Thursday, August 24, 2017

Монгол яваад ирсэн нь 6

За буудал доторх бас бус зүйлийнхээ зургаас оруулав.
Буудлын өглөөний хоол. Дажгүй санагдсан.
Талх амттай байсан. Би өглөөдөө нэг их мах идэх гээд байдаггүй л дээ. Япончууд маань амттайг нь гайхаад л идсэн.
Энэ бол нэгэн амралтын газар. Жижигхэн газар байсан ч үйлчилгээ нь дажгүй санагдсан. Би ч эвтэйхэн эелдэг харьцаж байгаад л үйлчлүүлсэн тул хаа хаанаа ааш сайтай байлаа. Хэ хэ. Сурагчид 2 дахь өдөр бүгд монгол айлд хоноцгоосон. Харин энд гурав гурваараа, хоёр хоёроороо хуваагдаж гэрт хонож үзсэн өдөр. Үүрээр жаахан даарсан гэсэн. Оройн хоол нь нэг иймэрхүү. Амттай байсан.
Томчуудын амтархан уусан шар айраг. Би бас хадмынхаа өгсөн айрагнаас амсуулсан. Пүү паа болоод уугаагүй, зүгээр л амссан. Хи хи
                                                     
Сүүлийн өдөр уусан Чингисхэн шар айраг минь. Олоон жилийн хойно дахин уухад сайхан байлаа. Цагийн сайханд монгол явах болгондоо шимдэг байлаа шүү дээ. Хар шар гэж шилж сонгож байгаад.
Сүүлийн өдөр жаахан давраад уусан улаахан вино минь. Үүнийг бас Бээжингийг онгоцонд уугаад амжсан гэж байгаа. Хэ хэ.

Дандаа л ууж идсэн болчлоо. Гэхдээ яахав гадны жуулчдад аль болох үндэснийхээ хоолыг идүүлэх гэж, харуулах гэж зорьсон.

Их дэлгүүрээр орсон. Хөл хөдөлгөөн ихтэй, бас үнэ нь жаахан ойлгожгүй. Бэлэг дурсгалын тасаг нь бараагаа бичүүлэх гэж бөөн ажил болох юм аа тэ. Нэг бичиг авч очоод мөнгөө тушааж бичүүлээд, тэгснээ буцаж очиж бараагаа авна энэ тэр гээд л.

1 давхрын хүнсээр орсон. Монгол бараа бүтээгдэхүүнээ олж авах гэж нэлээд хичээл зүтгэл гаргасан. Гадны хүнсний бүтээгдэхүүн арай л давамгайлаад байна уу даа. Сонин сонин чихэр, жигнэмэг их харагдсан. Худалдан авах хүсэл төрөөгүй л болохоос.

Юу олж авснаа дараагийн бичлэгт.

Үргэлжилнэ...

Wednesday, August 23, 2017

Монгол яваад ирсэн нь 5

Төрөлх хот минь хөл хөдөлгөөн ихтэй, хаа сайгүй барилгажилт. Ногоон байгууламж ховор дуу.
За энэ зочид буудлын цонхоор дарсан зураг. Гэсэр сүм. Өргөжсөн бололтой, дээхэн их л жаахан байсан шиг санаад байгаа юм.
Улаанбаатар дахь сүүлчийн өдрөө бид Шангрила-д өдрийн хоол идсэн. Тансаг л юм билээ. Би ч алжаалаа тайлж өтгөн кофегоо ууж, хэд хэдэн амттан идсэн.

Цуг явсан хүүхдүүд маань ч амтархан идэцгээсэн. Монгол дахь сүүлийн өдөр гэдэг утгаараа том жижиггүй л сайн идсэн. Хэ хэ
Биднийг талбай дээр очиход Хүндэт харуулын ёслолын арга хэмжээ болоод, сонирхцгоов. Ням гараг бүр болдог гэсэн шүү. Хэрэв зээ хэн нэгэн гадаадыг дагуулж яваа бол дагуулж очиход буруудахгүй л байх.

За энэ Шангрилагийн ойрхон шиг санаад байна. Хаана дарсан зураг вэ гэдгээ мартааский болсон байна. Хотоор олон газраар яваагүй тул тэгж таалаа.
Танктай хөшөө маань тэмээний хөшөөгөөр солигдсон юм байна шд. Хи хи. Мэдээгүй л явж. Нэг бол хаа нэгтээгээс уншаад л өнгөрсөн байх.

Яг хот тодорх хог гайгүй санагдсан. Хөдөө гадаа явж байх зам зуур, Багануурын зам дагуу нэлээд хогтой харагдсан.

Үргэлжилнэ...

Монгол явсан нь 4

Зайсан толгой танигдахгүй болсон байна лээ.
Хөөрхий жуулчдыг баясгаад, хүний эрхээр суух. Бид сонирхоод зураг татуулсан. Их хүнд юм билээ.

Өвс идэж ус ууж байгаа надад хүнд санагдсан. Гараа хөдөлгөхөөр далавчаа дэлгэдэг юм билээ. Хөөрхий минь намайгаа элэг нэгт юм байна гэж мэдсэн юм шиг далавчаа дэлгээд л, сүрлэг байсан.

Япон хүүхдүүд гайхаад л
-Таныг монгол гэж мэдээд байгаа юм уу?
-Би баярлалаа гэж монгол хэлээр хэлсэн дээ уг нь.
гээд л шаагилдаад байсан.

За тэгээд танигдахаа байсан Зайсангийнхаа тухай. Би чинь бага залуу үед орж байсан Зайсан шигээ л санаж ирсэн чинь яагаад ч юм сэтгэл жаахан гонсгор байсан.

Ядаж байхад тэр Зайсан луу ордог хаалга. Жаахан томхон автобус ороход хүндрэлтэй л санагдсан. Зүү орох ч зайгүй байшин барилга.

Монгол жолооч нарын ур чавдарыг л бахдлаа дөө. Тэр жаахан зайнд яаж ийгээд багтаад, эргэж мэргээд, ухарч мухраад. Мундаг мундаг.

Над шиг жолооч бол яагаад ч чадахгүй зүйл билээ.

Нас залуу байхдаа Зайсангийн орой дээрээс 3, 4 дүгээр хорооллоо заагаад, тэнд байр маань харагдаж байна гэж хэлдэг байсан бол одоо бараа нь харагдахаа байсан байна лээ.
Доор хормойд нь сүндэрлэдэг байсан бурхны? хөшөө бас их жижгэрсэн байна лээ. Жилээс жилд жижгэрдэг ижий минь гэдэг шиг л...

Энд тэнд ухсан нүх, дутуу орхисон барилга. Бүтээн байгуулалт ид явагдаж байгаа юм шүү, зарим нэг шинээр баригдсан барилгыг би сайн мэдэхгүй юм байна аа гэж үнэнээ хэлээд л жолоочоосоо асууна. Жолооч маань орон нутгаас орж ирж бидэнд үйлчилж байгуу тул хотыг сайн мэдэхгүй.
Төрөлх хотоо эгц өөдөөс нь тольдов.
Зүүн зүгийн зураг. Учир нь зүүн зүгт ижий аав минь амьдран суугаа.

Гэх мэтчилэн би өөрөө гадны жуулчин шиг л явж байгаад ирлээ. Монгол хэлэнд овоо гайгүй суралцаа юу даа гэмээр гадаад хүн. Хэ хэ.

Үргэлжилнэ...

Tuesday, August 22, 2017

Монгол яваад ирсэн нь 3

Албаны арга хэмжээ яахав дээ, тухайн нөхцөл байдалдаа таарсан, зарим нэг зүйл жаахан дурамжхандуу санагдсан.

Жишээ нь монгол япон хүүхдүүд хамтдаа монгол хоол хийх арга хэмжээтэй байсан юм. Бид хаа байсан холоос хормогч, толгойны алчуур гээд л барьж ирж байхад монгол тал нь байдаггүй ээ.

Таньдаг нэг хүүхдэд хэлсэн чинь
-Мэдээгүй шдээ, хэлээгүй.
-Өө, тийм үү? Их олон хоногийн өмнөөс л яригдсан арга хэмжээ юмсан.

Орон нутгийн сургууль тул орчин болон материаллаг баазын хангалт муутайг ойлгоод байгаа хэдий ч хариуцаж байгаа хүмүүс нь ганбанз, элдүүр гээд л гэрээсээ ч юм уу аваад ирж болно оо доо.

Сургуулийн гуанзны нэг жижигхээн ганбанз, элдүүрийг ашиглаж хоёр талын нийт 30-д хүн бууз, баншны гурил элдэж чимхэнэ гэдэг гурилдсан л юм болсон.

Япон тал нь
-Зуны амралтын үе таарч, харин ч өдий тооны сурагчид цуглуулж чадсанд нь талархаж байна.
гэсэн. Хэ хэ.

УИХ-н гишүүн Жавхлангийн хэлсэн шиг бид бас арай л гуйланч сэтгэхүй нь давамгайлаад байх юм аа тэ.

2 талын харилцаат арга хэмжээ гээд байгаа, япон тал нь бүх зүйлсээ өөрсдөө төлөөстэй. Бүр бүх зүйл ээ шүү.

Унааны бензен тос, манайд олон жил жолоо барьж байгаа, туршлагатай жолоочоо тавьж өгсөн гэсэн хэрнээ л жолоочийн хөлс, зочид буудлын төлбөр, хоол, нэг өдрийн айлд байрлах хоногийн мөнгө, сургууль дээрх арга хэмжээний зардал, бас бус жижиг зардал.

Тэгэхэд монголоос ирэхэд нь ирж очих онгоцны зардлаас бусад бүх зардлыг эд нар даадаг юм. Зарим тохиолдолд бүр ирж очих онгоцных нь зардлыг хүртэл даана гээч.

Аль арваад жилийн өмнө л ийм байсан, одоо хэр нь өөрчлөгдөөгүй.

За ингээд шүүмжлэх зүйл их л байна.

Гол нь Аливаа зүйлд бас өгөөтэй аваатай хандвал тэ. Зөвхөн нэг тал нь даагаад байвал хэцүүеэ. Олоон жил шүү тэгээд бас.

Үргэлжилнэ...

Monday, August 21, 2017

Монгол явсан нь 2

Эх орныхоо хөрсөн дээр буугаад сайхан байсаан.

Гурван онгоц ойрхон буугаад, хүний тоо гэж их. Бөөн дугаар, чимээ шуугиан, шаагисан улс.

Анх нисэж байсныг бодвол Чингис хаан онгоцны буудал их л өнгө үзэмж нэмээд байгаа хэдий ч тааз нь их доор, ямар нэгэн юм дээрээс дараад байгаа юм шиг л санагдаад байсан.

Энэ дүүжин тааз гэдэг чинь бас хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг байх аа тэ.

Их удаж гарсан, бид.

Тосож авсан албаны хүмүүс, унаа, хотын өнгө төрх гээд л япон хүүхдүүдэд цоо шинэ ертөнц, хоёр тийшээ хараад л нүд нь сортолзоод л явсан.

