгүүд. Тэд нарынхаа бараанаар өнөө "ширээнийхээ бүтээлгээ дэвсээрэй, шинэ халаадаа өмсөөрэй" гэгч нь болно.

За бас юу гэчихвээ? наадмаар 5 хоног амарна гэсэн үү? Дуу хуур, найр наадам гээд л ард түмнийхээ баруун тархийг л илүү хөгжүүлчих гээд байх бололтой юм. Найр наадам, дуу хуур багадаагүй л баймаар.

Японд ямарваа нэгэн ойг тэмдэглэхдээ хэрхэн яаж тэмдэглэдэг тухай цаг зав гарвал бичимз...

Дадлага

10 жилийн суурь боловсролын нэг агуулгад нь ажлын байран дахь дадлага ордог юм байна.

1.  Бага сургуулийн сурагчид тухайн орон нутагт нь үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн байгууллага гэх мэт газарт рчиж танилцах дадлага хийнэ. Ингэхдээ нэг ангийн сурагчид бөөнөөрөө явна. Танилцах дадлага хийх газрын хэн нэгэн албан тушаалтан нь өөрийн байгууллагаа танилцуулна. Үдээс өмнө дөө эсвэл үдээс хойшдоо дуусна.

2. Дунд сургуулийн 2-р ангийн сурагчдын ажлын байран дахь дадлага. Энэ нь бага сургуулиа бодвол, арай дэлгэрэнгүй, урт цагаар буюу ихэвчлэн хоёр өдрөөр хийнэ. Ирээдүйд хүүхэд ямар мэргэжил эзэмших вэ гэдгээ бодож эхлэх үе нь гэж үздэг бололтой юм. Хоёр хоёроороо нэг байгууллагад очиж дадлага хийнэ. Мэдээж хүлээж авах байгууллагадаа урьдчилан мэдэгдэж, хамтарч ажиллах хүсэлтээ тавин зөвшөөрөл авна. Цэцэрлэг, гэр ахуйн барааны дэлгүүр, албан контор, онгоцны буудал, гал команд гэх мэт. Мөн хувийн хэвшлийн жижиг газрууд ч хамтарч ажилладаг гэнэ. Үүнд бялууны газар, талхны цех, гуанз орно.

Мэдээж хүүхдүүд л болсон хойно ажлын байраа голж шилнэ. Эхлээд хүсэлтээ гаргаж багшдаа өгнө. Анги даасан багш нь бусад багш нартай зөвлөлдөөд, хаана хуваарилахаа шийднэ. Очих дуртай газруудад идэш уушны газрууд ордог гэнэ. Цэцэрлэгт эхний өдрийн өглөө цоглог гэгч нь очоод, орой нь ядарч үхэх гэж байгаагаа гайхсан хүн л байдаг гэнэ дээ. Хэ хэ. Аргагүй ч биз дээ? Жаахан хүүхдүүд харин ч нэг сайн ноолдог байх. Бага зулзага лав орой нь " агаа эгээ нартай морь болж тоглоод" гэж байсан. Ккк

Өнөөдөр манай ажил дээр бас хоёр сурагч ирсэн. Манайхан хийлгэх ажлаа бэлдээд тавьчихсан, хийлгэсэн. Маргааш хоёр эрэгтэй сурагч ирнэ. Америк, хятад, монгол гэсэн орны хүмүүс ажилладагийнх юу билээ? Тэдгээр хүмүүстэйгээ танилцуулаад хооронд нь хөөрхөн асуулт хариултын цаг гаргаад өгчихөж байна лээ. Дээрээс нь солонгос, хятадаас дадлагажигч ирчихсэн япон хэлний хичээл хийж байгаан. Асуулт хариултын цагаар, дадлагажигч нарт япон хэлний хичээл болоод, 2 сурагчдад нийгмийн? газарзүйн? хичээл болчихож байна.

Гэх мэтчилэн ажлын онцлогоос хамаараад хүүхдүүд тэдгээр ажлын тухай мэдээлэл, төсөөлөлтэй болсны үндсэн дээр цаашид суралцах чиглэл, мэргижлээ сонгодог бололтой юм.

Хэрхэн дадлага хийснээ эргээд багш болон ангийнхандаа тайлагнана. Тэрэн дунд Монгол гэдэг 6 үсэг маань явж байх нь дээ. Мундаг уу? Мундаг хэхэ.

Thursday, June 19, 2014

Үзлэг

Цэцэрлэг сургуульд эрүүл мэндийн үзлэг болдог гэж улиг болтол бичсэн байж магадгүй шүү. Энэ удаад бага зулзагын цэцэрлэг ээлжит шүдний үзлэгээ хийсэн байна. Шүдний эмч урьж ирүүлээд, үзлэгт хамруулна. Хорхойтой шүдтэй бол тусад нь бичгээр мэдэгдээд, үзүүлэхийг сануулна. Бага зулзага одоохондоо эрүүл гэж гарав. Оройд шүдээ угаа гэж үглэдгийн, угааж өгдгийн ач гавъяа гарч л байна.
Бага сургуульд шүднээс гадна харааны шалгалт жил бүр байна. Том зулзага шил зүүдэг л дээ. Яг яагаад хараа нь муудсаныг хэлж мэдэхгүй ч. Ном их уншсан, багадаа гадаа цугтаа толох хүүхэд байхгүй гэртээ л ганцаараа тоглодог байсан, зураг зурж байна гэж цаас их шагайсан зэргээс үүдэлтэй хараа нь муудсан байх гэж боддог юм. Мөн японд монгол шиг сайхан уудам тал, алсыг хараад сэтгэл санаа, хараа амрана гэж байхгүй юм даа гэж. Хаашаа л харна байшин, барилга.
Одоо цаг зав л гарвал охидоо дагуулаад байгальтай харьцах тал дээр нь анхаарч байна даа. Эндээ л өргөн гэгдэх газар очих. Цэцэг хуар үзэх, уул хадаар зугаалах гээд л.
Нээх сайхан уудам талдаа очоод тэрлэгээ дэлгэж байгаад л тэрийж хэвтэхсэн. Ккк. Улаанбаатарчууд та нар ч гэсэн хааяадаа хөдөө хээр очиж дээлээ дэлгээд л тэрийгээрэй. Эрүүл мэндэд чинь бага ч атугай сайн шүү.

Донтохоос сэргийлэх (охид)

За хөвгүүдээс илүү янз бүрийн эрсдэлд өртчих гээд байдаг нь охидууд. Охид нь  хөвгүүдээ бодвол бие бялдрын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч өсөлт нь хурдан байдаг. Хөвгүүдийг бодвол байлдаантай, хядаантай тоглоом тоглоод байдаггүй. Харин эсрэгээрээ хайр дурлал, шивнээ ярианд дуртай.
Японд line гэж байдаг юм. Тэрнийг хэрэглэснээр нэлээд хэдэн охид бүсгүйчүүд сэтгэл санааны болон, биеийн хохирол амсаад зогсохгүй, амь насаа ч алдсан тохиолдол бий.
Line гээч зүйл нь үнэгүй ярих, үнэгүй мессэж бичих, хоорондоо зураг өгч авалцах зэрэг давуу талтай. Тэгвэл яагаад энэ давуу тал ихтэй зүйл нь охидыг эрсдэлд оруулаад байна гэхээр:
Нэг ангийн охидууд, нэг дугуйлангийн охидууд, багаасаа найзалсан охидууд гэх мэтээр хоорондоо бүлэг үүсгээд чатлана. Ингэж чатлах нь тэдэнд төвөгтэй байх нь их. Даалгавраа, хичээлээ давтмаар байдаг. Тэгтэл угтаа хөгжилтэй байх ёстой найзууд хоорондын чат нь тэдэнд ядаргаатай байдаг вэ гэхээр. Хэрвээ тэр бүлэгт нь элсэхгүй бол, чатыг нь уншихгүй бол өөрийг нь муулах байх гэсэн айдастай байдаг учраас. Учир нь тухайн бүлэгт элсээгүй нэгнээ ар хударгаар нь их муулдаг гэнэ дээ. Тэр тэгсэн тээ, тэрний тэр ийм тээ гээд л. Дараа нь уулзахараа бүлгээрээ жиг жуг гээд байдал илт өөр байдаг гэнэ дээ.
Бас нэг айдас юу гэхлээр өөртөй нь нас чацуу, найзлая гэсэн охидууд танилцъя гээд л зураг хөргөө үзүүлээд л сүйд болоод байдаг. Үнэндээ тэдгээр нь насанд хүрсэн эрэгтэй хүмүүс байдаг. Охидын итгэлийг олж аваад, эхлээд өөрийнхөө (энэ нь хуурамч хүн) зургийг өгөөд дараа нь тэдний нүцгэн шалдан зургийг авч, энд тэндхийн сайтад тавьдаг гэнэ шүү.
Японд бага ангийн сурагч, дунд сургуулийн сурагчид утас барих ёсгүй гэж ихэнх сургууль дотоод дүрэмдээ заасан байдаг. Яг цагтаа тараад, замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахьдаг улс болохоор заавал гар утас өгөөд, одоо хаана явж байна гэж асууж шалгаах шаардлага байхгүй болохоор амар. Гэхдээ л дүрэм зөрчөөд ганц нэг охидууд гар утастай, бас line-тай байдаг гэнэ.
Сүүлийн үед фб гэж зүйл байна. Том зулзага бас фб-тэй. Монгол дахь ганц нэг хамаатан садны үе тэнгийнхэнтэйгаа харьцаж, монгол хэлнийх нь хичээл болох юм болов уу гээд нээгээд өгсчихсөн. Одоохондоо найз болох хүнээ ээж ааваасаа асууж байж болдог ч, ер нь нэлээд хатуу хяналт тавьж байх нь зүгээр юм гэж бодогдлоо.
Мөн англи хэл сурахад нь дөхөм гээд ipod авч өгсөн байсныгаа хурааж авах нь хаашаа юм, орой унтахад нь хураах зэргээр гэртээ шинэ дүрэм зохиолоо. Хэрэгжүүлээд 3 хоног. Яагаад англи хэл сурахад нь дөхөм бэ гэхээр, охидууд томроод англи хэл дээр янз бүрийн дуу сонсоод байна л даа. Сонсож болно, ядаж тэндээсээ нэг ч болтугай үг цээжил гэж би үглэдэг юм. Хэ хэ
Хүүхэд томрох ч лүд юм даа гэгчийг одоо өөрсөд дээрээ амсаад явж байна гэж.

Донтохоос сэргийлэх

Бага сургуулийн нээлттэй хичээлд суулаа. Том зулзагын. (Зулзага гэж хэлэхээр жаахан дургүй талдаа. Жаахандаа хөөрхөн инээгээд дуртай нь аргагүй зулзага гэж дуудуулдаг байсан хүүхэд.Томорч байна даа гэж)
Эхний 30 минут: хүүхдийнхээ хичээлдээ хэрхэн оролцож байгааг, багш сурагчидтайгаа хэрхэн харьцаж байгааг, ямар сэдвийн хичээл үзэж байгааг гээд л сонирхоно.
Дараагийн 30 минут: эцэг эхчүүд зааланд орж төрөл бүрийн сэдвээр яриа сонсоно. Үүнийг эцэг эхийн зөвлөлийн хариуцсан улс нь ямар чиглэлээр, хэн гэдэг хүнийг урьж яриа хийлгэх вэ гэдгээ бултаараа хэлэлцэн сонгоно. Нээлттэй хичээл бүрт сонсох яриа өөр өөр байна. Энэ удаагийнх нь хүүхдийн "тоглоом"-нд донтохоос хэрхэн сэргийлэх тухай байлаа. Үдээс хойш ажлаасаа чөлөө аван барин оролцосондоо баяртай байгаа. Хааяа ажил ихтэй гээд эхний хагасаас нь тасалчихдаг юм.
Дараагийн 30 минут: ангийн хурал. Ингэхдээ 1-р ангийн бүх ангиуд цуглаж ярилцах гэх мэт. 6-р ангийхан бас хуралдав. Ойрын хугацаанд болоод өнгөрсөн арга хэмжээний тухай, болох арга хэмжээний тухай багш нар нь танилцуулсан. Сурагчдын ерөнхий төлөв байдлыг ярьсан. Хичээлийн шинэ жил эхэлсэн 4, 5 сартай харьцуулахад жаахан назгай байдал ажиглагдаад байна, дээрээс нь халуун нэмээд нозоорох асуудал ч байна гэв. Ирэх жил төгсөнө, даалгавар нь ихэссэн гээд л том зулзага ойрдоо жаахан ядраад л байх шиг.
Сүүлийн 30 минут: 6-р ангийн 2-р бүлгийн хурал байлаа. Энд ангиа 1, 2, 3 гээд тоогоор хэлдэг. Зарим газар өөр ч байх талтай. Сайн мэдэхгүй байна. Эцэг эхчүүд өөрсдийгөө танилцуулаад, хүүхдийнхээ байр байдлыг хэлнэ. Жаахан санаа зовоосон асуудлаа ярилцаж багшаас чиглэл авна.
Нэг иймэрхүү дарааллаар нээлттэй хичээл явагдана. За гол сэдэвтээ оръё.
Эхний ээлжинд 6-р ангийн бүх сурагчдыг эцэг эхийн хамт зааланд оруулав. Уригдаж ирсэн мэргэжлийн хүн маань яриагаа эхлэв. Хүүхдүүд заалны урд хэсэгт, эцэг эхчүүд хойно суув. Багш асууж байна аа. Гэртээ янз бүрийн "тоглоом"-той хүүхэд гараа өргөнө үү. Бүгд шахуу гараа өргөв. 1-2 "тоглоом"-той нь гараа өргөнө үү. Тал нь гараа өргөж байна. 5-с дээш  "тоглоом"-той нь гараа өргөнө үү. 5, 6 хүүхэд гараа өргөв. Та нарын  "тоглоом"-нд 5 төрөл байдаг, хэлж мэдэхүү? Бүгд хоороороо мэднэ гэв. Ард ээж аавууд дуу алдаад гайхаж суув. A төрөл нь хэдэн насны хүмүүс тоглож болохоор зориулагдсан байдаг вэ? Бүх насны хүмүүс. B төрөл нь? 12 наснаас дээш насны хүн. За C төрөл нь? 15-с дээш насныхан. D төрөл нь? 17 наснаас дээш хүмүүс. За тэгвэл Z төрөл нь? 18-с дээш насныхан тоглож болно.
Лекц уншиж буй багш, сурагчдын дунд ийм яриа өрнөхөд ард суусан ээж аавууд бүгд шахуу дуу алдав суув. Учир нь энэ 5 төрлийг мэддэггүй гэнэ. Харин тэгсэн хүүхдүүд нь ээж ааваасаа илүү мэддэг. Би ч адил мэдэхгүй, учир нь тоглоом байхгүй. Тоглодоггүй хүн чинь юугаа мэдэхэв дээ. Ямар  "тоглоом" гэдгийг нь одоо ойлгосон биз дээ? эрхэм уншигчдаа. Энэ бол сүүлийн үед монголд ч асуудал болоод байгаа компьютор тоглоом, онлайн тоглоомыг хэлээд байгаа юм.
Донтоно гэдэг нь зөвхөн нэг өдөр олон цагаар нойр хоолгүй тоглохыг хэлэхээс гадна, наанаа багахан цаг тоглож буй мэт боловч ухаан санаа нь "за бушуухан шиг тоглох цаг болоосой, хурдхан л тоглох юмсан" гэж бодох явдал ч орно.
Сөрөг талуудыг нь хэлүүлтгүй мэдэж байгаа шүү дээ. Гэрийхэнтэйгээ харилцах цаг завгүй болно, сурлагадаа муудна, даалгавраа хийхгүй байна, ядаргаанд орно, хараа муудна гээд тоолж баршгүй. Бас нэг томоохон асуудал нь ихэнх тоглоомонд нэгнийгээ алж хядаад, зодож цохиод гээд бодит амьдралд нийцэхээргүй зүйл их байна. Байнга тийм алаан хядаантай зүйл тоглоод байхаар том болоод гэрийнхэндээ гар хүрэх, нийгэмд жаахан дорой сул хүн байвал түүнийг дээрэлхэх, гадуурхах гэх мэт үзэгдэл энгийн, хэвийн зүйл болоод хэвшчих магадлал өндөр.

Цаг үе өөрчлөгдөөд, техник хөгжсөн өнөө үед огт авч өгөхгүй, тоглуулахгүй гэж хорихдоо биш. Гэртээ дүрэм журам зохиогоод тоглох нь чухал. Жишээ нь өдөрт 1 цаг ч гэдэг юм уу. Амралтын өдөр ч гэдэг юм уу. мөн энэ бүх тоглоомууд чинь зохиомол, тусгай зохиодог хүн байдаг, бодит амдралд байдаггүй гэж хэлж ойлгуулах.
Дээхэн монголын нэг мэдээнээс уншиж байсан. Хүн аалз киног үзээд, хүн аалз болмоор байна гээд ээжээрээ хувцас авахуулаад, нэг өдөр ээжээсээ би хүн аалз болсон юм чинь нисэж чадна тээ? гэсэн ээж нь анзааралгүй чадалгүй яахав гээд хэлчихсэн чинь хүү нь цонхоороо нисээд өнгөрчихсөн гэж.
Ямарваа нэгэн тоглоом, кино үзүүлэхдээ бодит амьдралд байдаггүй зүйл гэж ойлгуулах нь чухал гэж дахин дахин сануулж хэлсэн багш.

За энэ удаад эрэгтэй хүүхдийн тоглодог тоглоомын тухай багшийн ярианаас бичлээ. Дараагийн бичлэгт охидын тухай бичнэ.

Wednesday, June 18, 2014

Гоёмсог

гэж юүхэв, цэцгийн сав нь. Хагас сайн өдөр охидтойгоо үзсэн икэбана буюу цэцгийн үзэсгэлэн. Ёстой хөөрхөн, гоёмсог цэцгийн саван дахь цэцэгс. Зохиомж нь цаанаа л нэг хараа булаагаад болдоггүй ээ. За за магтаж хэлэх үг олдохгүй байна аа. Бараг бүх цэцэгний зургийг авсан ч бүгдийг нь энд оруулна гэж юу байхав. Охидууд минь хүртэл гоё сайхныг нь гайхаад, 2 ч удаа үзээд авсан гэж байгаа.

Монгол хоол

Дэлхийн бэнто гэдэг ном. Монгол хоол байна уу гээд хайсан чинь байсан шүү манайхаан.
Гэрэл зураг дарах дуртай Хаттори Наоми нь анх Мянмад явж байхдаа тэндхийн сурагчдын авч явсан төмөр хайрцганд нүд нь тусна. Өнөөх нь гялалзаад л сонирхлыг нь татсан байгаа юм. Юу болохыг нь асуугаад гайхсан гэж. Хоолны сав байж л дээ. Тэрнээс хойш аялсан улс орныхоо хоолны савыг сонирхож худалдан авдаг. Мэдээж дотор нь ямар хоол хийж авч явдгийг нь судлан гэрэл зурганд буулгахаас гадна хийх аргыг нь хүртэл заалгадаг болсон.
Улс орон бүр газар нутаг, цаг уурын онцлогоосоо хамаараад идэж уух нь ч өөр. Гэрээсээ авч явдаг өдрийн хоол нь ч ондоо. Энэ номонд 22 орны бэнтоны тухай, хоолны савны тухай, 2 хүний порцоор тухайн хоолны хийх аргыг нь тайлбарлан бичсэн байсан.

За одоо монгол хоол ямар хоол байсан нь сонин байна уу? Юу гээч хэлэхгүй ээ, ерөөсөө. За за тоглосон юм. Чанасан мах, хэдэн ширхэг боорцог, халуун савтай сүүтэй цай. 2009 онд хэвлэж гаргасан ном байна. Гэхдээ ингэж гэрээсээ хоол авч явах хүн хэр их билээ. Байнга гадуур хоол иднэ гэвэл 1-т санхүү талаасаа 2-т эрүүл мэнд талаасаа ч тэр эрсдэл ихтэй. Японд байсан найз нөхдөөс, таньдаг хүмүүс гэрээсээ хоолоо авч явах хүн ч бий.
 Орчин цагт харьцангуй амьдрал сайжраад идэж буй хоолны материалын агуулга баяжсан. Хэдий ч орлого багатай иргэд сүүтэй цай, боорцгоор өдрийн хоол хийдэг нь дөнгүүр хооллодогоосоо тооны хувьд илүү л гэж бодоод байгаа шүү.

Гэснээс би нь оюутан байхдаа гамбир, 100-гийн печень, буцалсан ус, номын сан. Дээрээс нь охидын шивнээ. Ийм дүр зураг бууж байна. Хийсэн гамбир маань амттай гэж жигтэйхэн, одоо ч хааяа ганц нэг найзууд минь дурсаж ярьдаг юм. Хэ хэ

Жич: Бэнто гэж өдөр идэх гэж өглөө нь бэлдэж хийж авч явдаг хоолыг хэлнэ. Өөрсдийн идэх хэмжээгээрээ хоолны саванд хийнэ. Японд заавал халуунаар нь идэх гэсэн ойлголт байхгүй тул хөрсөн ч хамаагүй хүйтнээр нь иднэ. Зарим нэг албан байгууллагад халаагч байна. Мөн ийм бэнто хийж, захиалга аваад хүргэж өгдөг газрууд байна. Хүнсний дэлгүүрүүдээр ч зарна. Энд тэнд орж хооллосноос харьцангуй хямд гэдгээрээ давуу талтай.

Борооны улиралын цэцэг

Нартайд ч, бороотойд ч, цастайд ч энд тэнд цэцэгс дэлбээлээстэй. Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг л байдаг юм энд. Борооны улирлаар цэцэглэдэг ажисай гэдэг цэцэг. Hydrangea macrophylla гэдэг гэнэ.
Түрүү жилийн өдийд бас л энэ цэцгийн зургийг оруулсн байж магад. Дахиад л орууллаа. Өөрийн эрхгүй гар утас руугаа яваад зураг дарсан. Бодвол блогтоо л оруулах гэж тэр байх даа. 
Өнгө нь их гоё. Чернелийн ягаан, цайвар цэнхэр, ягаан гэсэн өнгө  хараа булаана гэж юү гэхэв. .
Оригамигаараа бас нугалж хийнэ. Жижиг оригамигаар олныг хийгээд наасан байхад ч бас л тансаг харагддаг юм билээ. Харин нугалахад жаахан хэцүү санагдсан. 
Борооны улиралд нэг их дуртай биш ч цэцэг энэ тэр харж баяссан шигээ л давж гарна даа. Хэ хэ

Wednesday, June 11, 2014

Бяцхан зөвлөгөө

өгөх үү? Японд дадлага хийхээр ирсэн гадаад хүмүүст зориулсан зөвлөгөөг уншсан юм. Тэгсэн нээрээ л эргэн тойронд үнэгүй сурах бичиг зөндөө байна шүү дээ. Үнэтэй сурах бичиг авалтгүйгээр хэлээ сайжруулах боломж дүүрэн.

1. Японд үнэгүй зарлал, сурталчилгааны хуудас их тараадаг. Түүнийг нь хаялгүйгээр ганц нэг үг үсэг, ханз зэргийг бичиж аваад, ажлынхаа, сургуулийнхаа хэн нэгнээс асуух. Тэр нь та нарт ажлын газрын япон хүмүүстэйгээ японоор ярилцах нэгэн шалтгаан, сэдэв болж өгнө.
Жишээ нь улирлын чанартай хүнсний бүтээгдэхүүний тухай танилцуулга их байна. Тэдгээрээс нэг хуудсыг авч унших, улмаар тухайн хүнсний бүтээгдэхүүнээс худалдан авч идэж үзэх. Тэрнийхээ амт чанарын талаар хоорондоо болон, ажлынхантайгаа ярилцах.

2. Яриа хөөрөө өдөх дуртай эмээ өвөө нар гэрийн чинь ойролцоо байж л байгаа.  Тэд нартай хааяадаа мэндлээд зөрж байх. Яваандаа бага зэрэг дотносоод элдэв зүйлсийн талаар ярилцдаг болох. Ярианы чадвараа сайжруулах алтан боломж.

3. Номын сан. Амралтынхаа өдрөөр номын сан орж, өөрийн хэлний төвшинд таарсан ном зээлэх. Үнэгүй каарт нээлгэх боломжтой. Зээлэх хугацаа нь газар газар өөр байдаг ч, нэг ном уншаад дуусахад хангалттай хугацаатай байдаг.

Гэх мэтээр бичсэн байна билээ. Анх ирээд элдэв цаасаа хаялгүй гэрээрээ нэг цаас хөглөрүүлдэг байлаа. Одоо ч бараг хэвээрээ шахуу. Учирзүггүй олноор нь хадгалдаг байснаа больж ихэвчлэн хоёр улсын харилцааны сэдвээр хөглөрүүлж байна. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрөөх хаяна хэхэ. .

Энд үйлдвэрүүдэд хятад, индонез, филиппин, тайланд зэрэг орноос ирдэг юм. Манай ажлын номын сангийн үйлчлүүлэгчдээс багагүй хувийг нь эзлэнэ. Тухайн хүнээсээ хамаараад хэлний нь төвшин янз бүр. Хэл усандаа сайжраад буцах нь ч бий, хэлийг нь огт суралгүй байсаар буцах нь ч бий.

Friday, June 06, 2014

Ятга

10 жилийнхээ урлагийн үзлэгээр нэг удаа ангийнхаа нэг охинтой ятга тоглоод, бас нэг охин дуулж байж билээ хэхэ. Гэхдээ бүр бага ангидаа шүү. Авъяастайдаа биш, нийгмийн идэвхи сайтай, би би гэдэг дээр нь тавьчихсан үе минь  байлаа. Хуруу цэврүүтээд л хэцүү байдаг юм билээ эхэндээ.

Алга дарам газрын амт

Сая тэтгэвэртээ гарсан өвөө өнгөрдөг 11 сард тарьсан гэнэ. Бид тэрийг нь 3 цагийн цайны цагаар түүж идсэн. Жигмид Тогмид 2 шиг л саваа ч дүүргээд, гэдсээ ч цодойлгоод авсан. Тэгснээ болоогүй ээ, үлдээгээрэй гээд хальт санаа зовоод байна аа. Хэ хэ. Өө яах гэсэн юм бэ гээд л гараа тосдог шиг. Ирэх жил бүр илүү их, гоё ургах байхаа ирж идээрэй гэхээр нь дуун дээр нь тэгэлгүй яахав л гэлээ.
Цаг уур нь ч тохиромжтой болохоор тарьсан юм болгон ургаад байдаг онцлогтой ч уйгагүй, ажилсаг, хичээнгүй зан чанар нь бас нэмж чимнэ гэж юүхэв. Нэг зүгээр суухгүй улс байх юм. Орж гараад л хөдлөөд байна.
Хажууд нь харагдаж байгаа сонгиноосоо бас өгсөн юм байна.
Багадаа ууланд гүзээлзгэнэ түүдэг байсан үе санагдаад. Зуслан гарахад хүүхдүүд бидний ажил жимс түүх, ус зөөх байлаа. Зарим нэг хөвгүүд нь самранд явна. Хурдхан самраа цөмөх гэж ирэхийг нь хүлээгээд л.
Ирэх жилийн 5 сар хурдан болоосой. Алга дарам газрын амтыг ахин нэг амталчихмаар л байна шүү.