Хүннү малл-н газрыг мэдэж авав. Хэ хэ. Аан энд байдаг юм уу? гэж.

Зочид буудалдаа хүрэв. Өрөөнийхөө дугаарыг авав. Ачаагаа өгөв. Буудлын ресторанд орцгоов. Нэлээд орой болсон байсан тул зочид буудал дотроо идэхээр шийдсэн хэрэг.

Монгол хоол иднэ гээд хэд хэдэн хоол захиалав. Поорц ихтэй, бүгд л нүд нь орой дээрээ гарцгаагаад л. Бие биедээ өгч авалцаж хуваагаад, хүүхдүүд болсон хойно хөгжилтэй гэж юүхэв.
Брокколи ногооны шөл. Олон төрлийн л шөл байсан. Нэг хүн нэгийг захиалаад, ирсэн аягаа харж гайхаж баяссан улс байлаа бид хэд.

Томчууд саадгүй сайн явж ирснээ тэмдэглэж монгол шар айраг шимцгээв. Сурагчид томчууд биднийг цаашлуулаад
-Сурагчдынхаа дэргэд согтууруулах ундаа хэрэглэж болж байгаа юм уу?
-Энэ чинь Монгол оо...
Хуушуур ихэд таалагдсан. Уг нь 5 ширхэг байсан юм. Тэсэхгүй идчихсэн нэгнийгээ баахан шоолж инээсэн бид. Зураг авахын хооронд тэсэхгүй идээд, таваг хоосрууллаа гэж.
Нэрийг нь санахгүй байгаа ч бага зэрэг халуун ногоотой, таалагдсан.

Монгол явсан тухай бичлэг минь үргэлжлэнэ ээ...

Wednesday, August 16, 2017

Монгол явсан нь

Ажлаар яваад ирсэн гэсэн дээ.

Зугаатай, сайхан яваад ирсэн гэсэн дээ.

Онгоц маань шууд нислэг болон Инчёноор дамжин нисэх нислэгийн билет олдоогүй тул Бээжингээр дамжсан.

Хүмүүсийн яриа, цахим ертөнц дээрх мэдээлэл зэрэг нөлөөлөөд нэлээд айдастай л байлаа. Цуг явсан япон залуу Бээжинд овоо хэдэн жил амьдарсан хүн таарч бас бус зөвлөгөө өгч байлаа.

Тэрний хүчинд дажгүй л яваад ирсэн. Онгоцон доторх хоол бол үнэндээ таалагдаагүй. Хүмүүсийн харилцааны соёл ч тийм таатай байгаагүй.

За тэгээд хятад хэл мэдэхгүй болохоор бас л эвгүй байсан шүү. Хэ хэ.
За энэ Осакагаас Бээжин орох онгоцонд ирсэн хоол.

Нэг монгол танил маань бас ингэж Бээжингийн онгоцоор дамжаад, хоолноос нь болж гүйлгэсэн гэсэн.

Хятад гэдэг нэрнээс нь л болоод байх шиг тэ. Жаахан сэжигч улс тэгэх байх аа. Би чинь тийм ч сэжигч хүн биш тул гайгүй байсөөн. Хэ хэ.
Зиак энэ Бээжингээс Монгол орох онгоцонд. Жаахан жул уу үгүй ву? Хэ хэ.

Цуг явсан япон хүүхдүүд талх нь хатуу л гэнэ, навч энэ тэр ногоогүй юм байна л гэнэ. Элдвээр хэлээд л, тэгсэн хэрнээ идэцгээсэн. Хи хи.
Е06 гэсэн нь Улаанбаатар ниснэ гэж байгаа юм. Аан ингэж бичдэг юм байна гэж дарсан зураг. Нэг ч гэсэн ханз таньдаг байхын тулд. Дараа дахин ингэж Бээжингээр явах ч юм билүү.

Нэг давуу тал нь 2 чемодан ачаанд өгч болдог юм билээ.Гэхдээ ачаа их алга болдог гэж сонсож байсан болохоор бас айдастай, гарч ирэхгүй алга болчихвол яана аа гээд л.

Ганц нэг япон хүүхдийг шалгаж байна гээд татаж чангааж, түлхсэн гэсэн.
-Ёох, зүрх амаар гарчих шахлаа.
-Тийм байгааз, ууртай хүмүү с юм аа.
гэцгээгээд л байна лээ хоорондоо.

Би ч дотроо монголд ч нэг их ялгаагүй дээ, яана даа гэж бодоостой.

Үргэлжилнэ...

Monday, August 14, 2017

Үүдэн шүд

Бага зулзага гэж онгойсон хүн л гүйгээд байна. 7 сард үүдэн дээд шүднийх нь нэг нь унасан юм.

2 дахь нь намайг монголд ажлаар явж байхад унаж, онгойсон зургаа өгч явуулсан байв.

Ирээд хэд хонож байсан чинь доод соёоных нь нэг унав. Нийтдээ 3 шүд нь уначихаад л байж байна. Одоогоор нийт 5 сүүн шүд унаж хоёр нь ургасан байна. Түрүү жил бөс өдийд ийм бичлэг оруулж байж.

Одоогоор ямар ч нохой энэ тэрд өгөөгүй хадгалж байгаа, охидынхоо шүдийг.

За энэ нэг дор гурван шүд унасан байгаа өөрийнхөө дүр зургийг зурж, зуны даалгавартаа тэмдэглэн үлдээх юм гэсэн.

Зуны даалгаварт зурагт өдрийн тэмдэглэл хөтөл гэж байдаг юм байна. Том зулзага бас хийж л байсан байх, мартааский болсон байна. 3 хуудас тусгай цаас байна, тэрнийхээ нэгт нь энэ шүднийхээ тухай бичнэ гэсэн. Зураг зурж байгаад л.

Нээрээ шүдээ угаахад хэцүү байх шиг байгаа юм. Гэснээс айлын хүүхдүүдтэй харьцуулахад мундаг шүдээ угаадаг юм билээ. Ганц хоёр хэлээд л өөрөө угаана, дараа нь шалгуулна. Таньдаг айлуудын ээжүүдийн ярьж байгааг сонсоход бас л хэцүү. Бөөн хэрүүл, уйлаан майлаан болдог гэнэ.

Бас жимс энэ тэр хазах гэхээр нээх хөөрхөөн. Хичээж ирээд л шүдтэй хэсгээрээ хазна. Харахаар л хайр хүрээд байгаа.

-Ээж ээ, миний шүдийг яах вэ?
-Монгол явахаараа өөхөнд ороогоод нохойд өгнө.
-Нохой идэх үү? Ийм хатуу шүдийг.
-Монгол нохой идчихнэ өө.
-Мундаг юм аа.
-Монгол хүмүүс ч мундаг шдээ, хатуу ааруул иддэг, миний зулзага ааруулаа сайн идэж байна шүү.
-За.

Хаа очиж зулзагууд минь хатуу, гашуун аарууланд дуртай. Чихэртэй аарууланд дургүй. Хойшид ч ааруул захиж авчруулж байх юм шүү. Ааруул өгдөг эмээ өвөө, ах эгч, дүү нар минь баярлалаа.

Wednesday, August 09, 2017

Ажил намайг голно

Япон доторх явсан ажил минь яахав, 100 хувь биш гэж би өөрийгөө үнэлсэн. Сурах зүйл их байна, гол нь өөрийгөө л дайчлах. Гэм нь элдэв шалтгаан тоочоод, өөрийгөө дайчилж чадахгүй л байгаа болохоос.

Япон тал нь их сэтгэл гаргах юм. Монголчууд нь нэг тийм жаахан тархай бутархай, хүүхнүүд нь дэлгүүр хоршоо эргүүлсэн л улс байна даа гэж. Хэ хэ.

Буруутгах бас аргагүй л дээ. Би оронд нь байсан бол бас л дэлгүүр хэсч өгөх байх.

Бид бас их бэлэнчлэх сэтгэлтэй улс нь их мэдэгдэх юм дөө, хуулбарлачих гээд л үзээд байна. Тийм юм байвал өгөөрэй, гээд л алгаа их тосох юм.

Алгаа тосох асуудал бол их л эртнийх л дээ.

Нүүр номоор УИХ-н гишүүн Жавхлангийн алгаа тоссон гуйлгачин сэтгэхүйгээсээ сал гэж хэлсэн нь яваад байсан даа, үнэн шүү тэ.

Жаахан л сэтгэлгээгээ өөрчилчихвөл л болох гээд байгаа юм шиг санагддаг юм. Материаллаг сэтгэлгээгээ толгойноосоо аваад хаячихвал тэ.

Бас харилцааны тал дээрээ анхаармаар зүйлс байх юм дөө.

Орчуулга хийж буй монгол хүнтэйгээ нэг өөр харьцах, япон хүнтэй нэг өөр харьцах хандлагатай.

Оюутан залууст бол бүр ч дээрэнгүй байрын хандаж байна.

За энэ хүмүүсийн хүмүүст хандах хандлага албан тушаал, нас хүйс зэргээсээ хамаараад бас өөр өөр байх жишээтэй.

Загнаад загнаад явчихдаг ааштай хүн байх юм. Сайхан инээмсэглэж байгаад л ажлаа амжуулуулдаг хүн ч байна. Сайхан инээмсэглээд харьцахаар өөрийн эрхгүй л тус болчих юмсан гээд хөөрчих юм би ч.

Загнасан хүнээс цаанаа л цэрвээд, дахин загнуулахаасаа айгаад л дөлөөд гүйв. Хэ хэ.

Гэхдээ үе үе ингээд загнуулчихаар хор шар хөдлөөд хэсэгтээ хичээх юм шүү гэж бодогдоод зүгээр л дээ. Хүнээс үг дуулж чаддаг гэж өөрийгөө боддогийн хувьд өөдрөгөөр хүлээж авна аа гэж.

За та нар минь ч бас үе үе загнуулж байгаарай, амжилт хүсье.

Олоон жилийн дараах томилолт

Хамгийн сүүлд нэг их том паянтайгаар эх орондоо томилолтоор явж байсныг байнгын уншигчид бол санаж байгаа дөө. Хэ хэ.

Нэг их зарлаад байхааргүй паян тул ингэсгээд орхино. Өөрсдөө эрийнхээ сайнаар олж уншвал уншина биз? Хи хи.

Ийм л учир шалтгааны улмаас блогоо бичихгүй яваад байсан байх нь.

Хэдийгээр ажлаар явсан ч сайхан байсан. Мэдээжийн хэрэг.

Энэ томилолтноос өмнө их л олон ажил амжуулж явлаа. Гэрээсээ гараад 6 өдөр, эх орондоо ердөө 4хөн хонолоо. Уулзмаар учирмаар байдаг хүмүүс минь ихдээд, зарим нэгэнд нь хэлээгүй ирчихсээн.

Энэ бичлэгийг уншаад, намайгаа бариад авах байх даа. Хэ хэ.

Гэхдээ яахав, эрүүл саруул байхад нэг нартай сайхан өдөр уулзах байх аа. Тийм үү?

За тэгээд явсан сонин сайхнаасаа бага багаар хуваалцана аа, зураг хөрөг оруулаад.

Харьж ирээд долоо хонож байна аа. Цөөхөн хоносон болохоор, нэг л газартаа бууж ирдэггүй хэд хонов. Хи хи.

Эх орноосоо эрч хүч аваад ээж аавдаа үнсүүлээд ирсэн хүн чинь ажлыг бол гялалзуулж өгч байна дөө.

Та нартаа ч амжилт, өөртөө ч амжилт.

Monday, August 07, 2017

Бэлэг

Энд тэнд явахад бэлэг сонгож авна гэдэг том ажил шүү тэ. Ялангуяа энэ японд.

Муж болгон нь өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнтэй. Тэр нь ч гоё сайхан амттай гээд л шуугичихна.

Ажлаар ийш тийшээ явахдаа ажлынхандаа, хөрш ганц нэг эмээдээ, хань ижлийнхээ ажлынханд гэж бэлэг авдаг юм.

Ажлынхан бол ойлгомжтой, би чинь тэдэнд төвөг удаж, чөлөө авч явдаг учир, бэлэггүй харьвал алдас болно.

Хөрш эмээ нар хааяадаа бага зулзагыг минь харж хандана, хааяадаа хоол цайн зөөнө. Тэгэхээр бас хоосон ирж болохгүй. Алдас болно.

Хань ижлийн ажлын газарт бас л төвөг удаж байгаа юм. Учир нь хань ижил нормт ажлаа намайг эзгүйд дуусгаж амжилгүй гэр өөдөө яарах нь их тул, ажлынхандаа бас л төвөг удаж байна гэсэн үг. Тийм болохоор бас л хоосон очиж болохгүй, алдас болно. Хэ хэ.

За баахан төвөг удах, алдас болох гэсэн үгтэй бичлэг үү?

Угаасаа япон менежментийн нэг үзэгдэл л дээ. Хойшид япончуудтай ажиллах хүсэлтэй, эсвэл ирээд удаагүй байгаа зэрэг хүмүүст хэрэг болж магад шүү. Толгойнхоо нэг хэсэгт тогтоогоод авна биз.
За үүнийг Токиогоос ирсэн охин өгсөн юм. Би өөрөө дуртай юм болохоороо нэхэж байгаад авчихсан. Хэ хэ.
Дотроо ийм жигнэмэг. Монголд иддэг байсан ямар нэгэн жигнэмэгтэй амт нь төстэй санагдаад л дуртай байх.

Заримдаа бэлэгээ шулуухан захиад хэлчих нь амар байдаг тээ. Цаад хүн маань ч юу авах вэ гэж хайж цагаа үрэхгүй. Хи хи.

Бусад бэлэгнийхээ зургийг авахаа мартаад эздэд нь өгчихөж ээ.

Аливаа асуудал нээрээ бэлэг өгч авалцах дээр л тогтоод байх шиг тэ. Би ч ойрын хэд хоног тувт бэлэг солилцож байна. Хэ хэ.

Бэлгээ эхнээс нь танилцуулж бичнэ ээ. Хи хи.

Sunday, August 06, 2017

Эхимэ муж

За үүнийг бичих гэж зураг оруулаад орхисон байхаар нь хальт үргэлжлүүлээд бичлээ. Ажлаар яваад ирсэн. Сайхан газар байна лээ. Шикокү бүсийн томоохон мужид ордог юм билээ. Мартахгүйн тулд товчхон л бичлэг боллоо. Гүүглээс нэрийг нь бичээд хайхаар гараад ирнэ дээ.
Гэснээс Эхимэ муж нь мандарин тариалалтаараа алдартай. Би бэлгэнд мандаринтай боов авчирсан. Мандарины жүүс гээд л зардаг юм билээ.
Хөгтэй дурсамж бас үлдсэн. Хэ хэ. Бид нэг дэлгүүрийг зорьж зөндөө алхсан. Ёстой л залуу насныхаа ааг омгоор л хүрсэн дээ. Хи хи. Үе үе гэнэт их дурсаад л инээгээд л явж байна даа гэж.
Мацүяма ордон луу гардаг лифт.
Ордны орой дээрээс хотын дүр зураг нэг иймэрхүү. Бас л том газар байна аа, суугуул нутгийг минь бодвол гэж бодон зогслоо.
Шикокү бүийн хамгийн том худалдааны төв гэсэн. Үнэхээрийн л том юм билээ. Бид бүгдээр нь орж амжаагүй.

Мөн Японы хамгийн эртний? анхны? халуун рашаанд орсон юм байна. Доого гэдэг халуун рашаан. Гадаад дотоодын жуулчид ч олноороо очдог газар байна лээ.

Гэх мэтээр нөхөөд бичнэ ээ, бүгдэд нь амжилт шүү.

Хуушуур, цуйван

За энэ их ажиллагаа орсон хуушуур, цуйван шүү.
Яасан гэхээр?

-Монгол хоол хийж зарах гэсэн юм, ирж тусалж чадах уу?
-Хэзээ вэ? чадна чадна.

Би гэж хэнхэг хүн, ажил ихтэйгээ мэдэхгүй олон ажлын хажуугаар өөртөө ажил олж ирээд байдаг хүн шүү дээ. Хань ижил,
-... гэж байж, чам шиг ийм өөртөө ингэж ажил уддаг хүн байдаг аа?
гэсэн.
-Монголыг минь тоогоод гуйж байхад, үгүй ээ завгүй гэж хэлж зүрхлэхгүй л байна шүү дээ.

Тэгээд урд орой нь очиж цуйвангийхаа гурилыг зуурч, элдэж, тос түрхэж, жигнэж, хэрчиж тавьж хонов. Цурам ч хийгээгүй. Үүндээ хань ижлээ дайчлаад авсан гэж байгаа.

Гэрээс нэлээд зайтай нэгэн жижигхээн тосгоны баярт монгол хоол хийж зарах гэсэн арга хэмжээ. Тэр тосгоны тамгын газарт эх оронд минь Жайкагийн шугамаар ажиллаж амьдарч байсан нэг залуу гэр бүлээрээ нүүж ирээд ажилладаг юм билээ. Тэгээд л намайг хайж олоод, оролцоочээ гэж гуйсан нь тэр.

Гурилнаас бусад ногоо хэрчих, мах гэх мэт асуудлыг тэр залуу хариуцсан. Бас л шөнө нь унтаагүй гэсэн. Хэ хэ.

Гал тогоотой зууралдаад баярыг нь очиж үзэж амжаагүй, хоёр хоолыг хоёулхнаа хийнэ гэдэг барахгүй ажлын нэг билээ. Халууныг ч хэлэх үү? хөлсөө асгаад л хичээсээн хичээсэн.

Ганц нэг монголчуудаасаа асууж үзсэн л дээ. Завгүй, ажлаар монголд яваа гээд л надад олдоогүй хэрэг. Дэргэдэх хань ижлээ л чи л туслахгүй бол өөр хүн алга гэсээр л дагуулаад явсан нь тэр.

Ямартай ч улсынхаа нэрийг аятайхан аваад гарсан. Амттай байна гэж хэлсэн.

За энэ 7 сарын сүүлээр болсон арга хэмжээ. Дараагаар нь зөндөө ажил амжуулсан, бичээд явна аа.

Та нартаа амжилт хүсье.

Wednesday, August 02, 2017

Зуны амралт эхэллээ гэж

Охидын зуны амралт эхэлчихсэн шүү.

Эхлээд овоо хэд хоночихсон. Намайг энэ бичлэгээ оруулах гэсээр байтал амралт нь дуусах нь байна.

Би ч ойрд түмэн завгүй байгаад, бичлэг ч ойр ойрхон оруулж амжихгүй л гүйгээд байлаа. Одооноос хэсэг амсхийх байх, завандаа зөндөө зүйл бичнэ ээ.

Аниа нь энэ бүтэн сайнд үлээвэр хөгжмийн дугуйлангийнх нь тэмцээн болно. 2 жил дарааллан алт авсан улс энэ жил ч бас хичээхгүй бол гээд өдөр бүр давтаастай.

Дүү нь өглөө хар үүрээр гадаад цэцэрлэгт гарч гимнастик хийнэ. Радиогоор заадаг юм. Бага сургуулийн зуны амралтаар, улсын нийт хэмжээнд.

Хүүхдүүдийг амралт эхэлсэн гээд үд болтол унтаж үхрийн дуунаар сэрээхгүй, аль болх үр өгөөжтэй, зөв хэмнэлттэйгээр өнгөрөөгөөсэй гэдэг үүднээс явуулдаг гэсэн.

Бас их зүгээр л юм билээ. Нэгэнт сэрчихсэн хүүхэд эргэж унтдаггүй юм байна шд. Хэ хэ. Тэр чигтээ гадаа тоглох, нэг бол гэртээ зурагт үзэх гээд нэг сэрсэн л бол сэрсэн.

Радиог нь эцэг эхүүд ээлжлэн дааж аваад, өглөө гарч асааж өгнө. Миний ээлж маргааш. Ашгүй намайг байхад таарлаа, сүүлийн үед миний эзгүйд хамаг юм дахвцаад хань ижил бажигадаад байсан юм.

Том зулзагын тэмцээн дуусахаар бид нэг амьсгаа авахтайгаа болох байх даа. Дунд сургууль дахь сүүлчийн тэмцээн тул бид очиж үзнэ. Бас нэлээд явж очдог газар. Эртхэн гараад л жирийнэ дээ.

Даалгавар гэдэг асуудал байна. Том зулзага ч яахав өөрөө тэгсгээд хийгээд байна. Бага зулзага маг хурдан хийчихээд байна. Өдрийнхөө даалгаврыг. Завтай байгаа дээрээ бусад өдрийнхөө даалгаврыг бас хийчих ээ үр минь гэхлээр ойлгож өгөхгүй, багш заавал өдөр бүр бага багаар хий гэсэн гээд байх юм. Хэ хэ.

Бас нэг том даваа нь өдрийн хоол юу идүүлэх вэ? Сургууль дээрээ үдийн хоол идчихдэг болохоор ингэж гэртээ өнждөг өдрүүдэд ээжээс асар их авъяас шаардах юм. Түрийвч ч овоо нимгэрэх юм. Хэ хэ.

За ээжүүддээ амжилт хүсье. Түрийвчээ хоосолчихолгүй, өөрөө бас хамаг авъяасаа шавхчихалгүй зуныг даваарай гээд. Хи хи.

Sunday, July 23, 2017

Шавь минь уу зэ

Ид халаад, шинэхэн ирсэн шавь минь хэцүүдэж байна.

Ямар халуун юм бэ? гэсээр л угтана шүү дээ.

Аргагүй аргагүй, эхний нэг хоёр жил хэцүүднэ. Туршлагатай хүний үг. Яваандаа дасаад, кондешнд даардаг болно, ханиад хүрдэг болно. Хэ хэ.