Tuesday, June 03, 2014

Enjoy my english study

За би нь хүүхдэд хайртай юм болохоороо хүүхдийн номон дунд эргэлдээд байна.
Хүүхдэд зориулсан англи хэлний ном. Японы хүүхэлдэйн киноны баатар Рантаро англи хэл сурах гээд үзэж тарж байхад би юунаас нь дутахав. Дээхэн Марүко гээд баатар бас англи хэл сураад байсан даа. Юунаас нь дутах вэ дээ гээд л өрсөлдөөд байсан байхгүй ээ. Хэ хэ. Өдөр тутам хэрэглэхгүй болохоор хоолтойгоо хольчихоод байх юм. За яахав иймэрхүү аргаар мөлхөж л байхаас. Хэзээ нэгэн цагт үр өгөөжөө өгөх болтугай.
Их амархан үг, өгүүлбэртэй. Жишээ нь
May I use the bathroom?
Please speak clearly.
Don't by shy.
Speak loudly.
You are a  genius.
Let's have a meal.
I like fish but I don't like meat.
My hometown is very far.
Гэх мэт. Орчуулах шаардлагагүй байх. Хүнд хэлэхэд ч ичмээр золиг доо. Иймхэн зүйлийг ч мэдэхгүй. Анхлан суралцагч шүү дээ гэдгийг ойлгоорой. Ямартай ч  мэдэхгүй үг зөндөө байна. Өөртөө амжилт хүсэе.

Friday, May 30, 2014

Зав муутайхан

Бага зулзагын нээлттэй хичээл, том зулзагын тамирын өдөрлөг гээд л ар араасаа ундраастай Хувийн ажил нэг иймэрхүү .

Хувьсгалын ажил бас их байна аа. Ирэх хагас сайнд нэг клубт очиж монгол хоол хийхийг заана. Бууз, хуушуур, сүүтэй цай хийнэ. Гол нь цуг хийлцэх хүмүүс маань япончууд. Гурил элдэж чимхэнэ гэж гурилтаж өгнө шүү дээ. Элдэж байна гээд гурвалжин дөрвөлжин юм хийнэ. Чимхэж байна гээд дээр нь гурилыг нь бөөгнүүлээд, жигнэсний дараагаар идэхэд онцгүй. Түүхий ч юм шиг... Би нь зузаан гуриланд дургүйг ч хэлэх үү. Өөрсдөө чимхэж байна гээд ийм хачин юм хийснээ мэдэхгүй, монголчууд чинь яасан хачин юм хийж иддэг байна аа гээд ярина. Тэгэхээр хаширсан хүн болохоор цэцгэн бууз чимхэхийг заагаад, хуушуур аа харин сэрээгээр дараад дараад явчих гэж зааж өгнө гэж бодоод байж байна.

Тэрний дараагийн бүтэн сайнд бас нэг газар очиж монголоо сурталчлах өдөрлөгт дээлээ өмсөөд л загвар үзүүлнэ. Хэ хэ. Яг ч загвар үзүүлэх арга хэмжээ биш л дээ. Дээлтэй хүүхэн гунхаад байхаар чинь хүмүүс бүлтийж ирээд харна аа даа. Од болбол болохоор л их арга хэмжээнд орох юм уг нь. Хүн л болсон хойно од энэ тэр болчихмоор санагдана хааяа ч. Ккк Болохгүй нь, болгохгүй нь сайхан.

8 сард нэг хорооны өвөө эмээ нартай монгол хоол хийж иднэ. Одоогоор яг ямар хоол хийхээ шийдээгүй. Дараа холбогдох хүмүүс нь ирж уулзаад шийднэ. Настай улсууд болохоор тос өөх багатай хоол гэх байх. Бууз хийгээд хажуугаар нь арай өөр хоол хийнэ дээ. Амархан бөгөөд амтархан идчихээр хоол чинь юу билээ?

Халаад эхэлчихсэн. Зуныг яаж бардаг юм байгаан?

Wednesday, May 28, 2014

Гадаад хэл заахаасаа өмнө

Гадаад хэл сайн сурах нь эх хэлээ сайн сурахаас шалтгаалдаг гэдэг. Эх хэл дээрээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүн яаж харь хэл дээр бусдад өөрийгөө ойлгуулж чадах вэ дээ гээд л их яригддаг болсон. Үнэний ч ортой.
Энэ талаар япон ээжүүд судлаад, ном хүртэл хэвлээд гаргачихжээ. Япон ээж нарын мундагийг магтан биширмүй. Уншсан номоосоо түүн толилуулмой.
Уг номын гол агуулга нь, Америкт ажиллаж, амьдардаг ээжүүдийн байгуулсан ЖАМ (Japanese&American Mothers) гэдэг сүлжээнээс эмхтгэн гаргасан хүүхдэдээ англи хэл заахад юуг илүү анхаарах, юунаас эхлэх зэргийг тайлбарласан. Ингэхдээ япон хүүхдүүдийг америк хүүхдүүдтэй харьцуулан, америк японы боловсролын ялгаа, соёлын ялгаа, гэр бүл дэх хүмүүжлийн ялгаа зэргийг харьцуулан судалсан байна. Судалгаагаараа дамжуулан хойшид хүүхэддээ англи хэл заах гэж байгаа бол юуны өмнө эх хэлээрээ санал бодлоо хэрхэн чөлөөтэй илэрхийлж сурах нь чухал гэдгийг дурдсан байна...
Хүүхдэд багаас нь хэвшүүлэх ёстой 7 зүйл байна.
1. Ичимхий, бүрэг занг засах
Үүнд олон хүнтэй газар, өмнө нь уулзаж байгаагүй хүнтэй уулзах зэрэг тохиолдолд хүүхэд дуугаа хураагаад, ичээд байдаг даа. Үүнийг засах арга бол аль болох олон хүнтэй газраар орж гарч байх. Ингэхдээ зүгээр нэг ороод гарахгүй. Жишээ нь номын дэлгүүрт ороод хүүхэд чинь өөрийн хүссэн номоо авахын тулд худалдагчаас нь "өөрийн биеэр" очиж асуух. Учир нь бид хүүхдийнхээ өмнөөс асууж сураглаад, гүйгээд байх тохиолдол их байдаг, хүүхэддээ "ээлж" олгож байх. Мөн хоолны газар ороод, хүүхэд "өөрөө" хоолоо захиалах, худалдагчид баярлалаа гэж хэлж сурах гэх мэт их энгийн зүйлээс эхлэхэд л болно. Ихэнх тохиолдолд хүүхэд нь ичээд, насаа хэлэхгүй байх, ангиа хэлэхгүй байх тохиолдолд ээж аав нь түрүүлээд хэлчихдэг дээ. Угтаа аль болох хүүхдээр өөрөөр нь хэлүүлж байх нь чухал.
2. Бодож тунгаах чавдар
Өөрийн үзэл бодол, өөрийн гэсэн саналтай байх. Бусдын хэлсэн үгээр л аливаа зүйлд хандас бус, тухайн зүйлийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой болгох. Энэ нь нас биед хүрч, нийгэмд гарахад нь асар том үүрэг гүйцэтгэнэ.  "Энэ талаар чи юу гэж бодож байна? Хэрвээ чи ... байсан бол? юу гэж бодож байна. Ямар саналтай байна?" гэх зэргээр хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж байх. Америкт хувь хүний саналыг ихэд хүндэтгэн үздэг тул тухайн хувь хүнийг хүүхэд гэлтгүй сонголт олгож байдаг.
3. Сонсох чадвар
Хүний хэлж ярьж байгааг сонсож сурах. Энэ нь таг дуугай сонсоод байна гэсэн үг биш. Үр бүтээлтэй сонсох. Тухайн хүний ярианд анхаарлаа хандуулж, сонирхох. Ингэснээр тавих асуулт ч утгатай болж ирнэ. Хүүхдээ сонсох чавдартай болгохын тулд эхлээд эцэг эх хүүхдийнхээ хэлж ярьж буйг анхааралтай сонсох явдал болно. Ярьж буй хүний өөдөөс эгцэлж харах, ярианы дунд ойлгож буйгаа илэрхийлж толгой дохих ч юм уу, аан уун гэж хэлэх нь чухал. Сонсох гэдэг зүйл бол  ярьж буй хүний цагийг үнэлэх гэсэн үг. Энэ нь өөрийн үнэтэй цагийг ч мөн үнэлж, хүндэтгэн, цагийг үр бүтээлтэй ашиглаж чадна гэсэн үг.  Мөн хааяадаа радио сонсгох, үлгэр ярьж өгөх зүгээр. Бидний эргэн тойрон нүдэнд нөлөөлөх асар их зүйлүүд байдаг. Нүдийг хааяа ч гэсэн амрааж сонсох чавдараа хөгжүүлж байх нь чухал.
4. Хариулах чадвар
Асуулт тавьж чаддаг байх, хариулт өгч чаддаг байх. Хурал цуглаан дээр япон хүмүүс тэр бүр асуулт асуугаад байдаггүй. Энэ нь бага сургуулийнх  нь сургалтын арга барилтай холбоотой ч байж мэдэх. Дуугүй сонсох, ах зах хүнээс асуулт асуух нь ёс зүйд нийцэхгүй гэдэг үзэл давамгайлдаг. Ингээд асуучихвал шоолуулах болов уу? Мундаг асуулт асуухгүй бол гэж бодоод эцсийн дүндээ асуулт тавихгүй байсаар цагийг дуусгадаг талтай. Яриа хөөрөө сайтай, хүмүүстэй хэл амаа ололцохдоо сайн хүнийг хараад байхад асуулт тавьж чаддаг хүн байх нь олонтаа. Баярлалаа, уучлаарай гэдэг үгсийг өргөн хэрэглэж сургах. Хүүхдээ магтаж урамшуулж байх. Алдаа гаргасан ч бай хамаагүй магтаж. Учир нь тухайн зүйлийг хийх гэсэн оролдлого, сэтгэлийг нь бодоод магтаалын үгээр урамшуулж байх.
5. Үгийн сан
Багаас нь аль болох олон үг цээжлүүлэх. Эх хэлээрээ шүү дээ. Эх хэлийнхээ үгний утгыг ойлгохгүй бол англи хэлийг оноож хэлж мэдэхгүй. Америкт сургуулийн анги танхимд "Уншлагын гацуур" гэж байдаг. Уншлагын гацуур дээр уншсан номоо тэмдэглэдэг. Энэ нь яваандаа бүр ой болж өргөжөөд, хүүхдүүд түүндээ урамшаад бөөн баяр болдог. Их дажгүй санаа. Мөн зурагт толь бичиг өргөнөөр ашиглах. Хүүхэдтэйгээ хамт зурагт толь дэлгээд ярилцах, үгийн утгыг хайх нь үр дүнтэй. Хөгжөөнт тоглоом ч хүүхдийн хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлдөг.
6. Ярих чадвар
Өдөр тутмын хоорондын харилцан яриагаа нэг анхаарахад илүүдэхгүй. Бид их товчилж ярих дуртай. Ингэх нь гадаад хэл сураад, түүгээрээ ярих гэхэд ихээхэн саад болох тохиолдол ч байна. Жишээ нь япон хэл нь өгүүлбэрээ бүрэн хэлж дуусаагүй байхад хоорондоо ойлгоцох боломжтой байдаг. Харин англи хэл нь аль болох өгүүлбэрээ бүрэн гүйцэд хэлж байж ойлголцох нь их. Хүүхэдтэйгээ бүтэн өгүүлбэрээр ярилцахыг эрмэлзээрэй.
7. Бусад чадвар
Дуу хоолойны өнгө, нүүрний хувирал, гарын хөдөлгөөн гэх мэт зүйл орно. Ярих үедээ нуруу тэгш байвал өөртөө итгэлтэй харагдана. Жишээ нь америкт нэгэн япон ээж хүүгийнхээ багштай уулзсан чинь "Хүү чинь загнуулж байж доошоо л хараад байх юм. Гэмшиж байгаа шинж алга" гэж л дээ. Японд бол эсрэгээрээ загнуулж байгаа тохиолдолд ихэвчлэн доошоо харж буруутайгаа илэрхийлэх нь их. Харин америкт загнуулж буй бол багшийнхаа нүд рүү хардаг. "Нүд" их юмыг өгүүлдэг гэж энэ болой.

Гэх мэтчилэн англи хэл сурахад анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг ээжүүдэд санал болгосон байна.

Монгол ээжүүддээ амжилт хүсэе.

Monday, May 26, 2014

Нээх хөөрхөн

2 зулзага энэ дууг нийлж дуулаад байгаа. Дүрийнх нь дууг ээлжилж дуулаад л, тэрийг нь сонсохоор хайр хүрээд байх юм.

Thursday, May 15, 2014

Бохир ус

Бид ундны усны чухлыг шагшраад л, усаа гаднаас худалдаж авах цаг удахгүй гэж ирээд л ярьдаг. Гэтэл цаана чинь ундны уснаас ч чухал нэг ус байна.
Бохир ус. Эвгүй сонсогдож байна уу? Гэхдээ дэлхий нийтэд асар их хөрөнгө зарж байж хүмүүс бидний гаргадаг бохир усыг цэвэршүүлж эргэн байгальд нь буцаах, дахин ашиглах боломжтой болгодог байна.
Монголд анх ус цэвэрлэх байгууламж хэдийд үүссэн, хүчин чадлынх нь тухай http://surensuren.blogspot.jp/ блогт бичэгдсэнийг уншина уу.

Япон улсад бохир усны тухай хууль байдаг. Холбогдолтой бүхий л асуудлаа хуульд заасны дагуу зохицуулдаг. Хот суурин болгон ус цэвэршүүлэх байгууламжтай. Хэрэглэгчдийн зүгээс төлөх үнийн хувьд цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадал, хэрэглэгчдийн тооноос хамаарч өөр өөр байна. Ундны уснаасаа өндөр үнэтэй байх газар ч бий.
Ус цэвэрлэх байгууламжийг асар өндөр өртгөөр барина аа даа. Тэрнийхээ нэгээхэн хэсгийг айл өрхөөс гаргуулдаг. Хувийн харшид амьдардаг айл бохир усны шугам сүлжээнд анх холбогдохдоо мөнгө төлдөг. Холбогдсоныхоо дараагаар сар бүрийн хэрэглэсэн мөнгөө төлөөд явна. Нийтийн орон сууцанд амьдардаг айлууд сар бүрийн хэрэглээнийхээ мөнгийг л төлнө. Гэхдээ тэр байшинг анх барихад нь бохир усны шугамд холбогдсон мөнгийг нь бариулж байгаа компань, эзэн нь төлчихсөн байна. Тэгээд байраа зарахдаа, байраа хөлслүүлэхдээ үнэндээ ахь хэдийн нэмж тооцоод оруулчихсан байна.
Цэвэр бохир ус нь бүгд тоолууртай. Хэрэглэснийхээ хэмжээгээр тоолуур нь гүйнэ. Усаа хэмнэлгүй урсгаад байвал мөнгө нь ч урсаад байна гэсэн үг. Тийм болохоор япон хүмүүс усыг хэмнэх тал дээр ухамсар өндөр.
Тодорхой түвшинд хүртэл цэвэрлэсэн усаа гол, далайд урсгана. Бордоо болгон ашиглана. Аж үйлдвэрээс гарсан бохир усыг цэвэрлэх явцад гарсан "лаг"-ийг хром зэрэг хорт бодисыг нь шүүсний дараа цемент, тоосго гэх мэт барилгын материалын түүхий эд болгон ашиглана.