Хэл ус нь овоо зүгшрэх хандлагатай байгаа. Ичээд, санаа зовоод амнаасаа бага унагадаг байсан япон үг нь нэмэгдээд л байна. Ганц нэг багш нь өгүүлбэрээр ярьдаг болж байгаа гэж хэлсэн.

Урд нь яахав ганц нэгхэн цээжилсэн үгээ ганц ганцаар нь хэлээд байдаг байсан байх нь.

Бассейныхаа хичээлээр сэлж сурч байгаа гэсэн. Огт сэлж чаддаггүй байлаа шүү дээ.

Зуны амралт нь эхлээд, бид хоёр хэсэгтээ уулзаж амжихгүй. Гэхдээ наана нь яаж ийгээд ганц нэг уулзах байх өө.

Өөртөө болон шавьдаа халууныг амжилттай давахыг хүсье ээ.

Wednesday, July 19, 2017

Оройтсон наадам

Оройтсон ч наадмын мэнд ээ.
Энэ жилийн минь наадам жаахан оройтлоо. Ажлын өдөр ч таарсныг хэлэх үү? Юун хуушууртай манатай.

Харин сая хагас бүтэн сайны амралтыг тааруулж бид хөдөө уул яваад. Нэг дэх өдөр нь ч энд далайн өдөр гээд амралт таарсан тул наадмынхаа хуушуурыг хийж идэв.

Хөдөөнийхөө хэдийг бас баярын уур амьсгал оруулаад, сашими буюу түүхий загас магастай наадав. Хэ хэ.

Тэгж байгаад бас бус хүмүүстэй хуушаар хийж идэхээр тохирсон. Тэрнээс наана нэг газар хуушуур, цуйван хийж зарах гэдэг том ажилтай. Энэ талаараа дэлгэрэнгүй бичнэ ээ.

Түр баяртай. Бүгдэд нь халууныг амжилттай даван туулахыг хүсье. Ялангуяа японд байгаа хүмүүст. Айхтар халж байгаам шүү.

Monday, July 17, 2017

Өөрийн паян

Дандаа хүний паян бичдэг, хүний мууд дуртай золиг шүү би.

Энэ удаад өөрийнхөө паянг бичих үү. Инээдтэй, хүнд ч хэлэмгүй л золиг л доо. Гэхдээ яахав, хожим дурсаж суухад хөгжилтэй.
Энэ зураг дээрх гайхлыг авах гэж зогсож байгаад галт тэрэгнээсээ хоцорчихсон. Хэ хэ. Цагаа андуурсан байна лээ. 5-хан минутын хойно гэж андуураад, билетээ шалгуулсан чинь
-Хөдлөх гэж байна шдээ, хурдлаач.
-Болоогүй шдээ.
-Хурдал хурдал.

Гүйгээд гарсан чинь байхгүй ээ, дөнгөж сая хөдөллөө гэдэг юм даа.

Тэгээд л шууд дараагийн арга хэмжээнд орсон. Яаж хурдан харих? Яагаад хурдан харих хэрэгтэй байсан бэ гэхээр нэг мужик хятад найзтай юм. Тэрний маань ээж нь ирчихсэн овоо хэд хоночихсон. Нутаг буцахаасаа өмнө намайг дайлна гээд, бидний цаг боломж тэгж таараад, би галт тэрэгнээс буунгуутаа л тэднийд очихоор төлөвлөсөн байлаа.

Ийм хүндэтгэх шалтгаантай байсан тул одоо яана аа? хоцорчихлоо гэж паанигтаад, гуниглах цаг огтхон ч гараагүй, гаргаагүй гэх юм уу даа. Одоо бодоод байсан чинь бас л сүрхий түргэн шуурхай хөдөлж шүү гэж өөрийгөө үнэлээд байгаа. Ха ха.

Хань ижил шоолоод, хоцорчихоод бас өөрийгөө үнэлээд байдаг гээд. Дээрх гайхлаас болсон гэвэл бүр татаад унах байх даа.

Мэдээж яг товлосон цагтаа бол амжаагүй л дээ. Гэхдээ хамгийн хурдан хүрч болохоор цагт амжсан. Ингэхийн тулд хэд хэдэн дамжлага дамжсан.  Нэмэлт төлбөр төлсөн.

Сургамж: Хойшид дамжин өнгөрөх үедээ ямар ч дуртай зүйл минь байсан хараагүй юм шиг өнгөрөх. Цагаа яг таг сайн харж байх.

Олон дамжлаганыхаа сүүлийн галт тэргэнд явж байхдаа мэдээж өөрийнхөө мангарыг жаал гайхав. Хэ хэ. Гэхдээ нэг хүнээс нэг жижиг ном бэлгэнд авсан байсныгаа уншаад, сэтгэлээр уналт харьцангуй бага.

Дээрээс нь галт тэрэгнээс буунгуутаа л айлд уригдаад, сайхан амттай хоолоор дайлуулсан хүн чинь паянгаа мартах шахсан байна.

Гэснээс гэрийнхнээсээ айгаад дуртай гайхлыгаа ганцаараа бага багаар нь идэж дуусгасан. Хи хи

Saturday, July 15, 2017

Бага зулзагын паян

Багахан зулзага минь ээжийн эзгүйд жаахан паянтай.

Яасан гэхээр? Юм аа их мартаж байсан гэнэ. Тооныхоо хичээлийн нэг картыг олохгүй, надтай яриад л бөөн сүр болов. Би ч ээжийгээ санаад хэцүү байгаа байх гээд, тэр дор нь багш руу нь залгаад сүр болов.

Харилцах дэвтэрт нь бичиж, ээж нь утасдаж, олдохгүй бол ирэх долоо хоногоос очихоороо захиалъя гэж байсан карт нь олдсон.

Хаанаас гээч? Диван дээрх олбогны доороос. Ха ха.

Үүнээс гадна, байсгээд л нэг дэвтрээ мартана, нэг бол номоо мартана. Уг нь аав аниа хоёр нь шалгаад, хэлээд л байдаг гэсэн. Тэгсэн хэрнээ л мартааский.

Ээж гэдэг хүн гэртээ ямар их үүрэгтэйг сая л мэдлээ гэхгүй юу? Манайхан ч мэдэрэхийн дээдээр мэдэрсэн.

Урд нь цөөхөн хоногоор л явдаг байсан хүн энэ удаад хоёр долоо хоногоор алга болчихсон юм чинь аргагүй аргагүй. Хэ хэ.

Оройд манай хэд усандаа орох, эрт унтаж барих гээд л завгүй тул оройд залгаж төвдөлгүй, өглөө эрт залгадаг гэж байгаа. Нойрмог хүн л ээжийгээ санаад байна аа, хурдан уулзмаар байна аа л гэнэ.

Томхон зулзага бол тоож байгаа ч зүйл алга. Дунд нь аавдаа хэд загнуулж, ээждээ холоос утсаар нэг загнуулж авсан. Хэ хэ.

Эцэстээ бага зулзагын юмаа мартдаг нь ээжийн буруу болж таарсан. Ээж ажил ажил гэж гүйгээд, гэрээ мартсан Гэсэр болсон тул гэж айлдсан.

Алдаагаа хүлээн зөвшөөрч байна аа. Хи хи

Тун удахгүй долоо хоногоор шахуу бас явна шд, яадаг юм билээ?

Thursday, July 13, 2017

Байгалийн үзэсгэлэн

Энд тэнд явахадаа байгалийнх нь үзэсгэлэнг бас магтан сайшаахаа мартахгүй ээ. Мөн эх орноороо ингээд нэг сайхан аялах юмсан гэж бодогдоно. Гэхдээ хайртай хүмүүстэйгээ, ажлаар бол дэмий. Сэтгэл санаа тогтож өгдөггүй юм.
Токүшима мужийн Нарүто хот Хёого мужийн Аважи хотын заагт байдаг гүүрэн дээрээс авсан зураг.
Гүүрнээс буугаад онгоцоор явж байх үедээ дарсан зураг. Угтаа эргүүлгийг нь харах гэж байсан боловч дэргэдээсээ сайн харагддаггүй юм билээ. Номхон далай, Сэто дотоод? тэнгис хоёр уулзахаараа ингэж эргүүлэг үүсгэдэг гэсэн.
Хэсэг газар цайраад байна аа даа. Тэр чинь угтаа бол эргүүлэг. Зураг дарах гэхээр л хоцорчихоод байсан. Мэргэжлийн хүн л эгзгийг нь тааруулж дарах байх.

Мөн энэ эргүүлэг нь цаг нартай үзэгдэнэ. Цагийг нь тааруулж очихгүй бол харж чадахгүй.

Буянтай хүмүүсийн буянаар үзэх юмсан гэж бодож байсан газраа үзлээ. Энэ жилийн үзэх ёстой шинэ газрын минь нэг. Далай багшийнхаа сургаалийг биелүүлж байгаа юм л даа амьхандаа. Хэ хэ.

Ажил минь харин ид дундаа явж байсан үе. Үүнийг үзчихээд 2 хэсэгт хуваагдаад, би өөр муж руу хүмүүсээ аваад явсан даа.

Очсон газрынхаа сонинг дараагийн бичлэгт.

Wednesday, July 12, 2017

Амттанд нугасгүй ээ гэж

Явсан газрынхаа амттангаас бас сонирхоод амжиж байна өө өнөөх чинь.
Энэ Starbucks coffee гайхлын амттан. Цаг их орой байсан тул коофий уусангүй. Хаах цаг нь болчихоод, хөөгдөж гараад, буудалдаа ирж үргэлжлүүлсэн гэж байгаа, буу халалтаа. Маргаашийн ажил хальт толгойд бодогдоостой. Хи хи
За энэ  бол Эхимэ гэдэг мужийн томоохон худалдааны төвд. Шикокү гэдэг бүсдээ хамгийн томд ордог гэсэн. Нээрээ л их том юм билээ. Дан хүүхнүүд явж байсныг хэлэх үү,  нэг иймэрхүү амттангаар өөрсдийгөө дайлж аваад, тал тал тийшээ бутраад алга болсон.

Би ганц нэг хүүхнүүдийг нь бараадаад явж байснаа тэд нарыгаа ч алдаад, бага зулзагатаа бэлэг болгож хоёр гага л авах шив дээ. Ажлын нэг хэсэг болохоор юун худалдаа мудалдаа. Бас л маргаашийнхаа ажлыг бодон бодон явав.
Энэ дээрх амттаныг идэхээр суухад ширээн дээр байсан элсэн чихэр. Савлагаа нь хөөрхөн санагдаад зургийг нь дарсан. Түүнээс би элсэн чихэр иддэггүй юм. Идэхээ болиод удаж байна өө. Харин хоолонд, элдэв амттанд хольчихсоныг бол идчихэж байна гэсэн үг.

Аминдаа элсэн чихэрний орцгүй зүйлийг л худалдаж авах сонирхолтой ч, тиймэрхүү зүйл ер нь л ховор шүү.

Толгойгоо хааяа ингэж цэнэглэхэд яахав даа тэ. Хи хи. Бүгдэд нь амжилт хүсье.

Санажээ блог оо

Их идэвхитэй бичдэг хүн алга болсонд гайхав уу та хэд минь.

Нэгэн ажлаар өөр мужид явж байгаад ирлээ. Их ч юм үзлээ, их ч зүйл сурлаа. Өөрийгөө ч голдгоороо голлоо. Хойшид хичээнэ ээ гэж боддогоороо л бодлоо. Хэ хэ.

Явсан газрынхаа ганц нэг сонин сайхангаас дуулган зураг оруулж байна.
За энэ Токүшима мужийн буюу аймгийн Бизан гэдэг ууланд байдаг хайрын баталгааг илэрхийлсэн самбар. Хосууд ирж хайр сэтгэлээ бат бөх байгаасай гэж ингэж түгжээ зүүнэ. Монголоор бичсэн байгаа биз?

Учир нь одоо бяраараа ид гайхуулж буй Хакүхо аваргын гэргий нь энэ нутгийн хүн бөлгөө. 69 дэх аварга Хакүхо Шёо-Саёко гэж бичээстэй. Мөн цоож нь ч хадаастай байдаг юм билээ.
Уулын орой дээрээс нэг хотын өнгө төрх нэг иймэрхүү. Суугуул нутгийнхаа гэрээ санасан шигээ л алсын бараа ширтэж зогсов.

Энэ ууланд хоёр дахиа гарч байна. Урд нь найзындаа зочилж ирэхдээ нэг гараад бас л иймэрхүү зураг хөрөг оруулж байсан байх.
Найзууддаа эрхэлж дайлуулсан нутгийн хоол. Манайхны хэлдгээр рамён. Эндхийн хэллэгээр раамэн. Хажууд нь шарсан будаа, шарсан банш.
Ээжийг ажилтай гадуур гүйж байхад хөршийн хэдэн эмээ нар манай хэдийг эргэж тойрч, нэг эмээ нь карэ буюу карри өгсөн байсан. Гэрийнхний минь цагийг их л хэмнэж өгч байгаа юм.

Үргэлжилнэ...

Wednesday, July 05, 2017

Гэрээсээ хол

Ажлаар гэрээсээ хол явна өө.

Би ажилдаа гялалзаад л, гэрийнхэн тэнд албандаа бажигадаад л.

Хөгтэй, хөгжилтэй, баярламаар, уйлмаар, гомдмоор зүйл их болж байна дөө.

Эхнээс нь дурдвал ээжийг эзгүйд хамгийн их санаж, бэтгэрч, яг л одоо уулзмаар байна гэж нулимс цийлэгнүүлж ирээд л уяраадаг хүн нэг байна. Мэдээж бага зулзага.

Ээжийгээ эзгүйд эд хэцүүдэж байгаа гээд, хоол бэлдчихээд, ирж аваарай гэж утасддаг ганц нэг хүн байна. Мэдээж хөршийн хэдэн хөгшчүүл.

Жаахан уур хүргээд, очиж байгаад чамайг даа гэсэн нэг хүн байна. Мэдээж том зулзага.

Эзгүйд минь гадаа гарч эр, дотор орж эм болж байгаа нэг хүн байна. Мэдээж хань ижил. Хааяа нэг залгаж сонин сайхангаа ярилцаад, охидынхоо тухай хов зөөгөөд л. Хэ хэ.

Юм чаддагүйдээ, юм сураагүйдээ, залхуурдагтаа, шалтаг тоочдогтоо гомдож, уйлмаар болж байгаа нэг хүн байна. Мэдээж би өөрөө. Буянтай хүмүүсийн ачаар их л зүйл сурч, үзэж харж, олон сайхан хүнтэй танилцаж, идэж ууж байна.

Энэ тухайгаа суугуул нутагтаа харьж байгаад ганц нэгээр нь бичнэ ээ. Зураг хөрөг оруулаад л. Тэвчээртэй хүлээгээрэй.

Сэтгэл догдлуулдаг наадмын хуушуур бүхий шинэ сар эхэлчихлээ. Бүгдэд нь амжилт хүсье ээ. Мөн өөртөө ч амжилт.

Tuesday, July 04, 2017

Нэрс түүсэн нь

Бага зулзага бид хоёрын ээлжит жимс түүлт. Энэ жил хоёр дахь удаагийнх. Өнгөрдөг жил түүж идээд. Илүү гарсныгаа худалдаж авна.

Гүзээлзгэнийг бодвол жижиг юм болохоор овоо идүүлнэ. Хэ хэ. Худалдаж авахад ч урамтай, их ирнэ. Ккк.

Хөлдөөгөөд, үе үе бусад жимс энэ тэртэй хольж идэхэд зүгээр байдаг юм. Удаан ч хадгална.

Бид үе үе банана хөлдөөж байгаад дараа нь тэрийгээ тусгай төхөөрөмжөөр машиндаад зайрмаг? хийж иддэг юм. Тэрэндээ хөлдөөсөн нэрсээ хольж машиндана. Амт гэж сайхан ч бага зулзага, хань ижил хоёр тийм ч дуртай биш. Жаахныг л иднэ.

Илчлэг ихтэй, таргалчихна гэж айгаад байнга хийж иддэггүй л болохоос. Хэ хэ.

Би нээрээ дэлгүүрийн зайрмагнаас татгалзаад овоо хэдэн сар болж байна. Ганц зайрмаг ч биш ер нь л амттан шимттэнгээс жаахан зайгаа авах гээд хичээж л байна. Нэг хэсэг чинь байнга л хэвээстэй байлаа. Одоо бол хааяа нэг хэвдэг болсон.

Өөртөө амжилт, мөн та нартаа ч амжилт хүсье.

Зураг хөрөг аваагүй байна. Мөн ажлаар өөр газар яваа тул, ингэж бичээд хадгалж орхисныгоо тэр чигт нь оруулчихлаа. Түүх болж үлдэж учир. Удахгүй сонин ихтэй бичлэг шахна аа. Түр баяртай.

Wednesday, June 28, 2017

Бэлэг авах сайхан шүү

Монголоос сэтгэл гарган өөрөө урлаж өгч явуулсан бэлэг. Маш их баярлалаа. Мундаг шүү. Ажил үйлсэд нь амжилт хүсье найзууд минь.
Багахан зулзагын минь зурсан зургийг ингээд амьлуулчихсан. Эзэн нь харчихаад
-Өө, өөр гоё зураг өгмөөр байна аа...
гэж хэсэг аашлав. Хэ хэ.

Хань ижил бидэн хоёр болохоор өхөөрдөөд, дурсамжтай гоё гээд таалаад л байгаа. Таардаг бол ээж нь ч хааяа өмсчихөөр. Хэ хэ.

Гэхдээ бэлэг өгөх бүр ч сайхан тэ. Нэг их үнэтэй бэлэг өгч чаддагүй ч тухайн хүнийнхээ царайг, дуртай зүйлийг сэтгэлдээ дүрслэн байж бэлдэх ч урамтай шүү.

Жаахан дүү нартаа аль болох чихэр өгөхгүйг хичээж, сэтгэхүйд нь, хичээлд нь хэрэгтэй зүйл хайж явахдаа би өөрөө ч шинэ соргог зүйл олж мэдэж, шинэ санааг олж хардаг шүү. Баярлалаа.

Мөн үргэлж сэтгэлээрээ сайхан сайхан ном өгч явуулдаг О дүү найздаа баярлалаа. Чи шүү.

Та нарынхаа сэтгэлийн сайхан бэлэг, урмын сайхан үг, андын сайхан сэтгэлээс харь газарт эрч хүч авч, улам хичээх юм шүү гэж урам зориг ордог шүү.

Нэг гоё номыг бэлгэнд авангуутаа уншаад дуусчихсан. Тэгж байгаад бичнэ ээ.

Өглөөний уншлага маань шавьтайгаа хичээлгүй үед эрчимтэй явагдаж байна. Хичээлтэй үед арай л амжихгүй байгаа.

Бүгдэд нь сурлагын, ажлын амжилт хүсье.

Thursday, June 22, 2017

Монгол ахуй минь ээ

Ийм гоё номтой болсон шүү дээ. Ёстой сайхан мэдрэмж төрөөд л, юу захих вэ гэж асуухаар нь.

Яг манай энд биш, бүр Токиод ирэх хүн тэгж асуухаар өөрийн эрхгүй баясал төрөөд, шуудан энэ тэр гэж төвөг удна гэдгээ мэдсээр байж захиж энэ тэр.

Дараахан нь манай нутгаар айлчлан ирсэн нэг эгч бас бэлэглээд. Тэрийг дүүдээ бэлэглэчихсэн.

Уншаад эхэлсэн, сайхан байна. Жаахан хожуу л эхэллээ. Өвөл авч байсан байх нь, доорх бүтээлгийг харахад.

Хот газар өссөн надад зарим нэг зүйл нь сонин содон байлаа. Харин зарим нэг зүйл нь эмээгийн минь, ээж аавын минь, хамаатны ах эгч нарын минь ярьж хэлдэг, захьдаг, хөөрөлддөг зүйлс ч байна.

Сүүлийн үеийн хот газар өсч буй залуус, хотынх ч гэлтгүй аймгийн болон сумын төвд өсч торниж буй залуус ч унших хэрэгтэй ном гэж дүгнэлээ.

Мөн ахмад үеийнхнийхээ сургааль үгсийг чихний чийр гэж бус чихний чимэг гэж хүлээж авч байх нь зүйтэй юм даа гэж бодогдож байна. Багадаа бол эмээгийн үглэх, ээжийн үглэх бол чихэнд чийртэй л санагддаг байж дээ. Хэ хэ.

Одоо өөрөө охиддоо бас үглээд чийр болоод л явж байна. Яахав, хэзээ нэгэн цагт ээж шигээ ингээд л ухаажаад суух байх даа.

Сонин содон үг хэллэгийг дор бүр нь тайлбарласан байсан нь дээхний сайхан ном зохиол уншиж байгаа юм шиг дотно байлаа.

Өөрт шинэ бөгөөд анх удаагаа сонсож, уншиж буй үгээ дараагийн бичлэгт оруулна аа. Одоогоор дуусаагүй байгаа, дуусахаараа нэг мөсөн л бичье.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

Wednesday, June 21, 2017

Гого амт 2

За энэ бас нэг гого амт нь шүү.
Бид ээж аавынхаа тарьсан чацарганыг захиж авчруулаад хааяадаа чанаж уудаг юм. Бага зулзага чацагран гэж хэлээд хайр хүргэнэ.

Том зулзага болохоор уухгүй. Хааяа загнаж байгаад ганц нэг балгуулна.

Угтаа ориг жимсээ авчраад, чанаж уух нь хамгийн эрүүл гэж бодоод иймэрхүү жүүс нэг их захиад байдаггүй л дээ. Савтай ундааг нь бас хааяа бэлгэнд аваад, өвөл халуун устай найруулж уух ч ээдээ бас нэгэн жаргал шүү дээ.