Гэх мэт Японд бохир усны төлбөр цэвэр уснаасаа өндөр байх тохиолдол байдаг байх нь.
Монгол дахь бохир усны салбарын өнөөгийн байдлын талаар дараагийн бичлэгт...

Friday, May 09, 2014

Хүүхдийн дуу

Бага зулзага минь цэцэрлэгтээ бие тамирын дасгал хийх болохоор урвайчихдаг гэсэн.
Бага ч гэлтгүй том минь ч бас биеийн тамирт тийм ч сайн биш, бас дургүй талдаа.

Нэг орой багыгаа авахаар очсон чинь багш нь
-Соло-г дасгал хийлгэх аргаа олсон шүү. Энэ дууг сд-г нь тавьсан чинь цоглог гэгч нь
-Багшаа би энэ дууг мэднэ
гэж ирээд л хөөрсөн юм байх. Тэгээд тэр өдрийн биеийн тамирын дасгалыг их идэвхитэй, дуртай хийсэн гэнэ ээ.

Ориг нь олдсонгүй. Одоо энэ дууны дахилтыг гэрийн бүх гишүүд аялаастай.

Тэл хэлтэн

болгочих юмсан гэж охид оо.
Ингэхийн тулд өөрийн зүгээс хийх ёстой зүйл ээ уг нь сайн мэдээд байгаан хэрнээ үйлдэл дээрээ гүйцэтгэхгүй л байна л даа. Зугаатай хэл шинжлэлийг уншаад харьд амьдарч буй хувь хүмүүс бид, тэр дундаа хүүхэдтэйгээ арай илүү цаг харьцдагаараа ээж хүний үүрэг их гэдгийг ухаарлаа. Дахин ухаарлаа гэх үү дээ.

Том нь ч яахав, монголоор бага сага ярина, ойлгоно. Уншдаг бичдэг болгох гээд бага багаар үзэж тарж л байна. Урдах хичээлээ дийлэхгүй болоод байна аа. Даалгавар гэж их байгаад байх юм.
Бага нь одоохондоо хэдхэн үгийн сантай, монгол хэлээрээ. Япон хэлэнд байдаггүй эгшиг, гийгүүлэгч орсон монгол үг хэлүүлэх гэж үзнэ ээ.
Гэртээ голцуу японоор ярих гээд байдгаа больж, одооноос монгол хэлээрээ ярих гэж оролдоно оо. Гол нь хүчлэхгүй байх. Хүчлэхээр хүүхдүүд дуугаа хураачихдаг юм билээ.
Хичээнэ ээ ээж нь.

Японд ч тэл хэлтэнгүүд их бий. Номд бичсэнчлэн тэл хэлтэнгүүд нийгэмдээ арай л илүү байр суурь эзлээд, боломж ч их байдаг бололтой.

Thursday, May 08, 2014

Зугаатай хэл шинжлэл

Юуны өмнө энэхүү номыг өгч явуулсан найзууддаа маш их баярлалаа. 
Хэл шинжлэл гэхээр л их сургуульд улаан хамартай, ширүүн багшийн дүр буудаг юм шдээ.
Андахгүй дээ, ангийнхан минь, нөгөө ангийнхан минь. Төгссөн бүх л улсууд. Одоо харин хичээл заадаг эсэхийг мэдэхгүй байна.
Унагаадаг багш гэж сонсоод автоматаар унаад байсан би лав. Хэ хэ. За за тэртэй тэргүй унах юм бол уншаад яадаг гээд л. Ккк. Одоо нэг хичээлд нь суувал сонирхолтой байх болов уу гэж хааяа боддог юм.
Тэгсэн энэ ном тухайн үед заалгаж байсан хэл шинжлэлээс арай л өөр байгаад байна. Үнэндээ сонирхолтой байгаад байна. Онигоо уншдаггүй хүн чинь, жишээ авсан онигоог нь уншаад пис хийтэл инээж байгаад л уншив.

Их л олон зүйл мэдэж, ойлгож авлаа. Зөв бичгийн дүрэм өөрчлөгдөөгүй юм байна шүү дээ. 700 үгийг цэгцэлсэн гэнэ. Тэр цэгцэлсэн үгсийг нь олж мэдэх юмсан...
Шавьж эрвээхэй, дэгдээхэй гэж одоог хүртэл бичээд, уншаад байсан чинь шавж, эрвээхий, дэгдээхий болж цэгцлэгдсэн гэнэ. Би мэдээгүй хаагуур явж байсан юм бол доо гэж. 

"Сонирхолтой хэл шинжлэл" номыг захина аа.

Жич: Ном оо уншиж л байгаа шүү. Оруулах завдал болохгүй байна.

Атаархмаар зураг

Энэ их модтой уулыг нь харахаар атаархдаг юм. Монгол орны минь газар нутгийн 10-хан хувь нь ой мод гэхээр арай л цөөдөөд...
Харин энд газар нутгийнх нь 70 хувийг эзлэнэ. Дэлхийд дээгүүрт орно. Тэгсэн хэрнээ модоо хайрлацгаая, тарьцгаая, усаа хэмнэцгээе гэж ярьдаг улс. Энэ усны асуудлаар, тэр дундаа бохир усны талаар бичлэг оруулна аа.

За энэ моднууд намар өнгө алаглаад гоё болдог юм. Бас газар газрынхны жуулчдыг татах нэг зэвсэг болно оо болоогүй. Манай мужийн тэр уулын моднууд тэгж өнгө алаглаад таны сэтгэлийг сэргээчихнэ шүү дээ гээд рекламдаад байна шүү дээ. Тэрийг сонсохоор чинь нээрээ л очиж байгалийн сайхныг харан баясаж, сэтгэлээ сэргээдэг хэрэг гээд явна. Ганцхан уул ус, модоо харчихаад за баяртай гэхгүй, ойр хавийнх нь буудалд хононо, иднэ ууна гээд тэр орон нутагт орлого орно оо доо. Гэх мэтчилэн.
Модоор чинь ганцхан тайрч аваад ширээ сандал, ор зэргийг хийхгүй байна л даа. Агаар усандаа, аялал жуулчлалдаа хүртэл ашиглаад байна манайхаан.
Харихаараа өчнөөн мод тарина аа...

Жич: Харихаараа гэж хичнээн олон жил ярив даа гэсэн биднийг. Хэ хэ. Яахав санаж явбал бүтнэ ээ гэж.

Wednesday, May 07, 2014

Санаа авахаар зураг

Энд тэнд явахдаа санаа авчихмаар зүйл их таардаг юм. Ухаантай утастай болсноос хойш байнга зураг дарна шүү дээ.
Кино театрын хүлээлгийн танхим. Бяцхан жаалуудад зориулсан. Хүлээнгээ зураг зурах нь зураад, тоглоом дэлгээд тоглох нь тоглож харагдсан. Модоор хийсэн.
Би нь гэх мэтчилэн энд тэнд явахдаа иймэрхүү олон нийтийн газрын дажгүй шийдэлтэй зүйлийг нүд тусгаж харна аа, тэр бүр эндээ оруулж амжихгүй юм.
Айлууд нь мундаг мундаг том модон ширээтэй байх нь элбэг. Дараа нээрээ айлын модон ширээний зураг дарж ирнэ ээ.
За энэ хөдөөний нэгэн гуанзанд ороход ширээн дээр нь байсан цэцэг. Гадаанаа тарьсан цэцэгнээс таслаад, вааранд хийсэн байсан. Нөгөө талын ширээн дээр улаан өнгийн цэцэг харагдана лээ.
Шавар ваарнууд нь их таалагдаад байдаг юм. Ер нь япончууд шавар эдлэлд их дуртай. Үнэтэй тэр нь. Аяга, тавагнаас эхлээд л.

Хэлэх гээд байгаа гол санаа минь эд нар заримдаа нэг тийм сүр бололгүй, байгаа зүйлээ ашиглаад асуудлыг шийдчихдэг юм. Уг нь бол жижиг зүйл дээр сүр болдог улс л даа. Хэ хэ.

Ууж идсэн зураг

оруулна аа.
Сүүлийн 2 жил явж чадаагүй. Зулзаган хулс түүхээр. Түүх ч гэж дээ, үндэстэй нь сугалаад авна. Хальслаад чанаж иднэ. Энэ тавган дээрх шаргал өнгөтэй нь тэр зулзаган хулс. Өвөрмөц амт гэхээр зүйл байхгүй, цуу гэх мэтээр амталж иднэ. Одоо иддэг улирал нь.
Голд байгаа ногоон өвч бол Petasites japonicus гэнэ ээ. Монголоороо бас л хэлж мэдэхгүй байна. Чанаж иднэ. 
Хамгийн цаана байгаа тод ногоон өнгөтэйг нь юу гэлээ дээ, санадаггүй ээ.
Амралтын 4 өдрийн 4 өдөр нь уув. Хэдэн кг нэмэгдсэн бол? гэхээс айгаад жин дээр гарч зогсохгүй л байна. Хэ хэ.
Гол нь хатуу юм уухгүй нь сайхан юм даа. Угийн сул архиа эд нар усаар, мөсөөр, цайгаар, ундаагаар гээд л ойр зуур байгаа зүйлсээрээ найруулж, шингэлж уух юм аа. -Монгол эсрэгээрээ тэ.
гэж над руу сүрхий харан хэлж байгаад л уусан. Монгол явж ууж идсэн ганц нэг нь монгол явж үзээгүй нэгэндээ мэдэмхийрч ирээд л хэлж байна лээ. Сүүлийн үед өөр болсоон гэж би өмөөрөөстэй. Хэ хэ. Өөрчлөгдөж байгаа биз дээ? Хатуугаар нь ууж биеээ хордуулахаа больсон биз дээ?
Амралтын зураг үргэлжлэлтэй...

Алтан долоо хоногоор

Сайхан амарлаа. 7 сар гартал улаан өдөр байхгүй. Улаан өдөр гэдэг нь ямар нэгэн баяраар амрахыг хэлээд байгаа юм. Хуанли дээр улаанаар тэмдэглээд, энэ өдөр амарна шүү гэж мэдэгдэж байгаа нь тэр. Эхэндээ ч яг тийм баярын өдөр болоод амраад байгаам байна гэж идэвхитэй нь аргагүй цээжилдэг байсан бол одоо хэт дасаад мартааский. Улаан өдөр гэж л ярьдаг болоод байна. Хэ хэ
Улаан өдрөөр гэр бүлээрээ ойр зуур орж гарах нь гараад, аялах нь аялдаг юм ихэвчлэн. Цөөнх хэсэг нь найз нөхөдтэйгөө нийлж ууж иднэ ээ иднэ. Яаж зүгээр байхав. Харин хэт хавтгайралт байхгүй.
Бид ч усыг нь уувал ёсыг нь дагаад гэр бүлээрээ агаар салхинд гарсан. Хүний газар биднийг өөрсдийн үр шиг ээ л сайхан хүлээж авдаг япон ээж аав дээрээ очиж амарсан. Дараа хэзээ ирэх үү гээд л үлддэг сайхан хөгшчүүл бий.
Олон үгээр яахав дээ, зураг үзүүлнэ ээ.
Цэцэгс харахаараа л зураг дарах гэдэг хоббитой. Ээждээ үзүүлэх гэж тэр. Ээж минь хашаандаа цэцэг тарих дуртай. Энд хөдөө газар бараг ихэнхи айл нь гадаанаа цэцэг тарьсан байна. Хашаагаа дан модоор, цэцгээр хийсэн айл ч бий.
Дарсан цэцэгсийнхээ нэрсийг хэлж мэдэхгүй ээ. Тольдохоор монголоороо ч сонсож байгаагүй нэрстэй таарах юм. Эхний шар цэцгийг хуурамч сэрүү цэцэг(daffodil), ягаан, улаан цэцгийг тэрэлж гэнэ ээ. Зөв эсэхийг хэлж өгөөрэй, мэддэг хүн байвал. Англиар azalea гэнэ ээ.

Удаан хүлээсэн шүү

5 сар таныг. Учир нь алтан долоо хоног болно. Бүтэн жил хүлээлээ шүү дээ хэхэ.

Уулын мухарт очиж амрана. Агаар салхинд, байгальтайгаа ойрхон.

Ирээд сонин сайхан байвал бичнэ ээ.

Энэ бичлэгийг оруулах гэж явсаар байтал амралт дуусаад ажил алба эхэлчихлээ гэж

Ганц нэг зураг хөрөг дараагийн бичлэгээр оруулна аа.

Sunday, April 27, 2014

Хавар


Дулаараад орж гарахад сайхан байна аа. Охидоо аваад ойр зуур салхинд гарч байна. 
Энд тэнд алтан зул цэцэгнээс эхлээд нэрийг нь сайн мэдэхгүй цэцэгс өнгө алаглаад сэтгэл хүртэл сайхан. 
Том зулзага эмээдээ үрийг нь өгч явуулах юмсан гээд л байгаа. 
Бага зулзага цох хорхой олж хөөрч баясаад л, шулганаад л хайр хүрэм...
Зурагт миний бага зулзага нь байгаа олоорой хэхэ. 
Нүүр номд энэ зургийг оруулсан чинь зарим нэг хүн олж харахгүй байгаам даа...
Эмээ өвөө дор нь олсон биз?
Ер нь дүү нар яг л ах эгчийнхээ хийдэг байсан үйлдэл, шулганадаг байсан зүйлийг хэлж ярьж, хийдэг юм билээ шүү. Том минь ч бас ингэдэг байсан тэ гээд л бид 2 ярилцдаг юм. 

Зугаалга

Хичээлийн шинэ жил эхлээд, шинэ хамт олон, шинэ багш гээд л хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх зүйл их.
Тэр утгаараа анги хамт олныг хөгжөөх, танилцаж дотно болгох зорилгоор сургууль цэцэрлэг 4 сардаа багтааж зугаалга хийнэ.
Бага зулзагынх өнгөрдөг мягмар гарагт болсон. Ээж аавынхаа хэн нэгтэй нь цуг явна. Хэрэв ээж аав нь ажилтай бол эмээ өвөө ч явж болно. Би ажлаасаа чөлөө авч явав.
Том зулзагынх энэ баасан гарагт. 1-6 ангийн бүх хүүхдүүд явна. 1-р ангийнхны бяцхан жаалуудыг хөтлөөд алхаж явна. Том зулзага ч яана аа, тэр олон бяцхан жаалууд дунд замын дунд ядраад тэврүүлэх, үүрүүлэх хүүхэд байдаг, ээж ээ л гээд байгаа. Би ч чамайг бас 1-т ороход 6-р ангийн ах эгч нар хичээсэн л байгаа, хичээгээрэй дээ л гээд байгаа. Хэ хэ.

Ингэж зугаалахдаа, гэрээсээ хоолоо авч явна. Япон ээж нар асар идэвхитэй, янз бүрийн хүүхэлдэйн киноны баатрын дүрс хэлбэртэй бэнто хийхийг яана. Том ч яахав, тэгж хийж өгвөл ичих байх. Бага бол тийм хөөрхөн бэнто байвал л баярлах байх. Гэхдээ би тэгж хийгээгүй ээ. Ээж аавтайгаа цуг болохоор бөөнөөрөө сууж идэхгүй юм чинь гэж бодоод.

Гэх мэтчилэн охидынхоо дунд эргэлдсэн долоо хоног байлаа. Ямар хурдан өнгөрсөн бэ гэж...

Жич: бэнто гэж өдөр авч явдаг хоолыг хэлнэ.

3 настны үзлэг

3 нас хүрэхэд нь хотын эрүүл мэндийн газраас үзлэгт хамруулдаг юм байна. Цуглах өдөр, цаг, газрыг бичгээр мэдэгдэнэ. Энэ удаагийн үзлэгээр шээсний шинжилгээ өгсөн. Бас шүдний үзлэг, шүдээ хэрхэн угаах, ямар ямар амттан өгч байвал шүд хорхойтхоос сэргийлэх тухай заавар өгсөн. Өө тийм, гэртээ ээж нь урьдчилан хүүхдийнхээ хараа сонсголыг шалгах тест байсан. 3 насанд мэдэж байвал зохих өнгө. том жижиг, урт богино зэргийг асууж шалгаж байсан.
Мэдээж хүүхдийн эмч бас үзнэ.
Бага зулзага уйлаагүй. Асуусан асуултад онц сайн хариулсан. Магтуулаад л, хөөрөөд л. Асууж байгаа хүн нь зөв хариулахаар л сүйд болж байна өө.
-Хөөх ёстой мундаг. Ёстой сайн чадлаа. Яасан хөөрхөн, мундаг охин бэ гээд л.
Энд хүүхдийг магтаж урамшуулж байж хөгжүүлнэ гэдэг үзэлтэй. Мэдээжийн зүйлийг чадчихаар л мундаг сүрхийг нь гайхаад л, алга ташиж энэ тэр  сүйд болдог юм. Би ч одоо сурчихсан, багыгаа нэг зүйл хийхээр л сүйд болно шүү дээ хэхэ.

За энэ зураг дээр бол шүд инээж байгаа хэсгийн идэх зүйл бол шүдэнд сайн. Сайн ч гэж дээ шүдний хорхойтлоос сэргийлэх хүнсний бүтээгдэхүүн. Шүд уйлж байгаа хэсгийнх болохоор шүдэнд асар хор хөнөөлтэй нь. Аль болох бага өгөх. Идсэнийх нь дараа нь шүдийг нь угаалгаж байх.

Өмнө нь ээж нараас судалгаа авна. Хүүхдийнх нь талаар, санаа зовж буй зүйл, зөвлөгөө авахыг хүссэх зүйл гээд л. Тэгээд л тэр дагуу нь холбогдох мэргэжлийн хүн зөвлөгөө өгнө. Би ч мундаг ээж болохоороо юм асуусангүй ээ. Архаг ээж шүү дээ ккк
Гэхдээ бас ярианы явцад цэцэрлэгээсээ өлсөж ирээд, хоолноос өмнө юм нэхэж идээд байдаг. Дуртай зүйлээ нэхэж идэх гээд байдаг юм гэсэн чинь
-Тэр үед нь урьдчилаад бэлдсэн жигнэсэн будаа, загасны сосиск гэх мэт зүйл өгчихвөл, оройн хоолоо бага идсэн ч санаа зоволтгүй.
гэсэн.
Сүүн шүд гэлтгүй маш чухал гэдгийг өмнөх бичлэгүүдээр ч зөндөө бичсэн дээ.
Өглөө оройд ээж нь сайн хичээж угаалгаж байх гэсэн даалгавар авсан. Аниа аав 2той нь ээлжлээд л хичээнэ дээ...

Больчихвол ч

Шавийн ярианаас сэтгэлдээ үлдээж байгаад л бичээд байхаар шийдлээ.

1. Гудамжиндаа нус цэрээ хаяхаа болвчихвол ч, аяндаа эрүүл ахуй, өнгө үзэмж гээд л өнгө засаад ирэх зүйл зөндөө бий дээ.
Олимп зохион байгуулахаар болбол ч энэ тал дээр эрс сайжрах байх шүү. Учир нь хятад бас нус цэр, шүлсээ хамаа намаагүй хаядаг байсан. Бээжингийн олимп зохион байгуулах үедээ ард түмнийхээ нийтийн соёлын асуудлаас эхлэн анхаарах шаардлага гарсан гэж байгаа. Гудамжинд дуртай газраа бие засах, нус цэр шүлсээ хаяхаа болих, автобусанд дугаарлаж суух гээд л. Эндхийн мэдээгээр автобусанд дугаарлаж байгаа тухай гаргаж байсныг саналаа.

2. Хотын өнгө үзэмжинд санаа зовсон хэсэг бүлэг япон хүмүүс жил бүр Сэлбэ голын хогийг түүн цэвэрлэх, зам дагуу цэцэг тарих гээд л их олон арга хэмжээ зохиодог. Тэр бүрд гар бие оролцдог байлаа.
Их гоё гоё, үнэтэй машины цонхоор хогийг бол чулуудаж өгнө шүү дээ. Уг нь бол өмссөн зүүсэн, хэрэглэж буй машин энэ тэрээс нь харахад боловсролтой, арай ч хогоо хаячихгүй байлгүй дээ гэсэн хүмүүс байдаг. Хүүхдүүд бас чихрийн цаас, амттаныхаа уут, ундааны савыг чулуудаж харагддаг. Хэл ус сайн бол ч очоод загначихмаар үе зөндөө байлаа.

гэж ирээд л хичээлийнхээ завсарлагаар буу халлаа.
Гадны хүн бидний төлөө, үр хойчийн минь төлөө, улсын минь төлөө санаа тавиад байхад бид ч дээ.
Өмнөөс нь бөгс улайгаад л суув.

Бид гадаад явахдаа л гоё сайхан цэвэрхнийг нь гайхаад байдаг улс. Тэр гоё сайхан нь иргэн бүрийн ухамсартай үүрэг хариуцлагын дүнд бий болдог гэж мэдмээр л болсон доо.
Хүүхдүүддээ бүр багаас нь л зааж сургаж баймаар...

Friday, April 18, 2014

Сэтгэл хөдлөөд сүйд болов

Эх оронд минь сайн дурын ажилтнаар яваад ирсэн шавь минь 2 жилийн хугацаагаа амжилттай дуусгаад харьж ирэв. Нэг оройг хамтдаа сууж хооллонгоо монголд ажилласан хугацаан дахь дурсамж, бэрхшээл зэргээ хуваалцав.

Гитар оролддог байсныгаа монголд байхдаа ч хаялгүй, тэндээс боломжийн үнэтэй гитар худалдаж аваад үргэлжлүүлэн хичээллэдэг байсан гэнэ. Бүр хэд хэдэн цайны монгол дуутай болсон байна. Энд тэндхийн цуглаанд гитараа бариад л монгол дуугаа дуулж од болдог байсан гэнэ. Гэм нь ажлаа тарж ирээд хоол ундаа идэж уучихаад гитараа давтах гэхээр дээд гэнэ үү доод айл нь паараа нүдээд эхэлдэг байсан гэнэ. Хэ хэ. Монголоор паар гэж ирээд л хэлэв. Би тэгэхээр нь өө бас тэгсэн үү, биднийг жаахан байхад бас доод айл паараа нүддэг байсан. Хүүхэдтэй айлууд хүүхдүүд нь жаахан гүйлдчихээр л нүдээд, ээж уурлаад өөдөөс нь адилхан паараа нүддэг байсан л гэлээ. Хүүхэд юм чинь гүйж харайлгүй яадаг юм гэж ээж минь цэцэрлэгийн хүн болохоороо уурлана. Тэгэхэд шөнө дөлөөр манай дээд айл хэрэлдээд, зодолдоход бид тэгж паараа нүдэж байгаагүй л юм даа.

За өнөөх л улиг болсон цаг барьдаггүй асуудлыг ярьсан. Утасдаж шалтгаанаа хэлэхгүй хэдэн цагаар хоцрох бол энүүхэнд юм аа, тэрнээс болж би өчнөөн алтан цагаа алдсан гэсэн.

Ёоо, аймаар ганган шүү монгол хүүхнүүд гэсэн.

Морин хуур сурах гэж оролдсон, морин хураа аваад ирсэн.

Эхний 1 жил бол хэцүү байсөөн, 2 дахь жилээс харин гайгүй дасаад, энд тэнд оролцох нийгмийн идэвхи минь ч сайжирсан гэсэн.

Зурагнуудаа эхнээс нь угаалгаж байгаа, ангилна даа гэж байсан. Эд нар тиймэрүү юманд их сүрхий. Төрөлжүүлээд, ангилаад он сар өдөр, явсан газрын нэр, уулзсан хүний нэр ус, албан тушаал гээл тэмдэглээд орхино. Хэдэн жилийн дараа өнөөх хүнтэйгээ уулзвал бөөн баяр хөөр болоод сүйд болно гэж.

Монгол хэлээ үргэлжлүүлэхээр боллоо, бидэн хоёр. Харилцан завтай цагаа хараад, би ч бөөн баяр байгаа. Тэгэхгүй бол би нь өөрөө ажилгүй ажлын өдөр, гэрийхэн бүгд албандаа явчихаар зурагт харж, хөргөгч эргүүлж, унтаж гээд нэг л нэг тийм цагаа дэмий үрээд байгаа юм шиг санагдаад, тэрэндээ өөрөө стрессдээд байдаг юм.
Дэмий ч гэж дээ, янз бүрийн нэхмэлээ нэхнэ л дээ. Гэхдээ тэр нь хөдөлгөөнгүй суудаг учраас хөдөлгөөний дутагдал гэж том асуудал байна аа байна.

Цайны хэдэн монгол дуугаа дуулсан чинь хань ижил сэтгэл нь үймрээд, нэг хэсэгтээ бидэн 2-ын амнаас тэр дуунууд салаагүй. Ээж ааваа, нутгаа санадгийн шинжээ гэж...

Wednesday, April 16, 2014

Караоке

Том зулзагын төрсөн өдрөөр караоке орлоо.
Том нь ч яахав, дуу хуур сонирхдог насан дээрээ явж байгаа болохоор дуулж байна гэж юүхэв.
Бага нь эхэндээ жинхэнэ микрофон хараад гайхаж байснаа хүүхдийн дуу оруулсан чинь дуулж үзэж байна аа. Хэ хэ.
Аниагийнхаа дуулдаг дуунуудын дахилтуудыг надаас илүү мэдээд дуулж байна шд. Аниа арай давуу эрх мэдэл эдлээд зурагтаар өөрийнхөө сонирхлын дагуу нэвтрүүлэг, драм үзээд дүү нь бүр дахилт энэ тэрийг нь цээжилчихсэн.

Хааяа орж байя гэж бодлоо, уг нь их олон жил гэрээрээ орох юмсан гэж ярьсан юм. Нөхцөл нь нэг л бүрдэж өгдөггүй байлаа гэж.

Нэг онцлог нь бид юу ч захиалаагүй, 2 цаг дуулж байгаад л гарлаа. Яасан нарийн юм гэж бодож байна уу? Ккк Ууж идэх зүйл захиалахгүй бол бас ч гэж гайгүй л үнэтэй гардаг юм билээ. Энэ бол хэмнэлт.
1-рт оройн хоолоо идчихээд орсон.
2-рт томчууд яахав юм захиаллаа гэхэд бага зулзага бас л ундаа уух болно. Хоолны дараах амттанд зайрмагийг ханатлаа идсэн байсан учир нэмж амттан өгмөөргүй санагдаад.
3-рт дууныхаа дугаарыг оруулж, хайж энэ тэр байсаар байтал захиалга өгөх завдал гараагүй. Цаад улсууд нь ч захиалга авъя гэж ирээгүй. Амар хэхэ
2 цаг нүд ирмэхийн зуур л өнгөрсөн. Хойшид өдрийн цагаар орох нь зүйтэй юм билээ. Угаасаа оройн цагаар бага насны хүүхэд зугаа цэнгээний газраар орох хориотой, бид ам мөчид л хөл хорих цагаас өмнө амжсан.