Гэснээс би чацарганыг ажлаар цугтаа монгол явж байсан эмээдээ бэлэглэдэг. Их дуртай авна. Хоолны технологич хүн тул төрөл бүрийн амталгаанд ашигладаг юм билээ. Энэ жил ч бас өгнө дээ.

Оронд нь эмээ эндэхийнхээ яг өөрийнх нь амьдардаг тосгонд тариалсан жимсээрээ дайлна. Заримдаа махаар дайлуулна. Махчин монголчууд гэж мэддэг болохоор. Хэ хэ.

Дараа нэг монгол явбал ажлынхандаа авчирч бэлэглэнэ ээ.

Monday, June 19, 2017

Мундаг хүн

Санаандгүй мундаг хүний тухай ном олж уншаад. Олоод ч гэж дээ, нэгэн залуугаас зээлээд. Сургуулийнх нь тухай түүх, үүсгэн байгуулагч, захирал багш нь дурсамж болгож бичсэн ном.

Шинэ Монгол сургууль гэж сонсоогүй хүн байхгүй байх тийм ээ.

Монгол харихаараа охидоо тэр сургуульд өгчихгүй юу гэж зөвлөдөг байлаа. Сонсох нь ээ, их л босго өндөртэй сургууль гэсэн.

Галбадрах багш хэрхэн японд суралцсан, хэрхэн сургуулиа үүсгэн байгуулсан, олон сайхан хүмүүсийн тусламж, туслалцааг хэрхэн хүртэж байсан, ямар бэрхшээлүүдтэй тулгаран түүнийгээ даван туулсан зэргийг нэг бүрчлэн, газар ус, хүмүүсийн нэр усыг ч нэг бүрчлэн дурсан бичсэн байна лээ.

Япон хүмүүсийн тухай, япон орны тухай аль болох сайн сайхан чанарыг нь олж харахыг хичээдэг Галбадрах багш үнэхээр мундаг гэж хэлэх ч багадхаар хүн байна шүү.

Шинэ Монгол сургуулийг төгссөн хэд хэдэн залуусыг танина. Бүгд л мундаг, сэтгэлгээ сайтай, хөдөлгөөнтэй, хөгжөөнтэй, нэг тийм өвөрмөц. Хэ хэ.

Аргагүй л Галбадрах багшийн шавь нар болохоороо юм байна гэж бодов. Багш өөрөө үнэхээрийн мундаг, хань ижил, үр хүүхдүүд нь хүртэл үнэхээрийн мундаг юм аа. Биширч байна. Өөртэйгээ нэг харьцуулав. Би бол хажууд нь өчүүхэн өчүүхэн. Хи хи. Хичээнэ ээ.

Гурван хэсэг газарт хэвлэлийн алдаа гарсан байлаа. Бүхэл бүтэн нэг нүүр цагаараад, ямар ч зүйл хэвлэгдээгүй байсан. Тэгэхээр зарим нэг дурсамж хэсгийг уншаагүй үлдсэн гэсэн үг.
Дээхэн нэг ярилцлагыг нь уншиж байсан юм. Сайхан ярилцлага байсан. Би өөрөө япон нутагт усыг нь ууж ёсыг нь дагаж яваа хүний хувьд санал нийлэх зүйл их байж билээ.
Галбадрах багшийн туулсан бэрхшээлийн хажууд миний одоогийн хааяахан тохиолдох бэрхшээл бол юу ч биш юм байна. Зүгээр л аз жаргал юм байна гэж ойлгов. Үглээд, гомдоллоод байлгүйхэн шиг л явах минь. Хэ хэ.

Бүлэг болгоны эхэнд бичигдсэн байсан онч үгс бас л сайхан санагдаад блогтоо бичиж үлдээхээр шийдэв.
  • Дурсамжийн галт шилэнд холын юмс томорч харагддаг. Жонн Андайк
  • Амьдралдаа хийсэн хамгийн чухал аялал бол замдаа сайхан хүмүүстэй учирсан тэр аялал юм. Хэнри Бои
  • Тэд намайг алхаж зүрхлээгүй замд хөтөлж, газарчилж өгсөн гавъяатай хүмүүс. Маяа В.Пател
  • Би бурханаас хайрласан бэлэг шиг сайхан найзуудтай гэдгээ мэдэж авсан. Тэд надад тус хүргэснийхээ хариуг хэзээ ч нэхэхгүй ч, би өөрийгөө үргэлж өртэй гэж боддог. Франсис Фармер
  • Ганцаараа бид маш багыг, харин хамтдаа бид агуу ихийг бүтээж чадна. Хэллэн Келлер
  • Дурсамж үүрд үргэлжилдэг, бас хэзээ ч алга болдоггүй. Сайн нөхөд зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байж, хэзээ ч баяртай гэж хэлдэггүй. Мэлина Киампус
Төгсгөлд нь илүүц байж магадгүй ч Шинэ Монгол сургуулийн төгсөгчид, суралцаж буй сурагчид та бүхэн мундаг багшийнхаа болон сайхан сэтгэлтэй япон монгол олон сайхан хүмүүсийн итгэлийг дааж, сайн хүн, сайн боловсон хүчин болцгоож, эх орондоо ихийг бүтээгээрэй гэж хүсье.

Би ч хичээхийг хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт.

Гого амт

Монголоос ирсэн бэлгэн дотор минь байсан. Амт гэж сайхан байна аа.

Сүүлийн үед юм юм л хийх гэж оролддог болж, хийдэг болж тэ. Захиж байна аа, хааяа даа. Байнга бол хэцүү, боломж ч ховор байх,

Ер нь байгаа газрынхаа хүнсийг эрүүлээс нь сонгоод л идээд явах ёстой юм шиг байгаа юм. Монголд байгаа бол монголын хөрсөнд ургасан ногоо цагаа, Японд байгаа бол японыхыг гэх мэтээр.

Багын нэгэн дурсамж санаанаас гардаггүй юм. Нэг их том шилэнд аньс дарчихсан. Тэр нь далд хийгээстэй. Нууцаар идэх гэж бас л инээдтэй зүйл их болдог байж билээ.
Ил байвал нэг дор бүгдийг нь идчих гээд байдаг байсан байхдаа, бид. Тэгээд л ээж минь аргаа барахдаа нууж, түгжиж байж ажилдаа явдаг байсан байх. Ээж аавыг ажилдаа явсан хойгуур бид ч буулгаж өгдөг байлаа даа, харин ч. Харьж ирэхийг нь дөхүүлээд хачин эвтэй найртай улс гэрээ цэмцийлгээд, өөрсдөө цомбойгоод сууж байдаг байв шд.

Монголоос нэг зүйл ирэхэд л ингэж бага нас зэргээ дурсаад байдаг болж. Нас ахиж буйнх юм болов уу? Гэрээ санаад тэр юм болов уу?

Дээрх зурган дээрх аньсны өтгөрүүлсэн жүүс. Дажгүй амттай байсан. Өөрөөсөө харамлаад, нарийлаад хааяа л нэг ууж байна. Дотроо аравхан ширхэгтэй тул дорхноо дуусчих гээд байна л даа. Хэ хэ.

Үнэ нь хэд гэдэг юм бол доо?

Ямартай ч нэг захих зүйлтэй болсондоо олзуурхав. Япон хүмүүст бэлгэнд авчирсан ч дажгүй санагдав.

Гэснээс аньс жимсээрээ цай хийж уух сайхан амттай болдог гэж мацагтан монголчуудын бүлгээс сонссон шүү. Ууж үзсэн хүн сэтгэгдлээ бичээрэй. Хэ хэ.

Бүгдэд нь шинэ долоо хоногийн амжилт хүсье.

Friday, June 16, 2017

Ээлжит нээлттэй хичээл

Бага сургуулийн ээлжит нээлттэй хичээл. Энэ удаагийнх найз нөхөдтэйгээ хэрхэн харьцах, хэрхэн хамтдаа тоглох гэсэн сэдвээр оров.

Ка нэг хэсэг хүүхдүүд хамтдаа тоглож байлаа гэж үзье. Тэдэнтэй хэрхэн нийлж тоглох тухай. Сүүлийн үед хэсэг хүүхэд тоглож байхад дараагаар нь ирсэн хүүхэд хамтдаа тоглож чадахгүй болсон, өнөөдүүл нь ч элсүүлэхгүй, хоорондоо л тоглоод байдаг гэж яригдаад, бичигдээд байгаа.

Үүнийг эвтэйхэн шийдэхийн тулд сүүлдэж ирсэн нь хамтдаа тоглож болох уу гэж зоригтойгоор, чанга дуугаар хэлж чаддаг байх. Өнөөдүүл нь "өө тэг тэг, хамтдаа тоглоё" гэж уриалгахан хүлээж авдаг байх.

Гэсэн хичээл орсон. Сүүлийн үеийн хүүхдүүд их эмзэг болчихсон, зүрх зориггүй болчихсон гэх мэтээр их ч яригдаж байна, бичигдэж байгаа тул ийм хичээл орсон гэсэн.

Хоёр дахь арга хэмжээ нь тусгай мэргэжлийн хүн ирж яриа хийлгэдэг. Энэ удаад эх баригч урьж яриа хийлгэв. Их сонирхолтой байсан. Ганц нэг санаж байгаагаасаа энд сийрүүлбэл.

Хүүхдээ анх төрж байсан үеийг эргэн нэг дурсдаа, тэр үеээ бид үе үе мартчихаад хүүхдээ супер болгох гээд л загнаад, үглээд, зодоод байдаг. Дөнгөж төрсөн үед нь бол бидний чин сэтгэлийн үг бол "Эрүүл саруул ээждээ аавдаа төрж, хүн болж ирсэнд баярлалаа" байдаг шүү дээ гэсэн. Нээрээ л тийм дээ гэж бодов.

Ялангуяа сүүлийн үед нүүр номоор их л юм харагдах юм, сонсогдох юм. Заримдаа зүрх шимшрээд үзэж чадахгүй ч тохиолдол байна.

Хүүхэд төрөх үйл явцын тухай хүүхэлдээ гэх мэт үзүүлэн ашиглаж байгаад тайлбарласан.

Дараагийн арга хэмжээ нь нийт 1 дүгээр ангийнхны цуглаан. Багш нар нь эцэг эхүүдэд зураг хөрөг үзүүлэн, шинэхэн сурагчид юун дээр голлон анхаарч, юун дээр голлон хичээж байгаа тухай ярьсан.

Төгсгөлийн арга хэмжээ нь бүлэг бүлгээрээ хуралдсан. Цөөхөн ээжүүд ирсэн. Заримдаа ч танхай ээж байдаг л юм байна энд чинь бодов. Хэ хэ.

Анги дээрээ хэрхэн хичээлд оролцдог тухай ярьсан. Нэг инээдтэй нь хүүхдүүд багшдаа их наалддаг гэнэ. Гүйж ирээд л ээждээ наалддаг шиг наалддаг, их хөөрхөн. Гэсэн багш нь. Тэрэн дунд бага зулзагын нэр цохогдсон.