Thursday, April 10, 2014

Ойн баяр

Хань ижилтэйгээ танилцаад 14 жил, батлуулаад 13 жил, ээж гэдэг эрхэм цолыг хүртээд 12 жил болж байна.

Олон баяраа яаж тэмдэглэх үү гэхээр байна шдээ, гэр бүлийн хэмжээнд л тэмдэглэнэ дээ. Даруухан.

Энд ирээд ер нь жаахан зожиг гэх юм уу, хэмнэлттэй гэх юм уу, романтик зан минь хаа нэгтээ нуугдчихсан. Хамгийн түрүүнд гэр бүл, охидууд бодогддог болчихдог юм билээ шүү. Тийм чухал хэрэгцээтэй билүү? шаардлагатай билүү гэж бодоод л хойш нь тавиад,  сүүлдээ мартдаг.

Харин хагас сайнд гэрээрээ зугаална. Сакүра үзэж баясаад, ганц хоёр хундага тулгана.

Нээрээ, юм нэхэхийг үзүүлж өгч байна, аяга угаагч, оймс гээд л. Нэхэж дуусангуут нь хүнд бэлэглэчихнэ. Яг одоо нэг оймс нэхээд ухаан алга. Ирэх долоо хоногт уулзах шавийнхаа гэргийд өгнө. Монголд 2 жил болсон шавь минь хариад ирчихсэн. Цаг хугацаа гэж үнэн хурдан юм аа. Хэрэг алга. Юу хийлээ гэж бодоод, хийх гэж байтал аль хэдийн жил өнгөрөөд талдаа орох гэж байна.
Өнөөх өөртөө амлалт өгсөн галзуу хүний тэмдэглэлээ, сөхөж харах гээд л харах гээд л байна. Дунд нь шаал өөр хийгээд байгаа болохоос.

Пиглэт ээ, нэхмэлийн номыг номын дэлгүүрээс ороод хайгаарай. Төрөл төрлөөрөө байгаа. Бүгдийг нь авмаар болоод шунал хөдлөөд байдаг юм хэхэ. 手芸 гээд ангилчихсан байх ёстой. Дотор нь нэхмэл, хатгамал, оёдол гээд л өөрийн эрхгүй шунал чинь хөдлөнө шүү.

Зэвсэгний оронд ном өгөөч

гэдэг ном.
Сурах гэсэн хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө алтан амиа алддаг охидууд байна шүү, монголын минь олол олон охид оо. Бид үнэхэр азтай. Охин хүүхэд юм чинь яаж ийгэд боловсролтой болгочих юмсан гээд, эргэн тойрных нь хүмүүс сурах хүсэл эрмэзлэлийг нь боогдуулдаггүй эх оронд төрсөн.
Яахав эсрэгээрээ эр юм чинь яаж ийгээд хоолоо олоод идчихнэ гэдэг сөрөг үзэл нь нийгэмд тулгамдсан асуудал болж байгаа ч. Сүүлийн үед энэ үзэл санаа буурах хандлагатай болно.

Пакистанд болсон явдал. 15 настай ... охин сургуулиасаа харьж явах замдаа, охин хүүхэд сургуульд сурах шаардлагагүй гэж үздэг Талибанчуудад буудуулна. Цуг явсан ангийх нь болон найз охидууд нь бас л буудуулж амиа алдана.

Талибанчууд охидууд сургуульд явж болохгүй, хэрэв сургуульд явсан бол, уг охин болон охидыг хүлээж авсан сургууль зэргийг дэлбэлэх болно гэсэн зар тараана. Зөвхөн энэ шалтгаанаар 150 сургууль дэлбэлэлтэд өртөнө.

Гээд л зөндөө л зүйл бичээстэй байна лээ. Том зулзагатаа бас шахаж уншуулна. Сурахыг хүссэн охидууд дэлхийгээр нэг байна гэж мэдэж аваг. Заримдаа ч сурах нь толгойны нь өвчин байдаг шиг л харагдаад байх юм хэхэ.

...Эцэст нь юу хэлмээр байна вэ гэвэл охидууд минь өөрт заяагдсан аз завшаанаа ашиглаад ихийг сураарай. Сурна гэдэг нь заавал ном шагайх биш шүү. Өрөөсгөлөөр ойлгож болохгүй. Оёж сурах, нэхэж сурах, амттай хоол хийж сурах, бүжиглэж сурах, дуулж сурах, гадаад хэл сурах, ямар нэгэн спортоор хичээллэх гээд л юу ч байж болно, өргөн хүрээтэй.

Wednesday, April 09, 2014

Анхных

Олбог. Сандал дээр тавьсан ч болно. Газар дэвсээд суусан ч болно. Одоогоор 2-ыг нэхсэн. Усан цэнхэр өнгөтэйг. Дахиад өөр өөр өнгөөр нэхэх санаа бий. Яг адилхныг биш, арай өөр хээ, хэлбэр дүрстэйг нэхэх гээд л, схемийг нь хараад сайн ойлгож өгөхгүй дэмий л гөлөрдөг гэж байгаа. Нэг өдөр л цоорох байх хэхэ.
Энийг бас хэдэн өдөр гөлөрч сууж байж зориглоод нэхсэн чинь харин амархан байж таарав.
Захиалга ар араасаа орж ирэх шинжтэй. Одоогоор авч эхлээгүй хэхэ.
Ганц нэг найзууд л надаа гэсэн л дээ. Түүнээс зарах захиалга биш шүү.
Монголд харихаараа нэхэж зарна аа, тэр үед та нараасаа эхлээд зөндөө захиалга авна шүү...

Tuesday, April 08, 2014

Байгаагаараа

Чадвал хүүхэлдэйг нь үзэх санаатай. Зав олдох нь уу үгүй юу?

Шилжилт хөдөлгөөн

4 сард шилжилт хөдөлгөөн болдог гэж мэдэж байгаа байх өө, уншигчид минь.
Ажлын газрын дарга солигдсон. Одоогоор нэрийг нь ч сайн тогтоож амжаагүй байна хэхэ.

2 зулзагын сургууль цэцэрлэгийн багш, албан хаагчид бас нэлээд хольж солигдсон. 
Анги даасан багш нар нь солигдсон. Том зулзагынх бүр өөр сургуулиас ирсэн багш болсон гэнэ. Бага зулзагын ахлах багш нь эрэгтэй багш, дотроо шилжилт хөдөлгөөнөөр энэ жил 3 настны анги дааж авч байгаа гэнэ. Туслах багш нь харин өөр цэцэрлэгээс шилжиж ирсэн.

Гэх мэтчилэн нэг л цэцэрлэгээр жишээ авахад нийт 20 багш ажилчид өөр газар луу шилжих нь шилжээд, тэтгэвэртээ гарах нь гарсан байна.

Ингэж хооронд нь хольж солих нь авилгалаас сэргийлэх, нэг газрын нэг л хэвийн байдлаас ангижруулах, тухайн ажилчнаа олон салбарын мэдлэг мэдэгдэхүүнтэй болгох гээд л олон сайн талтай байдаг гэсэн.

Ялангуяа төрийн албан хаагчдаа нэг тушаалд 3-с дээш жилээр зоох нь зохисгүй гэж үздэг юм билээ.
Монголын нэг аймгийн тамгын газрын дарга 10 жил болоход гайхаад, солигдоогүй юу? солиоч ээ гээд ил далд загнаад байдаг байж билээ.

Ойр зуур

Ханиад хүрээд эдгэсэн. Өнөө айхтар influenza ханиад.
2 долоо хоногийн өмнө том зулзага тусч эдгээд. 5 хоног гэртээ хорионд байх ёстой гээд 6-р ангийнхныгаа үдэх өдөр амарч таарав. Эмчээс нь гуйгаад нэмэр болоогүй. Учир нь эмчийн тамгатай зөвшөөрлийн бичиг байхгүй бол сургуульдаа явж болохгүй. Утсаар хэдэн сувилагчийг нь аргадаж нэг үзээд, аашилж нэг үзээд. Үзүүлэх өдрөө нэг өдрөөр наашлуулсан чинь эмч гуай нь халгаадаггүй дээ. Япон улсын дүрэм журам бла бла. Ээжүүд ингээд дураараа аашлах гээд байдаг юм энэ тэр гэнэ ээ. Ганц би ч аашилдаггүй бололтой.

За дараа нь өөрөө тусав. Ёстой балай. Халуурна. хамаг яс янгинаж даарна. Би бүр зузаан хөнжил энэ тэрээр хучаастай хэрнээ даараад л байлаа. Мэдээж 5 өдөр гэртээ яс хэвтэв. Юун сакүра, юун наадам л байлаа хэхэ. Эм нь нойр хүргэдэг гээд, сайхан унтаж өгөв. Нойртой хүнд их сайхан байлаа, унтах нь л. Сайн унтах арьсанд сайн гэж үнэн шиг байна лээ шүү. Юу ч түрхэж, арчлаагүй байж нүүрний арьс гоё толийсон байсан.
Бас багахаан жин хассан. Зөвхөн хоолоо л иднэ. Хажуугаар нь илүү дутуу зүйл идэхгүй байх чинь тураадаг юм байна шүү. Идэх дур төрөхгүй байсанч эм уух тул аргагүйн эрхэнд л жаахан хоол иднэ. Тэгээд л жин хаслаа гэж баярлаад, эдгэсэн хойноо дуртай зүйлсээсээ түүж идээд жин нэмж байх шив дээ гэж эцэст нь...

Ер нь ямар ч өвчинг хүсэлтгүй. Хамаг ажил алдуулаад. Эргээд тэрийгээ нөхөж ажиллах гэж бас л чармайж байна шүү ккк

Wednesday, March 26, 2014

Даргын ажлаа өгсөн

шүү манайхаан.
Бүгд хуралаа хийсэн. Цөөхөн улс цугласан. Би нь ийм ийм арга хэмжээг тэдийд, эдийд зохион байгуулна гэсэн тайлбар хийгээд, цэрэг нар бас бүгд ажлаа тайлагнана. Дараагийнхаа дарга цэрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Ингээд л ерөнхийдөө бүд хурал нэг тийм цомхон, сүр дуулиан болдоггүй юм билээ.
Цугласан хүмүүс өөрсдийгөө танилцуулна. Шинээр нэг дүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн ээжүүд голцуу ирсэн харагдсан. Тэдэн хүүхдүүд нь бага сургуульд явдаг, энэ жилийн дарга цэрэг нарт төвөг удаж магадгүй болгоогоорой гэхчилэн танилцуулж байсан.
Энэ нэг жилд ажлаа сайн мэддэг, гүйцэтгэдэг цэрэг нарынхаа хүчээр монгол хүн гэдэг нэрээ аятайхан аваад гарсан гэж бодож байгаа. Цэрэг нараасаа суралцсан зүйл их байлаа. Ялангуяа арай дотно, ойр зуур ярилцдаг цэрэг бол хувийн зохион байгуулалт үнэн сайтай хүүхэн байсан. Гадны хүнтэй ч харьцаад сурчихсан. Солонгос хэл бие даан суралцдаг, нийгмийн идэвхи сайн байлаа.

Сүүлд дурсаж байхад сайхан л дурсамж. Тухайн үедээ бол гэрээрээ ийш тийшээ орж гарч болохгүй, аятайхан оролцчих юмсан гэж санаа зовоостой байсан ч...

Өөртөө оцүкарэсама

Бага зулзага

Ойрд гаргаж буй ааш, сурсан эрдмийнх нь талаар бичээгүй юм байна. Энэ сард 3 хүрсэн болно.

  • Бүх зүйлийг ойлгодог болсон. Мэдэхгүй үг, хэлэхгүй үг гэж байхгүй болсон. 
  • Уруул өнгөлөгчийг минь өөрийн юм шиг хэрэглэнэ. Нэхэж ирээд л будна. Өнөөх нь гялалздаг юм. 
  • Уруулаа будаад, гоё даашинз өмсөөд аавтайгаа гэрлэнэ гэж аавыгаа том панаалдана. 
  • Гоё чамин зүйлд нүд нь гялалзаж ирээд л сонирхдог болсон. 
  • I love you гэдэг бичигтэй цамцаа өмсөнө , зүрхтэй ягаан гаагаа өмсөнө гэж өглөөд өмсөх хувцсаа захиална. 
  • Оройд унтахынхаа өмнө албаар хамгийн зузаан номоо барьж ирж зөвхөн ээжээр уншуулна. 
  • Албанаасаа тарахдаа ээждээ чулуун, навчин, цэцэгний дэлбээн бэлэг өгдөг хэвээрээ. 
  • Эмчдээ үзүүлэхдээ уйлдагаа больсон. Би хичээсэн, ээж ээ гэж онгирно. Аниагаа үзүүлэхэд нь аниа уйлж болохгүй шүү, хичээгээрэй гэж томроно. 
  • Чоно, үнэг, май гэх зэрэг монгол үг хэлдэг болсон. Мэдээж дуудлага нь гадаад.

Пиг

 хүн байна, дэлгүүрүүд. Манай энд чинь жирийн үед хүн байдаг юм уу гэмээр л байдаг юм. Залуу хүн олж харсангүй гээд монголоос ирсэн хүмүүс ам нийлүүлж шогширцгоодог байхгүй юу. Тэгсэн юу вэ? 4 сараас өмнө гээд л тор дүүрэн худалдаа хийсэн улс байна. Би ч дутаагүй л дээ. Хойшид хэрэгтэй гэсэн зүйлээ л авсан.

Жишээ нь охидтой хүн чинь хэрэг болж магад гээд оёдлын машин авлаа. Том охины төрсөн өдрийн бэлгийг урьдчилаж авч өглөө. Охидынхоо сургууль цэцэрлэгийн бэлтгэлийг хийлээ. Аяга угаагч нэхдэг утас 20 ширхэгийг авчихлаа. Хэ хэ. Мэдээж бүгдээрэнгээр нь аяга угаагч нэхэхгүй л дээ, арай өөр зүйл нэхэх санаатай байгаа.

Энд тэндээс 4 сараас тийм зүйлийн төлбөр тэгж нэмэдэнэ гээд л бичиг ирээд байна. Жишээ нь машины зогсоол, том зулзагын бассейны төлбөр. Зургийн дугуйлангийн багш нь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн байгаа тул одоогоор нэмэгдэх тухайгаа мэдэгдээгүй л байна. Нэмэгдэх нь тодорхой. Төгөлдөр хуур нь нэмэгдчихсэн.
Тог, газ, ус гээд л талийж өгнө. 80 иений маркаар захиа илгээчихдэг байсан бол 82 иен болно. 2 иений марк хэвлэгдсэн байсан. Өнөөдрийг хүртэл хэвлэгдээд гарчихсан 80 иений маркныхаа хажууд 2 иенийхээ маркийг наагаад л илгээнэ дээ. Мартаж, өнөөх нь буцаж ирэх вий дээ.

Хамгийн гол нь цалин нэмэгддэггүй дээ. Нэмэгдээсэй л гэж залбирах, нэг бол гэгээрч шунал тачаалаа даран онцын хэрэгцээгүй л бол худалдаа хийхгүй байх.

Өө тийм, ёога хийнэ гээд матрас авчихсан юм байна. Одоохондоо дэлгээгүй хуйлаастай чигээрээ байгаа. Том зулзагын саналаар авсан болно. Том зулзага томроод таргалчихлаа энэ тэр гээд бие хаандаа санаа зовдог болж. Хүүхэд томроно оо гэж...

Tuesday, March 18, 2014

Мама-томо

Piglet-ийн бичсэн энэ http://piglet-po.blogspot.jp/2014/03/blog-post_6.htmlбичлэгийг уншаарай. Үндсэн мэдээлэл байгаа шүү.
Миний ажигласнаар тэр босс ээж нарын нийтлэг шинж гэвэл, аманцар, ганган. Ерөнхийдөө галзуудуу. Тийм болохоор хэсэг бүлэг хүмүүс дагаад намирдаг бололтой санагдсан. Бага зулзагын цэцэрлэгт байна аа байна тийм ээж. Би мэндийн л зөрөөтэй. Эцэг эхчүүдийн зөвлөлд их идэвхитэй оролцож зохион байгуулдаг юм билээ. Бас галзуу аав нар байна. Тэд нар нь хоорондоо найзаа. Иймэрхүү хүмүүс байж байж цэцэрлэг сургуулийн элдэв арга хэмжээ хөгжөөнтэй болдог болов уу гэж боддог юм. Тэгэхгүй бол мань мэтийн номын улсууд цуглавал жаахан уйтгартай л байхдаа гэж хүлээн зөвшөөрөөстэй хэхэ.
За ийм мама-томо нарын үндсэн зорилго нь угтаа бол гэрийн ажил, ажил гэсэн хүүхнүүд хүүхдүүдээрээ холбогдоод энд тэнд цуглаж идэх, хов ярих, хүүхдүүдээ салхилуулангаа алжаалаа тайлах юм. Тэгсэн өнөө үед нийгмийн өөрчлөлт энэ тэр нөлөөлдөг юм уу? Арай л өөр хандлагатай болчихоод байх шиг санагдсан. Стресс ихтэй улсууд жаахан доройхон нэгнийгээ боссын үгээр нийлж байгаад л ад шоо үзэх, бүр цаашлаад хүүхдийг нь ад шоо үзэж түүгээрээ стрессээ тайлаад байх шиг санагдсан шүү.
Мама-томо нарын уулзалтан дээр юу өмсөж очих уу? Хүүхдээ яаж хувцаслах уу? Ямар нэгэн зүйл барьж очих уу? гээд л санаа зовоодог зүйл ихтэй гэж сонсож байсан юм байна.
Тэгээд л нийлж аваад хүүхдээ тийм ч дугуйланд явуулж байгаа, миний хүүхэд тийм ч юмандаа сайн энэ тэр гэж хоорондоо ам булаалдан ярьдаг гэсэн.
Би ч тэрийг нь сонсчихоод анхнаасаа тийм цуглаанд нь оролцохгүй байгаа. Түүнээс бас л хошгоруулж байгаад бүлэгтээ элсүүлэх гэдэг юм билээ.
Ер нь хүүхдийнхээ хүмүүжилд арай л хэтэрхий санаа тавьж оролцох гээд. Тэр нь эргээд хүүхэддээ муу нөлөө үзүүлээд байх шиг санагдаад байгаа. Ганц нэг зүйл дээр зөнгөөр нь орхихгүй. Жишээ нь гадаа тоглож байгаа хүүхдүүдийг ихэвчлэн ээж нь харгалзаад л зогсож байдаг юм. Тэгээд л хүүхэд хоорондын жаахан маргалдаанд оролцоод. Жижигхээн юм чинь ээж аавыг нь хамарсан том хэрүүл болчих гээд. Би ч тоохгүй, том зулзага ганцаараа л гараад найзуудтайгаа тоглоно. Том хот суурин газар янз бүрийн гэмт хэрэг ихтэй болохоор ганцааранг нь гаргахад хэцүү байх л даа. Манай эндэх шиг хөдөө газар харьцангуй амгалан шүү дээ. Тийм байхад л энэ ээж нар уу?
Ер нь эх хүн хүүхдийнхээ төлөө буг ч болж чаддаг, бурхан ч болж чаддаг юм шиг ээ...

Жич: Бүгдээрээ блог-томо болцгоох уу? хэхэ

Бага зэрэг сэргээсэн нь

Аль 10 жилд л  МЭӨ, Хүннү, Ся улс, Жоу улс, Цинь гүрэн, хан улс, шан гүрэн, Вэй улс, Шу улс, У улс гээд л уншдаг, сонсдог байлаа. Хэл ам сугалчих гэсэн содон үгнүүдийг цээжлээгүй үлдэж дээ. Арай ойроор нь Хүннү л үлдэж.
Энэ номыг зээлж уншив. Оршил хэсгээс нь жаахныг орууллаа.

Түүхэн үйл явц нэг хандлагатайгаар явагдах эсэх нь ард түмний түүхийн ухамсрын шинж байдлаас ихээхэн хамаардаг. ..
Ухаант мэргэд өөр өөрийн ард түмний түүхийн ухамсарт ихэд санаа тавьж, түүхээ зөв бичих, гүнзгий ухаарахад ямагт их ач хобогдол өгч, түүх бичлэг дэх элдэв төөрөгдөл гажуудлыг ер тэвчиж чаддаггүй байсан нь тун ч их утга учиртай. Түүхийн ухамсар зөв, дайчин, нэгдмэл байх аваас л тухайн ард түмэн урт насалдаг, өөрийгөө хадгалах чавдар нь өндөр байдаг жамтай...
Үе үеийн ухаантан мэргэдүүдээр шүүн тунгаагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний түүхийн философи бол тухайн үндэстний дархлааг бэхжүүлэгч эм, цемент мөн...

Тухайн улс, үндэстэн бүхий л түүхийнхээ туршид ямар ямар их сорилтуудад орж, ил ба далд шууд ба хөндлөнгийн ямар ямар бэрхшээл, саадыг давж, дайсагнагч, өрсөлдөгч этгээдийн элдэв явуулга, заль мэхийг хэрхэн яаж илчилж буюу эс илчилж, жинхэнэ эх орончид газар нутаг, хэл, соёл, тайван амьдралын төлөө ямар их тэвчээр хатуужилтайгаар хэрхэн тэмцэж, ямар үнээр ялж байсан зэргийг үндэсний түүхийн философи нээн, тодруулан өгүүлэх учир ард иргэд, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд түүний ашиг тус их юм.

гэсэн байна даа. Зураг жаахан муу гарч.

Friday, March 14, 2014

Хүчирхэг байцгаая

Манай улсад ч түгээмэл байдаг тэр нэгэн гэмт хэргийн тухай.
Domestic Voilence буюу гэр бүл дэх хүчирхийлэл. Хойшид DV гэж товчлох болно.
Энэ үзэгдэл японд бас байна аа.
Дэлхийд энэ нь их олон жилийн хугацаг туулж байж өнөө үед гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрөгдөх болсон. Урьд нь эхнэр нөхрийн хоорондын хэрүүл маргаан, эхнэрийг 2-3 удаа цохих бол байх л зүйл, үүнийг би тэжээж байгаа юм чинь хэл амаар доромжилж болно, хайртай бол хартай гэх мэтээр үздэг тохиолдол аль ч оронд байсан. Эдгээрийг олон олон хүүхнүүд тэвчээд, тэсээд ирсэн.
1980-д оноос эмэгтэйчүүд тэмцэж, дуу хоолойгоо гаргах болсон. 1993 онд НҮБ-н хурал дээр эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тунхаг гаргасан. Үүнээс үүдээд олон орон сэхэээ авч, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, гэр бүл дэх хүчирхийлэл зэрэг асуудлыг хуульчилж эхэлсэн. 2001 онд япон энэ тухай холбогдох хуулийг баталсан.
Чамайг өөрийн хүссэнээрээ байлгах гэж шаардах, цохих, өшиглөх, юм шидэх, хэл яриагаарааа айлган сүрдүүлэх, дагах мөшгөх, байнга утасдах, утасдах тоолонд тэр дор нь утсаа авч байхыг шаардах, хэт хардах, хийж буй зүйлийг нь боож хаах гээд л сэтгэл санааны таагүй байдал оруулах, эрүүл мэндийн зүгээс гэмтэл бэртэл учруулах зэрэг нь бүгд DV-д тооцогдоно.
Хүнтэй үерхэхдээ дараах зүйлийг санаж байх хэрэгтэй. 1-т Эр эмийн харилцаанд нэгнийгээ захирах, дээд доод гэсэн зааг байх ёсгүй. 2-т Харилцан бие биенийгээ хүндэтгэн, эрх тэгш харилцаатай байх. 3-т Чамд таалагдаагүй зүйлээ таалагдахгүй байна гэж хэлж чаддаг байх.
Хэрэв DV-д өртөж байвал найздаа хэлэх биш, мэргэжлийн хүнд ханд. Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 70 хувь нь ямар нэгэн байдлаар энэхүү DV-д өртсөн байдаг гэж НҮБ-н судалгаа байдаг. Зөвхөн надад л тохиолдож байна гэж үзэлгүй, мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө хүсвэл их олон жишээн дээр ажиллаж ирсэн тэхайн мэргэжилтэн танд асуудлыг шийдэхэнд илүү ойр дөт зам гарцыг хэлж чадна.

гэж бичсэн байна даа. Монголд ч сүүлийн үед их сонсогдох болсон доо. Тэр тэгж нөхөртөө алуулав, зодуулав. Найз залуу нь найз охиноо хардаад тэгэв ингэв гээд л аймар. Охидоо бодохоор бас хүнд сэдэв.

Жич: DV- д өртөөд байгаа юм биш биз?  гэж урьдчилан сэргийлэх хэд хэдэн асуултнаас сонирхолтой санагдсанаа бичих үү?
Бэлгэвч хэрэглэхийг цааргалах, сална гэхээр амиа хорлоно гэж сүрдүүлэх, утсаараа байнга мессэж бичих, утасдах- хариуг нь дор нь өгөхгүй бол уурлах, ямар нэгэн чухал шийдвэр гаргах болохоор чи л шийд гэж бүгдийг хариуцуулах...

Охид минь

өөрсдийн бие организмийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд л сарын тэмдэг ирдэг шалтгаан, эмэгтэй хүний биед хэдэн ширхэг өндгөн эс байдаг, тэдгээр эсүүд нь нас ахих тусам хөгширч, устаж байдаг . Цэвэршилт хэдийд эхэлдэг? гээд л.
Яагаад энэ бүгдийг мэдэж байх учиртай вэ гэвэл, сүүлийн үед хүүхнүүд ажил ажил, сургууль сургууль гэж гүйгээд, нэг мэдэхэд 30 хол гарчихсан байдаг. Юу билээ? одоо бушуухан гэр бүл төлөвлөлтөө эхлэх минь гээд гэнэт ухаан ордог. Тэгээд яаран хүнтэй гэрлэнэ. Тэр нь өөрт нь тохирохгүй хүн байх явдал байна. Нөхөртэй нэг нь хүүхэд төрүүлэх гээд оролдоно. Хүссэнээр нь жирэмслэхгүй, эмчид хандана, өндгөн эсүүд чинь гадагшлах нь багасаад, чи жирэмсэлж чадахгүй байна, нас чинь оройтоод гэх мэтээр хэлэхээр шоконд орно. Тийм зүйл байдаг юм уу? Мэдээгүй шүү дээ? Хэн нэг нь энэ талаар урд нь хэлж зааж өгч байсан бол гэж өөрийн мэдлэг мэдээлэлгүй байсандаа харамсдаг.
Хэрэв дээрх зүйлүүдийн талаар мэддэг байсан бол гэр бүл төлөвлөлт, ажил эрхлэлт зохицуулж чадахаар байсан. Хэн нэгэн заагаагүй бол өөрсдөө өөрийнхөө биеийн талаар сонирхон уншиг, судлах, асуух гээд тодорхой хэмжээний мэдлэгтэй байцгаая.

Гэж өнөөх номонд бичсэн байна.
Үргэлжилнэ.

Сая ажлаар явахдаа олж мэдсэнээ би бас хэлэх үү.
Нэгэн эмч хэлсэн:
Хэрэв нэгэнт хэзээ нэгэн цагт төрнө гэж бодож байвал эртхэн төрөөд авсан нь дээр. Мэдээж эрт гээд арван хэдэн насандаа хүүхэд гаргана гэсэн үг биш. Хүүхэд төрүүлэх тохиромжтой насандаа л гаргах хэрэгтэй. Хэт оройтох нь жирэмслэхгүй байх тохиолдол гарна. Мөн хүүхэд нь дауны хам шинжтэй төрөх тохиолдол байна. Энэ бүхэнд эх болохыг хүсч буй бүсгүй хүн л сэтгэл санааны, эрүүл мэндийн, мөнгө төгрөгний ихээхэн гарз хохирол амсана.
35 наснаас хожуу төрөлт. Урагт янз бүрийн эмгэг илрэх магадлал өндөрсөнө.