Дотроо ээж бол нярай юм, нялзрай юм гэж өхөөрдөн суув. Ккк. Айлын жаахан маамаа нарын хажууд дэнхийсэн л юм байна лээ, эртээд жаахан маамаатай тоглосон чинь. Хэ хэ.

Гэх мэтчилэн бага зулзага шинэ сурагч болоод 2 сар хагасыг ардаа үдэв. Дунд нь хоолой нь өвдөж халуураад амарсан. Бага зэрэг бүлээрч нэг өдөр амарсан.

Ер нь жаахан ядардаг юм байна. Ачаалал нэмэгдээд ирэхээр. Зурагт бага үзүүлж, аль болох гадаа авч гарч байгаа. Тэгээд оройдоо эрт унтуулах. Мөн чихэр гэх мэт амттан бага өгч, хоолыг нь сайн идүүлэх.

Хичээнэ ээ ээж нь. Та нартаа ч амжилт...

Tuesday, June 13, 2017

Сурагчдын хамтарсан концерт

Том зулзагын дугуйлангийнхан хотынхоо бусад сурагчдын хамт тоглолт хийсэн. Энэ жилдээ гурав дахь удаагаа оролцож байна.

Ахлах сургуульд орохоороо үргэлжлүүлэн явах эсэх нь тодорхойгүй тул энэ жилийнх сүүлчийнх ч байж магад. Дунд сургуульд байхдаа оролцох сүүлчийн концерт.

Монголоос түр хугацаагаар ирсэн байгаа танил ах үзчихээд мундагийг нь гайхсан. Нэг ийм бүрэлдэхүүн монголд очоод авъяаслаг монголчуудад оролцвол шууд түрүүлнэ гэсэн. Хэ хэ.
Бага зулзага ядраад, бага зэрэг бүлээнтэй байсан тул ээжтэйгээ хамт гэр зуур амрав. Аав нь танил ахтай хамт үзчихээд ирсэн.

Том зулзага нээрээ төгөлдөр хуурынхаа хичээлийг сэргээж эхэлсэн. 4 дүгээр сараас дүүгийнхээ багш дээр хичээллэж байна. Тэгээд төгөлдөр хуурынх нь багшийн хэд хэдэн шавь энэ удаагийн концертонд оролцож байгаа юм байна.

Дунд сургуулийн 3 дугаар анги буюу 9 дүгээр ангийнханд ийм цэцэг бэлдэж тавьсан байсан. Хөөрхөн сэтгэгдэл бүхий карттай.

Ингэж бичихдээ дүүг нь бас мартаагүй байна лээ. Бага зулзага хэвтэж байсан болохоор
-Яагаад надад баяр хүргэж байгаа юм бэ?
-Мундаг аниатай болохоор нь...
гэж ээж аргалав. Хэ хэ.

Том зулзагын томоохон ажлууд нэг нэгээрээ дуусч л байна. Ээжийн бас томоохон ажил шүү дээ эдгээр чинь. Ээж байна гэдэг үр хүүхдийнхээ ажилд хамт догдолдог болчихдог байна. Үүрнээсээ нисээд явчихаар аяндаа холдох байх дөө гэж.

Monday, June 12, 2017

Хөтөч болох гэж буй хүмүүст

6 дугаар сарын ном. Ер нь долоо хоногт нэг ном гэж томрохгүй ээ. Ядаж сардаа л нэг ном уншаад байвал болох нь тэр.

Энэ удаагийн ном маань хөтөч орчуулагч нарт, мөн хөтөч орчуулагч болох гэж буй хүмүүст зориулсан ном.

Тэртээ олон жилийн өмнө би нэг сургалтанд сууж байлаа. Шалгалт энэ тэр өгөөд, тэнцээд ч байлуу? Тэнцээгүй ч билүү? Мартчихаж.

Ер нь хэцүү хэцүү, их олон төрлийн зүйл мэддэг байх хэрэгтэй. Түүх, шастирын тухай мэдлэг мэдээлэл, уран сайхны мэдрэмж, хошин шогийн мэдрэмж, хөдөөтэй гадаатай байх хэрэгтэй гээд л. Мөн бие бялдрын хувьд ч эрүүл, цоглог, нүүрний баясгалантай байх...

Дээрээс нь эх хэлнийхээ болон гадаадын аль нэг хэлийг төгс? эзэмшсэн байх ёстой.

Бас элдэв хорхой шавьж хараад орилоод чарлаад байдаггүй байх. За энэ миний хувийн бодол шүү. Учир нь тийм хүмүүс их байдаг юм билээ. Хэ хэ.

Мэдээж айлгүй л яахав, дотор арзайлгүй л яахав, гэхдээ дагуулж яваа жуулчдадаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж, төлөв л байх ёстой байх. Тийм үү?

Гээд л хөтөч хүнээс маш олон авъяас шаардана. Тэр тухай жишээ болгоод, ганц нэг маршрутын тухай оруулж танилцуулсан байсан.

Япон гэх мэт хөл хөдөлгөөн ихтэй газар бол жуулчдаа төөрч, будлихаас болгоомжлох. Цаг сайн барих, жуулчдынхаа сэтгэл санааг болон тав тухыг алдагдуулахгүй байх.

Энэ бүгдийг эзэмшихийн тулд туршлага, мөн идэвхи санаачлага чухал гэсэн байна. Үнэн үнэн.

Хөтөч болоход өгдөг шалгалтны цаг хугацаа зэргийг дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байв. Хэл бүр дээр мэдээж цаг хугацаа нь өөр.

Мөн хөтөч хүмүүсийн санал сэтгэгдлээс оруулсан байна. Бэрхшээлүүдээс дурдсан байна.

Хүн дагуулаад хөтөч хийгээд явах хэцүү үе байдаг шүү тэ. Сурсан мэдсэн минь гавихгүй, газар орон мэдэхгүй, туршлага бага зэрэг минь нөлөөлөөд олигтой хөтөч хийж чаддаггүй юм.

Монголоос зорин ирсэн найз нөхдөдөө сайтар хөтөч хийхийн төлөө хичээнэ ээ. Зочид, жуулчдынхаа сэтгэлд хүрсэн сайхан хөтөч хийхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэсэн байсан шүү.

Хөтөч болох гэж байгаа залуустаа ч мөн амжилт хүсье.

Sunday, June 11, 2017

Даам

Бага зулзагатайгаа саяхан даам нүүхийг суралцаж эхлэв. Даамыг бол ээж аав минь жилийн өмнө өгч явуулсан юм. Нэгэн шалтгаанаар өөр мужид хагас жил хадгалагдав, манайд иртлээ. Манайд ирснийхээ дараагаар хагас жил гаран хадгалагдав. Хэ хэ.
"Би чамд хайртай" дээр гардаг шиг л юм болж байна даа, одоохондоо. Мөн сонирхлыг нь бууруулчихгүйн тулд албаар хожигдож өгч байна. Хэ хэ.

Өдөр бүрээ байг гэхэд долоо хоногт нэг удаа тоглож байна даа. Зав зай нь яах нь уу?

Гэхдээ амжилттай, даам нүүх гэдэг үг зааж өгөв. Одоогоор даам гэдэг үгээ л цээжилсэн байна. Нүүх гэдэг нь дуудлага нь жаахан хэцүү байгаад байх шиг. Тэгээд бодохоор л эх хэлний минь дуудлага гэж хатуу шүү тэ.

Япон хүмүүс сурахад хэцүү хэл шүү л гээд байдаг юм. Бага зулзага бас л сурах гэж бөөн юм болно. Сүүлдээ төвөгшөөгөөд, таг болно. Яадаг юм билээ.

Яадаг юм билээ ч гэж дээ, ядаж зундаа нэг харьчихаад л баймаар. Тэгвэл дорхноо л сайжирна даа. Даанч энэ МИАТ гэж ноёнтны үнэ хаданд гарчих юм. Гэрээрээ харьчихаад ирэхийн тулд овоо хэдэн жил хурааж цуглуулах шаардлага гарч байна.

Гадаадад байдаг иргэдээ овойж оцойтлоо баяжчихсан гэж ташаа боддогоо больчихмоор.

Даам ярьж явснаа хадуурдаг гэнэ ээ. Багадаа даам ч тоглоно, даалуу ч тоглоно, шагай ч няслана, сайхан байж дээ. Ухаалаг утас энэ тэр байхгүй.

Одоо залуухан гэр бүлийн нэг том асуудал хүүхдүүдээ ухаалаг утаснаас холдуулах юм шиг байна.

Томчууд нь өөрсдөө хүүхдийнхээ нүдэн дээр ухаалаг утас барилгүй, хоорондоо даам тоглоод нэг үзээрэй. Хүүхдүүд чинь сонирхох байх шүү. Заавал даам шатрын дугуйланд явуулах шаардлагагүй байх өө. Өөрсдөө л бага зэрэг тоглож мэддэг байхад л болчих юм шүү дээ.

Бүгдэд нь амжилт хүсье. Би ч бас хичээнэ ээ...

Saturday, June 10, 2017

Хөөрхөн ном

6 дугаар сарын хөөрхөн ном. Дэлхий дээрх ээжүүд аавууд хүүхдээ хэрхэн тэвэрдэг, үүрдэг тухай. Хэрхэн тэврэх ч гэж дээ, ерөнхийдөө бүгд хоорондоо адилхан ч, тэврэхийн тулд, үүрэхийн тулд хэрэглэж буй зүйл нь бага зэрэг ялгаатай байсан.

Яахав ихэнх нь даавуу хэрэглэдэг юм билээ. Зарим нэг улс үндэстэн энэ зурагны голын шиг хувцас нь тусгай зориулалтын байх жишээтэй.

Томыгоо зүгээр л хоёр гараараа тэвэрдэг байлаа. Тухайн үед одоогийнх шиг элдэв зүйл, санаа оноо ч гэж байсангүй. Ганц нэг гэрийнхээ ажлыг амжуулахдаа ташаан дээрээ суулгаж тэврээд л нэг гараараа амжуулдаг байв.

Багыгаа хүзүүгээ даадаг болоход нь урдаа энгэртээ тэврэх зориулалтай даавуун зүйл? ганц нэг ашиглаж байсан. Гэхдээ нэг их удаан хэрэглээгүй. Дэмий авч уу? гэж бодогдохоор. Учир нь дорхноо л томроод хэрэглэхээ байчихаж байгаа юм.

Заримдаа боддог юм, одооны залуухан ээж нар мэдээлэл их сайтай, тийм ч авах юмсан, ийм ч юм авах юмсан гэх болжээ, нэг их удаах хэрэглэгдэхгүй юмаар юугаа хийнэ ээ гээд хэлчихмээр. Хэ хэ.

Гэхдээ дүү мүү нь гарахад бас хэрэглэх болохоор худалдаж авсан даа ч яахав дээ. Тэ.