Жич: Энэ номоо уншиж дуусахаараа том зузлагатаа уншуулах бодолтой байгаа. Дунд нь секс энэ тэр гэдэг үг гардаг ч одоо яая гэхэв. Хэдий болтол нууж явахав. Хэ хэ
Ном гэдэг сайхан багшаас мэдэж авч л байг. Харин ээжээс асуугаад ирэхээр нь юу гэж хариулдаг юм билээ. Энэ л асуудалтай...

Thursday, March 13, 2014

Битгий ай

бүсгүйчүүд минь.
За энэ ном бол охид, бүсгүйчүүдэд зориулсан ном. Гэхдээ эрчүүд ч гэсэн уншихад илүүдэхгүй, ялангуяа монгол, японы эрчүүд. Учир нь эмэгтэй хүн бол хүүхэд гаргах, өсгөх, гэрийн ажил хийх л үүрэгтэй гэж үздэг, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага улс учраас.
Зохиогч нь Осаки Асако. "Охидын аз жаргалын тухай үзэл" .
Сэтгэлд хоногшсон зүйлээс нь та хэддээ бас хүргэх санаатай.
Зохиогч  Нью-Йорк хотын Columbia их сургуулийн магистарт байхдаа жирэмсэн болсноо мэднэ. Япон хүнийхээ сэтгэхүйгээр чөлөө авдаг юм бил үү гээд багшдаа хэлнэ. Багш нь урдаас нь гайхна. 23 настай байна жирэмсэн болсноо мэдэхэд. Багш нь хүүхдээ ч төрүүлээд, сурахаа ч үргэлжлүүлээд, хоёуланг нь хослуулаад явбал яасын? Тийм хүмүүс зөндөө л байдаг шдээ гэнэ. Харин сурах сэдвээ л жаахан өөрчилсөн гэсэн.
Тэр нь олон улсын хүний эрхийн чиглэл.
Гэх мэт явсаар UNDP-н "хүний хөгжил" тэр дундаа жендерийн багт орж ажиллах болно.
Дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэй болж төрснөөрөө янз бүрийн хүчирхийлэл, ялгаварлал, зовлон зүдгүүр зэрэгт учирч байгаа охид бүсгүйчүүдийн тухай олж мэднэ, сэтгэл нь эмзэглэнэ.
Хамгийн гоё санагдсан зүйл нь НҮБ-д 2 нас хүртэлх ойтой хүүхдээ дагуулаад томилолтоор явах тохиолдолд онгоцны зардал, бас тодорхой хэмжээний өдрийн мөнгө олгогддог гэнэ. Тэр системийг ашиглаад төрснөөсөө хойш 6 сарын дараагаар ажилдаа орж, томилолтоор явахдаа охиноо дагуулаад явдаг байсан гэнэ. Харин тухайн томилолтын улсад очоод хүүхэд асрагчаа өөрөө хайж олдог гэнэ. Ээжийгээ дагуулаад явдаг байсан гэнэ.

Аятайхан байна уу?  Хэ хэ. Мэдээж ингэж явахад хэцүү ч ажлаа, сургуулиа алдахаас айгаад хүүхэд төрүүлэхээ хойшлуулаад байгаа, гэрлэхээ хойшлуулаад байгаа бүсгүйчүүддээ дэлхийд бидний боддогоос арай өөр өнцгөөс хардаг улс байдаг юм байна гэж бодоод л би нь уншиж дуусаагүй байж л бушуухан шиг блогтоо оруулаад байгаа нь энэ.

Өөр гоё санагдсан зүйлээ оруулнаа, үргэлжлэл байгаа...

Monday, March 10, 2014

Маргааш

өнөө айхтар цүнамигийн 3 жилийн ой.
Бага зулзагын минь төрсөн өдөр үүнээс хэдхэн өдрийн дараа. Энд мэдээллийн хэрэгслээр гамшгийн талаар дурсаж бичээд л. Одоо хүртэл олдоогүй хүмүүсийн ар гэрийнхний тухай гарахаар өөрийн эрхгүй сэтгэл сонин болж байгаам.
Тухайн үедээ харьж ир гээд санаа тавьсан ээж аав, дүү нар, хамаатан садныгаа сүртэй шд гэж бодож байснаа нуух юун. Эргээд бодох нээ, хэрэв тэр айхтар цүнами миний амьдарч буй хотод тохиолдсон бол? Хэрэв, хэрэв гээд л зөндөө олон хэрвээ гэж бодохоор аймшигтай.
Дөнгөж сая, цүнамид багш сурагч нийлээд 80 хэдэн хүн үрэгдсэн бага сургуулийн эцэг эхчүүд хотын захиргаандаа гомдолтой гэдгээ шүүхэд мэдэгдэж хохирлыг барагдуулахыг шаардаж буй тухай мэдээ үзээд, хэцүү ч юм даа гэж бодов. Хэнийх нь зөв бурууг хэлж мэдэхгүй ч, шүүхэд хандаж буй эцэг эхийн холбоо нь сургуулийн удирдлага хоргодох шийдвэрийг буруу? оройтож? гаргасан гэж үзэж буй бололтой юм.
Гэх мэт олон шийдэгдээгүй асуудал байна энд. Өнгөц харахад сэргээн байгуулалт өрнөөд, ямар ч асуудалгүй мэт харагдаж болох ч...
Ямартай ч цүнамид өртсөн олон олон иргэдэд, тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна аа.

Monday, March 03, 2014

Даргын ажил үргэлжлэлийн үргэжлэл

Өнгөрдөг бүтэн сайнд энэ жилийн сүүлчийн арга хэмжээ болоод. Яагаад энэ жилийн сүүлийнх вэ гэхээр энд 4 сараар ажил сургуулийн шинэ жил эхэлдэг юм. 4 сараас анги дэвшинэ, ажилд орно, солигдоно, холигдоно гээд.
Шинээр 1 дүгээр ангид орох "жаал"-уудаа угтах, 6-р ангийн "архаг"-уудаа үдэх зорилготойгоор боулинг тоглодог юм. Мэдээж наана нь хэд хэдэн удаа хуралдана. Утсаар ярилцана. Бэлтгэл ажилд нь оролцоогүй, учир нь дарга учраас. Дарга хүн чинь тэгж жижиг сажиг ажилд оролцож жижгэрэхгүй шүү. Хэ хэ. За за тоглосон юм. Эзгүй байсан тул, үнэнээ хэлээд бэлэг сэлтээ надгүйгээр бэлдээрэй гэж эвтэйхэн хүссэн гэж байгаа. Энд чинь дарга нар ажлын хувцастай л хог шороогоо шүүрдээд л, ажилчидтайгаа адил ажил хийгээд явж байдаг юм.
Гадаах цэцэрлэгт цуглаад, өглөө сургуульд явдаг бүлгээрээ жагсаж зогсоод, нэг цуваа болж алхаж явав. Би нь хамгийн урд, ганц нэг цэргүүд дунд нь, ард нь гээд явна. Ойрхон тул алхаж явсан. Түрүүлж очоод бэлдээд сууж байх цэргүүд бас байна. Бэлэг, ундаа, амттанаа зөөж авчрах цэрэг гэж байна. Ажлаа их хөөрхөн өөрсдийн боломжоороо хүлээгээд авчих юм өө. Тэг ингэ гэж хэлүүлэхгүй, өөрсдийн завтай цаг нараа харж байгаад л "би энийг хариуцлаа, би тэгвэл үүнийг хариуцъя" гээд
Ахлах бага ангиар нь хувааж баг болгоод тоглосон. Явцын дунд хүүхэд бүрт ундаа, амттан, талх өгсөн. Нас насаар нь байр эзлүүлж дурсгалын зүйл гардуулсан. Оролцсон бүх хүүхдүүдэд номын дэлгүүрээс дуртай ном оо авах карт өгдөг уламжлалтай. 6-р ангийнханд төгсөж байгаа гэдэг утгаар нь 2000 иенийн, бусад хүүхдүүдэд 500 иенийн карт өгнө.
Шагнал гардуулаад дууссаны дараа төгсөж буй сурагчид үг хэлнэ. "6 жилийн турш тусалж дэмжиж байсанд баярлалаа, шинээр 6-р анги болох ах эгч нарынхаа үгэнд сайн орж байгаарай" гэсэн агуулгатай үг хэлж байна лээ. Ирэх 4 сараас 6-р анги болох сурагчид бас үг хэлнэ. "6 жилийн турш биднийг харж хандаж байсан ах эгч нартаа баярлалаа, 6-р ангийн ахлах сурагч болоод бага ангийнхаа дүү нарыг харж хандах болно оо" гэсэн.
Оролцоогүй хүүхдүүдийн ундаа зэргийг гэрт нь хүргэж өгдөг юм билээ.
Өө тийм, шинээр сургуульд элсэж буй жаалуудын бэлэгний уутанд дэвтар харагдана лээ.

Ингээд даргын ажил дуусах шатандаа. 16-нд БҮГД ХУРАЛ-тай. Юу болдог тухай нь бичнэ ээ.

Thursday, February 27, 2014

Аниа гэж

Хань ижлээс мессеж ирэв ээ. Охидынхоо ээжийн эзгүйд хэрхэн тоглож байгааг, хэрхэн аашилж байгааг, ээжийгээ хэрхэн санагалзаж байгааг гээд тайлагнана.
Аниа нь дүүдээ үсэг зааж өгч байна гэнэ дээ. Дөнгөж 2хон настай дүүдээ шүү. Хэ хэ.
Ингэж томоор зураад, зааж хэлүүлсэн юм байх. Өнөөх нь тухайн үедээ дагаж хэлж байсан ч, одоогоор тогтоогоогүй л дээ мэдээж. 2 өдөр л ингэж багш шавь болцгоогоод, сүүлийн өдрүүдэд дүү нь энэ цаасаа гаргаж ирэхгүй байна гэнэ дээ. Бодвол аниа ширүүн багш байсан биз. Тэгээд ээж харьж ирсэн бүгд хуучин хэвэндээ орцгоосон. Ккк
Би бас багадаа дүү нартаа ингэж үсэг заагаад, өнөөдүүл нь тогтоохгүй болохоор уур хүрч байснаа санадаг юм. Аниа нар гэж бас дүрдээ их итгэлтэй улс байдаг юм байна шд.
Ингээд босоогоор орчихлоо.

Би тэвчихгүй

Олон л ийм тэвчихээргүй зүйл байх юм даа гэж. Үглээд, дуулаад байгаа хүмүүсийн нэг шүү дээ. Бидний өмнөөс.

Амарч байна

4 зүг 8 зовхист минь япон хэлээр эргэлдээд байхаар хааяа ингэж эх хэлээрээ дуу сонсох зүгээр шүү. Мэдээ сонсохоор жаахан нервтэх гээд байдаг болохоос хэхэ.

Дуу оруулна аа

Дуу хөгжимнөөс ч бүр холдож гүйцэх нь. Сонсоё доо энэ чинь...
Ойрд монголд хит болоод байгаа юмдаг уу даа.

Нээрээ

Их ажлын үеэр олимп болоод, би олигтой үзэж чадаагүй шд. Өглөө босоод л хальт мэдээ сонсдог гэж байгаа. Дэмжиж байсан тамирчид маань жаахан амжилт муутай байсөөн. Одоо яахав, дандаа амжилттай байна гэж юу байхав.
Тэгсэн нэг япон хүн " бид чинь цаанаасаа бие бялдрын хувьд арал муутай шд, нөр их хөдөлмөр зарж байж л ийм амжилтанд хүрч байгаам" гэсэн. Ёвропчуудыг хар, ямар их медаль авбаа, яг ямар ямар улс байлаа даа, санадаггүй ээ. Бүр нэг улсын 3 тамирчин эхний гурван байрт шалгараад ч байх шиг.
Хань ижил нээлтийн ажиллагааны үеэр төрийнхаа далбааг хараад, сэтгэл хөдлөөд гэсэн. Эзэлсэн байрыг нь сүүлд надад хэлж байсан. Жаахан дэмжээд, дээрээс нь өөрсдөө хөдөлмөрбөл манайхан ч үзүүлээд өгөх байх аа тэ.
Их сонин сонин спорт бас байна л гэнэ шүү. Тэр нэг шал зүлгээд л байдаг спорт байна хэхэ. Шал ч биш л дээ, хөөрхийс. Мөс биз дээ тэр одоо.

Монголоос дээр үед захиж байсан ном минь ирсэн, уншина даа зав гарахаараа. Зургийг нь оруулна аа эндээ.

Галзуу

хүний өдрийн тэмдэглэл хөтөллөө хэд хоног. Хэ хэ
Мэргэжлийн үг гэж нээрээ хэл ам сугалсан, орооцолдуулсан эд шүү. Монгол нь өөрөө наддаа гадаад хэл болчихоод байгаам чинь. Ядаж байхад хажуугаар нь орос үг хэрэглэх юм аа, би орос хэл пагийг хэлэх үү. Гэснээс орос хэл дээр зурагт үзэлгүй 10 жил болж байна.
Хэд хоног яваад ирсэн, бага зулзага салахаа байлаа. Эрх нь дэндээд байна. Намайг харахаараа хүнээ байдаг гэнэ шүү. Эзгүйд бол хачин дуулгавартай, хоолоо өөрөө иддэг л гэнэ, хүнийг үг сонсдог л гэнэ. Би нь одоо яалтай билээ. Байнга гадуур дотуур явж байдаг юм уу хаашаа юм.
Гадуур явах ч уг нь сайхан шүү. Шинэ газар үзэж, шинэ хүмүүстэй танилцаад л.
Баахан цаастай л боллоо, бага багаар нь дахин уншаад, өөрийн болгоод явчих санаатай. Энэ удаад бүр яс хийнэ ээ, хадгалахгүйгээр хэхэ. Өөртөө бүр амлалаа. Та нар бас хааяадаа сануулж байгаарай, амлалтыг минь.

Манай монголчууд наашаа их ирдэг болж, төрөл бүрийн салбарын сургалт, хурал цуглаанд оролцохоор. Буцахдаа ачаа нь хэтрээд буцдаг болжээ. Би ч ганц нэг муу аргаасаа хэллээ. Гар тээшээ тэг ингэ гэж хэхэ.