Японд их үүрдэг юм билээ. Яслийн анги нь бас багш нар нь нэг нэг хүүхэд үүрчихээд л, арай томуудтай нь тоглонгоо хамаг ажлаа амжуулдаг юм билээ. Тусгай үүрдэг хормогч шиг зүйл байдаг юм. Япон эмээ нар, ээж нар бас хоол ундаа хийхдээ ингэж их үүрдэг. Ингэх нь хоёр гар нь чөлөөтөй, хоол моолоо хийхэд хачин их тустай байдаг.

Гэснээс энэ номонд манайхны орныхоо хөлнөөс уячихдаг тухай оруулсан бол сонин байх байсан даа гэж бодоод амжив. Хи хи. Бид багыгаа бас ганц нэг уяж байсан шд, орчин үеийн ээжид таалагдахгүй л байх даа тэ. Ккк. Ямартай ч элдэв аюултай юм руу орчихно гэхгүй амар байж билээ.

За тэгээд өөрт амраараа, өөрийн хүслээрээ тэврээд, үүрээд ажлаа амжуулаад, гялалзаад байгаарай ээжүүд аавууд минь.

Thursday, June 08, 2017

Сонсголын бэрхшээлтэй хүмүүст...

Өнгөрдөг бүтэн сайнд сонсголын бэрхшээлтэй нийт 30 иргэдэд эх орныхоо тухай ярьж хөөрөв.

Повер пойнт ашиглалгүйгээр ярьж өгөхийг хүссэн тул, нэлээд олон зураг хөрөг хэвлэж бэлдэх гээд л ажил ихтэй байлаа.

Миний ярьсныг дохионы хэлний орчуулагч? орчуулна. Би аль болох удаан тайван ярихыг хичээсэн. Учир нь Тэмүжин өвөө минь миний нэг яриан дээр суучихаад бага зэрэг удаан темптэй ярь гэж зөвлөснийг санан санан л ярилаа.

Наана нь бас хальт өөрөө дохионы хэлээр ганц нэг мэндчилгээний үг сурав. Хүрэлцэн ирсэн зочид минь их баяртай хүлээж авсан. Алга ташилтаар намайгаа мялаасан.

За тэгээд л далбаа, ганц нэг хүүхэлдэй, нэлээд хэдэн ном, тоглоомон гэр, шагай зэргээ тэврээд л явсан. Эдгээр зүйлс минь л яриаг минь баяжуулж, хөгжөөж, их тус болдог юм.

Мөн хэдэн сүмочид минь байна. Эндээс мэргэжлийн сүмод орсон ганц нэг дүү нарынхаа өгсөн банзүкэг гайхуулж бардамнана аа. Дараа чадвал ганц нэг аваргын банзүкэнээс олж авахыг хичээнэ ээ. Олдох болов уу даа өчүүхэн надад. Хи хи.

Нэг бэрхшээлтэй зүйл нь олон зурагнаасаа зургаа хайж олох гэж жаахан сандарсан. Мэдээж ганц нэгийг нь энд тэнд хадсан байсан л даа.

Ярьж байх явцад агуулгад нь таарсан зургаа олох гэж л сандарч байхгүй юу? Дээрээс нь дээлтэй байсныг хэлэх үү халууцаад.

Гэснээс одоо байгаа хоёр дээлээ жаахан муудаад, солих болбол торго энэ тэр гэхгүй зүгээр л дан тэрлэг хийлгэж өмсөнө гэж бодоод байгаа.

Бүтэн хоёр цаг гаран, дундаа нэг завсарлагатай. Орчуулагч нарт минь зарим нэгэн үг, хэллэг минь хэцүү байсан, самбарт бичих, дүрсэлж үзүүлэх гэх мэтээр ойлголцсон.

Сонсголын бэрхшээлтэй иргэд бүгд онц сурлагатан уу гэхээр бас тийм биш, дунд нь олон шалтгаанаар дохионы хэлдээ тааруу хүмүүс байдаг юм билээ.

Сэтгэлийн хөдлөл нь ил тод, өвөрмөц ертөнц юм шиг ээ.

Дээлтэйгээ унждаг ээмэг зүүж явдаг юм, энэ удаад зүүгээгүй. Учир нь тэдгээр хүмүүсийн сэтгэл зүрх эмзэг байдаг гэсэн болохоор, их ганган харагдаад, гомдоочих байх гэж бодоод.

Ярианы төгсгөлд нийгэмлэгийн дарга нь монгол хоолны сургалт явуулмаар байна, та завтай биз дээ? гэсэн.
-Завтай, завтай, дуртайяа зааж өгнө өө
л гэлээ. Хугацаа нь хаа байсын, ирэх жилийн 2 сард. Гэхдээ л цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх байх даа. Нэг мэдэхэд одоо ямар хоол хийж хуйхаа маажна аа гээд л явж байх байх даа тэ.

Өөртөө болон та бүхэндээ амжилт хүсье өө.

Шинэ цэс

Хэд хоногийн өмнөөс нэг ийм шинэ цэстэй болоод. Гэрийн бусад гишүүд их амтархан идэж байна. Харахад жаахан тийм ч, харлаад.
Амархан ч юм. Хэд хэд хийгээд, гартаа оруулаад авсан. Хойшид хийж идэж байна аа. Би өөрөө энэ ногоонд дуртай, их сонин. Тийм болохоор худалдаж авчихаад, ганцаараа шахуу л иднэ. Хэ хэ.

Өнгөрдөг жил бас хаш ногооны нэг цэстэй болоод байсан даа. Тэрийгээ тэрнээс хойш нэг их хийж идээгүй. Учир нь улирал нь дуусангуут л худалдаж авдаггүй юм. Тухайн улиралд гарч байгаа ногооноос л худалдаж авч идэхийг хичээдэг болж.

Би нэг их хоол голоод байдаггүй л дээ. Янзан бүрийн амьтны махыг идэж л орхино, есөн жорын ногоог амтархан иднэ.

Гэхдээ тарваганы мах идэж чадахгүй юм байна. Хэ хэ.

Бас эдний зарим нэг үндэснийх нь амттан зэрэгт нэг их дуртай биш.

Дараа өөр шинэ цэстэй болохоороо оруулна аа.

Та нар ч бас шинэ цэстэй болохоороо бичлэг оруулаарай, хийж сурахыг хичээнэ ээ.

Амжилт хүсье.

Saturday, June 03, 2017

Гүзээлзгэнэ

Хагас сайнд гүзээлзгэнэ түүв. Бага зулзага бид хоёр ажлын минь хоёр хүүхэнтэй.

Хань ижил, том зулзага хоёр албатай тул яваагүй. Ямар сайхан юм? гээд л байсан.
Ийм хүлэмжүүд зөндөө байна. Бид дөрвүүлээ нэг бүтэн хүлэмжийг эзлэнхэн түүлээ. За ёстой ямар цөөхөн юм бэ, цадах юм уу ухааны юм бодсон байхгүй юу. Хэ хэ. Тэгсэн хэдхэнг идээд л гэдэс дүүрээд ирдэг байна шд. Бага зулзага бол гуравхан ширхэгийг л идсэн байх. Төлсөн мөнгөө бодохоор охиндоо овоо идүүлчихмээр байдаг. Ккк.

30 минут нь том хүн 1500 иен. Хүүхэд 800 иен. Гэснээс сүүлийн үед хүлэмжид ингэж газрын хөрснөөс дээш тариалдаг болсон гэсэн. Учир нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготойгоор.
Навч нь цэцэг нь иймэрхүү.
Ийм улаанаас нь түүж иднэ. Хэрхэн түүж идэх тухай орохоос өмнө зааж өгсөн. Мөн энэ газар янз бүрийн химийн бордоо, хор хэрэглээгүй учраас түүгээд л шууд идэж болдог. Тийм утгаараа хүн ч их байсан. Ихэвчлэн эмэгтэйчүүд их харагдсан. Жимс жимсгэнэд дуртайгаараа л тэр байх даа тэ.

Гүзээлзгэнийг амтархан идэх арга нь байна шдээ, навчыг нь авч байгаад навч байсан бөгснөөс нь хазаж иднэ. Хамгийн сүүлд үзээр хэсэг болох чихэрлэг амттайг хэсгийг нь иднэ. Тэгвэл гүзээлзгэнэ их амттай байдаг гэсэн шүү. Би бол үзүүрээс нь эхэлж идээд байдаг байсан.
Ингэж түүж байгаад л зөндөөг идсээн. Худалч хүнд жилийнхээ гүзээлзгэнийг идчихсэн байх аа. Цуг явсан хятад ажилчин маань бас тэгсэн.

Ирэх жил дахин явцгаана гэсэн. Бас наана нь блүбэрри идэхээр явцгаана. Ингэхэд блүбэрри жимсийг монголоор юу гэдэг билээ? Би заримдаа нэрс, заримдаа алирс гэж орчуулаад байдаг юм. Зөв үү? Буруу юу.

Thursday, June 01, 2017

Ээлжит жүжиг

Бага зулзага бид хоёр ээлжит жүжгээ үзээд. Хөөрхөн гэж юүхэв, сонирхолтой гэж юүхэв.
За энэ зурган дээр байгаа хөөрхөн чихмэл тоглоомууд их ид шидтэй. Нэг том болоод, нэг жижиг болоод л хүүхэд томчуудыг хөөрхөн инээлгээд, баясгаж чадаад байна.

Хоёрхон хүн амилуулна, манайхаар бол настайд тооцогдохоор эмээ өвөө. Хи хи.

Гэхдээ энд эмээ өвөө нарын нийгэм дэх үүрэг бас л том шүү. Жишээ нь хорооныхоо сайн дурын үйл ажиллагаа, сурагчдын хичээлдээ явах цаг, тарах цагаар хийдэг сайн дурын үйл ажиллагаа гээд л тоочоод байвал их.

Манайхан болохоор тэтгэвэрт гарахаар нь хүний тооноос хасчихдаг гээд байдаг тэ. Хааяа л нэг ахмадын өдрөөр хүлээж авах, сонгууль дөхөхөөр нэг тоодог гээд л.

За тэгээд л эмээ өвөө хоёр маань хоолойгоо амьтны дүр бүр дээр өөрчлөөд л, их сүрхий. Тайзны засал чимэглэл ч их энгийн, гарын доорх материал ашигласан. Болдог бол монголд урьж аваачаад тоглуулахсан гэж бодсон шүү.

Бага зулзага бид хоёрын улиралд нэг үздэг жүжгүүд бүгд их хөөрхөн. Санаа авахаар зүйл их байдаг юм.

Та бүхэн ч гэсэн иймэрхүү жүжиг байвал жижиг юм, эмээ өвөөгийн тоглосон, нэрд гараагүй хүмүүсийн тоглосон, энэ тэр гэлтгүй үзэхийг хичээж байгаарай. Заавал том том тайзан дээрх мэргэжлийн хүмүүсийн үнэтэй тоглолт үзнэ гэлгүйгээр...

Мартах гэж байна, бүгдэд нь эх үрсийн баярын мэнд хүргэе. Баяраа сайхан тэмдэглээрэй.